Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн хамт олон өнөөдөр "Ажнай" талбайд ХӨДӨЛМӨРЧ БҮТЭЭЛЧ ЗАЛУУСЫН СОНГОЛТ уриан дор КОЛЛЕЖ ФЕСТИВАЛЬ-2018 арга хэмжээг зохион байгуулж байна. Гагнуур, токер, тогооч, мужаан, барилгын техникч, ХАБЭА, үсчин гоо сайханч, оёдолчноор төгссөн оюутнууд өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, коллежийн үйл ажиллагааг сурталчилж байна. Политехникийн коллежид элсэн суралцаж буй оюутнуудын 30-40 хувь тогтмол ажилтай болдог байна.
Сүүлийн жилүүдэд ажил олгогчдын захиалгаар оюутнуудаа бэлтгэж 100 хувь ажлын байраар хангаж, төгсөж гараад шууд ажиллах боломжийг олгож байна. Тухайлбал: 2017 онд 19 оюутныг оёдолчноор сургаж, 100 хувь ажлын байранд зуучилсан байна. Энэ жил Оюу толгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч компаний захиалгаар 11 гагнуурчин бэлтгэгдэж байгаа ба төгсөөд шууд ажлын байранд гарах юм. Мөн үүнээс гадна богино хугацааны сургалтаар уул уурхайд нэн хэрэгцээтэй гагнуурчин, авто засварчдыг бэлтгэж ажлын байранд зуучилж байна. Орон нутагтаа богино хугацаанд чанартай боловсролыг эзэмшиж суралцаад шууд ажлын байртай болох боломжийг Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн хамт олон олгож байна.