Таньдаг хүн болгон шахуу энэ "Univison” гэж хүнд суртлыг яах вэ хэмээн ярьцгаахыг сүүлийн хэдэн жил цөөнгүй удаа сонссоор өдий хүрсэн юм. Тэр болгонд өөрөө хэрэглэдэггүй болохоор найзуудын үгийг юман чинээ тоодоггүй байлаа. Тэгж, тэгж өнөөх "Univision”-ийг нь саяхны нэг өдөр өөрөө тавиуллаа даа. Эхний хэдэн өдөр ямар ч асуудал үүссэнгүй. Харин өнгөрсөн долоо хоногт хэд хоног гэрээ эзгүй орхих хэрэгтэй болоод HD Box төхөөрөмжөө салгачихаад явсан юм л даа. Тэгээд хэдхэн хоногийн дараа ирээд асаасан чинь болдоггүй. Ингээд 14-24 дугаар луу залгаж тусламж хүслээ.
Эхлээд Гантуяа гэдэг эелдэг ааштай бүсгүй авснаа "Та одоо төхөөрөмжөө асаа. Одоо унтраа гээд утасны цаана, наанаас хамтдаа баахан оролдлоо. Болдоггүй ээ. Өнөөх бүсгүй ч яахав. "Инженертэйгээ холбогдчихоод хэдхэн минутын дараа тань руу эргээд залгая” гэлээ. Хүлээлээ. Таван минут. Арван минут элбэг боллоо. Тэвчээр алдраад дахиад өнөөх 14-24 рүүгээ залгалаа. Дөлгөөн гэдэг залуу авч байна. Хамгийн ядаргаатай нь тэр Дөлгөөн "Танд юугаар туслах уу. HD Box эвдэрсэн гэнэ ээ. Ямар нэртэй хэрэглэгчийн нэр дээр, ямар утасны дугаар дээр байдаг хаяг вэ” гэж ирээд өмнөх ажилтан шиг баахан байцааж, байцааж хойноос нь нөгөө Гантуяагийн нэгэн адилаар "Одоо унтраа, одоо асаа. Одоо ард талаар нь унтраа” гэхчлэн дахиад баахан оролдуулсны эцэст "Инженертэйгээ холбогдоод хэдхэн минутын дараа эргээд холбогдоё. Түр хүлээнэ үү” гээд утсаа тасаллаа. Ингээд ахиад хүлээлт эхэллээ. Энэ хооронд би бодлоо. Техник өндөр түвшинд хөгжсөн эрин үед амьдарч байж ямар хаашаа янзын удаан, хойрго үйлчилгээтэй улсууд вэ гэж. Жоохон уур ч хүрэх шиг. Энэ удаад арав ч биш, бүр 20 орчим минут эргэж залгахгүй таг болчихлоо. Ингээд дахиад л 14-24 рүүгээ залгалаа.
- Уучлаарай ахын дүү. Ах нь түрүүнээс хойш гурав дахиа залгаж байна. Эргэж залгана гээд алга болчих юм аа
- Сайн байна уу. Мөнхзул тантай холбогдлоо
- Үгүй ээ. Ахын дүү. Чиний нэр ус яах вэ. Манай HD Box ажиллахгүй байнаа. Энийг нэг шийдэж өгөх арга байна уу
- За та утасны дугаараа хэлээрэй
- Ямар хэцүү юм бэ ахын дүү. 8811 …… Би танайх руу гурав дахиа залгаж байна
- Аан за. Ойлгож байнаа ах аа. Таны энэ дугаар чинь ямар хүний нэр дээр байдаг билээ
- . . . . гэдэг нэр дээр байгаа
- Аан за. Та одоо миний хэлснийг дагаад хар төхөөрөмжөө унтраагаад, асаагаарай
- За тэгье ээ тэгье /Еэ бурхан минь/. Унтраагаад асаачихлаа. Одоо уншиж байна. Ядаж байхад танай энэ төхөөрөмж чинь ямар удаан уншдаг юм бэ
- За та уншаад дуусахаар нь хэлээрэй
- За ашгүй нэг уншиж дууслаа. Нэмэр алга аа. Холбогдох боломжгүй гээд байна
- Зэ би тэгвэл инженерийн албатайгаа холбогдоод тань руу удалгүй эргээд залгая аа
- Дахиад битгий алга болчихоорой ахын дүү. Хурдан эргэж холбогдвол сайн байна шүү. Зурагтаа үзмээр байна шүү дээ
- Баярлалаа. Мөнхзул танд үйлчиллээ. Баяртай
Еэ тэнгэр минь. Тэр нэг гай нь дуудсан өдөр би гэдэг хүн иймэрхүү маягаар ганцхан цагийн дотор 14-24 дугаар луу арав гаруй удаа залгаж, тухай бүртээ өөдөөс эелдэг аашлаад байгаа, эсвэл даапаалаад байгаа аль нь болохыг мэдэхгүй нэг хэвэнд цутгачихсан мэт эрэгтэй, эмэгтэй долоо, найман өөр хоолойтой утасны цаанаас хэрэлдэж нэг, хэлэлцэж нэг, бас гуйж гувшиж нэг үзсэний эцэст арваад удаа ахин дахин анкет бөглөн, байцаалгаж байж сая нэг юм өөрийнхөө гэрийн зурагтыг буйдангаа налан суугаад санаа амар үзэх эрхээ олж авсан юм даа. Ээ бүү үзэгд. Хамгийн сүүлд өөдөөс хэлсэн хариуг нь бодохоор бүр гол харлаад байхийм
- Ахын дүү. Ах нь бараг арав дахиа танайх руу залгаж байна. Эргэж холбогдоё гэчихээд алга болчихдог нь ямар учиртай юм бэ. Би чинь танай хэрэглэгч шүү дээ. Би мөнгөө төлөөд танай үйлчилгээг авч байгаа шүү дээ
- За уучлаарай ах аа. Манай инженерийн баг таны HD Box төхөөрөмжийг алсын зайнаас шалгаж байгаа учраас ер нь бол хоёр цаг дор хаяж болдог юм аа
Юу вэ. Юун хоёр цаг вэ. Бид нар чинь 21-р зуунд амьдарч байгаа хүмүүс биз дээ. Цаана чинь солонгосчууд алсын зайнаас хоёрхон минутын дотор хоёр, гурван зуун дрон зэрэг хөөргөөд олимпийн нээлт хийгээд болоод байна. Даанч дээ таминь. Нэг муу алгын чинээ хар төхөөрөмжийг серверээс нь асаахын тулд бүтэн хоёр цаг шүү дээ. Ядаж байхад хэрэглэгчээ хүний дайтай үзээд нэг холбогдсон оператор чинь дахиад утсаа аваад, асуудлыг түргэн, шуурхай шийдээд өгч болдоггүй хэрэг үү. Танайх чинь нэг байгууллага юм уу. Эсвэл арав, хорин өөр толгойтой өчнөөн олон байгууллага болоод хуваагдчихсан газар уу. Еэ базарваань. Мөнгөө төлөөд телевизийн үйлчилгээ авсныхаа төлөө ингэж муухай хүний ёсноос гадуур дээрэлхүүлж, зурагт үзэх эрхээ хясуулж, боолгуулна гэж 21-р зуунд бас байдаг юм байжээ. Еэ бурхан минь. Еэ "Univision” минь дээ. Дахиж л битгий унтарч, алдаа заагаасай гэж залбиръя.
Б.Баяраа
/Захидал задлахад/