УИХ-ын 2018 оны намрын чуулганы хаалт хуулийн дагуу энэ долоо хоногт таарч байгаа. Хэлэлцэх асуудлуудын дунд цагаачлалын тухай асуудал бий.
Энэ нь "Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц байршлын тухай" УИХ-ын тогтоолын төсөл. Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоож өгчээ.
Гэвч энэ тогтоолын төсөл "поп”-чдын хувьд хэрүүлийн алим болж багагүй өнхөрч мэдэхээр байгаа юм. Учир нь, ердөө л жил орчмын өмнө БОАЖ-ын сайд БНХАУ-ын иргэдийг Монголд визгүй нэвтрүүлэх гэж байна гэх мэдээлэл тархаж, холбогдох албаныхан үзэн ядагдаж, ёстой л элдвээрээ дуудуулсан. Мэдээж тухайн үеийн БОАЖ-ын сайд болон холбогдох мэргэжилтнүүд тэрхүү ташаа мэдээлэлд хариу өгсөн.
Угтаа бол Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "Хөрш орнуудтай хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ, маршрутыг хөгжүүлэх” талаар тусгагдсаныг хэрэгжүүлэх гэсэн байдал. Үүний тулд Хятад улсаас аяллын тусгай хөтөлбөртэй, хариуцах эзэнтэй, бүлэг жуулчдад хөнгөлөлттэй хэлбэрээр виз олгох асуудлыг судалж эхэлсэн байдаг. Гэтэл өнөө "поп”-чид нь дээрх асуудлыг Хятадын жуулчдыг визгүй оруулах гэж байгаа мэтээр мушгин гуйвуулж эхэлсэн.
Яг үүнтэй адил "Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы хаалттай зэрэгцүүлэн хэлэлцэх гэж байгаа нь эрх баригчид "ногоон гэрэл"-ээр батлахаар шийдчихэж гэх хардлагыг төрүүлж эхлэв.
Учир нь тогтоолын төсөлд зааснаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоохдоо ОХУ-ын харьяат иргэн 30-аас дээшгүй, БНХАУ-ын харьяат иргэн 30-аас дээшгүй, бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй хэмээн заасан байгаа. Тиймээс л "поп"-рох хүсэл нь байнгын оргилж байдаг зарим улстөрчийн хувьд энэ нь нүдээ аньж өнгөрөөж боломгүй асуудал бас тоон үзүүлэлт. Угтаа бол хөрш орнуудын иргэдэд илүү тоо оногдуулсан болов уу гэж бодоод өнгөрч болох. Гэвч үнэн хэрэгтээ гэр бүлийн байдлаас шалтгаалан өмнөд, хойд хөршөөс "хүргэн, бэр" болж ирэхээр зэхсэн иргэн олон байдаг юм билээ.
Мэдээж аливаа улсад, тэр дундаа эх оронч хэмээн чээжээ дэлддэг хүмүүст бол цагаачлалын асуудал бол маш хүнд сэдэв. Гэвч аливаа ард түмний хүн амын тоо хийгээд цагаачдын тооны харьцаа зэргийг бодолцож үзэхгүйгээр дээрх хуулийн төслийг "гулгуулан" батална ч гэж юу байх вэ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гэж заасан.
2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Монгол Улсын хүн амын тоо 3,119,935 байгаа бөгөөд хүн амын 3 хувь хүртэл буюу 93,600 гадаадын иргэн тус улсад оршин суух боломжтой юм. Манай байгууллагад бүртгэлтэй 117 орны нийт 25,003 буюу Монгол Улсын хүн амын 0.8 хувьтай тэнцэх гадаадын иргэн оршин сууж байна. 25,003 гадаадын иргэнээс хөдөлмөр эрхлэгч 10,179, суралцагч 1,842, хөрөнгө оруулагч 3,146, цагаач 1,960, албан хэргээр оршин суугч 569, гэр бүлийн болон хувийн бусад шалтгаанаар оршин суугч 7,307 байна. Сүүлийн 15 жилийн статистик тоон үзүүлэлтээс авч үзэхэд гадаадын иргэд тус улсад 2011-2014 оны хооронд олноор оршин сууж байсан байна” хэмээн мэдээлэл өгч байсан.
Мөн Монгол Улсад цагаачилсан гадаадын иргэдийн тоог харвал 2011 онд хоёр, 2012 онд гурав, 2014 онд найман бий гэсэн албан тоо байдаг. Харин энэ удаа Засгийн газраас өргөн мэдүүлэхээр тогтсон хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж баталсан тохиолдолд Монгол Улс 2020 оныг хүртэл 100-аас дээшгүй гадаадын иргэнд цагаачлал олгоно гэсэн үг.
Манай улсад хайртай, дуртай гэж хэлээд л цагаачлах боломжгүй гэдгийг холбогдох хууль, журмаараа тогтоосон байдаг. Тухайлбал, цагаачлахыг хүссэн иргэний сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс багагүй байх, дээд боловсрол буюу Монгол Улсад онц чухал шаардлагатай мэргэжил эзэмшсэнээс гадна гэмт хэрэг ял шийтгэгдээгүй, өмнө нь Монгол Улсаас албадан гаргуулж, орох эрхээ хязгаарлуулж байгаагүй нэгэн байх, гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг эх, эмэг эх, өвөг эцгийн), дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэгийн өвчний шинжилгээний бичиг болон сэтгэцийн өвчтэй эсэх тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа, амьжиргааны эх үүсвэрийн талаарх баталгаа гаргуулах зайлшгүй шаардлагатайг холбогдох хууль, журамд тусгасан байдаг.
Тэгэхээр тусгаар улсын хувьд хүн амын тоогоо харгалзан, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу гадны иргэдийн асуудлыг шийдвэрлэх нь тодорхой байтал ЦАГААЧЛАЛ гэх үгийг чуулганы хаалтын үйл ажиллагаатай холбон "поп"-pox сэдэв болгох тийм ч эрүүл үзэгдэл лав биш болов уу.