“Янхан” хочтой жолооч нарын бараан амьдрал


“Янхан” хочтой жолооч нарын бараан амьдралГялалзсан хар өнгөтэй суудлын тэрэг адууны хашаа­ны хажуугаар давхин дааганы хашаанд орж ирээд зогслоо. Машинаас 40 эргэм насны болов уу гэмээр өмнөд монгол эрэгтэй бууж ирээд дөрвөлжин цементэн хавтан дээр гарч зогсоод "Янхнууд аа” гэж чангаар хашгирав. Тэгсэн өглөөний жаварт бээрсэн болжмор шиг хэд хэдээрээ бөөцийгөөд зогсож байсан монгол залуус юу болов гэмээр пирхийтэл гүйлдээд нөгөө эрийг хэдэн талаас нь бүчээд авлаа. Тэгснээ "Хэдэн жолооч авах юм бэ. Та намайг авна гэсэн биз дээ. Хэдэн өдөр машин олдсонгүй. Би явмаар байна шүү дээ. Хөгжилт ах аа, намайг сонгоод авчих” гээд л шуугилдаж гарлаа. "Өнөөдөр ердөө 40 жолооч авна. Хойно уурхай дээр ачаалал ихтэй байгаа гэнэ. Надад 40 янхан л хэрэгтэй шүү. Бусад нь хэрэггүй” гэж дээрэнгүй дуугаар хэлээд, хүмүүсээ сонгож эхлэв. 30 гаруй насны Батсүх гэх залуу ажил олгогч өмнөд монгол нөхрийг царай алдаад л гуйгаад байх. Нөгөөх нь "Чи муу дараа нь цалингаа нэхээд үхчих гээд байдаг биз дээ. Эндээс зайл. Чамайг авахгүй. Дараа нь зодуулж, нүдүүлээд гай болно” гэж загнах. Батсүх тэрийг нь тоож байгаа шинж алга. Тасралтгүй гуйж байна. Бүр нөгөө машинд сууж байгаа хятад эрийн өмнө хүр­тэл очоод сөгдөх нь хол­гүй гуйж гарлаа. Гэвч түүнд ажил олдоогүй юм. Батсүхтэй адилхан 400 гаруй жолоочид мөн машин олдсонгүй. Хэн нэгэн ирж машинаа өгч магад­гүй хэмээн горьдож, баргар царайлан үлдлээ.

Монгол залуус "Янхан жолооч” гэх нэртэй болсон түүх

Хятад, өмнөд монгол эздийн нүдэнд өртөж, машины түлхүүр гардан авсан залуус бөөн баяр хөөр болчихсон зогсож байлаа. Энд тэндгүй хүнд даацын машины асч байгаа дуу чимээ хадаж, тэр хавиар нэг хар утаа суунаг­лав. Ингээд эхнээсээ дааганы хашаанаас адууны хашаа руу хөдөллөө. Машины нүргэл­сэн дуу хадаж, юу болов гэмээр хөл хөдөлгөөнд орох ажээ. Ганц модны боомт дээр нүүрс тээврийн хүнд даацын машины хоёр том зогсоол байна. Мянга орчим машин багтахаар хэмжээтэй, улаан шар өнгийн төмрөөр хашаалсан талбайг дааганы хашаа гэж нэрийджээ. Харин гурван мянга орчим машин эгнүүлээд зогсооход өлхөн багтдаг нүүрсний хөө тортог бужигнасан цэлийсэн том хашааг адууны хашаа гэнэ. Яагаад ингэж нэрлэх болсныг дорвитой тайлбарлаад өгөх хүн алга. Эрчүүд цуглардаг газар болохоор тэгж нэрийдсэн бололтой юм. Хятадууд адуу болон дааганы хашааг машин зогсоох талбай болгон засч тохижуулсан нь энэ аж.

Гурав, дөрвөн жилийн өмнө өдөрт гурван мянган машин нүүрс гардаг байсан хилийн боомтын хөл хөдөлгөөн өдгөө эрс татарчээ. Одоо өдөрт мянга орчим машин нүүрс Монгол Улсын хил даван БНХАУ-ын Ганц модны боом­тоор нэвтэрч байна. Нүүрсний тээвэрлэлт багасаж байгаа­тай холбоотойгоор жолооч нарын тоо цөөрчээ. Гэхдээ Ганц модны боомт дээр огт гэрээ хэлэлцээр хийлгүйгээр хятадуудын нүүрсийг нь тээвэр­лэдэг, хүнд даацын машиныг нь хөлсөөр барьж өгдөг 500 гаруй монгол залуу байна. Монгол жолооч нарыг хятадууд "янхан жолооч” гэж нэрлэх болжээ. Яагаад ингэж нэрлэх болсон шалтгаан нь дараахь учиртай юм байна. Манай улс анх байгалийн баялаг болох нүүрсээ олбор­лож хятадуудад зарж эхлэх үед нэг ч монгол жолооч нүүрс тээвэрлэлтэд явж байгаагүй гэнэ. Урд хөршийн улсын дугаар­тай хүнд даацын машин унасан хэдэн зуун хятад жолооч өмнийн говийг хөндлөн туулж уурхайгаас нүүрс ачдаг байж. Удалгүй Хятад руу нүүрс зөөх тээвэрлэлтийн ажилд монгол компаниуд орж иржээ. Монгол Улсын бүртгэл бүхий тээврийн хэрэгслийн дугаартай, төрийн далбаа бүхий наалтыг салхины шилэн дээрээ наасан арав гаруй машин нүүрс тээвэрлэж эхэлсэн гэнэ. Хил гаалийн байцаагч нар Монголын төрийн далбаатай машин хараад уйлж байсан тухай жолооч нар ярьж байв. Удалгүй салбарын сайд нь "Монгол Улсын нутаг дэвсгэрт нүүрс тээвэрлээд явж байгаа тээврийн хэрэгсэл Монголд бүртгэлтэй байх ёстой. БНХАУ-ын дугаартай машинаар нүүрс тээвэрлэж болохгүй” гэсэн тушаал гаргажээ. Дээрх тушаал ч амжилттай хэрэгжсэн байна. Хятадын нүүрс тээврийн компаниуд шахагдаж эхэлсэн байна.Тэгэхээр нь хятадууд нүүрсний машинаа бүгдийг нь манай улсын компанийн нэр дээр шилжүүлчихжээ. Монголын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дээр хятадууд очиж уулзаад "Бид танай компанийн нэр дээр 300-500 машин шилжүүлнэ. Та бүхэнд нэрийг чинь ашиглаж байгаа хөлсөнд монгол мөнгөөр 50-80 орчим сая төгрөгийн үнэтэй арван машин өгнө. Тэр машинаар нүүрс зөөгөөд та бүхэн ашгаа хүртэж болно. Бид танай компанийн нэр дээр байгаа машинаа яаж ашиглах вэ гэдгээ өөрсдөө мэднэ. Нүүрсээ тээвэрлэх зөвшөөрлийг хэдэн төгрөгөөр хахуульдаад ч хамаагүй авчихаж болно. Нүүрсээ зарж байгаа уурхай, худалдаж авч байгаа хятад компани хоёрыг зөвшөөрүүлж чадна” гэж тохироо хийжээ. Монголын тээвэрлэлтийн компаниуд ч зөвшөөрчээ. Ингээд хятадууд нүүрс тээвэрлэх гарцаа дахиад олжээ. Гэхдээ энэ удаад аваар осол болоод бусад хууль зөрчсөн асуудал гарлаа гэхэд өөрсдөө хариуцлагаас мултарсан аргыг олсон нь энэ аж. Монголд үйл ажиллагаа явуулдаг компанийн нэр дээр бүртгэлтэй хятадуудын машин нүүрс тээвэрлэлтэд явж эхэлсэн байна. Ингэхдээ дандаа хятад жолооч нар машиныг нь унадаг байжээ. Тэгтэл хууль бусаар барил­га дээр ажиллаж бай­сан хятадуудаас болж хөдөл­мөрийн виз манай улсаас цөөн тоогоор олгох болжээ. Үүнээс үүдэн хятад жолооч нар шахагдаж, монгол жолооч нарт ажлын байрны сул орон зай гараад ирсэн аж. Нүүрс тээвэрлэдэг хятадууд монгол жолооч нараар маши­наа унуулж эхэлсэн бай­на. Ингэхдээ жолооч нар­тай цаасан дээр огт гэрээ хэлэлцээр хийхгүй. Зөвхөн аман гэрээ хийж, "Уурхайгаас нүүрс ачаад хил давуулаад ирэх юм бол 800 юань буюу монгол төгрөгөөр 230 мянган төгрөг өгье. Эхлээд 80 мянган төгрөгийг бэлнээр ав. Нүүрсээ буулгасны дараа үлдсэн мөн­гийг нь өгнө” гээд машинаа унуулаад явуулчихдаг байна. Нэг өдөр машинаа унуулсан бол маргааш нь өөр хүнд өгдөг байна. Ингэж л хятад хүмүүсийн мэдлийн машиныг ээлж ээлжээр унаж, нүүрс тээвэрлэлтэд явсаар байгаад монгол эрчүүд янхан жолооч гэсэн нэртэй болсон аж. Жолооч нар ч энэ нэрэндээ ижил дасал болжээ. Бараг л аав, ээжийнхээ өгсөн нэрийг мартсан гэлтэй. Хэн нэгэн "Хөөе янхан жолооч оо” гэж дуудахад эргэж хараад "яасан бэ хө” гэж хариулах юм.

Гадаад паспортоо хоолны газар, зочид буудалд барьцаанд тавьж байна

Адууны хашаанд багцаа­гаар 300 гаруй машин эгнэн зогсчээ. Хятадууд өөрсдөө монгол жолооч нар­тай харилцаад байдаггүй юм байна. Заавал өмнөд монгол­чуудаар дамжуулж харьцаж, машинаа өгдөг байна. Өмнөд монголчууд хятад эзэд болон монгол жолооч нарыг хооронд нь жуулчилж өгөөд дундаас нь ашиг хүртдэг байна. Хятад нөхрөөс нэг машин тутамд 200 юань, монгол жолоочоос ажил олж өгсөн гээд 20 юань авдаг гэнэ. 100 машины жолооч болж өглөө гэхэд нэг машин тутмаас 400 юанийн ашигтай байдаг аж.

Хятад, монголын хилээр өнөөдөр 300 гаруй машин гарч уурхай руу явахаар болов. Урьдчилгаа мөнгө авсан жолооч нар зочид буу­дал руугаа гүйлдэх аж. Халаа­сандаа ямар ч мөнгө байхгүй учир гадаад паспортоо барьцаанд тавиад 20 юанийн зочид буудалд хоног төөрүүлсэн ажээ. Мөн хоол, унд зээлж идсэн мөнгөө хүртэл өгч байлаа. Урьдчилгаанд авсан юанийг зээлэндээ өгөөд дуусах аж. Ингээд бага үдийн алдад машинууд хилээр гарч эхлэв. Хэдхэн цагийн дотор 300 машиныг хоёр улсын хилээр гаргаж байна лээ. Харин ажилгүй хоцорсон жолооч нар Ганц модны боомтын төв гудамжаар холхилдоно. Ихэнх нь халаасандаа мөнгөгүй болохоор хаана хоол, унд идэж, хонох нь тодорхойгүй. Хий дэмий гудамжаар хэд гурваараа алхаж байлаа. "Хаанахын хоолны газрын эзнийг панаалдаж байгаад хоол олоод иддэг юм билээ” гэж тал бүртээ арга сүвэгчилж, шаналж яваа нь тодорхой. Сү жингийн, Далайсүхийн, Вангийн хоолны газар гээд барилга болгонд цайны газар байх юм. Бүр ресторан ч байна. Бантан 10 юань, гурилтай шөл 16 юань гээд монгол хоолны цэс харагдах. Жолоочид цайны газрын эздийг нь гуйж байгаад нэгнийхээ гадаад паспортыг барьцаанд тавиад хоол идэх аж. Цайны газрын эздээс "Өлсөж үхлээ, хоол зээлээр өгчих” гэж гуйгаад хөөгдөх нэг нь ч таарч байв. Цайны газрын эзэд "Чамд хоол өгөхгүй. Мөнгө байхгүй бол эндээс зайл п... минь” гэж загнаад хөөгөөд гаргах. Хоол олж идэхийн төлөө хүн царай алдаж гуйна гэдэг хэцүү ч гэсэн тэд цөхрөлтгүй цайны газар болгоны хаалга татаж явсаар арай гэж хоолтой золгох юм. Тэр өдөр хоол идэж чадаагүй олон залуу байв. Маргааш аз нь таарч нүүрсний тээвэрт явбал мөнгөтэй болно. Мөнгөтэй болохгүй бол Монгол руу нэвтэрч чадахгүй гэсэн үг.

Их үд өнгөрч байхад дааганы хашаанд дахиад очлоо. Хашааны хаалгаар дөнгөж ортол нүүр нь тэр чигтээ цус болж хувцсаа уруулчихсан залуу өөдөөс хүрч ирэв. Ажлынхаа хөлсийг авахаар очтол хятадууд нийлж байгаад газар унагаад зодчихсон гэнэ. Нэгийг нь газарт унагаад дээрээс нь хятадууд дэвсэлж байхад тэнд байсан монголчууд хараад зогсож байсан гэнэ. Хүний нутагт байгаа болохоор нэгийгээ өмөөрч чадахгүй хараад л зогсож байдаг аж. Түүнийг "Чамд зоос өгөхгүй. Би чамд зоос өгөхгүй гэвэл чи яах юм бэ” гээд зодсон гэнэ. Нүүрс тээвэрлэж ирээд ажлынхаа хөлсийг авч чадаагүй олон жолооч байлаа. Гэрэлт гэх өмнөд монгол нөхрөөс ихэнх нь 500-3000 мянган юань авах ёстой аж. Гэвч Гэрэлт нь ажлын хөлсийг нь огт өгөхгүй алга болчихдог байна. Ганц модны боомт дээрээс хайгаад олдохгүй байгаа гэнэ. Хятадын гүн рүү зугтаачихсан гэсэн сураг гарчээ. Мөн Асралт гэсэн нэртэй өмнөд монгол нөхөр ч гэсэн жолооч нарын ажлын хөлсийг өгөлгүй зугтаачихсан байна. Тэд урьдчилгаа мөн­гийг нь өгөөд жолооч нарыг явуулаад байсан гэнэ. Ажлын­хаа хөлсийг нэхэхээр "Маргааш өгнө, өдөр өгнө. Хятад эзний утас холбогдохгүй байна” гэх зэргээр хуурч бай­гаад алга болчихжээ. Бүр 1500 юань авах ёстой жолоочийг хятадуудтай нийлж хэвтэрт ортол нь зодсон бай­на. Хятадууд монгол залуусыг байнга зоддог гэнэ. Ажлынхаа хөлсийг нэхээд очихоор нь энэ мэтээр зодоод явуулчихдаг байна. Цагдаад хэлэхээр сүйд­тэй арга хэмжээ авч өгдөггүй болохоор тэдний хохь болоод үлддэг аж.

Үргэлжлэл бий

Э.Хүрэлбаатар

 

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.