-Гэтэл зарим газрын гүний ус бараг 10.000 жилд нөхөн сэргээгддэг-
Монгол орны байгаль орчны сүүлийн 30 жилийн төлөв байдлын өөрчлөлтийн талаар хийсэн судалгаа, шинжилгээний мэдээ, тоо баримтыг нэгтгэн дүгнэж байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг боловсруулсан. Уг тайлангаар байгаль орчин ихээхэн доройтож байгааг анхааруулсан юм. Иймээс тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөжүүлж, хамгаалах шаардлагатай аж. Харамсалтай нь үүнд уул уурхайн лиценз олголт томоохон бэрхшээл тарьж байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваатай ярилцлаа.
-Саяхан Монгол оронд 200 гаруй газрыг тусгай хамгаалалтад авах шаардлагатай тухай судалгааг танилцуулж байсан. Мөн нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт дэвшүүлээд байгаа. Уг зорилтыг биелүүлэх боломжийн талаар тодруулахгүй юу?
-Монгол орны хэмжээнд нийт 50 сая га газар хамгийн сайхан байгальтай, эсвэл ундны усны эх үүсвэр болсон, түүх дурсгалын нандин өвтэй буюу тусгай хамгаалалтад авч хамгаалбал зохилтойчухал газрууд байдаг. Үүнийг олон улсын байгууллагууд судлаад тогтоосон. Үүнээсээ бид аль болох олон газрыг тусгай хамгаалалтад авч хамгаалах ёстой. Ер нь бол улсын хэмжээнд нийт газрын дөнгөж 17.4 хувийг тусгай хамгаалалтад авчихаад сүүлийн 6-7 жилд ерөөсөө нэмэгдээгүй байж байгаад өнгөрсөн оны УИХ, энэ жилийн Засгийн газрын шийдвэрээр Тост, Тосонбумбыг тусгай хамгаалалтад авлаа. Ингэснээр 17.85 хувь болж нэмэгдсэн.
Ер нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас барьж байгаа бодлого бол Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгагдсанчлан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар буюу "Урт нэртэй” хуульд хамаарагдах нутгийнхаа 50 хүртэл хувийг тусгай хамгаалалтад оруулахаар зорилт тавиад ажиллаж байна. Одоогоор 45 хувьтай байна. Мөн яамнаас 16 газрыг улсын тусгай хамгаалалтад оруулахаар үндэслэл, тооцоо судалгаагаа хийгээд бэлтгэчихсэн байгаа. Уг ажлыг хэрэгжүүлнэ.
-Ер нь газар нутгийг тусгай хамгаалалтад авахад уул уурхайн лицензийн асуудал хамгийн том бэрхшээл болж байна?
-Тийм ээ. Энд тохиолдож байгаа хамгийн том бэрхшээл бол тусгай хамгаалалтад авах гол газруудыг маань лицензжүүлчихсэн. Ихэвчлэн хайгуулийн лицензид орсон байдаг. Ингээд тусгай хамгаалалтад авах асуудал үүсдэг. Гэтэл хайгуулийн лиценз эзэмшигч аж ахуй нэгж тодорхой хэмжээний зардлыг хайгуулийн ажилд зарцуулсан тохиолдолд улсаас нөхөн төлбөр гаргах хуулийн заалттай. Энэ нь гол бэрхшээл болж байна. Жишээлбэл, хамгийн сүүлд Тост,Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахад тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг засгаас гаргахаар болж байна. Тусгай хамгаалалтад авсан газарт зургаан тусгай зөвшөөрөл байгаа. Түүний төлөө 660 сая төгрөгийг төлөх болж байгаа юм.
-Гэхдээ дээрх компаниуд хайгуулийн ажил хийгээгүй гэсэн дүгнэлт, баримтыг сумын засаг захиргаа, мэргэжлийн хяналтын байцаагч нь баталдаг. Тиймээс нөхөн олговор өгөх ёсгүй гэсэн зүйл хэлдэг? Харин Ашигт малтмал газрын тосны газраас үүнийг үгүйсгэж, хайгууль хийсэн гэдэг юм билээ?
-Би Ашигт малтмал, газрын тосны газраас тодорхойлоод, тогтоогоод манайд ирүүлсэн бичгийг үндэслэж ярьж байгаа.
-Манай улсад уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа, говийн бүсэд томоохон ордууд төвлөрчээ. Гэтэл нөгөө талд усны нөөц, хэрэглээний асуудлыг шийдэлгүй яваад байна. Тодорхой хугацааны дараа говийн гүний усны нөөц шавхагдсанаар томоохон асуудал үүснэ. Уг нь "Орхон говь” төсөл эрчимтэй яригдаж байсан ч таг болсон. Уг ажил урагшлах боломжтой юу?
-Гол бэрхшээл нь ОХУ-тай холбогдож байгаа юм. Байгаль нуурын эх авдаг, гол тэжээл болсон Сэлэнгэ мөрөнд экологийн сөрөг нөлөөлөл үзүүлэх гэж байгаа учраас Монгол оронд гольдролын тохиргоо хийж болохгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, урагш говь руу суваг татаж болохгүй, усан цахилгаан станц барьж болохгүй гэж хориг тавиад байгаа юм. Тийм учраас манайх хилийн усны зарчмаар, түүнээс гадна "Орхон говь” төслийн хэмжээнд Шүрэнгийн усан цахилгаан станц байгуулах болон бусад асуудлаар ОХУ-ын ард иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж байна. Өнөөдрийн байдлаар манай яамны Усны бодлогын газрын дарга ОХУ-д ажиллаж байна. Бид үүн дээр ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхээргүй байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээд, эрсдэлтэй, болзошгүй чиглэл дээр нь холбогдох арга хэмжээг авч зөв болгож явуулна. Үүн дээр үндэслэж Шүрэн, Эгийн усан цахилгаан станцыг барьна гэсэн чиглэлтэй байгаа.
Нөгөө талаар говийн бүс нутаг руу ус татах явц бол Монгол орны өөрсдийн эрх ашиг юм. Яагаад гэвэл Монгол орны ихэнх том уурхай говьд байна. Тэдгээр нь 100 хувь гүний ус ашиглаж байна. Гэтэл Монгол орны гүний ус маш удаан хугацаанд, зарим нэг газрын ус бараг 10.000 жил хүртэл хугацаанд нөхөн сэргээгддэг. Одоогийн уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад хуурайшилт, ялангуяа ууршилт нь хур борооноосоо давамгайлсан нөхцөлд говийн гадарга болон гүний усны нөхөн сэргээгдэх боломж бараг байхгүй. Тийм учраас бид говийн бүсэд ажиллаж байгаа уул уурхайн усан хангамжийн асуудлыг аль болох гадаргын усаар хангах, хоёрдугаарт усаа 100 хувь эргүүлж ашигладаг болгох ёстой. Гуравдугаар, говьд байгаа усны нөөцийн судалгааг эрчимжүүлж бусад усны нөөцүүдийг илрүүлэх учиртай. Дөрөвдүгээрт, говийн усны нөөцийн өөрчлөлтийн асуудлыг хянадаг мониторингийн системийг бий болгох хэрэгжүүлж ажиллах шаардлагатай.
-Өнгөрсөн онд байгалийн нөөц ашигласны төлбөрт 70 тэрбум төгрөг төвлөрснөөс дөнгөж 29 хувийг нь байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд эргүүлж зарцуулжээ. Экологийн байдал ийм эмзэг болсон. Ялангуяа, говийн бүсийн усны нөөцтэй холбоотой асуудал шийдлээ олоогүй энэ үед дээрх хөрөнгийг зориулалтын дагуу зөв зүйтэй зарцуулах нь ихээхэн чухал баймаар?
-Бид өнөөдөр та бүхэнд танилцуулж байгаа төлөв байдлын тайланг Засгийн газарт танилцуулсан. Мөн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулсан. Ингээд бодлого шийдвэр гаргахад та бүхэн маань орон нутагт байгалийн нөөц ашигласны төлбөрөөс орж байгаа орлогыг хуулийн дагуу зарцуулагддаг байхчиглэл дээр хатуу анхааралтай хандаж шийдвэр гаргаж өгөөч ээ, төсөв төлөвлөгөө боловсруулахдаа анхаараач ээ гэж байгаа. Харамсалтай нь энэ мөнгө хуулиар орон нутгийн дансанд орчихдог. Орон нутгийн иргэдийн хурал, Засаг даргын мэдэлд шууд шилждэг. Тэгэхээр яамнаас тэр бүрд зохицуулалт хийх менемжентийн хувьд боломж багатай. Харин Байгаль орчны сайд аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулахдаа энэ заалтуудыг оруулж өгөх асуудлыг ярьсан. Жишээ нь ус ашигласны төлбөрийн 35-аас доошгүй хувийг эргээд усан сан бүрдүүлэхэд зарцуулагдсан байх ёстой. Ойн нөөц ашигласан бол 85 хувь, ан агнуур бол 50 хувь гэх мэтээр өөр өөр хувь байдаг. Үүнийг хэрэгжүүлээд явах ёстой. Тэгэхгүй бол өнгөрсөн жил 70 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт орчихоод байхад өнөөдөр дөнгөж 29.7 хувийг нь зөв зүйтэй зарцуулсан байна. Үндсэндээ 70 гаруй хувь нь буруу зүйлд зарцуулагджээ. Үүнийг улс орны эдийн засаг хүндхэн байгаа өнөөгийн нөхцөлд бидний энэ тэргүүнд ашиглах ёстой нөөц боломж гэж харж, салбарын яам бүх чиглэлд мэдээлэл, ойлголт өгч байна.
-Та Ховд аймгийн Засаг даргаар улирч ажиллаж байсан. Тус аймгийн хувьд уул уурхайн үйлдвэрлэлд харьцангуй бага өртсөн. Ер нь орон нутгийн байгаль орчин, уул уурхайн лиценз олголт дээр ямар байр суурь барьж ирсэн бэ?
–Би аймгийн Засаг даргаа найман жил хагас ажиллахдаа сумдын Засаг дарга нарт өгдөг нэг л хатуу чиглэл байсан. Өнөөдрийн лиценз олголтод хууль эрхзүйн таатай орчин нөлөөлж байгаа тохиолдолд эдгээрээс хамгаалах ганцхан арга бий. Энэ бол орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авах асуудал юм. Өөр ямар ч арга байхгүй. Яагаад гэвэл лиценз авах санал ирэхлээр аймгийн Засаг дарга нь "манай тэр сум багийн иргэд нь зөвшөөрөхгүй байна” гээд буцаагаад явуулчихдаг. Гэтэл эргээд"та хууль зүйн үндэслэлгүй татгалзсан учраас энэ лицензийг олголоо” гээд Ашигт малтмалын газраас хариу ирдэг. Тэр нөхцөлд яах вэ гэхээр хамгаалах шаардлагатай гэж үзэж байгаа газраа ерөөсөө л орон нутаг, эсвэл улсын тусгай хамгаалалтад авах ёстой. Тийм учраас би ажиллаж байх хугацаандаа аймгийнхаа нийт нутгийн 34 хувийг тусгай хамгаалалтад оруулсан. Энэ бол миний орон нутагт байхдаа газарзүйч хүний зүгээс олж харж хийсэн гол бодлого гэж боддог.
Хоёрдугаарт, элдэв төрлийн нинжа гарахаас хатуу сэргийлж байсан. Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газар, шүүх, прокурор гээд бололцоотой бүх байгууллагыгтатан оролцуулж нинжа нартай тэмцсэн. Тэрний хүчинд манай Ховд аймагт нинжа нар тэр болгон дэлгэрээгүй. Түүнээс биш, манай нутаг их баялагтай. Ялангуяа, Алтайн уулархаг нутаг, Алтайн өврийн говь маань алтны шороон ордоос эхлээд гялтагнуур бусад чиглэлийн орд олонтой. Хэдийгээр нутаг орондоо хэрэгжүүлсэн бодлого зөв байсан ч нийт газар нутгийн 60 хувь нь лицензид орчихсон аймаг байгааг хараад харамсдаг.
Г.Батзориг