Эхнэрээ хөнөөгөөд цогцсыг нь машиныхаа тээшинд хийгээд зугтсан хэрэг олныг цочирдуулаад байгаа.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн XXIV хорооны нутаг дэвсгэр "Хөрс” худалдааны төвийн гадна талын машины зогсоол дээрээс "Тоёото приус" маркийн автомашины тээшинд бусдын гарт амиа алдсан эмэгтэй хүний цогцос олдсон юм.
Уг хэрэгт Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат талийгаач Б-ийн нөхөр н.Ганням гэх 27 настай залууг сэжиглэн саатуулаад байгаа юм. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад эхнэрээ хөнөөгөөд машиныхаа тээшинд хийгээд зугтсанаа хүлээжээ.
Тодруулбал, тэрбээр "Эхнэртэйгээ муудалцаж хэрэлдсэн. Тэгээд хоолойг нь боочихсон чинь ухаан алдчихсан. Эргэж сэрээх гэсэн боловч сэргээгүй. Эмнэлэг рүү явсан боловч айгаад оруулж чадаагүй. Огт амьсгалахгүй, зүрх нь цохилохгүй байсаар бие нь хөрчихсөн. Тэгээд л машиныхаа тээшинд хийж явж байгаад "Хөрс” захын үүдэнд орхиод явсан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна.
Харин албаны эх сурвалж Нийслэлийн шуурхай удирдлагын төвд нэгэн иргэнээс "Хөрс” худалдааны төвийн үүдэнд зогсож байгаа цагаан машин цус болчихсон байна. Дээр нь энд хүн байгаа гээд цаасан дээр бичсэн байна” гэсэн мэдээлэл ирсэн гэнэ. Ирсэн дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хэлтсийн цагдаагийн албан хаагч очиж, талийгаачийг Баянзүрх дүүргийн XVIII хороонд оршин суух 27 настай Б болохыг тогтоожээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.