Ээжтэйгээ амьд мэнд уулзах сайхан байна


Монгол Улсын иргэн н.Отгонбаатар нь БНХАУ-ын Юун Нан мужаас Бээжин рүү бусадтай бүлэглэн мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэг үйлдэж БНХАУ-ын Бээжин хотын Хоёрдугаар дунд шатны шүүхээс 15-н жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Тэрээр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын 1-р Хорих ангид 9 жил гаруй хугацаанд хорих ял эдэлсэн бөгөөд үлдсэн ялаа эх орондоо үргэлжлүүлэн эдлэх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурорт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн юм.

 

Өнөөгийн нийгэмд хурцаар хөндөгдөх болсон хар тамхины асуудалд санаатай буюу санамсаргүйгээр холбогдож байгаа залуустаа сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор бид Багануур дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 427-р ангийг 2016 оны 09-р сарын 16-ны өдөр зорьж дараах ярилцлагыг хийлээ.

 

Ээжтэйгээ амьд мэнд уулзах сайхан байна

 

 

Хэдий ялаа үргэлжүүлэн эдлэж байгаа ч эх орондоо ирэх сайхан байсан байх. Анх хэдэн онд энэ хэрэгт холбогдсон талаар яриагаа эхэлье.

 

Мэдээж тэгэлгүй яахав. Би 2007 оны 4 сард БНХАУ-д Улсад очиж хар тамхины хэрэгт холбогдоод тэндхийн хуулиар шийтгүүлж 15 жилийн ял сонссон. Тэгээд Хятад Улсын шоронд 9 жил 3 сар хоригдож байгаад 2 орны ялтан солилцох гэрээгээр хамгийн эхнийх нь би болж 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Монголдоо ирсэн. 

 

Тэнд хоригдож байх хугацаанд ар гэрээс чинь эргэлт хир их очдог байсан вэ. Ер нь уулзалтын хугацаа нь ямар байх уу.

 

Тэндхийн журмандаа ялтан жилд нэг удаа 40 минутийн хугацаатай ар гэрийнхэнтэйгээ уулзах ёстой байдаг учраас тэр үеэр ах, эгч маань эргэж ирдэг байсан. Дөнгөж амьдралд хөл тавьж байсан 24-хөн насандаа хэрэгт холбогдож хоригдсон болохоор гэр бүл байхгүй. 

 

Чинийх хувьд энэ хэргийг санаатай үйлдсэн байдаг. Хэргийнхээ талаар жаахан тодруулаач. Ямар үйл дээрээ хаанаас баригдав.

 

Тиймээ ер нь бол энэ хэргийг би өөрөө зорьж очиж хийсэн л гэж хэлнэ л дээ. Тухайн үед Эрээнд амьдардаг байсан Нараа гэх Монгол эмэгтэйгээр дамжуулж Өвөрмонголын хэдэн хүмүүстэй танилцаад явж байхдаа ийм хэрэгт холбогдсон. Одоо тэр хүмүүсийг хаана юу хийж явааг мэдэхгүй.

 

Намайг барьж өгсөн хүн бол Өвөрмонгол барилддаг залуу байсан. Надаар ажилаа хийлгэж байхдаа өөрөө цагдаад бариад өгчихсөн. Тухайн үедээ би Хятадын урд Юун Нан мужаас очиж 300 грамм хар тамхи авч Бээжин хотод ирээд Нисэх онгоцны буудлаас таксидаад явж байхдаа баригдсан. 

 

Хэд дэх удаагийн үйлдэл байсан бэ. Ер нь нэг удаад хэдэн төгрөг өгнө гэж явуулдаг юм.

 

Хамгийн эхний үйлдлээрээ баригдсан. Одоо сүүлд ямар байгааг би мэдэхгүй байна. Намайг явж байх үед нэг удаа гаргаж өгөхөд 5000-7000 юань гэдэг байсан.

 

Чиний хоригдож байсан шоронд ийм төрлийн хэрэгтэй хичнээн Монгол хүн байсан бэ. Ер нь ямар, ямар байдлаар холбогдсон талаараа хоорондоо ярилцана биз.

 

Намайг анх энэ хэрэгт холбогдож хоригдож байхад манай улсаас хүн байгаагүй. Сүүлдээ мэр сэр орж ирэх болсон. Ялангуяа 2013 оноос хойш эрчимтэй орж ирж эхэлсэн. Одоо тэнд 19-22 насны 7 залуу байна. Тэднээс 3-нь 25 жилийн ялтай. Хоёр нь санамсаргүй байдлаар холбогдсон юм билээ.

 

Бид бүгд нэг өрөөнд байдаг болохоор яаж холбогдсон талаараа их ярилцана. Ямар ч байсан Монголд хар тамхи маш их дэлгэрч байгаа талаар тэд ярьж байсан.

 

Ер нь энэ хэрэгт Монголчуудыг татан оруулж байгаа гол хүмүүс бол Өвөрмонголчууд байдаг юм билээ. Монголоос 15-16 настай жаахан хүүхдүүдийг "мөнгө төгрөг, машин тэрэг өгье"... гэж хар тамхины ажилд явуулдаг гэсэн. Манайхаас ч тэрэнд нь зуучилж байгаа хүмүүс ч байдаг талаар сая намайг нааш явахын өмнө орж ирсэн 20 орчим настай 8-10 жилтэй 3 залуу ярьж байна лээ. Мөс буюу /ice/нэрлэдэг гэсэн зүйл байдаг. Тэрнийг л Монгол руу их зөөж байгаа гэж байсан.

 

Эхний удаа ажилаа хийлгээд амалсан мөнгө, эд зүйлээ өгчихөөр хүүхдүүд итгэж болоод байх юм байна гэсэн ойлголттойгоор дахин явна.

 

Гэтэл цаана хийлгэж байгаа хүмүүс нь нэг хийлгэсэн хүнээрээ олон удаа хийлгэх сонирхолгүй байдаг учир 2-3 удаа явуулаад сүүлийн удаад нь бага хэмжээний хар тамхи өгөөд тэрэн дээрээ өөрсдөө цагдаад мэдээлэл өгч бариулдаг.

 

Бас санамсаргүй байдлаар орсон ч хүн байсан. Онгоцны буудлаас чирдэг чемодан өгөөд Бээжин хүргээд өгөөч гэж гуйхад нь зөвшөөрч аваад Бээжинд ирээд онгоцноос буух үедээ цагдаад баригдаж шалгагдахад цүнхийхэн доод талд хар тамхи байгаад 25 жилийн ял авчихсан залуу ч байгаа.

 

Хятдад шоронгийн нөхцөл байдлын сонирхуулаач. Идэх хоол унд, хэл яриа, дэглэм диктатураас эхлээд асуудал их гарна биз.

 

Ер нь өөрөө социлист орон болохоор хүний эрх гэх зүйл бараг л байхгүй. Бүх хүмүүс яг л нэг хүн шиг байх ёстой. Хоол ундны хувьд маш муу. Угаасаа ч өөрсдөө ногоо их иддэг хүмүүс болохоор махан төрлийн юм олж иднэ гэж бараг л байхгүй. Голдуу л мантуу иднэ. Гахайн гэдэс, усанд чанасан байцаа, төмс зэргийг өдөрт 2 удаа өгнө. 

 

Угаасаа их хүнтэй улс болохоор жоронд байгаа хоригдолууд нь ч манайхаас хавьгүй их. 9 жилийн хугацаанд хүний газрын шоронд хоригдоход дарамт шахалт, зодуур нүдүүрийг их үзсэн.

 

Нэгэнт л өөрийн хийсэн хэрэг болохоор тэвчээд гарахаас өөр аргагүй гэж бодоод л шүдээ зуудаг байлаа. Гэхдээ тэр бүр хамт хоригдож байгаа хүмүүс нэгнээ зодохгүй л дээ. Цагдаа нь юу гэж тушаал өгнө тэрийгээр хийдэг юм байна лээ.

 

Нэг удаа л намайг Бээжинд хоригдож байхад цагдаа нь миний гарыг гавлаж, хөлийг дөнгөлж байгаад хооронд нь богинохон гинжээр холбож уяад 3 хятадаар зодуулж байсан.

 

Монголчуудын хувьд тэнд байхад нэг хэцүү юм гэвэл маш их хэмжээний сэтгэл санааны дарамтанд оруулдаг. Шоронд ямар л муу муухай юм болно бүгдэнд нь Монголчуудын буруутгаж болж л өгвөл сахилгад хийж, арга хэмжээ авах гээд байдаг юм байна лээ.

 

Чи өөрөө хэрэглэж үзсэн үү.

 

Хэдий гар бие оролцож явсан ч ганц ч удаа хэрэглэж үзээгүй.

 

300 гр гэхээр их л жаахан хэмжээ юм шиг санагдаж байна л даа. Үнэ нь тийм өндөр байдаг юм уу. 

 

Үнэтэй л дээ. Намайг явж байх үед 1 грамм нь 400 юань байсан. Цаана тосож авдаг тусгай хүнтэй тэр нь цааш баар, цэнгээний газруудаар зардаг гэсэн. Би бол анх удаа л явж байсан болохоор тэр бүх зүйлийг нь гүнзгий сайн мэдэж амжаагүй байхдаа баригдсан. Ер нь баригдсан ч болсон юм байна лээ. Хэрэв баригдахгүй яваад байсан бол дахиж гүнзгийрээд 25 жил эсвэл цаазаар авахуулах хэмжээний ял дээр тулах ч байсан юм билүү гэж одоо боддог.

 

Нийт 15 жилийн ялаас 2.6 жилийг шагналыг хоног гэж хасуулсан байдаг. Ямар, ямар ажил хийдэг байсан бэ.

 

Би наранд байхдаа спортоор хичээлллэдэг байсан болохоор тэнд хоригдож байхдаа тэмцээн, уралдаан гээд бүх арга хэмжээнд нь идэвхитэй оролцсон. Тэндхийн сагс, волейболын багт орж Өвөрмонголын хэмжээний 11 шоронгуудын дунд 2 жилд нэг удаа явагддаг бүсийн тэмцээнд нь хэд хэдэн удаа оролцож амжилт гаргасан учраас шагналын хоног ахиу авсан. Нэг удаа тэмцээнд оролцож амжилт гаргахад 3-4 сар ажил хийж байж авдаг оноог шууд өгчихдөг.

 

Тэмцээнд амжилттай оролцож байсан маань намайг эх орондоо ирэхэд хүртэл их нөлөөлсөн. Яагаад гэвэл хүсэлт гаргах бүртээ тэмцээн, уралдаанд амжилт гаргасан үеийн зургаа Монгол руу явуулна. Гэрийнхэн маань өргөдөлдөө хавсаргаад миний хүсэлтэй цуг өгдөг байсан.

 

Түүнээс дан ганц ажил хийгээд тийм их хоног авч чадахгүй л дээ. Хятад Улсынхаа хуулиндаа ял эдэлж байгаа бүх хоригдлууд ажлын 5 өдөр хөдөлмөрлөх ёстой гэж заасан байдаг юм байна лээ.

 

Гэхдээ миний байсан шорон бол дотоод журам гээд 7 хоногт бүгдэнд нь ажилуулна. Тэгээд шалгалт ирэхээр тэр байдлаа нуугаад амралтын 2 өдөр хятад хэлний хичээлд суулгадаг, амруулдаг гэж хэлдэг байсан.

 

Миний хувьд 2009, 2010, 2011 онуудад тоосгоны үйлдвэрт ажилласан. Дараа нь гуанзны аяга, таваг угааж пакетлаад нэг удаагийн хэрэглээ болгож гаргадаг газар ажиллаж байгаад шоронгоороо бүгд оёдлын үйлдвэрт үргэлжүүлэн ажилласан. Би тэнд нь засварчнаар ажиллаж байсан.

 

Есөн жилийн турш дандаа ногоо шахуу хөнгөн чанарын хоол идэж байсан болохоор Монголд ирээд хоолондоо дасах хэцүү байсан уу.

 

Манай хоол бол хамаагүй илчлэг өндөртэй, хүчтэй байдаг юм байна лээ. Анх ирээд олон жил шим тэжээлгүй хоол идчихсэн болохоор таарахгүй хэцүү байсан.

 

Хоолноос гадна бас нэг зүйл бол би сүүлийн 5 жил бие маань яаж ч өвдсөн тэндээс эм ууж үзээгүй. Анх бие өвдөөд ханиад хүрэхээр үзүүлсэн чинь шар өнгийн эм өгсөн. Гэтэл тэрэнд нь огт зүгээр болохгүй байсан. Сүүлд олж мэдэхэд ханиадны биш гэдэсний эм өгөөд байсан байна лээ. Тэрнээс хойш бид нар хэн нь ч эм авч уухаа больсон. Бүр болохоо боливол дусал л хийлгүүлдэг байсан.

 

Бид тэрийг нь олж мэдээд элчиндээ хэлсэн чинь өөрийнхөө улсын иргэдийг жилд нэг удаа нарны эмнэлэг рүү шинжилгээнд оруулдаг болгоно гээд 2016 онд анх удаа хэрэгжүүлж бид нарыг эмнэлэгт аваачиж үзүүлсэн. 

 

Намайг наашаа явах гэж байхад шинээр ирсэн гээд элчингийн ажилтан ирэхэд бид бүх зүйлээ ярьсан. Хөх хотын дээд Консулын ажилтан ирсэн үед л бидэнд юм хэлэх боломж олдоно. Яагаад гэвэл цагдаа орохгүй ганц орчуулагч л суудаг.

 

Эхэндээ 2009, 2010, 2011 онуудад Консулын ажилтан ирнэ гэж дуулдангуут урьд өдөр нь биднийг цуглуулаад "та нарт ажлын хоногийг чинь ахиу өгнө, хоол ундыг чинь нэмнэ жоронгийн дотоод журмын талаар элчиндээ ямар нэг зүйл хэлж болохгүй"...гэдэг байсан.

 

Гэтэл 2014 оноос эхлээд ямар нэг асуудал гарах үед бид элчинтэйгээ утсаар яръя, хэлъе гэхээр өөдөөс шууд "танай элчин ирээд юу өөрчлөх юм бэ" гэж хэлдэг болсон.

 

Гол нь би энэ бүхнийг ярьж хэлснээрээ амьдралаа эхлүүлж яваа залуус маань ийм асуудалд орвол тэнд тийм  л тавилан хүлээж байна гэдгийг л ойлгуулах гэсэн юм.

 

Монгол байхдаа ямар мэргэжил эзэмшсэн бэ.

 

Хүнсний технологийн коллежид 2 дахь жилээ сурч байхдаа хэрэгт холбогдоод төгсөж чадаагүй.

 

Аав, ээж чинь байдаг уу. Жилд ганц олдох уулзалтын үеэр ирдэг байв уу.

 

Ээж маань байдаг. Гэхдээ би нэг ч удаа очуулж байгаагүй. Ээж өөрөө эгчийг дагаад иръе л гэдэг байсан гэсэн. Мэдээж би хэрэг хийсэн ялтан ч гэлээ төрүүлсэн хүүхэд нь болохоор намайг хараад 40 минут баярлах л байх.

 

Тэр 40 минутийн дараа миний ээж хүүгээ үлдээгээд босоод цааш явахад сэтгэл нь ямар байх уу. Би бас ээжийгээ харж байгаад цааш босгоод явуулахад миний сэтгэл ямар үлдэх үү. Тэр бүхнийг үргэлж боддог байсан учир би өөрөө дургүйцдэг байсан.

 

Шоронгоос хааяа утсаар яриулна. Тэгэхэд би ээжтэйгээ л ярьдаг байсан. Харин Монголд ирээд Хорих 461-р ангид байхдаа ээжтэйгээ уулзсан. Саяхан энд хоногийн эргэлтээр бас ирээд явсан.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.