Хориод настай, хонгор зүстэй үеэсээ яруу найргийн гүнж замд гарахдаа би чамайг болон олон олон шүлэгч, зохиолч хүнийг их өөрөөр, гоё сайхнаар төсөөлж явжээ. Яг л бичсэн шүлэг шигээ байдаг байх, яг л од харвах шиг гэрэлтэж богино ч бай хамаагүй, амьхан заяагаа хүмүүсийн төлөө, үнэний төлөө үрдэг, зольдог тийм л тэнгэрлэг хүмүүсийн эгнээнд орлоо доо гэж өөрийгөө ирлэж явж. Нэг л мэдэхэд хорь гаруй жил өнгөрч, хэн нь хэн байсныг бид дотроо гадарлах болсон. Харин уншигчид бол үгүй ээ. Яагаад гэвэл биднийг их тунгалаг гэгээнээр хардаг.
Энэхүү, салбар бүр хоёроос гурав, дөрөв хуваагдаж, нэгнээ муу хэлдэг болсон цаг нийгэмд ядахнаа яруу найрагчид, зохиолчид нэгнээ өршөөж, дуугүй байцгаая гэсэн үггүй тангарагт нэгдсэн мэт, биднээс нэгнийхээ тухай сул муу үг унагахгүйг хичээж амьдарсан санагдах юм. Би л лав хувьдаа тэгсэн.
Харин улс төрийн бохир энэ сонгуулиар төдийгүй түүнээс өмнө ч намайгаа "хийцэлсээр” явсан эрхэм найз чамайг би яаж ийм хүн гэдгийг нь мэдэхгүй хорь гаруй жил гэнэнтэж, мэдсэн л хэрнээ үе үе өршөөн цайлгаж, хууртан тэнэгтэж явснаа эргэн санахад харамсалтай байна.
УИХ-ын 12 тойрогт МАН-аас нэр дэвшсэн чи аймаг, сумдын уулзалтууд дээрээ "Ц.Хулан л миний эсрэг байгаа, бусад бүх зохиолч миний талд. Учир нь Хулан намаас тойрог авч чадаагүйдээ хорсоод байгаа юм” гэж чухам үнэнээс даанч хол юм ярьж, яриулж явна.
Чамайг бодоход би энэхүү МАН буюу тэр үеийн МАХН-д аль эрт, 27-тойдоо элсэж, итгэн орсон нам минь харин төдөлгүй Н.Энхбаярын хөллөгөөнд гинжлэгдээд авлига, хээл хахуулийн Монгол Улсыг цогцлоох шав тавихыг шүлэг, нийтлэлүүдээрээ "бөмбөгдөн” эсэргүүцсэний гороор уг намын хүндэт дарга нарт шаар шавхайгаараа дуудуулан орох газаргүй, хийх ажилгүй олон жил явсныг чи байтугай нь мэддэг юм. Тэгэхэд чи тун жаргалтай, нэг бөхийн эхнэр л явсан. Гэвч энэ л тахин шүтлэг, төр самуурахын эхэн үед миний хамгийн босоо шүлгүүд ирэх цагийг зөгнөн;
Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ, би
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ… хэмээн ард олноороо уншдаг болсон олон шүлэг төрсөнд нь баярладаг. Өөрийгөө хэлмэгдсэн амьтан болгож жүжиг тавихгүй л дээ! Ж.Наранцацралтын Засгийн газрыг Масляковт бичсэн жир нэгэн захидлаар нээнтэглэж, хугацаанаас нь өмнө "хусах” хор найруулгын эсрэг,
Эдүгээ цагийн төрийн сайд Наранцацралтуудыг
Эрээн могой шиг ховын хэл бүсгүйн гэзэг шиг ороож байна…
"Эрдэнэт-Од болон бүсгүйчүүлдээ хүргэх шүлэг”, 1998 оны "Болор цом”-ын шүлгээ уншиж, төрийн бүх эрхийг атгасан МАХН-аас хөөгдөх ээлжит сануулгаа авч байсныг ч түүх мэдэх улс багцаална. Цагаа тулахад ойр холын олон хүн нүүр буруулдаг нь аймшигтай юм шүү. Нэг нам ингэж шогтож, ард олны амьжиргааг холбируулан дэнслүүлэн байж улс төр хээвнэг хийдэг болсон цагийн энэ урьтал үед хүмүүс үнэнийг ойлгох хараахан болоогүй л байсан…
Хожмоо МАХН-ыг МАН болгох нөхцөлд түлхэц өгсөн Онц их хурлын хөдөлгөөн гээчийг Т.Гантулга гэгч, Н.Энхбаярын зөвлөх байсан бор залуу санаачилж, хөдөлгөөний есхэн хүнтэй Удирдах зөвлөлд урьж ажиллуулж байснаар түүх үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, би МАН-д хамгийн хэрэгтэй гишүүн нь үеийн үед байсаар ирсэн юм.
Хэзээ ч суудал, тойрог горилдоггүй, ажил төрөл нэхдэггүй, намаа бузар булхайгаас нь сайн дураараа угаагаад өгчихдөг цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэсээр иржээ. Энэ сонгуулиар ч тан шиг царай алдаж, дарга нарын үүд сахиагүйг тэр дарга нар чинь гэрчилнэ.
МАН гэхээсээ тэнд байдаг найз нөхөд, цөөн ч атугай шударга талдаа хүмүүсээс нүүр буруулаагүй, энэ намыг өнгөтэй, өөдтэй, зөв бодлоготой бол дэмжчихсэн, аль өөр намыг гэж урваж шарваж олон нүүрлэж явах вэ хэмээн энэ удаагийн сонгуулиар МАН-даа уригдаад тус дэм болохчоо л болж явна. Тэгээд ч мань мэтээ үгийн баялагтай, үсгийн чадвартай гэдгийг дөрвөн жилдээ ганц санадаг болохоор.
Яаж ч бодсон, нэр холбогдсон намаас, эсхүл Ардчилсан намаас, бүр болохгүй бол шинэ намаас, бие даагаад ч бол нэр дэвшиж би болох байсаан.
Ханийнхаа өвчнийг бүрэн илаарштал хэл ам халдаахгүй гэсэн монгол сүсэг сүжгээ дагаж нэр дэвшихгүй тухайгаа аль гуравдугаар сард хэвлэл мэдээллээр илэрхийлчихсэн байсан юм шүү. Надад төрөөс илүү гэр бүл минь үнэ цэнэтэй. Элдэв заваан сурталчилгаандаа миний нэрийг, ханийн минь сургуулиа төгсөөд ажиллаж байсан Дорноговь аймагт очиж бүү элдвээр яриад яваач. Чамд миний нэр хүнд томдоно.
Муугаар бүү хэл сайнаар ашиглахыг ч зөвшөөрөхгүй, нэрээр минь шат довжоо хийж, дээш ахихыг бүү санаарх! Хамгийн дотно бүхнээ гаргуунд гаргачихаад юу ч болоогүй мэт, нэг л их даруухан, томоотой царайлж ард олныг хуурч, төрийн эрх мөрөөдөж яваа хэдэн хүн байгааг өөрөөрөө жишээлээд саначихаарай.
МАН-аас дэвшсэн хүн бүр, хүүхэн болгон хөгийн амьтад биш ээ. Монгол телевизийн М.Оюунчимэг, "Монполимет”-ийн Ц.Гарамжав, СБД-ийн Ц.Цогзолмаа гээд нийгэм, бизнес, төрд хийсэн юмтай, хэлэх үгтэй бүсгүйчүүл зөндөө байна. Чамайг бодоход тэд нийгмийн болоод өмчийн баялаг бүтээсэн улс.
Харин чиний тойрогт л МАН хүнээ олсонгүй ээ. Англи бүү хэл орос хэлгүй, орос бүү хэл монголоороо бичсэн эцээтэйхэн ганц бүтээлээ нэрлээч! Хэний төлөө, юуны төлөө чи ганц зоригтой дуугарч нийгэмдээ, хүмүүст хэрэг болсон юм бэ? Ж.Баяржаргал редактортой, чиний хормой хотын явдлаа дэлгэсэн хоёр ном ямар нэр хүндтэйгээр цахим ертөнцөд байрлаж байгаа билээ?
Миний л зөв байсан нь он цагийн эрхээр батлагддаг ямар олон юманд энэ олон жил би анд нөхөдгүй юм шиг, ганцаардаж үхэж явж вэ? Харин ч чи бүр үүнд баярлан гялайж, ямар олон худал зүйл миний атаачидтай нийлж нэмж тараан цацаж явсныг чинь, явааг чинь хэлэх үү?
Ардын уран зохиолч Б.Бааст гуайн захидалд дурдсан шиг, чи алдааг нь хэлсэн хүнд өширхдөг хүн юм байна. Уг нь би ч чамд Бааст гуайн адил одоогоос хэдэн жилийн өмнө алдааг чинь хэлсэн. "Бүсгүй хүн байж ажлын өрөөгөө үнэр ханхалсан жорлонгийн эсрэг бүү байлга, заавал өөрчил.
Эндээс л Зохиолчдын хорооныхоо ажлыг эхэлж өөд нь тат” гэж зөвхөн өөрт чинь аминчлан хэлж байсан даа! Чи үг аваагүйгээр үл барам, миний эсрэг улам л "шавьтнасаар” байсан юм билээ. Ж.Баяржаргал гээч дотнын өнөөх найзтайгаа (энэ хүн Төв аймгийн харьяат, "Болор цом” авсан, бас эрхэлдэг МЗЭ-ийн "Утга зохиол, урлаг” сониндоо "Д.Нацагдорж садар самуун эр явжээ” гэдэг зүйл дугаар дамнан нийтлүүлснийхээ шанд түүний нэрэмжит шагнал авсан хүн дээ, зох) БНХАУ-д ажлаар зорчих үедээ Ордос хотын буудалд над дээр ирээд "Хулаан, чи минь л МЗЭ-ийн ТУЗ-ийн дарга бол” гэж санал тавьж орж ирж байсан. Би өнөөх саналыг нь аваагүйгээр барахгүй инээдэм наргиан болгоод татгалзсан.
Үнэндээ ч надад өмнөх ажлаа барахгүй үе их байдаг болохоор дарга цэргийн суудал сонин биш! Гэвч эргэж ирээд, хоёрхон сарын дараа улсын Ерөнхийлөгчдөө бараалхах завшаанаар зохиолчдынхоо тухай, зон олныхоо тухай энэ тэрийг ярьж сууснаа гэнэт та хоёрын саналыг санаж хэлбэл "Чи тэгье л гээд хэлчихгүй?! Зохиолчдоо дэмжье л дээ! Хурал чинь хэзээ болох юм?” гэсэн.
Өөрөөсөө илүүтэй, төрийн тэргүүний өмөг түшигт найдаж, бас найз нөхөд хэлсэн юм, энэ хэдэн зохиолчдын нийгмийн нэр хүнд, амь амьжиргаанд жаахан нэмэр болъё” гэж санасан. Хурал ч тулсан. Гэтэл өнөө надад санал тавиад байсан дарга, найз чи минь улайм цайм миний эсрэг баахан бузар юм хийж амжжээ, хөөрхий.
Албан тушаалын суудлыг амархан олж болдог, анд нөхрийг харин хялбархан хуурч арилжиж сураагүй юм би. Соёлын яамнаас хуралдаа зориулж авсан мөнгөөрөө чи зохиолчдын буусан буудлуудад очиж мөнгө тарааж, архидаж, ухуулж явсан байдаг юм.
За ийм болж, явсугай! гээд хурлыг хаяж дотнын найзын төрсөн өдрийг тэмдэглээд шөнө нь гэрт ирж гар утсаа асаавал "Чамайгаа О.Дашбалбар шиг ганцаардуулахгүй ээ. Бид хамт байгаа! Чи үз. Энэ МЗЭ-ийн завхралыг зогсоо! Хороог эзэнтэй болго! гэх мэт зохиолчдын, найрагчдын мессеж утсаар халгиж, би ч хурлын шийдвэрлэх өдөр ирэн, үдээс хойш гэхэд 214 зохиолчоос ч бил үү, есхөн хүний санал дутаж (тооллогын комисс нөгөө талд ажиллаад ажиллаад тэр шүү,) хайрт Ж.Баяржаргал чинь чамайг цээжээрээ хааж, ямар ч мөрийн хөтөлбөргүй орж бүдүүлэгтэн, дүрэм журам зөрчиж санал хувааснаар чи ялахчаа болсон.
Гэвч энэ бол чиний ялагдал байсан юм. Өнөөдөр чи өөрийгөө ямар ажил хийсэн гэж ташаа тулж зогсоно вэ? Соёлын яамыг хуурч аваад миний эсрэг хуралдаа тэн хагасыг нь зарцуулсан 80 сая төгрөгийг хаашаа хийгээ вэ? Хоёр зуу гаруйхан зохиолч цуглах байтал 800 хүнээр төсөв баримт бүрдүүлж, зохиолчдыг доромжилсон хоолонцор өгч, удалгүй АТГ-ын шалгалтаар бүх булхай чинь илэрч 46 сая төгрөг бэлнээр сейфнээс нь гарсан 201301000395 тоот хавтаст хэргээр чинь 2013 оны аравдугаар сарын 12-нд эрүүгийн хэрэг үүсэж балраад чи хэнийг гуйж аврагдлаа?
Нэр бүхий Ардын уран зохиолчийн Ерөнхийлөгчид хадаг барьж гуйсны ачинд зүгээр мултарчихаад битгий гэмгүй царайл л даа?! Саявтархан нийтлэгдсэн, "Төр чинь хоцрогдсон байна, Ерөнхийлөгч өө!” нийтлэлдээ ч тэр, чиний нэр, тойргийг ч би огт дурдаагүй, илүү том, илүү өргөн ухагдахуунаар ардчиллыг, сонгуулийг бичихийг зорьсон болохоос чамтай зууралдаж доош ороогүй ээ.
Гэтэл чи "Хулан МЗЭ-ийн дарга болоогүйдээ хорсоод л намайг дэмжихгүй байгаа юм гэж энд тэндгүй ярьж яриулж явдаг, таарч дээ! Уг нь чи, чиний хэрэг ч нэг их сүртэй юм биш, тэртэй тэргүй тэрбумаар нь цусалдаг хүмүүс олон болчихоод байхад?! Гагцхүү чи л энэхүү бяцхан ч гэмээр гэмээ, зэмгүй өнгөрсөнд нүглээ наминчлахын оронд улам гаарч, улс төрд улайрахдаа миний нэрийг хачин хөгийн юмандаа хавчуулан унагаж байгаад онцгүй байна. Намайг муу хэлэхгүй бол ажил чинь бүтэхгүй байна уу?
Ш.Лхамноржмаа гэж сайхан найрагч бий. Түүний бие муудлаа. Соёлын төв өргөөнд Д.Пүрэвдорж гуайн ойг тэмдэглэх үеэр шүү дээ. Бүгд байсан. Гэтэл бие нь гэнэт муудаж, түүний эргэн тойронд сандран шаваарсан тэр олон улсаас би өөрийн гар утсаар түргэн дуудаж, нөхөртэй нь цуг түргэний тэрэг тосон гүйж энээ тэрээ болсон. Тэгээд л харьцгаасан.
Харин хоёр гуравхан өдрийн дараа бүх сайтад "Ц.Хулан МЗЭ-ийн дарга болоогүйдээ өширхөж нөхдөдөө агсан тавьснаас Ш.Лхамноржмаагийн бие муудаж сэхээнд хүргэгдлээ” гэдэг аймаар мэдээ тавигдсан байсан. Би бүр гайхсан, юун агсан тавих?! Арай ч чамайг ийм юм хийнэ гэж төсөөлөөгүй. Чи намайг гүтгээгүй гэж биеэ өмөөрлөө ч, Хулан тэгээгүй ээ, бүх найрагч хамт байсан болохоор сайн мэднэ” гэж чи ч, чиний ангийн найз, шүлэг бичдэг эмэгтэй ч ганхийгээгүй.
Харин Ш.Лхамноржмаагийн багш, Ардын уран зохиолч Ш.Дулмаа гуай "Яасан атаа нь хөллөсөн эмс гэж ийм байдаг юм!” гэж та нарын тухай шогширч суусныг л би дуулсан. Хэрэв Лхамноржмаа минь тэр хүнд хагалгаанаас аз ерөөлөөр босоогүй бол би гэдэг амьтан алуурчин болох байжээ дээ, та нарын гүтгэлгээр?.
Одоо ч энэ мэдээ сайтуудад байгаа гэхээр миний нэрийг бузарлаад л байж байгаа гэсэн үг шүү дээ. Эдгэж хөл дээрээ босоод Лхамноржмаа бид та нарын гүтгэлгийн тухай ярьж нэг бус удаа хөхрөлдсөн. Энэ гүтгэлэг ганц удаагийнх биш юм шүү? Д.Пүрэвдорж гуайг бие нь муу, амьдралынхаа сүүлчийн хоногуудыг үдэж байхад би гэж нэг юм, баахан гүйв ээ. Нөхөртэйгөө хамжиж, Элэгний Шагдарсүрэн гуайн эмнэлэгт хагалгааных нь цөөн төгрөгийн зардлыг даав.
Н.Жанцанноров гуай ч кумданг тариа авч өгч, ар гэрийнхэн нь болох үр хүүхдүүд нь ч эрвийх дэрвийхээрээ өргөцгөөлөө. Ээж минь гурилтай хоол эмнэлэг рүү зөөж, эрхэм сайхан буурлыг бүгд л гар дээрээ өргөж нүд аниулсан даа. Харин нас барсны долоо хоногийнх нь дараа "Ноцтой мэдээ” сонинд Ц.Хулан Д.Пүрэвдоржийг хагалгаанд ороод удаагүй байхад өвөр дээр нь сууж хамт архи ууснаас өвгөн таалал болжээ” гэдэг мэдээ гарчээ!
Адгийн амьтад, та нар! Би охин П.Халиунаа, хүргэн н.Гончигсүрэн, П.Нямцэцэг нар дээр нь уйлж очоод тэдэнтэй зөвлөж, бурхан болоочийн 49 хоног өнгөрөөгүй байхад хэл ам хийж ясыг нь өндөлзүүлээд юу хийх вэ гээд л шүүхэд хандаагүй. Цагийн эрхэнд тэгсхийгээд тайвшраад мартсан.
Хэдэн өдөр дотор муухайрсан даа! Харин энэ үед, та нарын хэн нь өвгөнийг эргэж тойров? Хэн чинь хөдөөлүүлэхэд нь ирэв? Үр хүүхдүүд нь, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуай, Ардын уран зохиолч П.Бадарч, Д.Нямаа, миний аав Д.Цоодол…УИХ-аас Д.Лүндээжанцан тэргүүтэй нутгийн ахмадууд, Дарханы дарга нар… Би болон миний хань.. тэгээд л гүйцээ! Та нарыг ямар зохиолч гэх юм бэ?
"О.Дашбалбарын элгийг Анимаа шарж идэж байна” гэж та нар сонинд бичиж байсан тэртээ жилүүдэд ч тэр, улс орон даяар эх оронч найрагчаа үдэн гаргахад та нар л ганц нь ч бараа сураггүй, харин танай ангиас Б.Хишиг-Ундрал л ганцаархнаа надтай цуг "Ерээд оныхноос” гэж зориуд бичүүлсэн туузтай цэцгэн эрих хөшөөнд нь өргөөд зогсож байлаа шүү дээ!!!
Хэнийг өвдөхөд, номоо хэвлэхэд та нар туслав? Ямар олон ахмад зохиолч чамд болон МЗЭ-д гомдож нас барав? Танай нутгийн Хутагт Равжаагаа судлаач, зохиолч А.Шартолгой гуай өнгөрөгч хавар уран бүтээлийн үдэшлэгээ УДЭТ-т хийж зохиолчдын эвлэлийн дарга чамд болон Удирдах зөвлөлд чинь 20 гаруй урилга явуулахад ганц ч хүн ирээгүй. Энэ байдал дэндүү газар аваад олон жил боллоо.
Эрдэмтэд, судлаачид, олны таньдаг сайхан сайхан зохиолчид, тэр дундаа миний аав ч гэсэн мэргэжлийн ордноороо орохгүй болоод олон жил болж байгааг чи юу гэх вэ? Гурван давхар, давхар болгон нь түрээсийн олон өрөөтэй, зургаахан хүний цалин тавьдаг МЗЭ-ийн байрны түрээсээр орж ирсэн мөнгөө юунд зардаг гэдгээ яагаад бидэнд тайлагнахгүй байгаа юм бэ?
Д.Нацагдоржийн музей алга боллоо хэмээн гурван жилийн өмнө олон нийт шаардсаны хүчинд та нар хамгийн дээд давхрын нэг умгар өрөөнд их зохиолчийн гар бичмэл, эд өлгийг дэлгэж тавьж нүд хуурсан.
Соёлтой оронд, боловсролтой хүмүүс музейн хадгалалтын стандартыг мөрддөгийг чи мэдэхгүй л дээ. Харин тус музей байрлаж байгаад та нарын үед гуанз болгон түрээсэлсэн, Гэрлэх ёслолын ордны ард талын хоёр давхар өрггөтгөлийн байрыг хэнээс нууж нөөцлөөд байгаа юм?
Өнөөдөр гэтэл ийм хөлдүү чи төрийг хямралаас гаргах юм гэнэ! Төрийг бүү хэл, төрийн бус байгууллагыг аваад явчих мэдлэг, боловсролгүй, за бүр дүүрчээ гэхэд, ядаж чамд сэтгэлийн боловсрол алга юм байна. Уг нь би чамайг говийн хүн голдоо нартай, хүний хатгаасанд ордог гэж бодож явсан, худлаа юм байж. Дагуулж очсон нөхдийг далдуур урвуулдаг онцгой чадварыг чинь хэн хүн андахгүй болсон байна лээ. Мөргөдөг үхрийн эврийг тайрдаг, зуудаг нохойг гинжилдэг шиг, ховоор амьсгалж, хорон хэргээ бүтээж яваа асар завтай хүний хошууг нь тайрвал таарна.
Энэ цагийг цөвтүүлж буй муу муухай араншин бүхэн яруу найрагчдаас холуур байх ёстой. Бид л оройн туг байж, ёс суртахуун, хүн чанарын үлгэр болж хэрэг гарвал өөрийгөө ч золиослох үнэний дуу хоолой байх ёстой. Би хар багаасаа л тэгж ойлгосоор ирсэн.
Жинхэнэ найрагчдаа Монголын, Монголын биш гэлгүй дээдэлсээр, уншсаар яваа жирийн уншигчид маань чи бидэн шиг нэр алдартнуудыг бодоход ямар чимээгүй даруухан атлаа агуу гавьяатай улс вэ? Биднийг шүлгээр уралцаж, өөр хийх юмгүй алиалж явахад тэд нийгэмдээ бодитой хувь нэмрээ оруулж улсаа хөгжүүлсэн.
Ийм улс л уг нь сонгуульд нэр дэвших ёстой байсан, энэ замыг хаасан өөдгүй улстөрчдөд л зэвүү хүрэхдээ би дээрх нийтлэлээ бичсэнийг хүмүүс ойлгосон байна лээ.
МАН-аас УИХ-ын 12 дугаар тойрогт нэр дэвшсэн Г.Мөнхцэцэг гэж нэг ийм эмэгтэй Сономын Удвал гуайтай өөрийгөө зүйрлэн "Бага Удвал” хэмээн олон түмэнд хайрлагдсан, Монголын утга зохиолыг дэлхийн түвшинд гаргаж яваа хэмээн хөдөөгийн итгэмтгий түмэн олонд сурталчилж яваа.
Тэрбээр МАН-ын нэр хүнд, дэлгэр их мөнгө, олон алдартан дагуулж яваагаараа сонгогдчих байх. Уг нь нам биш, хүнийг л сонговол дээр байдгийг Дорноговь, Говьсүмбэрийн ард түмэн мэргэн ухаанаараа шийдэх байлгүй дээ.
Хүнд өөрийгөө засах боломж хэзээд байдаг. Чамд байгаа, миний хааяа ч гэсэн олж хардаг сайн сайхан чанараа сэргээгээч! Үеийн нөхөд, үй олны дунд өчүүхэн нэрийг минь унагалгүйгээр цаашид амьдрахыг л чамаас хүсье. Ам, ажил зөрөхгүй, үнэн, гэгээн амьдрах нь сонгууль мэтхэнээс үлэмж чухал юм шүү! гэсэн үүгээр өөрт минь ч таагүй эл бичвэрээ зогсооё. Энэ тухай олон жилд анх удаа уран бүтээлч нөхөд, түмэн олон уншигчдадаа хэлээд дотор жаахан онгойлоо.
Жич: С.Удвал гуайн дотнын анд нөхөр Б.Баастаас Г.Мөнхцэцэгт бичсэн захидал, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Зундуйн Дорж агсны гэрээс ярилцлага, Соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очирын нийтлэл, Хөдөлмөрийн баатар Л.Түдэвийн 30-р боть”Нацагдорж үе дамжин хэлмэгдсээр” өгүүлэл, СГЗ эрдэмтэн судлаач С.Лочингийн "Нацагдорж” ном зэргээс миний хэлсэн үг бүхэн үнэн гэдэгт үнэмшиж болно. Сайн үйлс дэлгэртүгэй.