Г. Дээдбилэг: Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа дүүгийнхээ 100 сая төгрөгний өрөнд надад нүүрс өгнө гэж хэлээд хулхидсан


 
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Дээдбилэг гэдэг. Би Өмнөговь аймгийн Баян-овоо суманд төрсөн Монгол гаралтай Хятад улсын иргэн. 10 настай байхдаа Хятад руу явсан. Хэдийгээр би Хятадад өссөн ч гэсэн өөрийгөө Монгол хүн гэж боддог.  2000 онд бизнес эрхлэх зорилгоор Монголд ирж Өмнөговиос Хятад руу жонс, нүүрс гаргах боломжийг судалж эхэлсэн. Ингэж явж байгаад н.Намсрайжав, Б.Мөнхтуяа гэх эхнэр нөхөр хоёртой танилцсан юм. Нөхөр Намсрайжав нь тухайн үед Өмнөговь аймгийн Тавантолгой ХХК-ны тээврийн даргааар ажиллаж байсан. Би тэр хоёртой танилцаж тэднээс нүүрс авахаар тохиролцон гэрээ байгуулж, мөнгө төгрөг өгсөн. Гэтэл өнөөдөр нүүрс ч үгүй , мөнгө ч үгүй бие сэтгэл, эд материалаараа хохироод сууж байна.

-Та тэдэнд ямар үүднээс итгэж гэрээ байгуулсан юм бэ.

-Би Б.Мөнхтуяатай Улаанбаатар хотод уулзаж нүүрсний бизнес сонирхож байгаа таалаараа хэлэхэд Мөнхтуяа нүүрс өгч чадна, албан ёсны дагуу бичиг баримт гэрээ бүх юмыг нь зохицуулна гэсэн. Мөн манай ах аймгийнхаа засаг дарга болох гэж байгаа, ардаа маш том танил түншүүдтэй ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Ер нь гадаад хүмүүс ялангуяа Хятадууд хамтарч ажиллах хүнийхээ бизнес, ар тал, ах дүү төрөл саданг нь их хардаг. Би тэр үүднээс Мөнхтуяад итгэсэн.  Тухай үедээ сайн хүнтэй танилцлаа гэж дотроо их л олзуурхаж байлаа. Гэтэл хожим нь хулхидуулна гэж хэн санах билээ.

-Б.Мөнхтуяад мөнгө өгсөн гэлээ.  Яг хэдий хэмжээний мөнгө өгсөн юм бэ. Гэрээ байгуулсан талаараа тодорхой ярихгүй юу.

-Б.Мөнхтуяа надад нүүрс өгөхөөс гадна Хятадын өөр томоохон компанитай хамтарч ажилмаар байна зуулчилж өгөөч гэж санал тавьсан.  Ингээд би Б.Мөнхтуяаг нөхөртэй нь хамт урагш нь дагуулж яваад ӨМӨЗО-ны "Или” гэдэг Хөрөнгийн биржийн томоохон компанитай уулзуулж зуулчилж өгсөн. Намайг зуулчилж өгсний дагуу тэр хоёр "Или” компанитай гэрээ байгуулж их хэмжээний нүүрс өгөх талаар тохиролцсон юм. Энэ бүгдэд нь би орчуулагчаар ажилласан л даа.  Тэр хоёр нөгөө компаний удирдлагуудыг Монголд уриад хоёр талаасаа нийлж "Шинэ Ил” гэдэг компани байгуулсан. Яваандаа Мөнхтуяа "Или” компанийнхантай миний оролцоогүйгээр харицаж намайг өөрөөсөө түлхэж эхэлсэн. Уг нь би өөрөө тэр хоёр хүнийг дагуулж явж  тэднийг хооронд нь зуулчилж өгсөн хүн шүү дээ. Гэхдээ би тухайн үед тэр хоёрыг ийм том компанитай гэрээ байгуулсан юм чинь надад бас нүүрсээ өгч чадах байх хэмээн итгэсэн. Ингээд Мөнхтуяатай 2008 оны 5 сард  гэрээ байгуулж, урьдчилгаа болох 75 сая төгрөгийг Хаан банкаар шилжүүлсэн. Дараа нь надаас 50 машинаар нүүрс ачихад 50 жолоочийн виз авна хэмээн нэг жолоочийн визийг 100 доллараар бодож мөнгө авсан.  Түүнээс хойш Мөнхтуяагаас нэг ч шуудай нүүрс авч чадаагүй.

-Мөнгө өгснөөсөө хойш Мөнхтуяатай холбоотой байсан уу?

-Эхэндээ холбоотой байсан. Тэр хугацаанд мөнгөө авах гэж нэлээд явсан боловч Мөнхтуяаг нүүрс, мөнгө аль алыг нь өгч чадахгүй юм байна гэдгийг нь ойлгосон. Тэгээд бид эвээр уулзаж,  Мөнхтуяа ч өөрөө дахин хамтарч ажиллая Монгол, Хятадын хамтарсан компани байгуулъя, би чиний мөнгийг тэр компанидаа хийе, өөрөө ч бас мөнгө гаргана гэж хэлсэн. Би ч тухайн үедээ их баярлаж, дахин итгэсэн. Монголын төрийн бодлогоор хоёр улсын иргэн хамтарч компани байгуулахаар бол хоёр талаасаа нийлж мөнгөө гаргадаг.  Мөнхтуяа миний 80 гаруй сая төгрөг, мөн өөрөөсөө нэмж мөнгө гарган компаниа байгуулж дахин бизнес эхлэе гэсэн.

Би тухайн үед Хятад руу явах таарсан. Тэгтэл Мөнхтуяа "чи Хятад руу яваад ир, би энэ компаниа байгуулаад байж байя гэж хэлсэн.  Ингээд намайг 10 гаруй хоног яваад ирэхэд "Мөнхбилэг-Ану” гэдэг компанийг байгуулчихсан байсан. Энэ компанийг байгуулахдаа миний паспортын хуулбарыг нотриатаар батлуулж, мөн Хятад нэрийг маань ашигласан байгаа юм. Тухайн хүн нь өөрөө Хятадаар нэрээ бичээгүй байхад дур мэдэн нэр, паспортны хуулбарыг маань ашиглан компани байгуулж болохгүй шүү дээ.  Монголын хуулийг ноцтойгоор зөрчиж хуурамч компани байгуулсан.  Эхлээд би Хятадаас ирэхэд компаниа байгуулчихсан байхаар нь маш их баярласан. Баярлаад компанийнхаа данснаас мөнгө авах гэтэл 50-хан доллор байсан.  Үүнийг би ойлгохдоо намайг дахин санаатайгаар хулхидсан гэж үзэж байгаа.

-Тэгээд юу болсон бэ?

-Би Б.Мөнхтуяад "ах чинь засаг дарга болсон нүүрс өгөх юу болсон гэхэд чи өөрөө Бадраа ахтай уулз” гэсэн.  2009 онд Б.Бадрааг хайж Өмнөговьд очсон. Тэгэхдээ би ганцаараа очоогүй. Хоёр ч гэрчтэй очсон. Уулзаад "Танай дүү чинь надад их хэмжээний нүүрс өгнө гээд мөнгө авсан. Нүүрс өгөхгүй байна. Одоо би яах ёстой вэ?”  гэж асуусан.  Б.Бадраа  надад "чи битгий янз бүрийн хэл ам гаргаад яваад бай, би тэр нүүрсийг чинь олж өгнө, түр хүлээж бай” гэсэн хатуу хариулт өгсөн. Тэрнээс хойш өдийг хүртэл нэг ч шуудай нүүрс өгөөгүй байна.

Түүнээс хойш би Б.Мөнхтуяа болон засаг дарга Б.Бадраатай уулзах гэж Өмнөговьд хэд хэдэн удаа очсон боловч хэнтэй нь ч уулзаж чадаагүй. Б.Бадраа дарга гадагш дотогшоо ажлаар явсан гээд Б.Мөнхтуяа нь болохоор надаас зугатаагаад уулзалгүй нэлээд хугацаа өнгөрсөн. Тэгээд би өөрийнхөө нэг хүнтэй Мөнхтуяагийн Улаабаатарт байдаг гэрийг нь хайж хайж 1-р хороололд байдгийг нь олж мэдсэн. Намайг гэрт нь очиход Б.Мөнхтуяа надад баахан худлаа тооцоо гаргасан материал үзүүлсэн. Мөн "мөнгийг чинь энэ хүнд шилжүүлсэн тэр хүн нь одоо байхгүй үхсэн, тиймээс надад хамаагүй” гэх хариулт өгсөн. Би амьд хүнтэй гэрээ байгуулж, амьд хүнд мөнгө өгсөн болохоос үхсэн хүнд мөнгө өгөөгүй шүү дээ.

-Хэдэн оноос хойш зарга үүсгэсэн юм бэ?

-2011 онд Өмнөговь аймгийн цагдаад мэдүүлж, эрүү үүсгэсэн боловч Өмнөговиос Улсын Мөрдөн Байцаах Газар луу шилжүүлсэн. УМБГ-аас Б.Мөнхтуяаг залилан хийсэн, намайг хохирогч гэж үзэн 83 сая төгрөгний тогтоол гаргасан. Гэтэл жилийн дараа миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Яагаад хэрэгсэхгүй болгосон талаар асуухад Мөнхтуяагийн хэлдгээр "чиний мөнгийг үхсэн хүнд өгсөн байна, цаашид шалгах боломжгүй” гэх хариулт өгсөн.  Ингээд 2013 онд дахин шүүхэд хандахад шүүхийн шийдвэрээр мөн адил 80 хэдэн сая төгрөг гарсан боловч тэр нь явсаар хоёр дахь шатны шүүхийн шийдвэрээр 76 сая төгрөг болж буурсан. Мөн Б.Мөнхтуяа хоёр дахь шүүхээр орохоос өмнө Улаанбаатар хотод байх "Элчин” хотхоны хоёр өрөө байраа бэлгийн маягаар ахдаа шилжүүлсэн байсан.  Шүүхээр явж байх хугацаандаа өөрийнхөө хөрөнгийг бэлгээр шилжүүлсэн нь хууль бус гэж үзэж байгаа.

-Энэ хугацаанд та Б.Мөнхтуяагаас мөнгө авсан уу?

-Өмнөговийн шүүхийн шийдвэрээр надад 200000-аар хувааж нийтдээ 1 00 00 00 гаруй төгрөл л өгсөн.  Ингэж 200000-аар хувааж өгвөл бараг 40 жил болох юм байна. Тэрнээс хойш нэг ч төгрөг аваагүй. Одоо цагаан сар болох гэж байна. Ннутаг руугаа явья гэхээр огт мөнгө байхгүй. Монголд түрээсийн байранд амьдардаг байрныхаа мөнгийг ч төлж чадахгүй болоод байна.

-Хамгийн сүүлд Б.Мөнхтуяатай хэзээ уулзсан бэ?

-Энэ оны 1-р сарын 8-нд Өмнөговьд уулзсан.  Уулзаад бид хоёр хэл амаа ололцолгүй хэрэлдээд салсан. Тэрнээс өмнө утсаар холбогдсон л доо. Тэгэхдээ би эвээр ярьж "цагаан сар боллоо мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэдгээ хэлсэн. Гэтэл өөдөөс хэл амаар доромжилсон. Түүнээс хойш холбоо бариагүй. Сая өнгөрдөг 1 сарын 19-нд Өмнөговийн цагдаагаас над руу ярьсан. Намайг "хүн гүтгэсэн, бусдын нэр төрд халдсан ирж уулз” гэхээр нь би "Өмнөговь руу очиж чадахгүй завгүй” гэдгээ хэлсэн. Гэтэл хүн томилж явуулан надаас мэдүүлэг авсан. Мөн гурав хоногийн өмнө байрны гадаа намайг хоёр залуу  зогсоогоод машин мөргөсөн хэмээн гүтгэж цаг гаруй саатуулсан.  Энэ бүгдийг бодохдоо би Б.Мөнхтуяа нар намайг цагдаагаар дарамтлуулаад байна уу гэх хардлага төрсөн.

-Та Монголд ямар бизнес эрхэлдэг юм бэ?

- "Мандах Өглөө” ХХК-ийг байгуулж Говьсүмбэр аймагт жонс олборлох үйл ажиллагаа явуулдаг.. Манай компани нэг их ашиг олоод байдаггүй ч би олсон мөнгөнөөсөө өрх толгойлсон эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүст бага ч болов тус болох үүднээс тэдэнд тодорхой хэмжээгээр туслахыг боддог. Сая Говьсүмбэр аймгийнхаа хэсэгхэн эмэгтэйчүүдэд өөрийнхөө хэмжээгээр тус хүргэсэн. Намайг үнэлж шагнал өгсөнд маш их баярлаж байгаа. Мөн аймгийн сонингоос ярилцлага авсан.

-Одоо та цаашдаа яах бодолтой байна.

-Би ямар ч байсан Б.Мөнхтуяагаас мөнгөө авна. Эцсийг нь хүртэл явна.  Уг нь "Элчин” хотхоны байрыг нь хоёр дахь шүүхийн шатанд шилжүүлсэн. Энэ байрыг нь битүүмжилж миний хохирлын мөнгийг барагдуулж өгөөсөй гэж хүсч байна. Миний гомдлыг шүүхээс шийдэж өгөхгүй удлаа. Уг нь Монгол улс чинь хуультай орон биз дээ. Үүнээс харахад Монгол улсын хуулийг би нэг талд үйлчилдэг юм байна гэж харж байгаа.

Хятад нэрийг нь ашиглан "Мөнхбилэг-Ану” ХХК-ийг байгуулсан гэх баримт нь

      d8

d10

 d5

1af23ds132fa

Өмнөговь аймгийн Засаг Дарга Б.Бадраагийн дүү Б.Мөнхтуяа

d7

d4

d3

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Bolod.mn  У.Сайхан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.