Вант улс гэж нэрлэгддэг том айл бол яах аргагүй Улаанбаатар төмөр зам. Монгол улсын нийгэм эдийн засагт томоохон хөдөлгөгч хүч болдог энэ газрын гавьяа их ч өдгөө хүнд суртал авлигын үүр уурхай болсон байсан гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Ачаа бараа тээвэрлэлтийн зохистой хэм алдагдсан, гал тэрэг олох гэж авлига өгдөг болсон гэж дээр дооргүй л ярьж шуугих болсон. Саяхан шинэхэн дарга Х.Хэрлэн ажлаа хүлээж авсан. Түүнээс асар их ажил амжилт, эрс шинэчлэлийн хүлээлт байна.
Шинэ онтой зэрэгцээд УБТЗ-ын дарга нарын хэрэг ар араасаа цуврах шинжтэй. УБТЗ-ын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцаг өмнө нь авлигын хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан. Мөн түүнийг хоёр жилийн өмнө Тагнуулын ерөнхий газрынхан баривчилж байсан удаатай. Үүгээр зогсохгүй Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байх үедээ Ж.Пунцаг авлигын хэрэгт холбогдож байсан байна. Авлигын хэрэгт удаа дараа нэр холбогдож байсан Ж.Пунцаг албан тушаалаа ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн тул холбогдох хуулийн байгууллагууд шалгах ёстой гэж Монголын төмөр замчдын эвлэлийн холбооноос мэдэгдээд байгаа.
УБТЗ –ын дарга нар авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдсонч тэгэсгээд мултраад ажлаа хийгээд яваад байдаг жишиг тогтож. Үүний нэг тод жишээ Ж.Пунцагаас гадна Ж.Батболд гэх дарга байдаг. Ж.Батболд нь хэд хэдэн ноцтой хэрэгт холбогдож байсанч сайд дарга нараар батлан даалгаж хэргээс мултарч чаддаг ар тал томтой гар гэгддэг гэнэ. Тэрбээр Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаас гадна УБТЗ-н удирдлагын асуудал хариуцсан даргаар давхар ажилладаг "Давхар дээлтэй" аж.
Энэ мэт байнга асуудалд холбогдож байдаг бугшсан дарга нараасаа УБТЗ хэзээ салж цэвэрших вэ???? Энэ тал дээр шинэхэн дарга Х.Хэрлэн санаачлагатай ажиллах шаардлагатай. Шийдэмгий ажиллаж байгаа Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд ч энэ тал дээр анхаарал тавьмаар байна гэж төмөр замчид дуу нэгтэй шаардаж байна!
Ж.Батболдын гэмт хэрэгт холбогдсон талаар гарч байсан мэдээллийг цухас дурдал:
Ж.Батболдын хэргээс болж, ОХУ-аас авах зээл бүтэхгүй байж болзошгүй!!!
Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ж.Батболдыг АТГ болон Эрүүгийн цагдаагийн хэлтсээс баривчилсан. Ж.Батболдыг Автотээврийн үндэсний төвд ажил үйлчилгээ явуулах тендерийн хэрэгт холбогдуулан баривчилсан байдаг. Гэтэл 5.9 тэрбум төгрөг буюу их хэмжээний тендерийн хэрэгт холбогдоод буй Ж.Батболдыг тун саяхан ЗТХ-ийн сайд Д.Ганбат өөрийн биеэр батлан даажээ.
Түүнийг Төрийн албаны хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа. Тодруулбал, тэрбээр Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаас гадна ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар давхар ажилладаг.
УИХ-ын дарга М.Энхболд энэ 7 хоногт ОХУ-д албан айлчлал хийнэ. Айлчлалаар хойд хөршөөс 4 тэрбум ам.долларын зээл хүсэх тухай яриа бий. Гэтэл ОХУ-ын зүгээс 500 сая ам.долларын зээл олгох боломжтойгоос гадна үүнийгээ зөвхөн УБТЗ-аар дамжуулан олгоно гэдгээ илэрхийлчихсэн байдаг.
Ж.Батболдын асуудлаас болж 500 сая ам.долларын зээл бүтэхгүй болж магадгүй нь.
УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ЕРӨНХИЙ ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.БАТБОЛДЫГ СУЛЛАЖЭЭ
-ТҮҮНИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д.ГАНБАТ ӨӨРИЙН БИЕЭР БАТЛАН ДААЛТАД АВСАН БАЙНА-
Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ж.Батболдыг мөнгө угаасан гэх хэргээр Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан саяхан цагдан хорьсон билээ. Түүнийг Автотээврийн үндэсний төвд хэрэгжүүлсэн тендерээс их хэмжээний мөнгө бусадтай бүлэглэн угааж албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Ж.Батболдыг хорихоос өмнө Зам тээврийн сайд асан А.Гансүхийн зөвлөх асан Ж.Бямбацогтыг цагдан хорьсон байдаг. Түүнийг 2012 онд тус яамнаас зарласан тендерийг будлиантуулж замаас нь 5.9 тэрбум төгрөгийг завшсан хэмээн буруутгаж буй талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Харин Ж.Бямбацогтын хэрэгт холбогдуулан Ж.Батболдыг ийнхүү цагдан хорьжээ. Ж.Батболд нь Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны нарийн бичгийн даргын албыг хашихаас гадна Зам тээврийн хөгжлийн яамны Далайн тээврийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан тушаалыг давхар хашдаг юм байна. Уг нь энэ хоёр албан тушаал нь орон тооных бөгөөд нэг хүн давхар хаших боломжгүй аж. Гэвч Төрийн албаны хуулийг зөрчин тэрбээр ийн хоёр албан тушаал зэрэг хашдаг болох нь тогтоогдсон байна .
Ж.Батболд нь Зам тээврийн яаманд 2015 оноос ажиллаж эхэлжээ. Тэрээр 1982 онд Улаанбаатар хотод төрж, ерөнхий боловсролын сургуулиа орос III сургуульд сурч төгсчээ. Дараа нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн аж. Ажлын гараагаа “Магнай трейд” компанид менежерээр эхлүүлж, “Вектор интернэшнл” компанид менежер гэх албыг хашиж байгаад Зам тэээврийн яаманд Далайн тээврийн бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн хийж байсан байна. Үүний дараа Гадаад хэргийн яаманд Эдийн засгийн хамтын ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж байгаад Зам тээврийн хөгжлийн яаманд газрын даргаар эргэн ирсэн аж.
ЯМАР ХЭРЭГТ ТҮҮНИЙГ БУРУУТГАВ
Хэдэн жилийн өмнө буюу 2014 онд Автотээврийн үндэсний төвд нэгэн тендер хэрэгжсэн байдаг аж. Тэр тендерийн хүрээнд хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг улсын хэмжээнд хянах “Тээврийн удирдлага, хяналтын төв” гэдэг газрыг байгуулан ажилласан аж. Энэ төв нь тээврийн хэрэгслийн хяналтын нэгдсэн системийг ашиглан улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэл болох автобусуудын байршлыг тогтоон хяналт тавьж, ямар нэг эсрдэл гарвал мэдээллийг шуурхай дамжуулах үүрэгтэй хийгдэж байсан. Өөрөөр хэлбэл, GSM/GPRS систем болон сансрын холбоогоор /Inmarsat/ дамжуулж мэдээллийг төв серверт хадгалах ба компьютер болон ухаалаг гар утас ашиглан тээврийн хэрэгслүүдээ хянах боломжтой, дэвшилтэт технологид суурилсан цогц систем. Энэ дагуу Хот хоорондын зорчигч тээврийн том оврын 306 автобус, дунд оврын 194 автобус, бага оврын 260 автобус гээд нийтдээ 760 тээврийн хэрэгсэлд нэг бүр нь гурван сая гаруй төгрөгийн үнэтэй байршил тогтоох төхөөрөмжийг суурилуулсан байна. Гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудад нэмэлт дарамт үүсгэхгүй байх үүднээс сансрын холбооны болон GSM/GPRS системийн мэдээлэл дамжуулалтын зардлыг Автотээврийн үндэсний төв хариуцахаар болсон. Нэг тээврийн хэрэгслийн мэдээлэл дамжуулалтын нэг сарын зардал 50 мянга орчим төгрөг болсон гэдэг. Энэ асуудалд Ж.Батболдыг буруутгах хэд хэдэн үндэслэл гарсан байна. Ингээд шалгах явцад мөнгө угаасан гэх баримт ч олдсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа юм. Энэ ажил нь “Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил”-ын тендертэй холбоотой юм байна.
5.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАВШСАН УУ
Энэ тендерийг хэрэгжүүлэхдээ замаас нь 5.9 тэрбум төгрөгийг завшсан, мөнгө угаасан гэж үзэж байгаа аж. Энэхүү тендер нь 2012 оны долдугаар сарын 17-ны өдрөөс 2012 оны наймдугаар сарын 16-ныг хүртэл “Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил”-д зарцуулагдах мөнгө байсан аж. Тендерт гадаад, дотоодын олон компани оролцож, эдгээрээс Болгар улсын “Контракс Еад” компани шалгаран хамтран ажиллахаар болсон аж. Гэтэл тус компани 2012 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр45/А дугаартай ажлын гэрээг байгуулж, үүндээ 2014 оны хоёрдугаар сарын нэгэн гэхэд дээрх ажлыг хийж дуусгахаар тусгасан аж. Энэ үеэс эхэлж тендерт ирүүлсэн үнийн санал болон бас бус зүйл дээр албан тушаалтнууд ажилласнаас болж 2014 оны тавдугаар сард 45/А дугаартай дээрх гэрээг цуцалжээ. Гэрээг цуцлах болсон шалтгаан нь тухайн үед тодорхойгүй байсан бөгөөд энэ асуудал салбарын хувьд багагүй дуулиан дэгдээгээд байсан юм. Харин энэ бүх гэрээний санхүүгийн асуудлыг сайтар нягтлаад үзвэл ихээхэн хэмжээний мөнгөн дүн гарчээ. Ийм учраас гэрээ болон мөнгөний учрыг олох ёстой болсон аж. Шалгалтын явцад тендерийн ажлаас хэн хэдий хэрийн ашиг олов гэдгийг тогтоосон гэх мэдээлэл байна. Ингэхдээ дээрх эрхмүүд нэг компанийн данс руу мөнгө шилжүүлж, бэлнээр их хэмжээний мөнгийг авсан байдаг гэнэ. Мөн тендер нэрээр хөтөлбөр хэрэгжүүлж харагдавч үнэндээ улсын хөрөнгийг зувчуулсан гэх баримт ч гарч ирсэн байна. Энэ мэтээр тэдний холбогдож буй асуудлууд одоохондоо ийм хүрээнд яваа гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Харин Ж.Батболдыг цагдан хориод удаагүй байхад буюу арав гаруй хоногийн дараа Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хуулийнхан руу залгаж “Газрын даргыг хорьчихсон. Ажил явахгүй байна. Би батлан даая” хэмээжээ. Ингээд цагдан хорих эсэхийг нь шүүхээр шийдэх хурал болж, Д.Ганбат сайд өөрийн биеэр очиж чамгүй мөнгөн барьцаа төлж байж түүнийг суллаж авсан гэнэ. Зам тээврийн хөгжлийн яамныхан “Сайд өөрийн биеэр батлан даалтад авч байгаа юм. Өөрийнх нь гарын хүн гэдэг нь тодорхой байгаа биз дээ. Батлан даах хүн олдоогүй юм байх даа” гэцгээж байв.
2016.12.18 https://dnn mn