Оршил нь Хөвсгөл
Оргил нь Бүрэнхаан
Урсгал нь Дэлгэрмөрөн
Уянга нь Дэлтэй цэнхэр
Энэ нь л 4 мөртөөс юуг өгүүлэх гэж байгаа нь тодорхой байгааа биз. Хөвсгөл. Монгол улсын төдийгүй, Олон улс, Дэлхий нийтийн экологийн онцгой ач холбогдолтой бүс. Чоно борооноор гэгчээр уул уурхай, түүнээс үүссэн авилгал, ядуурал гүнзгийрсэн, улаан мөнгө шүтлэг болж, уул ус хог шиг үзэгдэх болсон энэ үед Хөвсгөлчүүд, цаашлаад Монголчууд, Дэлхий нийт оршил хэлэх Хөвсгөлгүй, оргилоо бишрэх Бүрэнхаангүй, урьсгалыг нь тольдох Дэлгэрмөрөнгүй, уянгыг эгшиглүүлэх Дэлтэй цэнхэргүй болох нь.
Учир юу гэвээс мөнгө, хямрал ярьсан энэ үед хэвлэлийн хуудаснаа Эрдэнэт-Хөвсгөлийн Овоотын чиглэлд төмөр зам тавина, уул уурхайн баялгыг эргэлтэнд оруулна, ачаа эргэлт нэмэгдэнэ, хөгжил ирнэ гэх мэт мэдээлэл, нийтлэл чоно мэт чимээгүй гэтэж, могой мэт хүйтнээр мөлхсөөр. Ургамал амьтан ингэж мөхнө, уул усыг ингэж эргүүлнэ, уламжлалт мал ахуй, соёл ингэж дотойтно, уух усгүй ингэж харангадна гэж судалж, үнэлж, тайлбарлах нь хориотой мэт, чимээгүй. Цаашлаад төмөр зам, уул уурхайн төслүүд усны хагалбар, эх болсон Хөвсгөл нуур, Идэр, Тэс, Дэлгэрмөрөн, Сэлбэнгэ зэрэг гол мөрнүүд, тэдгээрийн цутгал Увс, Байгаль нуурт ноцтой аюул учрахаар байгааг доорхи зурагнаас харж болохоор байна.
Наад захын жишээ дурьдахад төмөр замын төслийн хэрэгжүүлэгч Нортерн рэйлвэйс ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хийж ирүүлээгүй, хянуулаагүй, батлуулаагүй байхад Ч.Сайханбилэгийн засгийн газар МАН-г тэнхимээсээ байгаль орчны сайдтай нь хөөснөөс хойш ажлын хоёр хоногийн дараа хуралдаж 2015.08.10-нд концессын гэрээ хийх эрхийг агентлагтаа /Хөрөнгө оруулалтын газар/ өгөөд, 2015.08.20-нд шинэ сайдууд томилогдохоос өмнө уг концессын гэрээг агентлаг нь байгуулсан байх юм. Эмгэнэлтэй нь төмөр зам барих тусгай зөвшөөрөлгүй газартай гэрээ байгуулснаа гэнэт санаж 2015.10.26-нд төмөр зам барих тусгай зөвшөөрөл олгох тогтоолыг гаргаж, байгаль орчны үнэлгээгээ ирүүлээгүй, хянуулаагүй байхад уг тусгай зөвшөөрлийг олгожээ. Төр засгийнхны ажил, үйлдэл бүр нь далд хуйвалдаан, хэдхэн хүний луйврын шинжтэй.
Монгол улсад төмөр замыг дагасан ямар сум суурин хөгжив, сүүлийн 20 жил уул уурхайн олборлолт хийлгүүлсэн, ухуулсан, цоолуулсан ямар сум суурин хөгжив, нутгийн иргэд хэрхэн дэвжив, ямар компани нөхөн сэргээлт хийж унаган төрхөнд нь оруулж, чандмань эрдэнэ уул усыг шинээр бүтээв?, хэлээд өгөх хүн байна уу, таминь?.
Төмөр зам дагасан суурин, уул уурхайн бүс нутагт явуулын хулгай, дээрэм, тонуулчид нэмэгдсэн, цус ойртож мөхөж дүрвэсэн амьтад, манарсан шороо, овоолсон элс, шүншиггүй газар, сүнсгүй иргэд л үлдэж.
Монгол улсын маань байгаль, биологийн нөөц, уул усны эх болсон хоймор нутагруу хорт могой хэдийн чиглэжээ!. Үүнийг өмгөөлөн хамгаалах эрхтэн дархтан, нутгийнхний шууд төлөөлөл, нүд чих байх үе үеийн дарга нар, УИХ гишүүд хаана байна аа?.
Эх сурвалж: Шуурхай.мн