Эд өвлийн хүйтэнд шатахуун болон эрчим хүчний хувьд хүндхэн нөхцөлд орсон манай улс цаашид хэрхэх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Яг үнэндээ нэг л өдөр ОХУ крантаа хаахад манайх улсаараа нам зогсох эрсдэлтэй байгаа. Нэгэнт эрсдэл эрүүн дор ирсэн учир Засгийн газраас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй ажлын хэсгийг гаргаж өчигдөр /2023.12.21/ ОХУ- руу явуулжээ.
-Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Л.ХАЛТАР САЙДААС ГАДНА ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Д.АМГАЛАНБААТАР НАР ОХУ-Г ЗОРЬЖЭЭ-
Засгийн газраас бүхэл бүтэн ажлын хэсэг гарч, ОХУ-г зорьж байгаа нь асуудал аль түвшинд ирснийг илэрхийлнэ. Тус ажлын хэсэгт Б.Чойжилсүрэн сайдаас гадна Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Д.Амгаланбаатар нарын албаныхан багтжээ.
Тэдний ОХУ-г зорьсон зорилго нь манайд нийлүүлдэг шатахуун болон эрчим хүчний хэмжээг нэмүүлэх, III цахилгаан станцын өргөтгөлийн бүтээн байгуулалтад шаардлагатай тус улсаас ирүүлсэн үнийн саналыг багасгах аж. Учир оросууд энэ ажлын өргөтгөлд хэт өндөр үнэ ирүүлжээ.
Эднээс өмнө нефть импортлогч аж, ахуй нэгжүүд болон Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нар мөн ОХУ-д ажиллаж шатахууны нийлүүлэлт дээр ахицтай яриа хэлцэл хийгээд ирсэн. Харин одоо Засгийн газрын энэ баг эрчим хүч дээр илүү фокуслаж ярих болов уу гэсэн мэдээлэл байна. Албаныхан хэлэхдээ "ОХУ нь 110 мянган тонн дизель түлш, 50 мянган тонн АИ92 автобинзен, 340 мегаватт эрчим хүчээ нийлүүлдэгээрээ нийлүүлж байгаа. Хязгаарласан зүйлгүй. Зөвхөн манай дотоодын хэрэглэээ огцом нэмэгдээд байна" гэсэн. Гэвч бодит нөхцөл байдал дээр дүүргүүдэд ээлжилж цахилгаан тасарч, ШТС-иудад иргэд дугаарласаар байна. Энэ нь ОХУ-аас манай улсыг Францтай ураны төсөлд хамтрах болсонд дургүйцэж цаашлаад Ерөнхийлөгч В.В.Путины санаачилж байгуулсан Евроазийн эдийн засгийн холбоонд орохыг шахаж байгаатай холбоотой. Үүний нэг илрэл бол тэд ганцхан долоо хоногийн өмнө эрчим хүчийг хязгаарлана гэсэн явдал. Ингэхдээ шөнө 04.00 цагт мэдэгдэл ирүүлж, биднийг энд нэлээн сандаргасны дараа Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга А.А.Козлов нь "За за болилоо" гэж хоёр орны сайд нарын харьцдаг дундын телеграмм группт чат хэлсэн байдаг.
-ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРГА М.В. МУШИСТИН ЕРӨНХИЙ САЙДТАЙ УТСААР ЯРИХДАА "АМЛАЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ" ГЭЖЭЭ-
Дээрх явдлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сайдад ОХУ-тай хийх яриа хэлэлцээгээ үргэлжлүүл гэх үүргийг өгсөн байдаг. Энэ яриа хэлцэл үргэлжилж буй ч Засгийн газраас ажлын хэсэг гарч өөрсдийн биеэр ОХУ-г ийнхүү зорьжээ.Тус улсын Засгийн газрын дарга М.В.Мушистин саяхан манай Ерөнхий сайдтай утсаар ярьж "Манай дотоодын нөхцөл байдал хүнд байгаа. Тийм учраас бид танайд нийлүүлдэг шатахуун, эрчим хүчний хэмжээгээ нэмнэ гэж амлаж чадахгүй" гэж мэдэгдсэн байдаг. Ер нь ийм хүлээлттэй байгаа ч манай талаас ярилцахаар ийнхүү тус улс руу явжээ. Тэд хаалаа, болилоо гэж "тоглож" буй нь эгзэгийг нь тааруулж байгаад хаах эрсдэл гэсэн үг. Тиймээс л бид бэлтгэлтэй байх шаардлагатай. Юу үнэн нь энэ асуудлыг ОХУ Засгийн газрын түвшиндээ шийднэ гэж буй. Судлаачид хэлэхдээ саяхан украинчууд ОХУ-ын БНХАУ-тай холбогддог Сибирийн хурдын замын хоёр хэсгийг дэлбэлсэн. Энэ хэсгээр тээвэр хийх боломжгүй болсон манай төмөр замаар нефтээ зөөж валютаа олж байгаа. Тэд БНХАУ гэх том зах зээл рүү шатахуунаа ихээр гаргаж валютаа олохоор ажиллаж байгаа. Манай бүдүүн царигтай, хоцрогдсон төмөр замаар боломжит хэмжээндээ зөөж чадахгүй байгаа нь бидний шатахууны хэрэглээг багасгахад ч нөлөөлж байна гэж буй. Энэ нөхцөл байдал ирэх хавар урь орж оросууд зама зассаны дараа урьдынх шигээ болж магадгүй гэж буй.