Эрүүл мэнд болон Хууль зүй, дотоод хэргийн яамны хооронд согтуучуудыг яах вэ гэсэн маргаан байсхийгээд л дэгддэг боллоо. Архи хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх байрт аваачиж эрүүл болгодог байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлсэнээс энэ маргаан дэгдсэн юм. Эрүүл мэндийн яамныхан цагдаагийн мэдэлд буцааж шилжүүлэх талаар хөндөж буй ч Хууль зүй, дотоод хэргийн яамныхан ийм зохицуулалт хийхээс эрс цааргалж байна.
Уг нь архи хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эмнэлгийн мэдэлд шилжүүлсэн явдал нь орос ах нарын туршлагаас улбаатай. Анх эрүүлжүүлэх гэдэг нэр томъёо ч хойд хөршид үүссэн юм билээ.
Бүр 1902 онд Тула хотод нэгэн эмч хүмүүнлэгийн журмаар эрүүлжүүлэх байр байгуулснаар согтуу иргэдийг түр саатуулдаг газар үүссэн түүхтэй аж.
Үүнээс хойш 1931 онд Петербургт эрүүлжүүлэх байр барьж, цагдаагийн байгууллагын мэдэлд байлгадаг болжээ.
Эмнэлэг согтуу иргэдийн хоног төөрүүлэх газар болсон
Ийн хөрш ах нарын нөлөө Монгол руу давалгаалж, Улаанбаатар төдийгүй аймгууд эрүүлжүүлэх байртай болж, согтуучууд гудамжинд хөлдөх эрсдэлээс хамгаалагдсан нь энэ. Гэвч оросууд эрүүлжүүлэх байрыг 2011 онд хааж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэхээр хуульчлан зохицуулжээ. Ингэхдээ ОХУ гурван зүйлийг нарийн заасан байна. Тухайлбал, архи хэтрүүлэн хэрэглэж ухаангүй болсон, зүрх нь хаагдах эрсдэлтэй хүмүүсийг түргэн тусламжийн байгууллагад хүргэх, хөнгөн согтолттой бол цагдаа гэрт нь аваачиж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхөөр хуульд заажээ.
Мөн согтсон үедээ бусдыг хэл амаар доромжилсон, амгалан тайван байдалд саад учруулах үйлдэл гаргасан бол цагдаагийн байгууллага хянаж, эрүү үүсгэх зохицуулалт хийсэн байна. Хойд хөршийн энэ шийдвэрийг манай улс аанай л дагав. Тодруулбал, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулснаар 2014 оны аравдугаар сараас эхлэн эрүүл мэндийн салбарт уг хуулийг хариуцан хэрэгжүүлэх чиг үүргийг өгсөн. Ингэснээр эрүүлжүүлэх байрууд эмнэлгийн харъяанд шилжив.
Хойд хөршийн мөрдлөг болгодог зарчмыг манайхан үлгэрлэн дуурайж, ягштал хэрэгжүүлж чадсангүй. Эрүүлжүүлэх байранд саатууллаа ч төлбөр төлөх боломжгүй, орон гэргүй гудамжны архичдыг эмнэлэгт аваачаад өгчихдөг нь асуудал болоод байна.
Учир нь мөнөөх гудамжны архичид өдөржин гадуур тэнэчихээд орой болмогц эмнэлэгт өөрсдөө очиж хоног төөрүүлдэг болжээ. Харин маргааш нь эрүүлжээд явахдаа эмнэлгийн багаж хэрэгслийг хулгайлаад явчихдаг аж. Тэгээд ч хүнд өвчтэй хүмүүст ихээхэн дарамт болдог байна. Өнгөрсөн хугацаанд согтуу иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр очсон эмч нарт агсам тавих, зодох, цохих зэргээр зүй бус авирлаж, эмч, эмнэлгийн ажилчдын биед гэмтэл учруулсан тохиолдол цөөнгүй гарчээ.
Түүнчлэн согтуу иргэдэд архины хордлого тайлах эмчилгээ хийх явцад эмнэлгийн багаж төхөөрөмж, эд хогшлыг эвдэх, танхайрах, тухайн орчноо бохирдуулах, эмч, ажилчдыг доромжлох, заналхийлэх тохиолдол ч гарсан байна. Согтуу иргэдийг эмнэлгийн мэдэлд шилжүүлснээр эрүүлжүүлэх үйлчилгээ сайжраагүй хэмээн эмч нар дүгнэдэг.
Иймээс Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулиа эргэн харах цаг болсныг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна.
Эрүүл мэндийн яамнаас уг хуульд өөрчлөлт оруулах, шинэчлэх Ажлын хэсэг гаргаж, хуулийн төсөл боловсруулж эхэлсэн. Гэвч хуулийн төслийн талаар анхны хэлэлцүүлэг хийснээс хойш маргаан бүр ч хурцдав.
Өндөр хөгжилтэй орнуудын эрүүлжүүлэх байгууллага хэдийгээр эмнэлгийн мэдэлд байдаг ч үйлчилгээ, иргэдийн соёл, ухамсар гээд олон зүйл нь хууль хэрэгжүүлэх түвшинд хүрсэн байдаг аж. Харин манай улс ийм зохицуулалт хийх цаг нь хараахан бүрдээгүй байна гэж эмч нар үзэж байгаа. Өвчтөнүүдийг багтааж, шингээхгүй байхад согтуу хүмүүсийг хүлээж авахаар бүр ч хүндрэлтэй болдог байна.
Эмнэлэгт очиж буй хүмүүс нь голдуу архаг архичид буюу донтогчид байдаг тул ШШЕГ-ын харьяа "Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар”-т аваачих ёстой гэж эмч нар хэлж байв. Эмнэлгийг эрүүлжүүлэх болгосон явдал зөвхөн эмч, эмнэлгийн ажилчид төдийгүй иргэдийг ч бухимдуулж буй юм. Иймээс эмч нар хуулийг өөрчлөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.
Архаг архичдыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгчихөөд төлбөрийн чадвартай хүмүүсийг нь цагдаагийн байгууллага өөрсдийн харьяаны эрүүлжүүлэх байрт аваачдаг гэсэн шүүмжлэл ч гараад байгаа юм. Нөгөөтэйгүүр, хэрэв эмнэлгийн байгууллагад эрүүлжүүлэх мэдлийг шилжүүлж байгаа бол Архидан согтуурахтай тэмцэх санг Эрүүл мэндийн яамны харьяанд өгөх ёстой гэсэн асуудал ч хөндөгдөх болов.
Хууль дүрмээрээ эрүүлжүүлэх үйлчилгээг эмнэлэг үзүүлэх ёстой. Харин яаралтай түргэн тусламжийн газартаа хүнд өвчтөнүүдтэй хамт хүлээж авах биш, тусгай байранд байрлуулахаар зохицуулалт хийх шаардлага тулгарч буй. Гэвч өнөөдрийн байдлаар эмнэлгийн байгууллагын хүчин чадал бага, өвчтөнүүдэд байр хүрэлцэхгүй байхад хажуугаар нь согтуу иргэдийг хүлээж авахад бэлэн биш байна гэдгийг салбарын удирдлагууд учирлаж байсан.
Ингэхэд эмнэлэг эрүүлжүүлэхийн үүрэг гүйцэтгэж, өвчтөнүүдэд чирэгдэл учруулсан хэвээр байх уу. Цагдаагийн байгууллага мэдэлдээ авч хуучин жишгээрээ явах уу гэдгийг эцэслэн шийдэх нь зүйтэй байх.
Дотоодын архины үйлдвэрлэл буурч, импортынх нэмэгджээ
Сүүлийн жилүүдэд манай улсын архины хэрэглээ нэлээд нэмэгджээ. Тодруулбал, 15-аас дээш насныханд дэлхийн дунджаар 6.2 литр архи ногддог. Манай улсын ийм насны иргэдэд 2.62 пунктээр илүү байдаг гэсэн судалгааг эрүүл мэндийн салбарынхан гаргасан.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн тоо буурчээ. Харин эсрэгээрээ импортын бүтээгдэхүүний хэмжээ эрс өссөн байна. 2008- 2015 онд дотоодод үйлдвэрлэж буй архи, дарсны хэмжээ дэлхийд тогтоосон стандартаас 1.6 дахин их буюу 2.995,949 литр байна. Импортын архи, дарс, конъяк, виски 5.5 дахин буюу 984.571,60 литр байгаа юм. Мөн архины хэрэглээг дагаад нийгэмд гарах сөрөг үзэгдэл ч буурахгүй байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан статистикийг сөхөхөд улсын хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо сүүлийн таван жилийн хугацаанд 1.43 дахин өссөн, жилд 5476 орчим тохиолдол гарч байгааг дурджээ.
Архи, согтууруулах ундааны хэрэглээ, үүнтэй холбоотойгоор үйлдэгдэх гэмт хэргийн тоо буурахгүй байгаа нөхцөлд авах арга хэмжээг нарийн зохицуулах нь зүйтэй болов уу.
Хуульд согтуу иргэдийн хаана аваачих вэ гэдгийг нарийн заасан байдаг. Тухайлбал, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 10.1, 10.2-т архидан согтуурсан иргэнийг тусгаарлах өрөөний цонх нь сараалжин хамгаалалт, хаалга нь гадна талаасаа түгжээтэй, хянах шагайвар, агааржуулах салхивч, модон шалтай байна гэжээ. Гэвч тусгаарлах өрөөг эрүүл мэндийн байгууллага дотор байгуулбал эмчлүүлэгчдийн тайван байдал, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө гэж үзэж буй. Яаж ч бодсон эмнэлэг дотор шорон шиг тусгаарлах өрөө хийж, цонхийг нь төмөр сараалжаар хаачихвал мэдээж үйлчлүүлэгчдэд таатай сэтгэгдэл төрүүлэхгүй нь ойлгомжтой.
Харин төр, засаг тусгай байр бариад өгчихвөл өөр хэрэг. Нэгэнт байгуулсан эрүүлжүүлэх байрандаа саатуулаад, эмч дэргэд нь эрүүл мэндийг нь хянадаг болговол эмнэлгийнхэн төдийгүй жирийн иргэдэд ч дарамтгүй зохицуулалт болох биз ээ. Үүний тулд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийг эргэж харах шаардлага тулгарч байна.
Б.Гандолгор
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Category: Онцлох / Нийтлэл
Уг нь Монгол Улс хуультай билээ. Гэвч тэр хууль нь мөнгөтэй, эрх мэдэлтэй этгээдүүдэд үл үйлчилдэг ажээ.
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН НАЙМДУГААР БҮЛЭГ
42 дугаар зүйл.Соёлын өвийн дурсгалт газар
42.1. Улсын Их Хурал соёлын өвийн дурсгалт газрын унаган төрх, соёлын үнэт зүйлийн язгуур шинжийг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргаж, хилийн заагийг батална.
42.4.Соёлын өвийн дурсгалт газрыг дараах бүсэд хуваана:
42.4.1.хамгаалалтын бүс;
42.4.2.орчны бүс.
43 дугаар зүйл.Хамгаалалтын бүсийн дэглэм
43.1.Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
43.1.6.шинээр барилга байгууламж барих.
45 дугаар зүйл.Түүх, соёлын дурсгалт газар
45.1.Засгийн газар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын бүс тогтооно.
45.3.Түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
45.3.3.гэр, сууц, барилга, байгууламж барих;
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Category: Гол мэдээ / Нийтлэл
АНУ дэлхийн автомашин үйлвэрлэлийн 12,5%-ийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт автомашины 12.5 хувийг АНУ-д үйлдвэрлэдэг. Детройт цагтаа үйлдвэртэй, инженертэй ажиллах хүчинтэй, ёстой л нэг автомашин үйлдвэрлэж, өндөр технологийг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой газар байсан юм. АНУ-даа эдийн засгаараа 4-т орж хөгжин цэцэглэж байсан нь саяхан. Гэтэл энэ хот дампуурлаа зарлачихсан.Яагаад сүйрчихэв ээ гэж үү? Детройтын уналт өөр хоорондоо нягт холбоотой хоёр системийн шалтгаанаас эхэлжээ. Нэг нь үйлдвэрчний эвлэлүүд.
Хөрөнгөтнүүд ажилчдын хөдөлмөрийн мөлжиж, цусыг нь сорж байгаатай Үйлдвэрчний эвлэлүүд хүчтэй тэмцсэн. Тэд ялсан, харин үйлдвэрлэл нурсан, өөрөөр хэлбэл илүү дутуу үг хэлдэггүй, үйлдвэрчний эвлэл гэж байхгүй Теннесси рүү нүүчихсэн. Хоёр дахь шалтгаан нь гэвэл нүүдэл. Хөгжин цэцэглэж буй Детройт руу Дайны дараа хөдөөний ядуучууд тэмүүлэх болсон, яг л 19 дүгээр зуунд Английн ядуус Лондон руу нүүдэллэж байсан шиг. Гэхдээ Английн их нүүдлээс ялгаатай нь Детройтийг зоригсдын дийлэнх хувь нь өнгөт арьстнууд байлаа. Түүнчлэн тэд сонгох сонгогдох бүх эрх нь баталгаажсан Детройт руу нүүдэллэж байсан гэдгээрээ онцлогтой. Гэхдээ "сонгох эрх нь нээлттэй болмогц сонгогч юу хийх ёстойгоо сайтар ойлгож эхэлдэг”. Сонгогч хоол хүнс, боловсрол, тэтгэвэр авахын тулд ажиллахын оронд хоол орон байр, тэтгэвэр тэтгэмж нэхэж гарна.
Америкдаа гэмт хэргийн гаралт хамгийн өндөр , боловсролын түвшнээрээ хамгийн доогуурт жагсдаг Детройтын үл хөдлөх хөрөнгийн татвар 2013 онд АНУ-д хамгийн өндөрт тооцогдож байна. Ердөө л татвар төлдөг хүн гэж байхгүй, хотын 300000 эзэмшлийн байрнаас тал хувь нь өртэй. Ийм нөхцөл байдал үүссэн нөхцөлд татвар төлөөгүй гэж баривчлагдсан тохиолдолд байраа зарж татвараа төлөхөөс аргагүй болно.Энэ хотоос идэвхитэй ажиллах хүчин мөн л зугатаасан.
2013 оны байдлаар Детройтын зургаан өндөр настан тутамд хөдөлмөрийн чадвартай дөрвөн хүн ноогдож байв, мэдээж тэр дөрөв нь дөрвүүлээ ажилтай байна гэж үгүй. Нэгэнтээ ядуус Детройт руу ажил хийх гэж ирдэг байсан. Гэвч ажил байхгүй болсон, гэхдээ Детройтын сонгогчид ажил хийхийн оронд даатгалын гэрээгээр мөнгө авч болох юм байна гэдгийг олж мэдэв. Зөв хүнийг сонговол шүү дээ. Ер нь бол арьсны өнгөнд гол учир байгаа юм биш, харин хүн амын тодорхой хэсэгт "та нарт өгөх ёстой” гэж ойлгуулмагц сонгогчид нь бэлэнчлэгчид болж харин тэдний саналаа өгдөг улс төрчид нь хоосон чалчигчид болов.
Яг л үүнтэй ижилхэн зүйл манайд болоод байна. Жишээлбэл бүтэн 3 сарын хугацаанд хэлний бэлтгэлд сууж, шүд, нүд бие эрхтэнийг үзэж байгаад хамгийн сайн ажил хийх боломжтой ажиллах хүч маань Солонгос руу явж байна. Тэдний хийх ёстой ажлын орон тоог нь Хятадууд, Хойд Солонгос, Вьетнамчууд эзлэв. Эсрэгээрээ янз бүрийн эх орныхоо хөгжил цэцэглэлтийг урдаа барьсан иргэний хөдөлгөөнүүд нэмэгдэж, улсаа биш харин улсынхаа нэрийг ашиглаж бусдыг айлган дарамталж мөнгө нэхэж амьдралаа залгуулж байна. Монгол хүнийг зоддог хятад хүн, согтуугаар хүний ам нас машиныг мөргөдөг даварсан хужаа нарыг би өмөөрөх гээгүй байна. Зүгээр л бид хөдөлмөрлөж байгаа нэгнийгээ дэндүү их ялгарлан гадуурхаж, нүд хог шаар мэт муулж байна. Талууд хоорондоо тэмцэлдэж, ядуусын талд орох, мөнггүй хүмүүсийг өмөөрөх улс төрчдийг хайна. Эсрэгээр нь хүмүүсийн энэ их бухимдал стрессээр нь суртачилгаа хийж тэдний саналыг авч улс төрд ордог хүмүүс нь олон болно.
Ингээд системийн гажуудал гарч байгаа юм. Солонгос шиг, Япон шиг хүн бүр л уг нь баялаг бүтээгчид баймаар байгаа юм. Ярихаасаа илүү шүүмжилдэг хүмүүс олон болж. Зар мэдээ сониныг уншихаар ажилд авна гэсэн зар дүүрэн байх бөгөөд тэд нар дээр ирж уулздаг хүмүүс нь цөөхөн. Тэгээд тэр цөөхөн ажил сураглаж ирсэн хүмүүс нь өөрийнхөө чадварын талаар биш харин өөрт нь өгөх мөнгө цалингийн талаар л асууж сураглана. Цагаа тулхаар яг чин сэтгэлээсээ ажил хийж чадах хүмүүс их ховор.
Чанаргүй боловсрол олгож байгаа багш нараа хүмүүс буруутгана. Багш нар нь яамаа буруутгана. Чанаргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа эмч нарыг ард түмэн буруутгана. Эмч нар нь яамаа буруутгана. Системээрээ бие биеэ буртуугана. Гэтэл мундаг багш нар, мундаг эмч нар өчнөөн бий. Тэднийгээ гомдоочихно. Яаж яваад бид нар ингэж нэг нэгнийгээ буруутгаж үзэн яддаг болчихвоо? Энэ байдлаас хэрхэн гарах вэ? Бид нар өөрсдөө л гарна. Бид өөрдсөө хөдөлмөрлөж, дор бүрнээ байгаа ажлаа чин сэтгэлэсээ хийж байж л энэ хэцүү зүйлээс гарна. Тэрнээс энэ улс төрчид, хууль барьж байгаа хүмүүс гаргахгүй. Тайван байцгаа. Хийх ёстой ажлаа чин сэтгэлэсээ хийх хэрэгтэй. Битгий шалчагна. Хөдөлмөрлө. Гэхдээ үр дүнтэй.Битгий шалчагна. Хөдөлмөрлө. Гэхдээ үр дүнтэй. Ирээдүйгээ харж бага зүйлээс эхлэх хэрэгтэй. Наад зах нь машиныхаа цонхоор хогоо хаяхгүй байх нь эх оронч үзэл гэдгээ ойлгох хэрэгтэй.
Э.Дөлгөөн
Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийг Засгийн газраас томилсон. Улмаар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг шалгалтынхаа дүнг байнгын хороодоор хэлэлцүүлэх байсан ч АН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авснаар завсарласан юм.
Тэгвэл олны анхаарлыг татсан Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан компаниудын нэрсийг өчигдөр Хууль зүйн дэд сайд Н.Энхбаяр зарлалаа.
Тэрбээр "Та бүхэнд хэлсэнчлэн Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн ЗЭЭЛ, САНХҮҮЖИЛТ-тэй холбогдсон жагсаалтыг нийтэллээ. Өөрсдөө цэгнэж, дүгнэх буйзаа..." гэж жиргэжээ.
Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлж буй төсөл, арга хэмжээ (Тайлбар: Үнийн дүн сая төгрөг, сая ам.доллараар илэрхийлэгдсэн болно)
Зуд болохоор нохой зоолдог гэдэг үг байдаг даа. Түүнтэй адил улс орон жаахан хямраад, иргэдийн гар дээр бэлэн мөнгө бага сага хомсдоод эхлэхээр л янз бүрийн сүлжээний бизнес цэцэглэж эхлэх юм. Сүүлийн үед цахим ертөнцийг ашиглаж бизнес хийж байгаа сүлжээчид борооны дараах мөөг шиг л олширч байна. Хонгконгийн 520 ам.долларын төсөл. Казахстаны ядуурлыг бууруулах GTIME, "Алтан өндөг”, "Баяндалай” энэ тэр гээд л сүлжээний бизнесүүд үргэлжилнэ. Тэр дундаа Казахстаны ядуурлыг бууруулах GTime төсөл нэлээд газар авч эхэллээ. Бүр тусдаа хаалттай групптэй, тэндээ 110 гаруй мянган гишүүнтэй болчихсон. Өнөөдүүл нь дор бүрнээ хүн ухуулаад л, шинэ жилээс өмнө 8000 ам.долларын цалин авах уу ч гэж байх шиг. Өнөөхийг хүмуүс сонирхож байгаа гэж жигтэйхэн. 272 мянган төгрөгөөр элсч, найман хүн нэг баг болоод, дараа нь хоёр сая 292 мянган төгрөг авна ч гэж байх шиг. Тэр нь вип хөтөлбөр гэж байгаа. Энэ мэтээр хамгийн ихдээ хоёр сая 176 мянган төгрөг оруулаад дараа нь 18 сая 336 мянган төгрөг авна гэж байгаа юм. Ёстой сайхан сонсогдож байгаа биз. Мэдээж дотроо тодорхой дүрэм журам гэж байгаа байх. Гэхдээ л эцсийн дүндээ энэ чинь сүлжээ. Сүлжээний бизнес прамид тогтолцоотой байдаг. Хамгийн гол нь энэ төслийг луйвар гэдгийг ЦЕГ-аас анхааруулчихаад байгаа. Гэтэл манайхан хашрахгүй, нэгдэж орсоор байна. Бүр төрийн том байгууллагууд хүртэл бөөнөөрөө элсч орсон мэдээ хүртэл байна. Дарга нь пирамидын дээр суугаад, ажилчдаа дороо элсүүлсэн юм байх аа. Хэрвээ үнэхээр ашиг олдог бол дарга нар нь л хэдэн төгрөг олж авах байх. Харин прамидын сууринд байгаа хүмүүс бол 100, 200 мянган төгрөгөө өгөөд л алдана. Мөнгөө эргүүлж авах боломж байхгүй. Цалин авна гэвэл хүн элсүүлэх шаардлагатай. Чадахгүй бол тэгээд л хохироод дуусч байгаа юм. Мэдээж сүлжээний бизнест өөрөө сайн дураараа орсон учраас луйвар гэж үзэхгүй. Манайд уг нь сүлжээний бизнесийг хориглосон хууль журам байдаг юм билээ. Гэвч хэрэгжиж байгаа юм алга. Хэрэгжүүлэхээр ажиллах газар ч байхгүй. Үүнийг нь луйварчид мэддэг учраас янз бүрийн аргаар шинэ сүлжээ эхлүүлсээр, хүмүүсийн мөнгийг хуурч авсаар л байгаа байх. Мэдээж сүлжээний бизнесийг эхлүүлсэн хэдэн нөхдүүд багагүй мөнгө олж байгаа болов уу. Тэгвэл шинээр элсэгчид бол юу ч олж долоохгүй шүү дээ. Тэгээд ядаж байхад бэлэн мөнгөө оруулна. Бусад сүлжээ шиг ядаж бүтээгдэхүүн аваад үлдэнэ гэсэн юм байхгүй шүү дээ. Тийм болохоор бүр ч их хохироод байгаа юм. Одоо бүр сүүлдээ төрийн байгууллагынхан хүртэл даргынхаа араас элсч байна. Энэ бүхнийг холбогдох газрууд нь анхаармаар байгаа юм. Тэр төрийн байгууллагынх нь нэрийг биччихээр манай тэгээгүй, нэр төрд халдлаа, шүүхэд өгнө энэ тэр гэнэ л дээ. Угаас тэгж дайрдаг болсон хойно. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь сүлжээнд бүр төрийн байгууллагатайгаа уусч эхэллээ шүү дээ. Тиймээс л энэ элдэв сүлжээний луйвраас бүгд сэрэмжилж, анхаармаар байна. Холбогдох хуулийн байгууллагууд хүртэл яаралтай арга хэмжээ авч, ард иргэдээ сэрэмжлүүлээч ээ. Одоо бүр сүүлдээ математикийн хэдэн багш нийлээд сүлжээний бизнес бий болгож байна гэнэ, цаана чинь. Бэлэн мөнгөтэй болоод, амархан баяжих гэсэн хүмүүсийн гэнэн хүсэл дээр дөрөөлөх аргаа олчихсон байхгүй юу.
Монголын мэдээ Н.Пунцагболд
Хамгийн сүүлд бид 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр төрийн өмчийн их сургуулиудыг улс төрөөс хараат бус болгох бодлогыг баримталсан. Өөрөөр хэлбэл, Засгийн эрх барьж байгаа нам, улс төрийнхөн төрийн өмчийн их сургуулиуд руу "бялуу хуваах” сэтгэлгээгээр ханддаг байсныг өөрчилж, дээд боловсролын байгууллагыг засаглалын зөв хэлбэрт оруулах гэж хичээсэн. Бүр тодруулбал, төрийн өмчийн их сургуулиудын захирлыг сайд томилдог байсныг болиулж, Удирдах зөвлөл нь томилдог. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд, сайд нарыг оруулахгүй байхаар зохицуулж өгсөн. Дээд боловсролын байгууллага бол Монгол Улсын хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйлсийн нэг. Тиймдээ ч энэ нь их сургуулиудын засаглал, түүний тогтвортой байдал, бодлогын залгамж халааг бодолцож хийсэн хуулийн зохицуулалт байв. Өмнө нь их сургуулийн захирлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд томилдог байсан тогтолцоо нь их сургуулийн засаглалыг шууд улс төртэй холбодог байсан. Ингэснээр их сургуулийн захирлын томилгоо нь тухайн сургууль, эрдэмтэн судлаачид, багш нарын дунд албан тушаалын төлөөх "дайн” зарладаг, хамт олныг талцуулан тэмцэлдүүлэхэд хүргэдэг, санал авахын тулд "хор найруулдаг” захирлын сонгон шалгаруулалтад ялахын тулд улс төрийн нам, хүчин, албан тушаалтны дэмжлэг хайдаг, ингэснээрээ их сургууль руу улс төрийг татан оруулдаг гэх мэтээр ёстой л өнөөх боловсролын салбарын гажуудлыг үүсгэдэг байв. Мөн их, дээд сургуулийн захирлууд сайдтай гэрээ байгуулдаг учраас Удирдах зөвлөл нь захиралтайгаа ямар ч хариуцлага тооцох боломжгүй. Удирдах зөвлөл нь өөрөө засаглалын дээд байгууллага хэрнээ буцаад гүйцэтгэл хийж байгаа захиралтайгаа хариуцлага тооцох боломжгүй байсан. Тиймээс салбарын сайд захирлыг томилохоо больж, Удирдах зөвлөл нь томилдог тогтолцоог бүрдүүлсэн хэрэг байв.
Хуучин мөрдөж байсан хуулиар Удирдах зөвлөлд үүсгэн байгуулагчийн төлөөлөл 51-60 хувийг бүрдүүлдэг байсан. Үүнийг төрийн бус өмчийн сургуульд 60 хувиар, төрийн өмчийн сургуулиудад 30 хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байхаар зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, Удирдах зөвлөлд байгаа үүсгэн байгуулагчийн төрийн төлөөлөл 30 хувь болж, хоёр дахин буураад эсрэгээрээ хараат бус гишүүдийн төлөөлөл 40 хувь болсон. Хараат бус гишүүд гэж ямар хүмүүсийг хэлэх вэ гэхээр улс төрийн албан тушаал хашдаггүй, эдийн засаг болоод оюуны хувьд тухайн сургуульд маш том хэмжээний хөрөнгө оруулалт дэмжлэг хийх чадвартай, оруулж ч байсан тийм хүмүүс байх юм. Жишээ нь, МУИС гэхэд байгалийн шинжлэх ухааны салбарт ч юмуу, нийгмийн шинжлэх ухааны салбарт ямар ямар түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байх вэ гэдгээ өөрсдөө шийдэж, Удирдах зөвлөлд орох хүмүүстээ тодорхой хэмжээний шалгуураа тавиад, тодорхой хэмжээнд танигдсан нийгмийн зүтгэлтэн, ямар нэг улс төр рүү ороод байхгүй, хувийн эрх ашиг хөөгөөд байхгүй жинхэнэ утгаараа тэр сургуулийн эрх ашиг, хөгжлийг харж чадах ийм хүмүүсээр 40 хувийг нь бүрдүүлнэ. Үүний дараа багш, оюутны төлөөлөл 20, төгсөгчдийн төлөөлөл 10 хувь байна. Ингээд Удирдах зөвлөлийг бүрдүүлж байгаа төлөөллийг маш тодорхой болгож өгсөн. Хоёрдугаарт, Удирдах зөвлөл төсвөө баталдаг, хөгжлийн бодлого, төлөвлөлтөө тодорхойлдог дээр нь нэмээд сургуулийн захирлыг өөрсдөө томилдог байх алсыг харсан, тооцоо, судалгаатай хийгдсэн зохицуулалт байв.
"БЯЛУУ ХУВААХ АРГА” БУЮУ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УХРАЛТ
Харамсалтай нь, Ж.Батсуурь сайдын өргөн барьж буй энэ хуулийн төслөөр энэ бүх зохицуулалтыг үгүй хийж, дээд боловсролын байгууллага буцаад улс төрийн тоглоомд хутгалдаж, их сургуулиуд эргээд улстөржсөн, талцсан, тэмцэлдсэн засаглалын хувьд эрүүл бус тогтолцоотой болох гэж байна. Энэ удаа эрхэм сайдын "Дээд боловсролын тухай хуулийн зохицуулалтаар төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийг байгуулахад үүсгэн байгуулагч буюу төрийн төлөөллийг Боловсролын тухай хуульд заасан 51-60 хувь байснаас 21-30 хувиар бага тогтоосон нь төр төлөөллөөрөө дамжуулж өмчөө ашиглах, хамгаалах, үр дүнтэй зохион байгуулах, хуульд заасан эрх, үүргээ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна” гэсэн тайлбар нь их сургуулийн бие даасан тогтолцоог үгүй хийх гэсэн, нам улс төр, танил тал, харьяалалын хүнээ их сургуулийн захирлын албан тушаалд томилж, өөрийнхөө багийг бүрдүүлэх гэсэн ядмагхан гаргалгаа гэдэг нь харагдаж байна.
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ УЛС ТӨР, НАМ ЭВСЭЛТЭЙ ХУТГАХАА БОЛЪЁ.
Мэдээж, оюутнууд бол сонгогчдын маш идэвхтэй бүлэг. Энэ идэвхтэй бүлгийг өөрсдийнхөө хамааралд байлгахыг аль ч нам хүсдэг. Хамгийн гол нь нам эвслийн эрх ашгаас илүү дээд боловсрол шинжлэх ухааны урт хугацааны хөгжлийг харсан хуулийн төслийг боловсруулах хэрэгтэй юм.
Боловсролын тухай хуулийн 2002 оны нэмэлт өөрчлөлтөөр боловсролын асуудал эрхэлсэн сайдад их сургуулийн захирлыг томилох эрх мэдлийг шилжүүлсэн нь Удирдах зөвлөлийг үндсэн утгаар нь үгүй хийсэн төдийгүй их сургуулийн захирал нь улс төрийн "утсан хүүхэлдэй” болж, их сургуулийн удирдлага улс төрөөс шууд хараат болж байсан.
Өмнө нь энэ талаар улсын сургуулиудын эрдэмтэн багш нар олон ч удаа дуугарч, сонин хэвлэлээр ч элдэв нийтлэл их гарч байсан. Их сургуулийн бие даасан байдлыг хангаж улс төрөөс хэрхэн хараат бус болгох вэ. Их сургуулийн доторх улстөржилтийг хэрхэн намжаах вэ гээд олон ч хүн ухаанаа уралдуулж, мөн багагүй судалгаа хийгдэж байж, их сургуулийн засаглалын тогтолцоог арай гэж эрүүл тогтолцоотой болгох гэж хичээсэн. Мөн боловсролын салбарт үүсээд байсан энэ гажуудлыг засахад, их сургуулийн засаглалыг бие даасан, тогтвортой хэлбэрээр хөгжүүлэхэд Америкийн их сургуулиудын засаглалын систем хамгийн шилдэг загвар болно гэдгийг судлаач, доктор Л. Мөнх-Эрдэнэ ч бас олон удаа ярьсан байдаг. Эцэст нь хэлэхэд, боловсролын салбарт нам улс төрийн эрх ашгаас илүү дээд боловсролын салбарын цаашдын хөгжил, бие даасан засаглал туйлын чухал. Боловсролын салбарыг улс төртэй хутгахаа больё.
Б.ЭНХТУУЛ
Өнгөрөгч 9 сард Судлаач Д.Ганаагийн бичсэн "ХОЁР ДАХЬ ДУУНЫ ҮГ…” нийтлэлийг хүргэж байна. Их хурлаа удахгүй зохион байгуулахаар болж байгаа АН-ын улс төрчид, гишүүдэд хамааралтай мэдээлэл энд багтжээ.
***
Өмнөх өгүүлэлдээ намуудын асуудалд гүн гүнзгий оролгүй улсын асуудлыг голлосон. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх амь дүйсэн тулааныг шууд бичсэнгүй. Тиймээс асуудлыг улам нарийвчлан үзэх шаардлагатай учраас хоёр дахь дууны үг нэртэй өгүүллээ бичлээ…
Юуны өмнө "МАНАН” бүлэглэл ба олигархууд гэж хэнийг хэлэх вэ? гэдгийг улам тодруулах хэрэгтэй болох нь. МАНАН бол Засгийн газрын баталгаагаар манай улсын нийт өрийн гуравны нэгтэй тэнцэх "гадаад” зээл авсан тэр компаниуд болох нь тодорхой болсон. Илүү тодруулбал энэ зээл үндсэндээ хоёрхон банкаар дамжиж "орж ирсэн” нь алдарт ХХБ, "Голомт” хоёр юм. ХХБ хамгийн сүүлд 1 тэрбум ам.долларын бонд гадаад зах зээлд арилжсан бөгөөд түүний хагасаар "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан байдаг.Энэ хоёр банк аль эртнээс улстөрчдийн мөнгөний луйврын "голомт” байсаар ирсэн. Н.Энхбаяр "Жеральд металлз”-ын үеэс эхтэй ХХБ-ны луйвар өнөөг хүртэл үргэлжилсээр л байгаа. Энэ банкны хувьцааны дийлэнхийг сахал Эрдэнэбилэг Женко Баттулгаас худалдаж авсан нь 2012 оны сонгуулийн өмнөх явдал. Тэр цагаас ХХБ Монголын гадаад гүйлгээний 40 хувийг дангаар хянадаг болсон. "Голомт” бол анх байгуулагдахдаа Ц.Элбэгдоржийн ЗГ-ын үед, Баабарыг сангийн сайд байхад тэр үеийн "Ард”, "Сэргээн босголт”, "ХОТШ”-ыг сүйрүүлэхэд Ардын банкны суурин дээр байгуулагдсан бөгөөд луйврын бэлтгэлийг бүр эрт эхэлсэн нь "Голомт” банкны гүйцэтгэх захирал байсан П.Цагааныг М.Энхсайханы Сангийн сайд болгосон үеэс эхтэйг мэддэг хүн олон ч хэлдэг хүн цөөрч байна. Энэ банк гадаадаас Монгол руу орж ирж байгаа мөнгөн урсгалыг хянадаг. Монголын валютын урсгалын орц гарц хоёрыг хянаж байхад их юм зохицуулж болно оо доо. АН Засгийн эрх барьж байсан өнгөрсөн дөрвөн жилд Монголын хамгийн хүчирхэг банк бол ХХБ байсан юм. Дотоод активууд нь багассан ч гадна талдаа зүйрлэшгүй хүчирхэгжсэн, дээр нь ХХБ өөрийн гүйцэтгэх захирлыг Төвбанкны Ерөнхийлөгчийн сэнтийд залсан байв. Энэ хоёрын утасны үзүүр нэг гарт тодорхой хэлбэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарт атгагдаж байсан юм. Энэ нууцыг Ерөнхий сайд болоод Н.Алтанхуяг мэдсэн ч яаж ч чадахгүй байсаар унасан билээ. Үнэндээ Н.Алтанхуягийн унасан, Х.Тэмүүжингийн түүнтэй сүжирсэн шалтгаан нь ХХБ-ны нэг тэрбум ам.долларын бондод Засгийн газраас баталгаа гаргахгүй гэж их зан гаргасантай холбоотой юм. Одоо бол "Голомт” өрийн асуудлаас болоод сүйрлийн байдалд орсон бол ХХБ сэргэн мандаж байна. Гэхдээ "Голомт” М.Энхболдыг байхад алзахгүй, ХХБ ч М.Энхболдыг байхад алзахгүй. Сахал Эрдэнэбилэг бол Т.Бадамжунайн хүргэн бөгөөд "Улаанбаатар банк”, "Улаанбаатар даатгал”-ыг босгоод өөрийн болгосон. Харин М.Энхболдын "Голомт”-той холбоотой нь аль эртний газрын наймааны эхтэй. "Голомт”-ын гол эзэд нь хөөгдсөн Лу.Болдоос гадна Баабар, Батж.Батбаяр, Э.Бат-Үүл, Р.Бадамдамдин, Ц.Элбэгдорж, П.Цагаан нар юм. Харин ХХБ бол Эрдэнэбилэгийнх. ХХБ одоо "Хөтөл”-ийн цементийн үйлдвэр, "Эрдэнэт” УБҮ-ийн 49 хувийг эзэгнэсэн том картель болж өргөжсөн ба хамтрагчид нь өнөөх "Голомт” банкны далд эзэд, улстөрийн дээд хүрээнийхэн тодорхой хэлбэл Ц.Элбэгдорж, П.Цагаан, Э.Бат-Үүл нар юм. Чухам ийм учраас Т.Бадамжунайг "Эрдэнэт”-ийн захирлаар очиж болзошгүй гэх таамаг удтал явсан боловч өөрийн юманд өөрөө очоод ч яах юм билээ? Хүргэнийхээ боол болж болохгүй байлгүй дээ. Баабар муу Су-гийн бэлгийн сулралыг мэдэж, түүгээрээ дарамталж байгаа нь хүртэл хотын эзэн хэн бэ? гэдгээ нотлох гэсэн тэвчээргүй зангийнх нь илрэл юм. Одоо эдний зорилго бол Ерөнхийлөгчийн суудалд өөрийн хүнийг залахад оршиж байна. Одоо тэд дотоод задралдаа идэгдэж, Э.Бат-Үүл жийгдэж байна.Харин Э.Бат-Үүлийн саяхны нийтлэлд тун болгоомжтой хандах хэрэгтэй. Нэг талаас Ц.Элбэгдоржийг Н.Алтанхуягтай нэг тал мэт харагдуулж байгаа ч нөгөө талаар сонгуулийн системийг буруу сонгож намаа унагасан ялнаас Ц.Элбэгдоржийг мултлахыг оролдож, хариуд нь Тагнуул, прокурорыг атгасан Ерөнхийлөгчөөс ивээл эрсэн л хэрэг. Өөр юу ч биш…_ МАН-ын тэнгэрт утаа манараад… МАН-ын дотоод зөрчил учрыг нь олоход бэрх сүлжээнд орчихоод байгаа ч удаан ажиглаж баримт цуглуулсан хүнд бол төвөггүй харагдана. Толгой нь М.Энхболд. Дотроо С.Баяр-Н.Багабандийн, У.Хүрэлсүхийн "Зүүний хүчний холбоо ба америкт төгссөн залуучуудын”, Сү.Батболдын гэсэн фракцуудтай. Одоохондоо М.Энхболд МАН-д хаан шиг загнаж байгаа нь нууц биш. Түүний суудал ганхашгүй, гэвч Ерөнхийлөгчид дэвших гэж байгаа хүн ямагт суудлаасаа "хөөрсөн” байдаг. Тэр суудлыг авах гэж алаан болж байгаа байхгүй юу. Тэр хэд хэдэн амлалтаа биелүүлэх ёстой. МАН-ын залуучуудын байгууллагын дотоод зөрчил гудамжинд байсан МАН-ыг золтой л хуваачихаагүй саяхны явдлын дараа М.Энхболд, У.Хүрэлсүх нар одоо ЗГХЭГ-ийн дарга байгаа Ө.Мөнхбат, түүний намын албыг авсан, МАН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Амарбаясгалан нарын санаачилснаар уулзаж хэдэн шил юм суллаад нэг тохироонд хүрч гар барьсан юм. Энэ нь МАН сонгуульд ялбал М.Энхболд УИХ-ын дарга болж улмаар Ерөнхийлөгчид дэвших, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж М.Энхболдыг ялбал намын даргыг Медведев лугаа адил залгамжлах, үүний тулд хазахаас бусдыг хийж М.Энхболдыг ялуулах тангараг байсан юм. Сонгуульд МАН гялалзсан ялалт байгуулав. У.Хүрэлсүх цээж тэнэгэр мишээл цацруулсаар цагаан ордонд очтол Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болчихсон сууж байдаг байгаа. Ингээд хэрэг мандаж, хэнгэрэг пижигнэжээ. "Хэн унгав хэлж өг” гэж асуух болтол С.Баяр хумсаа нуугаад сууж байдаг хэрэг шүү дээ. У.Хүрэлсүхэд шадар сайд оногджээ. Д.Оюунхоролын БОЯ-ыг эс тооцвол "Зүүний хүчний холбоо” фракц нь юу ч үгүй хоцорчээ. С.Баяраар ивээн тэтгүүлж Австралид сурсныхаа хариуг ганц сайн хүртсэн хэрэг. С.Баяр Ерөнхий сайдыг мэдэлдээ аваад бусдыг нь М.Энхболдод найр тавьжээ. Алба хуваах цагт С.Баяр М.Энхболдын дэргэдээс салаагүй, хэлдэг үг нь "Дарга Та л мэднэ шүү дээ” гэх тал засалт. Үүний цаана түүний сэтгэл ханамжийн баталгаа байсан хэрэг. У.Хүрэлсүх Засгийн газрыг унагахгүй бол олон жил өлөн хоосон үнэнч зүтгэсэн дагагчиддаа бариулах, эсбөгөөс тэднийгээ алдах нь ойлгомжтой. Ингээд Засгийн газарт хоёр фракц тулжээ. У.Хүрэлсүхийг тайвшруулахын тулд "хаан” хэлжээ: "Чи жаахан тэвчиж үз л дээ, намайг Ерөнхийлөгч болсны дараа угаасаа намын Их Хурал хуралдана. Хурлаар чи л дарга болно. Тэгээд Засгийн газраа авчих!”. М.Энхболд Ерөнхий сайдыг өгсөн ч бүх сайдуудаа өөрөө гардан томилжээ. С.Баяр "маш их томоотой” байж, ганц хоёр агентлаг л шүүрэв. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн мөнгөө босгожээ. Өмнөх 60 тэрбум яах вэ ? Ирээдүйд мөнгө хэрэгтэй. Ялахын тулд, өлөн хоосон гуйлгачингуудын саналыг худалдан авах "Мөнгө, мөнгө бас дахин мөнгө” л хэрэгтэй. Багцаа нь яг УИХ-ын сонгуулийнх. 60 тэрбум төгрөг. Ж.Эрдэнэбат энэ удаад яг М.Энхсайханы түүхийг давтах шахав. М.Энхсайхан 1996 оны АХЭ-ийн ялалтыг ингэж луйвардаж Ерөнхий сайдыг аваад үнэ чөлөөлөх эдийн засгийн шинэтгэл гэгчээ эхлүүлж намаа орон нутгийн сонгуульд, дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулсан. Тэгэхэд "тэнэг бага дарга” гэж доромжлуулсныхаа хариуд Ц.Элбэгдорж түүнийг түлхэн унагасан. Энэ удаад бас нэг "хурандаа” Ж.Эрдэнэбатыг унагах нь ойлгомжтой болчихлоо. Гэвч Ерөнхий сайд бол Ерөнхий сайд. Ж.Эрдэнэбатыг тойрон хүрээлсэн шинэ фракц үүсэж, У.Хүрэлсүхийнхнийг хавчин шахаж эхэлжээ. Улстөрийн тавцан дахь ганц ялгаа нь П.Очирбат тэр үед АН-ын эсрэг МА(X)Н-тай нэгдээгүй, харин энэ удаад нөгөө бага дарга чинь хурандаатай эвсчихсэн. Ц.Элбэгдорж 56 хоног тэссэн бол У.Хүрэлсүх дараа нь хэд хоног тэсэх бол? Үнэндээ Ж.Эрдэнэбат МАН-ын рейтингийг хангалттай хагаслаж өглөө, энэ байдлаараа бол Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялагдана. Тэгээд М.Энхболд намаасаа салахгүй, даргаа өгөхгүй гээд гэдийвэл У.Хүрэлсүх яана аа? МАН 60 тэрбумаар яаж ялав ? МАН-ын санаанд оромгүй ялалтын шалтгаан нь мөнгө байсан юм. Харин үнэмлэхүй ялалтын учир нь сонгуулийг жижигсгэсэн мажоритар системээр явуулах АН-ын харалган шийдвэр байсан билээ. Сонгуулийн системийг тогтоох АН-ын бүлгийн 25 гишүүн, дээр нь Э.Бат-Үүлийн оролцсон хаалттай хурлын бичлэг саяхан гарав аа. Сонгуулийг жижигсгэсэн мажоритар системээр явуулах санал хураалтад 14 гишүүн эсрэг, 20 гишүүн дэмжсэн санал өгсөн юм. Н.Алтанхуяг, Р.Гончигдорж хоёр уурлаад санал хураалтад оролцолгүй хаяж гарсан. Нэг зөрөөд байна гэж үү? Тэр нь МҮАН-аас орж ирсэн Д.Батцогт. Н.Алтанхуяг "нэг хүн” МАН-тай хамтарч манай намыг "алах” тоглоом явуулж байхад тэр урхинд нь орж болохгүй гэж хашгирсаар аргаа барсан. Хар машинд багтдаг "Жижиг хүний, жижиг тойргийг” дэмжихэд хамгийн гол үгийг Э.Бат-Үүл хэлсэн. "Манай намын гишүүд, дэмжигчид сахилга батгүй учраас хуваагдаж өгнө, МАН-ынхан багцлагдаж өгнө. Тиймээс жижигсгээд тулгах хэрэгтэй.” Тэр ингэж хэлсний учир нь Ц.Элбэгдоржийн захиас байсан юм. Ц.Элбэгдорж Э.Бат-Үүлд: "Парламентад гудамжныхныг бүү оруул, халз тулаад МАН, АН хоёр л үлдэх хэрэгтэй, тэгвэл ахиад МАНАН, ялсан ч ялагдсан ч асуудалгүй”. АН-ын саналыг гудамжныхан л хуваана…” гэжээ. Үнэндээ Н.Алтанхуяг, Р.Гончигдорж хоёрынхоор явсан бол АН ялах байсан. АН-ынхан тэр "нэг хүн”-д тахиа базуулсны гай. АН жагсаалтыг устгаад, өөрт ашигтай хотын тойргуудын мандатыг нэмээд зогсохгүй тойргийг өөрийнхөөрөө зурсан байсан. Ингээд л зогсох ёстой атал өвчин нь хөдлөж шуналтаад хуугаараа годройтжээ. З.Энхболд тэгэхэд хамгийн увайгүй загнаж, МАН-ынхныг нулимж дэвсэлж байсан. Гэхдээ инженер хүн алддаг, алдахдаа "таслал алддаг”. 3,14-ийг 2,92-р үржихдээ нэг л таслал алдвал тэр чигээр нь алдаж байгаа юм. Харин Н.Алтанхуяг нарийвчлалгүй ойролцоогоор (3X3=9) гэж тооцдогт чадвар нь бий. Ер нь бол АН-д Н.Алтанхуяг шиг менежер одоохондоо байхгүй. Нөгөө талаас З.Энхболд бэртэгчин үзэлдээ баригдаж ганцхан өөрийгөө бодсон юм. Зарим хүн сэжиглэдэг нь З.Энхболд "Америкийн тавал” буюу "Пента-Америкаас” огт салаагүй, зүгээр л дүр үзүүлж байгаад тэднийхээ захиалгыг биелүүлсэн гэж. Учир нь тэр "Сонгуулийн хууль” хийхдээ нэг цоорхой орхисон нь ухуулагч нарын тоог заалгүй орхисон байв. "Пента Америк” нь Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Оюунгэрэл, З.Энхболд тав. Гэхдээ З.Энхболд Элбэгээ нь өөрийг нь годройтуулна чинээ санаагүй байх. Ер нь бүгдийнх нь хугацаа дуусаж байгааг сонгуулийн дараа л мэдсэн. Энэ нь МАН-д олз болжээ. Олз болох юу байх вэ? Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар АН-ыг ойрхон ялагдуулбал З.Энхболдыг зайлуулаад Э.Бат-Үүлийг дэвшүүлэх байв. Тиймээс жижиг мажоритар систем рүү түлхээд "Зи жоомыг” холдуулчихна гэж болтол гэрээ шатаагаад хаячихдаг байгаа? "Э.Бат-Үүл: Нам ялагдвал хариуцлагаа хүлээх хүн нь би” гэж агсарч байсан. Нээрээ одоо хариуцлагаа хүлээх нь байна. Хөөрхий хэдэн партизануудаас өөр түүнийг өмөөрч байгаа хүн алга. Э.Бат-Үүл нар ядаж хотын сонгуулийг салгаж одоо явуулсан бол өдийд "С.Зоригийг хөнөөсөн” хэрэгт дуудагдах нь байтугай хотын дарга хэвээрээ, бас АН цөөнгүй аймагт эрх мэдлээ хадгалж үлдэх байсныг ч бодохоос гол харлам. Магадгүй тэр ногоон гэрлээр АН-ын дарга болоод Ерөнхийлөгчид дэвшээд явчих байв. Э.Бат-Үүл АН-д ямагт ингэж гай болж ирсэн. Энэ удаад гурав дахь нь. Өмнөх хоёрыг нь олон хүн санаж л байгаа. Бурхан гурвын тоонд дуртай гэдэг. Одоо ч өнгөрөө бололтой… Нөгөө талаас АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Жон Керри айлчлахдаа тэрбумийг (америк мөнгөөр шүү) "бэлэглээд” явсан байв. Үүгээр сонгогчдын саналыг худалдаж ав гэж. "Сэм авга бидэнд хайртай хэвээр байгаа юм байна” гэж тэд бодож. Гэтэл МАН-ын сонгуулийн штабт Америк зөвлөхүүд жилийн өмнө ирж судалгаа зөвлөгөөгөө харамгүй өгч байжээ. Сонгууль эхэлмэгц мөнгөний уралдаан эхлэв. АН иргэн бүрт 300 мянгыг тарааж эхэлжээ. Гэтэл гацаа үүсэв. Хэдийгээр Монголчууд хулгайч зантай, люмпен цувааныхан олон боловч нэлээд олон хүн "Эх орноо зарахгүй” гэж мөнгийг авахаас татгалзсан. Ядаж байхад тараасан мөнгөөрөө "Таван толгойн хувьцааг” эзнээс нь худалдаж авсан нь иргэдийн дургүйг хүргэжээ. Засгийн газар нь иргэдээсээ хувьцааг нь гадаадын зээлээр худалдаж авдаг нь одоо юу ч гэмээр юм бэ ? Зуучлагч юм уу хаашаа юм. Засгийн газрын баталгаагаар газар нутгийг нь зарж байна гэсэн үг шүү дээ. Энэ төлөвлөгөө бүтэлгүйтмэгц АН сандарч МАН-ын 60 тэрбумын асуудлыг гаргаж тавив. МАН 60 тэрбумаа гамтай зарцуулжээ. Тойрогт бүрт хүн амын тоотой нь харьцуулж мөнгө хуваарилав. Ингэхдээ ухуулагчийн тоо заагаагүй учраас 500 хүртэл ухуулагчийг тус бүр 250-500 мянган төгрөгөөр цалинжуулах, ухуулагчид нь айлын нохойтой хэрэлдэж хоосон чалчиж явахын оронд найдвартай 10 хүн элсүүлж, тус бүрт нь 50 мянган төгрөг олгох сүлжээ байгуулахыг үүрэгджээ. Мөн өртөг ихтэй телевизийн балай шоу, ярилцлагад оролцохгүй байх, том марзан плакат өлгөхгүй байх, комикс аятай сэтгүүл тараахгүй байх зэргээр бүх мөнгөө гагцхүү сонгогчдыг хахуульдахад зарцуулахыг зөвлөсөн байна. Сонгуулийн дүн гарахад МАН-ын нэр дэвшигчид жигд 5100-5300 орчим санал авч ялцгаав. Бусад санал нь АН болоод бие даагчид, жижиг намуудад хуваагдаад сарнижээ. Тэр ч байтугай энэ системийн дүнд МАХН МАН-ын биш АН-ын хуваагч болж хувирав. Авилгыг ингэж авч, ингэж өгдөг байхгүй юу. Монголчууд хэн нь хэнийгээ гэлтгүй бүгдээрээ хазаар гүйлгэгчдийн удам. Хулгайн мөнгө идэхээрээ бүтэн нойртой хонодог юм. АН-ын малнууд аа! Одоо "гадаад” нөхдөд АН-ын "пентаамерик”-чууд хэрэггүй. Эргүү малнууд бүгд чөтгөр шулам руугаа тонилбол таарч. Удахгүй Ц.Элбэгдорж нь ч суудлаасаа арчигдаад өгнө. АН 60 тэрбумыг гаргаж тавьсан нь олны шуналыг хөдөлгөснөөс биш зэвүүцлийг төрүүлээгүй. Ингээд "65:9”-өөр арчуулж байгаа чинь тэр. Хохь нь. Яах гэж жижиг мажоритарийг сонго гэсэн юм. Өөрсдөө л сонгосон, бэлэн дүүжлүүрт толгойгоо угладаг малнууд гэж байх уу ?! Сонгуулийг "Рио”-гийн олимп залгав. Ядаж байхад Монголд хөрөнгө оруулагч "Рио”-той адилхан нэртэй бурхдын хотод. Луйвар булхай, авилга гэж юу болохыг бурхан Монголчуудад өөрсдөд нь хангалттай харуулав. Тэр ч байтугай луйврыг эсэргүүцэн стриптиз үзүүлсэн шүүгч нарыг нь шүүгч биш болгож бахаа хангав. -Бурхан минь одоо болих болоогүй юу?… -Эхлээд Та нар өөрсдөө боль, за юу? Хариуд нь МАН-ынхан шүлэг уншиж байна. -"Бурхаан, Чамд би ганцхан зөвлөгөө өгье, чи битгий хуц аа”… -Өө, зө зө… АН-ын тэнгэрт утаа манараад… Ч.Сайханбилэгийн Засгийн газрын төгсгөл үед мөнгөгүйдсэн АН-ынхан АНУ-аас мөнгө зээлэх тухай асуудал их яригдаж байсныг одоо хэдэн хүн санаж байгаа бол ?! АНУ-аас тэрбум ам.доллар ирсний талыг "Эрдэнэт”-д талыг нь, "Таван толгой”-н хувьцаанд зарцуулсан байна. Оны өмнөхөн буюу 2015 оны төгсгөлөөр Монголын талаас "Эрдэнэт”-д зэс боловсруулах үйлдвэр байгуулах саналаа Оросын талд тавьжээ. Харин цаадуул нь зөвлөгөө өгдөг агентлагт хандтал "Ёстой өгч болохгүй шүү, сонгуульдаа зарцуулах гэж байгаа юм. Тэгээд үйлдвэр ч үгүй, мөнгө ч үгүй болно, олж авах ч ёстой гонж” гэж зөвлөжээ. Оросууд азаар хагас тэрбумаа хэмнээд зогсохгүй бүр өөрийн эзэмшлийн 49 хувиа зарж 500 саяыг нэмж олсон байна. Эрдэнэт жилийн бүтээгдэхүүнийхээ 40 хувьтай тэнцэх 511 тэрбум ам.долларын өртэй. "Монголчууддаа буцаад ирмэгц” зээлдэгчид өрөө нэхэж эхэллээ. За ингээд "Эрдэнэт” даший шоо болов оо, хөөрхий. С.Баяр ИБУИНВУ-д элчингээр суух сураг гарав. Тэр яг "Балхаш”-аас хувьдаа ашиг унагасан шигийг олох байх даа. Үүнтэй зэрэгцээд АН-ын даргын төлөөх зодоон эхэллээ. Ц.Элбэгдорж өөрийн үнэнч хамтрагч П.Цагааныг илгээв. Түүнийг явуулснаар оронд нь ЕТГ-ын даргаар МҮДН-ээс тавьжээ. АН-ын "шинэчлэл” нэртэй дотоод зодоон эхлэв. Энэ удаад Ц.Элбэгдорж намынхаа эрх мэдлийг авахын тулд яахаас ч сийхгүйгээ харууллаа. Хэрэв тэр намдаа тэсч үлдэхгүй бол "пента-америк” бүлэглэл сүйрнэ. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар сонгууль дуусмагц АНУ-руугаа гүйсэн боловч тэднийг яг Михаэл Саакашвили шиг буцаагаад хөөчихөв. Хэрэв намдаа нөлөөгүй бол та нараар яах юм? С.Баярцогт "Улсаа гадаадад хэрхэн зарах вэ?” сэдвээр ч байж магадгүй доктор хамгаалахаар үлдэв. Харин Ч.Сайханбилэг төрийн хамгаалалтанд байгаа учраас салгалаад ирж. Хамгаалаад байна уу? Хянаад байна уу? Одоо тэдний амь тэмцэж байна. Наад зах нь "Эрдэнэт”-ийн асуудал сөхөгдвөл сүйрнэ. Тиймээс АН-ын эрхийг авч байж намын нэрээр хамгаалалт авах ёстой, эсбөгөөс ахиж зугтаж чадахгүй, буцаад хөөгдөхөөс цааш. Харин Н.Золжаргал сэргэлэн учраас Австрид буюу төвийг сахисан оронд иргэншил авсан байх юм. Тэгээд эртхэн ажлаа өгөөд жилийжээ. 2000 онд Н.Энхбаяр өршөөсөн, өршөөлийнхөө хариуг хангалттай идэж байна. Харин М.Энхболд өршөөх үү ? Эсвэл тэднээр туг тахиад Дашэнхүүгийн данжаад шиг Монголыг гартаа атгах уу? АН-ын "пента”-ын МАН-ын хувилбар У.Хүрэлсүхийн "пента” Засгийн эрхийг авч чадалгүй дэвхэцсээр байна. Тэднээс илүү хүчирхэг гадаад дэмжлэгтэй бүлэглэл энэ улсад бас байдаг юм л даа. Одоо улсаа зарсан, Америкчуудад юу байгаагаа өгсөн, тэгээд буцах нүүргүй болсон этгээдүүдийн хоргодох сүүлийн орон зай нь АН-ын даргын суудал.Ялагдсан боловч бас ч үгүй шинэ нийгмийг авчралцсан 160 гаруй мянган гишүүнтэй намын хамгаалалтыг яаж ийгээд авах хэрэгтэй. Түүнд гай болох ганцхан хүн бий. Тэр нь Н.Алтанхуяг. Үнэндээ "пентаамерик”-чуудын тоглоом бололгүй, АН-ыг хэзээ ч байгаагүй өндөрлөгт хүргэж гурван сонгуульд дараалан ялуулаад МАН-ын түрэлтийг зогсоож, "Шударга ёс” эвслээр түрээ барьж АН-ын хязгааргүй засаглалыг тогтоож чадсан ганц хүн нь тэр. Н.Алтанхуягт гурван "дутагдал” бий. Нэг нь "Увс хүн”, нөгөө нь дотоодын дээд сургууль төгссөн. Гуравдахь нь Алтангадасынх. Саяын сонгуулиар Н. Алтанхуяг "Увсхүнбиш” гэдэг нь тодорхой болов. Увсынхан Ю.Цэдэнбалаас хойш "төрсөн” Ерөнхий сайдаа 50 мянгаар худалдчихав. "Увсхүн” болохын тулд эхлээд МА(Х)Н-ын гишүүн байх ёстой юмсанж. Харин дотоодын сургууль төгссөн тухайд бол яг өнөөдөр АН-ын америкчлагдаж, Пэйнтэрлүүлсэн сэндвичүүдээс өөрийн нь хэлдгээр "монгол боорцог” хавьгүй дээр байгаа юм. Н.Алтанхуягийн алдаа нь пентаамерикчуудын үгэнд орж, "Оюу толгойн” гэрээг явуулахын оронд хянах гэж шалгалт оруулж, 130 сая ам.долларын зөрчил илрүүлсэнд байгаа юм. "Саус гоби сэндс”-ийг шалгаж ял өгсөн, бас Р.Пэйнтэрт 7,6 тэрбумыг өгөлгүй унжсан, дээрээс нь ХХБ-ны тэрбумын бондод ЗГ-аас баталгаа гаргаж өгөлгүй их зан гаргасанд бий. Чухам үүнээс болж Ц.Элбэгдоржтой тэрсэлдсэн бөгөөд тэр өсөрхөл одоо ч тасраагүй байна. Н.Энхбаярын хаанчлалын эхэн үед Ц.Элбэгдоржийн явуулгаар М.Энхсайханыг унагахын тулд зовж байгуулсан "Алтан гадас” ТББ-ыг МАН-аас салгаж, АН-ын дагнасан фракц болгосноороо Ц.Элбэгдорж, С.Баяр нарын 7 сарын 1-ны цуст суурин дээр байгуулагдсан МАНАН фракцын хорхойтой араанд зуугдсан байна. Хэрэв Н.Алтанхуяг намын даргаар үлдвэл АН-ын эрх баригчид ялангуяа өнгөрсөн сонгуульд далаар нь тавиулсан "нэгхүн” ба түүний нөхөд ямар ч хамгаалалтгүй үлдэж, АН гурав дахь хөршөөсөө салах юм. Ц.Элбэгдорж нам дахь нөлөөгөө хадгалж үлдэхийн тулд өөрөөсөө хойшхи бүх намын дарга нарыг их хурлаар батлуулаагүй, өөрөөр хэлбэл ҮЗХ-ээр ёсчлуулж явж ирсэн бөгөөд ийм даргыг ч, Ерөнхий сайдыг, УИХ-ын даргыг ч ҮЗХ-ээр амархан унагачихаж болдог. Ялангуяа сонгуульд ялагдсаны дараа. Харин энэ удаад дүрмээ өөрчилж "Их хурлаар” намын даргыг томилуулах ёстой гэж зүтгэж байна. Саявтархан П.Цагааны санал болгосон "…жил бүр их хуралдай зарлаж намын даргаа сольдог байх” санал нь ирэх жилийн сонгуулийн дараа Ц.Элбэгдоржийг АН-ын даргаар тавина гэснээс огт ялгаагүй сонсогдож байна л даа. Өмнө нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь унагахдаа цаадах нь хэдий ҮЗХ-д хүчтэй боловч Ч.Сайханбилэг, С.Баярцогт нараар "хөдөөгийн түр фракц” зохиолгоод хөнтөрчихсөн билээ. Өнөөдөр Н.Алтанхуяг үндсэндээ ганцаардсан байдалд байна. Учир нь АН-ын бусад фракцууд Н.Алтанхуягийн эсрэг нэгдсэн, гэхдээ намыг хэн унагасныг бүгдээрээ мэдэж байгаа боловч бэртэгчин үзэл нь давамгайлчихаад байгаа юм. Жишээ нь”Шонхор” фракцын удирдлага УИХ-д тэсч үлдсэн С.Эрдэнийн удирдлагад шилжсэн ба С.Эрдэнэ МАН ба Ерөнхийлөгчөөс ирэх заналхийлэл дор тэвдэж яваа. "Эрдэнэт”-ийн 49 хувийг авна гэдэг зөвхөн үйлдвэр авч байгаа хэрэг биш, түүнийг дагасан үй олон баримт бичгүүд, луйвар булхайн баримтуудыг гартаа оруулж авсан гэсэн үг. Яг "Хадгаламж” банкыг Оросууд авмагцаа 14,5 тэрбумын баримтыг гаргаж хаясан шиг. Жишээ нь З.Энхболдын дүүгийн олон жил дамнуулан эрхэлсэн "Эрдэнэтийн үйлдвэрийн автоматжуулсан удирдлагын системийг сайжруулах” хэдэн арван тэрбумын төслийг илрүүлсэн шиг. Уг нь дүү нь биш ах нь инженер шиг санагдах юм. Ийм нөхцөлд арьсаа хамгаалсан эрх мэдэлтнүүд өөрийн эрх ашгаа л бодохоос биш намынхаа эрх ашгийг бодохгүй. Тэр нь ч одоо ажиглагдаж эхлэлээ. АН-ыг задлаж тоглох нь Хэдийгээр саналаа худалдсан, АН мунхаглаж жижиг мажоритар систем сонгосон зэрэг нь АН-ын ялагдалд нөлөөлсөн ч олон нийт, хамгийн гол нь ухамсартай сонголт хийдэг олон хүн гадагшаа асгаж цутган урсаж байгаа мөнгийг хямгадах гэж МАН-д саналаа өгсөн. Тэр ч байтугай АН-ын олон мянган гишүүд дэмжигчид МАН-д саналаа өгсөн. Ил далд бузар булай наймаа, зах замбараагүй авилга, оффшор дансны будлиан, гэдсэндээ хөлөө хийлцсэн балиар заваан зодоон нүдээн, тоо томшгүй өр, хязгааргүй хийрхэл зэрэгт цэг тавихыг хүссэн. Тэгэхдээ эрлийз ч гэсэн нэг толгойтой байж өр бөөснөөсөө салахыг хүссэн. Гэтэл итгэж найдсан МАН нь АН-аас ялгаагүй ялзран завхарснаа нотлон нурж байна. Гэтэл улсаа нурааж, намаа завхруулсан этгээдүүдийг улстөрийн тавцангаас арчиж хаях олон нийтийн "шинэчлэлийн” захиалгыг АН хэрэгжүүлэхгүй, эсрэгээр даргын суудлын төлөө ужиг тулаанд удлаа. Харин ч буцаад намаараа тэднийхээ буулганд орж байгааг харж ой нь гутаж, бөөлжис нь цутгаж байна. Эцэстээ намаа задлаж тоглох схем санаачилж эхэлсэн байна. Н.Алтанхуяг нам дотроо хүчирхэг авч АН задарвал "Алтан гадас” хамгийн сул фракц болж таарна. Тэд МСДН-ын сууринд очно. МҮДН бас л жижиг нам болно. Гуйвж дайвдаг залуусынх нь клубүүд аль нэгийг нь дагаад сарнина. Эцэстээ АН-ын үзэл санааны цөм төвлөрдөг "МоАХ” л АН-ыг залгамжлах эрхтэй үлдэнэ. Ц.Элбэгдорж энэ фракцыг Х.Баттулгын мэдлээс салгаж өөрийн болгосноор АН-ын манлайлагч болон тодорно. Эргээд МоАХ-ын суурин дээр АН-ыг дахин нэгтгэхэд бусад нь дагаар орогч болно уу гэхээс одоогийнх шиг эрх нөлөөгүй үлдэнэ. Ямар хувилбар байна? Сонгуулийн систем, худалдагдсан сонгогчдийг шүүмжилмээр байвч Монголын олон нийт АН-ыг үзэн ядаагүй, гагцхүү намын нэрээр улсаа сүйдэлсэн хулгайч луйварчдаас нь л салахын тулд сонгуульд эсрэг санал өгсөн. Намыг нь унагахгүй бол тэд салахгүй нь гэж бодсон. Хэрэв тэд буцаад АН-ын толгойд зайдагнаад гоё сайхан үгээ донгодоод эхэлбэл 2020 онд ч АН-ыг ахиж сонгохгүй. Зөвхөн намаа бодсондоо муу хүн сонгодог хатуу электораль суурь ч задарна. Аргаа барахдаа либерал үзэлтэй учраас дэмждэг гэж худлаа цэцэрхэж байсан хүмүүст нь ч хэлэх үг үлдээгүй. Өнөөдөр адгийн шааруудын хоргодох эцсийн орон зай либерализм болчихлоо. Үнэндээ сонгогчид АН-ыг унагаснаараа намд нь боломж олгосон. Өөрийгөө шинэчил, луйварчдаасаа сал, нам чинь сайн, хүн чинь муу байна, тэднээсээ салаад эргээд ирвэл тосоод авъя гэсэн. Гэвч тэднээсээ салахгүй буцаад ирвэл АН-ыг ахин шийтгээд, тэр адгийн шааруудтай нь хамтад нь түүхийн тавцангаас арчин хаях сонголтыг хийж чадна. Үнэндээ АН-ын шинэчлэл маш энгийн. Энэ адгийн шааруудаас л салчих. Тэгээд л болоо. 2020 онд тэд л дэвшихгүй бол МАН-тай тооцоо хийх цагийг эхлүүлэх болно. Хэрэв АН ингэж чадахгүй бол 1990 оны ололтын алдрыг АН-аас булаан аваад нийгмийн тогтолцоогоо өөрчлөх их салхи нижигнэн хөдлөх болно. Энэ бол гарцаагүй…
Судлаач Х.Д.Ганхуяг. 2016 оны 09 дүгээр сарын 28.
Эх сурвалж: ganaa.mn
Category: Нийтлэл
XIX зууны цагаан тахал өнөөгийн нийгмийн мутаци тахал болоод байна. Учир нь сүүлийн жилүүдэд олон эмэнд дасалтай сүрьеэ буюу нян, савханцарын гарал нь тодорхойгүй өвчлөл газар авч байгаа. Ийн олон эмэнд эдгэхээ байсан нянг эмч нар мутацид орсон хэмээн тодотгож буй.
Олон нийтийг хамардаг, амьсгалаар тархах өндөр эрсдэлтэй учраас цагаан тахал болгоомжлохоос аргагүй өвчнүүдийн нэг. Социалист нийгмийн үед эмнэлгийг нь хүртэл хөл хөдөлгөөнтэй газраас зайдуу байлгадаг байлаа. Насанд хүрэгчдийн уушгины сүрьеэгийн эмнэлэг Зайсангийн аманд байрлаж байсан бол хүүхдийнх нь Дарь-Эх рүү гээд зааг ялгаатай орчинд тусгаарлан эмчилж байв.
Харин 2000 оны үед Сүрьеэгийн клиникийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн харьяа болгож, хашаан дотор нь байлгахаар шийдвэрлэсэн. Энэ цагаас хойш сүрьеэгийн эмнэлэг олон хөлийн газартай хаяа нийлэх болов. Олон хөлийн гэж тодотгосны учир нь "Нарантуул” захтай залгаа оршдогоос тэр.
Сүрьеэгийн эмнэлэг "Нарантуул” захтай айлсаж буй нь хэр зөв шийдэл вэ гэдгийг бодох цаг болжээ
Уг нь Халдварт өвчин судлалын төв онцгой бүс гэдэг утгаараа алслагдмал байх ёстой. Гэтэл зай завсаргүй барилга барьж, урд хэсгээр нь баахан орон сууцны барилга, худалдаа үйлчилгээний төв сүндэрлэсэн. Хэтрүүлж хэлбэл, зарим нь халдвартын эмнэлгийн хашаан дотор амьдрах шахам байна. Улаанбаатарын хүн амын нягтаршилтай холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд сүрьеэ улам хүрээгээ тэлсээр.
Нүүлгэх асуудал хөндвөл эхлээд ялгаварлан гадуурхлын талаар бодох ёстой байх Эрдэмтэн суутнууд бүтээж чадаагүй нэг зүйл нь сүрьеэгийн вакцин. Дэлхий дахинд БЦЖ вакцин хийдэг ч ердөө есөн нас хүртэл л дархлаа тогтоодог. Тэгэхээр насан туршийн дархлаа тогтоож чаддаггүй гэсэн үг. Манай улсын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь яалт ч үгүй энэ өвчин.
Цухас дурдвал 2000 гаруй жилийн тэртээ эртний Грекийн эрдэмтэн Гиппократ нийтлэг тохиолддог нэгэн өвчний талаар тодорхойлсон юм. 80 мянган жилийн тэртээд амьтнаас хүнд анх халдварласан гэдэг. Энэ өвчин анх Энэтхэг, Хятад, Грек, Ромын олон хүн амьдардаг нутгуудад илүү тархаж байсныг түүхэн олдворуудаас батлагддаг.
XIX зуунд Европын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон эл өвчнийг "Цагаан тахал” хэмээдэг байжээ. 1882 онд сүрьеэгийн тархалт дийлдэхээ больж, их дэгдэлтийн үе гэж үзэх болсон юм. Тэр үед Германы эрдэмтэн Роберт Кох үүсгэгчийг нь анх нээснээр хүн төрөлхтөн эмчлэх аргатай болсон.
Харин XX зууны эхэнд эмчилгээ, судалгаа эрчимжиж, 1921 онд бага насныхныг хамгаалах БЦЖ вакциныг гаргаж авсан түүхтэй.
Гэвч одоо ч гэсэн тархалт нь ДЭМБ-ын анхаарлаас мултраагүй. ДЭМБ 1991 онд сүрьеэтэй тэмцэх шинэ бодлого дэвшүүлж, шууд хяналттай богино хугацааны эмчилгээ нэвтрүүлсэн нь архагшуулалгүй эдгээхэд ач тусаа өгсөн.
Нийгмийн халдварт өвчин гэж онцолдог сүрьеэг эмчлэхэд бага биш мөнгө шаарддаг. Эмэнд мэдрэг сүрьеэтэй нэг өвчтөний хоёр сарын эмчилгээний зардал 20 ам.доллар. Харин олон эмэнд тэсвэртэй архагшсаныг нь 18-24 сарын турш эмчилж байж нянг дардаг. Нэг курс эмчилгээний зардал гэхэд л 3000 ам.доллар байх жишээтэй.
Манай улс Номхон далайн баруун бүсийн 37 орноос тархалт өндөртэй долоон орны нэгд багтаж байна. Тухайлбал, Камбож, Филиппин, Вьетнам, Хятад, Лаос, Шинэ Гвинейтэй нэг эгнээнд бичигдэж байгаа. Гурван сая хүрэхгүй хүнтэй манай оронд жилд 4200 хүн өвчилдөг бол 20 сая хүнтэй Австралид сүрьеэгийн хүндэрсэн хэлбэр жилдээ ганц илэрдэг аж.
Манай улс тархалт өндөртэй бүсэд хамаарахад хоёр хөршийн нөлөө бас бий. Тухайлбал, БНХАУ архаг сүрьеэтэй 2.5 сая хүнтэй бол ОХУ Европын бүс дэх сүрьеэгийн тархалт өндөртэй орны тоонд ордог.
Мөн эрүүл мэндийн байгууллагынхны хийсэн судалгаагаар манай улсын халдварт өвчний шалтгаант нас баралтын нэгдүгээрт ордог. Өвчлөгсдийн 60 хувь нь уушгины сүрьеэтэй байгаа нь ханиах, найтаахад агаараар дамжиж халдварлах эрсдэл дагуулдагийг анхааруулдаг. Одоогийн байдлаар манай улсад амьсгалын замын халдварт өвчний 40 гаруй хувийг сүрьеэ эзэлж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр энэ оны эхний 10 сарын байдлаар 3490 тохиолдол бүртгэгджээ. Өвчлөгсдийн 70 хувь нь ид хөдөлмөрлөх 16-44 насныхан гэхээр сэтгэл шимширмээр.
Олон эмэнд дасалтай сүрьеэ ч нэмэгдэх хандлагатай болсныг эмч нар анхааруулж буй. Иймээс энэ эмнэлгийг нүүлгэх яриа салбарынхны дунд сонсогдох болжээ.
Салбарын сайд нь ч манай сонинд ярилцлага өгөхдөө нүүлгэх бодолтой байгаагаа хуваалцаж байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас эхлэн Халдварт өвчин судлалын төвийн эмч нарын дунд Сүреэгийн эмнэлгийг нүүлгэж магадгүй гэх бор шувуу нисэж байгаа аж.
Тус эмнэлгийн Сүреэгийн тандалт судалгааны албаны сургалт сурталчилгаа хариуцсан их эмч П.Чинбатын хэлснээр бол нүүлгэхээр болбол улсын төсвөөс чамгүй зардал гарах юм байна. Тэрбээр "Олны үг ортой байж магадгүй. Нүүлгэнэ гэх яриа сонсогдох боллоо. Гэвч төр засаг шийдвэр гаргатал удах биз дээ. Бас эмнэлгийн ажилтнууд, олон нийтийн дунд санал асуулга явуулах байлгүй” гэлээ.
Нүүлгэх асуудал хөндвөл эхлээд ялгаварлан гадуурхлын талаар бодох ёстой байх
Мөн Сүреэгийн тандалт судалгааны албаны дарга П.Янжиндулам "Би 2001 онд Анагаах ухааны сургууль төгсөж ирээд энэ эмнэлэгт ажилласан. Тэр үед олон нийтийн дунд сүрьеэтэй өвчтөнийг ялгаварлан гадуурхах үзэгдэл их байсан. Түүнээс хойш 15 жил болоход сүрьеэтэй өвчтөнүүдэд хандах нийгмийн ялгаварлан гадуурхалт бараг арилсан гэж хэлж болно. Төрөлжсөн эмнэлгийг нь тусгаарлачихаар ялгаварлан гадуурхах явдал дахиад сэдрэх вий гэж болгоомжлох юм.
Сүрьеэ өвчин оношлогдохоосоо өмнө тархах эрсдэл өндөртэй. Нэгэнт оношлуулаад эмчилж эхэлсний дараа бусдад халдварлах нь багасдаг. Тэгэхээр манай клиникийг нүүлгэх асуудал хөндвөл эхлээд ялгаварлан гадуурхлын талаар бодох ёстой байх.
Нөгөөтэйгүүр том эмнэлгийг нүүлгэхэд бага биш зардал гарна. Үнэхээр бэл чадал нь байгаад өнөөгийн нөхцөлийг нь дордуулахгүй байр, тоног, төхөөрөмжийн асуудлыг нь бүрэн шийднэ гэвэл болох л асуудал. Монгол Улсад сүрьеэ тархаад байгаадаа гол нь биш. Эмнэлгийн бүтцийн хувьд л оновчгүй байгаа юм. Аймаг, орон нутаг дахь нэгж нь өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Сайн тал нь одоогийн эмчилгээний хяналт шаардлага хангаж байгаа” хэмээв.
Энэ клиникийг нүүлгэх асуудал одоогоор яриа төдий байгаа хэдий ч цаашид буурийг нь сэлгэх шийдвэр гаргавал дургүйцэх хүн бараг л гарахгүй биз. Учир нь нийгмийн халдварт өвчний тархалтыг бууруулахад эмнэлэг нь тусгаарлагдсан байх ёстой болов уу. Сүрьеэ бол хоруу чанартай өвчин. Тодруулбал, нян тоосонд 100 хоног, хөрсөнд зургаан сар, усанд 150 хоног амьдрах чадвартай, гадаад орчинд маш өндөр тэсвэртэй. Хүчилтөрөгчтэй орчинд өсч үрждэг учраас л эмнэлгийг нь зайдуу байлгадаг байж. Гэтэл одоо хот дотроо бүр айлуудын дунд төвхнөчихөөд байгаа нь хэр зөв шийдэл юм бол.
Б.Гандолгор ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Category: Онцлох / Нийтлэл /
"Чингис хаан ба орчин үеийн ертөнц” бестселлер номоороо алдаршсан Ж.Везерфордын бичсэн энэхүү нийтлэлийг АНУ-ын "The Daily Beast” цахим сонин толилуулжээ. Тус нийтлэлийг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэж байна.
Ж.Чосер, Т.Жефферсон зэрэг алдарт хүмүүсийн бишрэн хүндэлж явсан Монголын нэрт удирдагчийн тухай өдгөө ердөө л хэрцгий зэрлэг хүн байсан гэж цухас дурдах болжээ. Гэвч тэрээр бидний гойд бүтэлгүйтсэн Ойрхи дорнодод чухам яаж амжилтад хүрсэн юм бол?
Дэлхий даяар олон бичил дайнд орооцолдсон АНУ-аас эрс ялгаатай нь Чингис хаан ямагт ялалт байгуулах гэсэн цорын ганц, маш тодорхой зорилтын төлөө тэмцдэг байжээ. Хязгаарлагдмал, хэсэгчилсэн, хэлэлцэгдсэн эсвэл тасалдсан ялалт бус бүрэн ялалтын төлөө шүү.
XXI зуун гарснаас хойш АНУ Афганистан, Ирак болон Сирид ужгирсан дайнд хутгалдаж эхэлсэн. Тэгвэл чухам эдгээр улсад монголчууд маш амжилттай дайтсан түүхтэй. Монголчууд эдгээр улсуудыг хэдхэн сарын дотор эзлэн түрэмгийлж, хойд Ираны уулан дахь цайзуудад байрласан Алуурчдын нийгэмлэг хэмээх цуутай террорист бүлэглэлийг бүрэн устгасан төдийгүй Монголын захиргааг хүлээн зөвшөөрөөгүй эсэргүүцлийн бүхий л голомтыг шуурхай даржээ. Тэд мөн халиф удирдагчийг цаазалсан бөгөөд ийм үйлдлийг Осама Бен Ладен л лав өршөөж боломгүй үйлдэл гэж үзэх байсан биз.
Монголын эрс шийдмэг цуст түрэмгийллийн дараа Ойрхи дорнодод урд хожид үзэгдээгүй амгалан тайван цэцэглэж хөгжлийн зуун тогтсон билээ.
Гэтэл одоо яг тэр газар нутагт Америк цэргийн хүчээ оруулсан ч хүүхэд алаагүй, эмнэлэг бөмбөгдөөгүй, энгийн иргэдийн эсрэг хорт хий хэрэглээгүй нэг ч өдөр алга. Энэ бүхэн Европын тогтвортой байдалд ноцтойгоор заналхийлэх дүрвэгсдийн дуусашгүй цуваа бий болоход хүргэлээ.
Чингис хааны Монгол одоогийн "McDonald’s” түргэн хоолны газрын сүлжээнд ажиллагсдаас хоёр дахин бага буюу ердөө нэг сая хүн амтай, арми нь орчин үеийн ганц том цэнгэлдэх хүрээлэнд багтчих 100 мянган хүнтэй байсан юм. Хэдий тийм ч Чингис хаан ийм л армитайгаа олон зуун сая хүнтэй газар нутгийг эзлэн түрэмгийлээд зогсолгүй амжилттай захирсан билээ.
Тэгвэл АНУ-ын хүн ам Чингис хааны Монголоос даруй 300 дахин их, арми нь хорь дахин их бөгөөд хавьгүй илүү төсөв, технологитой. Монгол цэрэг нум сумаар зэвсэглэн илүү хөгжилтэй баян тансаг Хятад, Хорезмтой дайтсан юм. Тэгвэл яагаад Багдадад монгол цэрэг амжилтад хүрч байсан бол бид ингэтлээ бүтэлгүйтнэ вэ?
Америкууд бид Чингис хаанаас дайтах, амьдрах, ер нь аливаа бусад үйл хэрэгт сургамж авахыг боддоггүй. Учир нь бид түүнийг Александр, Цезар, Наполеон зэрэг өрнөдийн баатарлаг жанжинуудтай харьцуулахын аргагүй Азийн зэрлэг бүдүүлэг нэгэн гэж үзэх нь элбэг тул түүнээс суралцах юм үгүй гэж боддог. Орчин үеийн ертөнцөд бичиг үсэггүй нүүдэлчин эрийг Европын түүхийн аугаа удирдагчид, жанжнуудтай эн зэрэгцүүлэх нь инээдтэй санагддаг биз ээ. Гэвч өрнөдөд хүртэл түүнийг ихээр хүндэлдэг байсан цаг бий.
Жеффри Чосер түүнийг "Эрхэмсэг хаан” хэмээн хүндэлж, "Дэлхийд хэзээ ч, хаана ч аливаа үйл хэрэгт түүн шиг төгс сайн удирдагч байсангүй” гэж бичиж байжээ. Томас Жефферсон Чингис хааны намтрыг цуглуулж, Эдвард Гиббон түүнийг магтан дуулж байв.
Өдгөө хүмүүсийн дийлэнх нь түүний ялалтуудыг харгис хэрцгийллийн үр дүн гэж үздэг бөгөөд тэрээр дайснуудаа дарахын тулд газрын хөрсийг хуйхлан шатаах тактик баримталдаг байсан нь үнэн билээ. Гэвч зөвхөн хэрцгийлэл ялалтад хүргэдэг бол АНУ Солонгосоос эхлэн хийсэн бүх дайндаа хялбархан ялах байлаа. Чингис хааны ялалтуудыг үл тоомжирлож болох ч тэдгээр нь маш цэгцтэй сэтгэлгээ, нягт төлөвлөлт, гүйцэтгэлээс үүдэлтэй. Чухам дээрх гурван зүйл Америкийн бодлого боловсруулагчид, дайн удирдагчдад дутагдаж байна.
Э.Гиббон, Т.Жефферсон нар бидний харж чадахгүй Чингис хааны ямар чанарыг олж харсан юм бол? Чингис хааны амжилтыг таван үндсэн ойлголтод нэгтгэн авч үзэж болно. Тэдгээрийн ачаар Чингис хаан үр дүнтэй удирдан залуурдаж, хураасан газар нутагтаа энх тайван, цэцэглэл хөгжлийг авчирчээ.
БҮРЭН ДҮҮРЭН ИТГЭЛ
Чингис хаан ялалт байгуулна гэдэгтээ бүрэн итгэхээс нааш дайснаа довтолдоггүй байв. Тэрээр юуны түрүүн армиа бэлтгэн дайсны арми болон нийгмийн дотоод байдлын талаархи тагнуулын далайцтай их мэдээллийг цуглуулна. Тэгээд ялах төлөв харагдахгүй бол довтолгоогоо заримдаа бүр бүтэн жилээр хойшлуулавч хэзээ ч зорилгоо мартах юм уу, орхидоггүй байв.
Тэрээр ялна гэсэн бат итгэлийг ард түмэн, нэн ялангуяа армидаа бадраана. Түүнийг дайн зарласан тохиолдолд цэргүүд нь хурдан бөгөөд үр дүнтэй ялалт байгуулна гэдэгтээ итгэдэг бөгөөд Чингис хаан цэргүүдийнхээ амь насыг хамгаалахын тулд боломжтой бүх аргыг сүвэгчилдэг байжээ. Чингис хаан ард иргэддээ итгэдэг шиг тэд ч хаандаа хариу итгэл үзүүлдэг байсан юм.
ТОДОРХОЙ БАЙДАЛ
Чингис хаан дайн ба энхийн аливаа зорилгыг маш тодорхой тавьдаг бөгөөд тэдгээрийг дайснууддаа ч, дагалдагчиддаа ч тодорхой болгодог байжээ. Довтлохдоо тэрээр дайсанд амьд үлдэх цорын ганц тодорхой болзол тавина. Америкууд үүнтэй адил дэлхийн хоёрдугаар дайны үед Япон, Германы эсрэг довтлохдоо үг дуугүй шууд бууж өгөх эсвэл устаж мөхөх нөхцөл тулгасан билээ.
Холбоотнууд Германы Дрезден, Вурцбург хотуудыг бөмбөгдөж, АНУ Нагасаки, Хирошимагийн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн дээр атомын бөмбөг хаясан шиг Чингис хаан ч энгийн иргэдийн эсрэг харгислал үйлдсэн нь бий. Өөрийнх нь эсрэг тэмцвэл тэр дайснаа устгаж, бууж өгвөл амлалт бүхнээ биелүүлэн ивээл хамгаалалдаа авдаг байв.
СОНГОЛТ
Чингис хаан дайтах болсон шалтгаанаа тайлбарлаж, тулалдахгүйгээр бууж өгвөл ямар ашиг шим хүртэхийг дайсандаа хэлэлгүйгээр довтолсон нь үгүй. Америкийн Ерөнхийлөгчид ардчиллыг сэргээх, хүний эрхийг хүндэтгэх, эмэгтэйчүүдэд тэгш эрх олгох болон шинэ дэлхийн хэв журмыг тогтоох тухай маш бүрхэг элдэв зүйл ярьдаг бол Чингис хаан хувийн элч нараараа дамжуулж, эсвэл дайсны хот руу захиатай сум харвах замаар маш тодорхой үр дүнд хүрэхүйц саналуудыг тавьдаг байв.
Тэрээр эмэгтэйчүүдийг хулгайлж наймаалахыг хориглож, шашны байгууллагууд болон эмч, эмийн санч зэрэг нийгмийн үйлчилгээний ажилтнуудыг татвараас чөлөөлж, хүн бүрт өөрийнхөө шашинг шүтэх эрх чөлөө олгож, авилгалд авч худалдагдсан аливаа түшмэл, хулгай нарыг шийтгэх амлалтаа ямагт биелүүлдэг байжээ. Бууж өгсөн дайсны талд нэмэлт татвар ногдуулдаггүйгээс гадна ялангуяа худалдаачдад татварын хөнгөлөлт үзүүлдэг байсан юм. Тэрээр мөн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн өгөх явдлыг баталгаажуулж, яалал арилжааг хөнгөвчлөх өртөө бүхий зам, гүүрийн тогтолцоог үүсгэжээ. Бууж өгөхөөс татгалзсаны уршиг аймшигтай бөгөөд монголчууд "Тэнгэр мэдтүгэй” хэмээгээд тэрслэгчдийг харгислан дардаг байв.
ҮР ДАГАВАР
Хэдийгээр монголчууд заналхийллээ нэлээд бүрхэг илэрхийлдэг ч бодит үр дагавар нь аймшигтай байжээ. Нэгдүгээрт, эсэргүүцэгчдийн удирдагч төдийгүй түүний өв залгамжлагчид, язгууртнууд болон дээгүүр албаны нөлөө бүхий түшмэдийг толгой дараалан цаазална. Чингис хаан заналт дайснуудаа хэзээ ч ятгадаггүй, доромжилдоггүй, хамтардаггүй, өөрийн гүрэндээ нэгтгэдэггүй бөгөөд шууд устгадаг байв. Тэднийг цаг ямагт асуудал үүсгэж, эсэргүүцэн тэмцэх болно гэдгийг мэддэг байсан учраас тэр.
Тэд хүн ардаа өөрийнх нь эсрэг босгоод ялж чадаагүй юм чинь түүнд огт хэрэггүй. Тэр тэднийг шууд цаазалдаг байв. Дайсныхаа армид ч тэгж хандана. Хуучин элит давхаргыг устгах ч нэхмэлчин, дархан, шаазан ваарчин, бичиг үсгийн хүмүүс, орчуулагч гээд ур дүйтэй, мэдлэгтэй хүмүүсийг өршөөн ивээлдээ авдаг байжээ. Харин ямар нэг ур дүй, мэдлэггүй хүмүүсийг ээлжит дайнд амьд бамбай болгон ашиглах, суваг шуудуй ухах зэрэг монгол хүн хийхэд гутамшигтай юм уу хортой аливаа ажилд зүтгүүлдэг байсан аж.
ХУВИРШГҮЙ ТУУШТАЙ ЧАНАР
Чингис хаан амлалтаа биелүүлэх, хууль ёс, энх тайван цоглуулахдаа тууштай байжээ. Монголын эзэнт гүрний нэг өнцгөөс нөгөө хүртэл толгой дээрээ алтаар дүүрэн ваар авч явах залуу бүсгүй ямар ч дээрэм тонуулаас үл айн аялдаг тухай Персийн он тооллын бичиг хөтлөгч Жувейни бичиж үлдээжээ. Чингис хаан дайтахад тэр нь нийтийн дайн, энх тайван тогтооход тэр нь нийтийн энх тайван байсан гэдэг. Тэрээр тулалдахдаа ч, захирахдаа ч үргэлж хувиршгүй тууштай байсан юм.
Баримталдаг зарчмуудынхаа адил чанд хатуу Чингис хаан түүнчлэн бодит туршлага дээр зогсолтгүй суралцан өөрчлөгдөх нөхцөл байдалд дасан зохицох шаардлагатайг ойлгодог байжээ. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан тэрээр мэргэн ухаантай, хатан зоригтой зарим дайснаа өршөөсөн нь ч цөөнгүй. Нэгэн тулалдааны үеэр дайсны цэрэг түүн рүү довтлон унаж явсан морийг нь харваж алжээ. Тулалдааны дараа Чингис хаан олзлогдсон дайсны цэргүүдийг жагсаан хэн үүнийг хийснийг асуухад нэг эр аймшигтай үхэл хүлээж буйг мэдсэн ч урагш алхсан гэдэг.
Дайсныхаа удирдагч руу довтолж зүрхэлсэн зоригт эр түүнд хэрэгтэй гэж тэр үзсэн аж. Чингис хаан түүний амийг өршөөгөөд армийнхаа жанжнаар томилжээ. Тэрээр морийг нь алсан нумны зэвийг бодон түүнд Зэв нэр өгсөн бөгөөд Зэв хожим Монголын шилдэг жанжнуудын нэг болсон билээ. Үүнтэй адил Чингис хаан өөрийн өрсөлдөгч Хэрэйдийн Ван ханы цэргийг бут цохисныхоо дараа алагдахаа мэдсэн ч удирдагчаа амь биеэ хайрлалгүй хамгаалж тэмцэх торгон цэргүүдийг бахдан ажиглаад өршөөжээ. Тэгэхдээ тэднээс алагдсан удирдагчаа хамгаалсан шигээ өөрийг нь хамгаалж чадах эсэхийг асуусан гэдэг.
Чингис өөрийн армийн сүр хүч, дайснуудаа устган дарсны ачаар зуун жилийн энх тайвныг тогтоогоогүй билээ. Тэрээр энгийн иргэдэд Монголын удирдлага дор илүү сайхан амьдрал санал болгож, бүх үндэстэнд аливаа мөрдлөг хавчлагаас эмээлгүй уламжлалт соёл, шашнаа дагаж болохыг баталгаажуулж өгсөн юм. Тэрээр бусад үндэстнийг монголчуудын амьдралын хэв маягт хүчээр нийцүүлэхийг оролдож ч үзээгүй.
Бүрэн дүүрэн итгэл, тодорхой байдал, сонголт, үр дагаврын мэдрэмж болон хувиршгүй тууштай чанар зэрэг нь түүний хамгийн чухал зэвсэг байжээ. Дэлхий даяар терроризмтэй хийж буй тэмцэлдээ сайтар чиглүүлж төвлөрүүлээгүй, санамсаргүй гэмээр эмх замбараагүй хүчин чармайлт гаргаж буй Америкт дээрх бүх чанар дутагдаж буй нь илт. Манай удирдагчид чанга боловч авцалдаагүй ярьж, террористуудад хатуу боловч үр дүн муутай хариу барьсаар ирлээ. Тэгэхээр манай шинэ Ерөнхийлөгчид Чингис хаанаас суралцах юм их байна даа.
Б.Түшиг
ЗУУНЫ МЭДЭЭ
Category: Гол мэдээ / Дэлхий дахинд / Нийтлэл