Сонгуулийн марафон эхлээд түшээд болон горилогчид амьсгаа дээгүүр гүйцгээж байна. “Юун корона, яасан цар тахал, сонгуулиа хийгээд, наадмаа хойшлуулдаг юм шүү” хэмээн эрх баригчид ярьцгааж, санал авахын төлөө тойргоо тойглоцгоож байна. Ийм үед бид өнгөрсөн дөрвөн жилд түшээд сонгогдсон тойрогтоо ямар ажил хийв, хууль тогтоох байгууллагын гишүүнийхээ хувьд ард түмний амьдралд, улс орны язгуур эрх ашигт нийцсэн ямар үйл бүтээв гэдгийг бичиж буй юм. Энэ удаа нийслэлийн Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ц.Цогзолмаа нарыг онцолж байна. Эл дөрвөн гишүүний хоёр нь тойргоо сольж, орон нутаг руу “хэсүүчлэхээр” болсноос сүхбаатарчуудын итгэлийг хөсөрдүүлсэн нь илт харагдах биз ээ.
ТОЙРОГТОО ОЛИГТОЙ АЖИЛЛААГҮЙ ХЭР НЬ “ДАВХАР ДЭЭЛ” ӨМСӨЖ, САЙДЫН СЭНТИЙГЭЭ ХӨӨТЭЙ ХУТГАВ
Д.Цогтбаатар анх удаа хууль тогтоох байгууллагын гишүүнээр сонгогдов. Гэхдээ азтай эр ээ. Төрийн түшээ болохоосоо өмнө МАН сөрөг хүчин байхад хоёр ч удаа богинохон хугацаанд сайдаар томилогдоод амжсан нэгэн. Барилга хот байгуулалт, БОАЖ-ын сайдаар ажиллахдаа рейтинг нь боломжийн түвшинд байв. Тиймдээ ч 2016 онд Сүхбаатар дүүргийн байшин хорооллоос Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээтэй өрсөлдөж, төвөггүйхэн ялж байсан.
Сул гишүүн байж байгаад, 2017 оноос Гадаад харилцааны сайдаар томилогдсон нь түүний рейтингийг шороотой хутгав. Хариуцсан салбарт нь дипломатууд хар тамхины хэрэгт холбогдох нь хэвийн үзэгдэл болов. Тэгэх бүрт тэрбээр “Манайх шалгаж байгаа. Эсвэл дипломатуудтай холбоотой асуудал биш юм билээ” гэх мэтээр өөрийгөө өмөөрсөн аргацаасан хариулт хэлж ирсэн. Элчин сайдуудын томилгооны асуудалд “бантан”-г нь хутгаж явааг журмын нөхөд нь хэлдэг. Асуудал бүрт өөрийн ашиг сонирхлыг шингээж хандаж буй учраас Д.Цогтбаатарыг ажил “гацаагч” гэж намынхан нь хочилжээ. Тэрбээр “Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийг томилуулах санал өгөхөд хэчнээн их улс төрийн ил, далд лобби, шахаан дундуур явдаг гэж бодож байна. Асуудал Д.Цогтбаатарт бус Монголын балиартсан улс төрд л байгаа шүү дээ” хэмээн чуулганы хуралдааны үеэр ярьж байсан юм. Гэхдээ түүний ашиг сонирхол ч гэсэн энэ томилгоог дагадаг.
Тэрбээр сонгогдсон тойрогтоо ихэвчлэн сар шинийн баярын өмнөхөн очиж, уулзалт хийдэг байна. “Тэр, энэ асуудлыг шийдэж өгөөч” гэсэн өргөдлийг тэр бүр сөхөж хардаггүй нэгэн гэнэ. Тойргоо олигтой “услаагүй” ч Сүхбаатар дүүргээсээ дахин сонгогдохоор намын даргаасаа “виз”-ээ аваад байгаа гэсэн.
ЧИМЭЭГҮЙ СУУЖ БАЙГААД ДАХИН СОНГОГДОХЫГ САНААРХАГЧ Ц.МӨНХ-ОРГИЛ
Энэ удаагийн парламентад тэр сул гишүүний үүрэг гүйцэтгэж буй. Хийж гийгүүлээд байсан ажилгүй чуулган, Байнгын хорооны хуралдааны ирцэд бүртгүүлсэн хэр нь хэлэлцэж буй хууль, тогтоолын төсөлд тэр бүр ажил хэрэгчээр ханддаггүй. Улс төрд орж ирсэн цагаасаа тус бүр хоёр удаа Хууль зүй дотоод хэргийн, Гадаад харилцааны сайдаар томилогдож ажиллаж байсан нэгэн. МАН 2016 онд үнэмлэхүй олонх болоход Гадаад харилцааны сайдаар нэг жил гаруй хугацаанд ажиллахдаа мөн л дорвитой ажил хийгээгүй гэдгийг салбарынхан нь хэлдэг.
Хэдийгээр одоо сул гишүүн ч тойрогтоо ажиллахдаа тун хойрго байгааг сонгогчид нь хэлж байсан. Түүний нэр долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбогддог. Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан учир алдаа, оноо нь хаяглагдсаар ирсэн.
Саяхнаас түүний нэр мөрийтэй тоглосон гэж дуулдах болов. УИХ-ын гишүүн мөрийтэй тогловол хариуцлагаа хүлээж, ёс зүйгүй үйлдэлдээ уучлалт гуйж, бүрэн эрхээсээ татгалзах ёстой. Гэвч тэр тэгээгүй. Ирэх сонгуулиар Сүхбаатар дүүргээс дахин өрсөлдөхөөр бэлтгэлээ базаааж буй гэсэн. Сул гишүүий “орон тоон” дээр ямар нэг асуудалд орооцолдож, нэр холбогдохгүй явж байгаад өрсөлдөх нь өөрт нь ашигтай гэж тэр үзсэн бололтой. Гэсэн ч мөрийтэй тоглосон, долдугаар сарын 1-ний үйл явдал гээд түүнд холбогдох бараан мэдээллүүд захаас аваад хөврөх биз ээ.
СОНГОГЧИДТОЙГОО УУЛЗАХААС ИЧСЭН СҮ.БАТБОЛД ДУНДГОВИЙГ ТОЙГЛОЖ ЯВНА
Тэр тойрогтоо гарт баригдаж, нүдэнд харагдахуйц томоохон ажил огт хийгээгүй. Тойргийнхоо сонгогчдод үзэгдэх нь бүү хэл Төрийн ордонд цөөхөн харагддаг болсоор дөрвөн оныг үдэв. Бүлгийн хурал, Байнгын хороо, чуулганы хуралдаанд барагтай суухгүй. Хаагуур, юу хийж явдаг юм, бүү мэд. Сүхбаатар дүүргээс дахин сонгогдохгүй гэдгээ мэдсэн үү, ямартай ч тэр энэ удаа Дундговь аймгаас нэр дэвшихээр хөөцөлдөж явна.
Манай улс дэлхий нийтийг түгшээсэн коронавирусийн халдварын тархалтаас үүдэж, олон нийтийн арга хэмжээг хорьж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй. Атал Сү.Батболд Улсын онцгой комиссын шийдвэрийг зөрчин “Чингис” зочид буудалдаа сонгуульд бэлтгэн олон хүн цуглуулсан байсан гэх мэдээлэл саяхан гарав. Хууль, дэг тогтоодог гишүүн нь өөрөө хууль зөрчиж буйн наад захын тод жишээ энэ. Сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулахын тулд өвчин зовлон, хөл хорио, хатуу дэг журам түүнд огтхон ч падгүй бололтой. Ямар ч үнэ цэнээр хамаагүй нэр дэвшиж, ялалт байгуулж, төрийн түшээ болж, бизнесээ, хувийн эрх ашгаа хамгаалах нь түүнд хамгийн чухал аж. Түүнээс төр, түмний итгэлийг хүлээж, ард олонд хэрэгтэй ажил хийх болов уу гэсэн итгэж найдаад хэрэггүй болжээ. Ийм л хүн УИХ-д дахин сонгогдохоор тойргоо солин улайран зүтгэж байна.
Ц.ЦОГЗОЛМАА СОНГОГЧДЫНХОО ИТГЭЛИЙГ ХӨСӨРДҮҮЛЭВ
Сүхбаатар дүүргээс сонгогдон дөрвөн жил төрийн түшээ хийхийн хажуугаар “давхар дээл”-тэй даналзаж явсан үе түүнд бий. Төрийн түшээ, сайдын ажилдаа дарагдсан уу тэр тойргоороо бараг үзэгдээгүй. Тиймдээ ч тэр төрөлх нутаг Ховддоо нэр дэвшихээр хөлгийн жолоо залах болсон.
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой “хөтлөлцөх” нь холгүй хоршиж, Ховдод хонон өнжин байгаа тэрбээр Сүхбаатар дүүрэгт дахин өрсөлдөхөөсөө айсан гэх. Учир нь, тойргийнхоо сонгогчдын итгэлийг хөсөрдүүлж, өгсөн үүрэг даалгавар, захисан захиасыг нь чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн нь түүнийг дахин тус дүүргээс өрсөлдөх “виз” авч чадахгүйд хүргэсэн. Уг нь тэрбээр 2012 онд Сүхбаатар дүүрэгт өрсөлдөж, Л.Гантөмөрт ялагдаж, 2016 онд даагаа нэхэн ялалт байгуулсан юм. Товчхондоо, тус дүүрэгт танигдаж, хүмүүсээ ч сайн байршуулсан нэгэн. Гэсэн ч тойрогтоо ажиллахгүй байсаар судалгаагаар рейтинг нь муу гарахад нөлөөлсөн хэрэг.
Ердөө хоёрхон сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгуулийн чимээнээр түшээд сонгогчдоо тойглоод, чих зөөлөнтэй байцгаах. Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж МАН-д дөрвөн суудал авсан гишүүдийн хоёр нь сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлж, ийн тойргоо солихоор намын даргынхаа ая талыг харж буй гэх. Ард түмний мандат өвөртөлсөн л бол тухайн тойрогтоо нэр, нүүрээ барж болохгүй, “Дахин очиж өрсөлд” хэмээн хатуухан донгоддог дүрэм журамтай байсан бол хэн дуртай нь тойргоо сольж, хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийхгүй байж болох байсан сан.
Б.БИЛЭГТ, ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН