Эрх мэдэл чухал уу, иргэдийн эрх ашиг тэргүүнд үү гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшингөөс иргэд асууж байна. Тэд энэ асуултынхаа хариултыг асуух хөдөлгөөн ч ойрын хугацаанд өрнүүлэхээр болсноо илэрхийлээд буй. Өөрөөр хэлбэл, Шадар сайд Ө.Энхтүвшинг огцрохыг шаардаж, иргэд жагсахаар болжээ.
Нийслэлийн төвлөрлийг сааруулах зорилгоор авто худалдааны цогцолборыг барьж байгуулсан нь бий. Улмаар авто машины худалдаа эрхлэгчид болон энэ чиглэлийн томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэх шийдвэрийг НИТХ-аас хэд хэдэн удаа гаргаж байв. Харамсалтай нь, “Өгөөмөр” зах өнөөдөр ч үйл ажиллагаа явуулсан хэвээр. Чухамдаа өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшингийн эзэмшлийн гэгдэх “Өгөөмөр” захад албан тушаалтнууд халдаж чадалгүй өнөөг хүрсэн нь энэ. Хэдийгээр төрийн төмөр нүүр гаргаж “Өгөөмөр” захын тусгай зөвшөөрлийг цуцалж, албадан нүүлгэж болох ч МАН-аар олон жил овоглосон Ө.Энхтүвшингийн нэр нөлөөнөөс болоод хөдөлж чаддаггүй.
Гэтэл энэ нь багадаж “Өгөөмөр” зах хүрээгээ тэлэхээр шийджээ. Ёстой л шунал ихэдвэл шулам болно гэгчээр аяглаж сууна. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд “Өгөөмөр” захын ард дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууцны хороололд 10 мянган оршин суугч амьдардаг. Гэтэл “Өгөөмөр” захын хууль бус, буруутай үйлдлээс болж ойр орчмын хотхоны иргэд гэртээ орж чадахгүйд хүрсний зэрэгцээ түргэн тусламж, гал командын машин хүртэл нэвтрэх аргагүй болтол орц, гарцаа хаалгаад буйгаа олон нийтэд хэвлэлийн бага хурал хийн мэдэгдсэн нь өнгөрөгч арваннэгдүгээр сар. Өөрөөр хэлбэл, өндөр настай хүмүүсийн даралт ихсэхэд, нялх нойтон хүүхэд өвдөж сандаргахад түргэн тусламжийн машин нэвтэрч чадахгүйд хүрсэн гэсэн үг. Муугаар бодоход, тэнд нийтийг хамарсан гал түймэр гарвал 800 гаруй хүн амьдаараа шатах эрсдэл үүсээд байгааг сануулсан юм.
Энэ асуудлаар оршин суугчид удаа дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хандан, санал хүсэлт тавьсны дагуу үүссэн нөхцөл байдалтай хотын Захирагч газар дээр нь очиж танилцсан. Улмаар орц гарцыг нээх, замын бөглөрөл түгжрэлийг сааруулах чиглэлээр богино хугацаанд арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэгдэв. Энэ дагуу Нийслэлийн Замын хөдөлгөөний, төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газрын мэргэжилтнүүд “Өгөөмөр” захын удирдлагууд, тус захын бизнес эрхлэгчид, хотхонуудын СӨХ-ын ажилтнууд болон оршин суугчидтай уулзаж, хотхонуудын хаагдсан орц, гарцыг нээсэн. Гэтэл үүнээс хоёрхон сарын дараа дахин өнөөх гарцыг хааж, “Өгөөмөр” захын эзэд хотын удирдлагуудтай наймаалцахыг хүсэх нь тэр.
Шадар сайд Ө.Энхтүвшингийг эхнэр У.Булганмаагийн удирдан чиглүүлдэг “Өгөөмөр” зах газар эзэмших эрхийн хугацаагаа дууссаны дараа эрх сунгуулахдаа хотхон руу ордог байсан нийтийн эзэмшлийн зам, талбайн газрыг хамруулж, талбайн хэмжээгээ сунган авчээ. 2015 онд Нийслэлээс авто замын хөдөлгөөнийг бууруулахын тулд “Өгөөмөр” захын ард 0.4 км авто зам барихаар төсөвлөсөн байна.
Улмаар "Өгөөмөр" захын урд талын замыг тус захын хажуугаар гаргаж, Нарны замтай, хойд талын замыг Цагаан хуарангийн замтай холбож өгнө хэмээн хотхоны хашааг буулгаж байж. Гэтэл төд удалгүй "Өгөөмөр" захаас уг газрыг битүүмжилж, төлбөртэй зогсоол болгожээ. Өдгөө “Нарантуул” захын ард барьсан авто зам нь дуусаагүйн дээр галын болон түргэн тусламжийн машин орж чадахгүй “мухар гудамж” болсон нь энэ. Үүний улмаас иргэд гэртээ орох боломжгүй болж “Нарантуул” захаар тойрч орохоос өөр аргагүй нөхцөл байдалтай нүүр тулав. Өөрөөр хэлбэл, хоёр алхмын газрыг хоёр км тойрч, хичээл, сургуульд хүүхдээ зөөхийн зэрэгцээ болон өглөө, оройд гэрийнхээ хажууханд 2-3 цаг түгжирдэг гэдгийг оршин суугчид хэлж байгаа юм.
Тиймээс гарцыг дахин нээхийг хотын удирдлагаас “Өгөөмөр зах”-ын эзэн У.Булгамаад сануулсан байна. Гэвч хотын удирдлагуудын саналыг хүлээн авах нь битгий хэл, Шадар сайдын нэрээр сүрдүүлж, арын газраас нь нэмж өгөх шаардлагыг зөрүүлж тавьжээ. Өөрөөр хэлбэл, хүний газраас хумслах санаа агуулж яваагаа шулуухан илэрхийлсэн байна. Тэмээн толгой тэвшинд багтдаггүй, тэнтгэр хатан зарга шүүдэггүй, ямаан толгой ямбанд багтдаггүй янтгар хатан зарга шүүдэггүй гэж үг бий. Уг нь төрийн сэнтийд суугаа Шадар сайд Ө.Энхтүвшингийн хувьд энэ асуудлыг шийдвэрлэж дөнгөхүйц.
“Өгөөмөр” зах минийх биш” гэж ЖДҮ-чидтэй ижил мэлзэж, онигоонд орохгүй гэж найдья, Шадар сайд аа. Авлигатай тэмцэх газарт мэдүүлснээр Шадар сайд Ө.Энхтүвшингийн жилийн орлого нь 25658.34 мянган төгрөг. Гэр бүл нь эрхэм гишүүнээс бүхэл бүтэн нэг орноор илүү буюу 185555.62 мянган төгрөгийн орлоготой. “Собу” ХХК-ийн 50 хувийг эзэмшигч. “Собу” компани “Өгөөмөр” захыг ажиллуулдаг хуулийн этгээд. Өдгөө “Өгөөмөр” захыг түүний залуухан эхнэр У.Булганмаа удирдан ажиллуулдаг. Тиймээс эхнэрээ танихгүй, эсвэл ийм бизнес эрхэлдгийг нь мэдэхгүй гэж мэлздэггүй л юм бол Ө.Энхтүвшинд бултах зам гэж үгүй.
Уг нь “Өгөөмөр” захыг нүүлгэснээр авто замыг түгжрэл саарахаас гадна тос, маслоны хорт үнэр багасч, иргэдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх талаар мэргэжилтнүүд хэлдэг. Хотын агаарын бохирдол ч тэр хэрээр багасгах боломж бий. Учир нь “Өгөөмөр” захын автомашин, техникийн тос, тосолгооны материалын худалдааны цэгүүд нь айлуудтай зэрэгцэн оршдог бөгөөд тэр хавийн хүүхэд, том хүн аль нь ч хордох аюултай орчин үүссэнийг мэргэжлийн хяналтын байцаагч нар хэлдэг. Эдгээр төвөгтэй байдлыг арилгаж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах талаар шаардлага тавихад Ө.Энхтүвшингийн эхнэр нь огт хүлээж авдаггүй аж. Тэр бүү хэл, нөхрийнхөө албан тушаалаар сүрдүүлэх нь ч бий гэнэ. Энэ байрны гадны зундаа машины тос яг гол шиг урсдаг учраас их бохир заваан байдгийг оршин суугчид олонтаа хэлдэг. Харамсалтай нь, нүүлгэн шилжүүлэх нь битгий хэл хашаагаа томсгох санаа агуулж, ахмадууд голцуу амьдардаг оршин суугчдын гарц, орцыг хаан хотын удирдлагуудтай наймаалцахыг санаархаж байгаад хариу өгнө үү, Ө.Энхтүвшин дарга аа.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар Шадар сайд гамшгаас хамгаалах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлыг хариуцан ажиллахыг тодорхой заасан байдаг. Тиймдээ ч Онцгой байдал болон мэргэжлийн хяналтын байгууллага Шадар сайдын эрх мэдлийн хүрээнд багтдаг агентлагууд билээ. Улмаар Онцгой байдлын ерөнхий газар иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, эрсдлийг бууруулахад олон нийтийн оролцоог хангах үүрэгтэй бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх эрхэм зорилготой. Товчхондоо Үндсэн хуульд заасан монгол хүний баталгаатай эдлэх эрх хэмээн тунхагласан амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахын төлөө ажиллах ёстой. Харамсалтай нь, эдгээр агентлагийн удирдлагын толгойд нь суугаад Шадар сайд Ө.Энхтүвшин та эдгээр эрх үүргийнхээ алийг нь ханган биелүүлж ажиллаж байгааг иргэд лавлаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн