Тамирчдын хувцас ба 311 сая төгрөг


БНСУ-ын Пёнчан хотноо Өвлийн XXIII олимпын наадам болно. Энэ сарын 9-нд буюу баасан гарагт нээлтээ хийх уг наадамд Монгол Улсыг төлөөлж дөрвөн тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорих юм байна. Тамирчдыг үдэх гаргах ёслол сайхан болох нь гарцаагүй. Одоогоор тамирчид бэлтгэлээ ханган, тэмцээнд тус тусын амжилтаа ахиулж, эх орныхоо нэрийг гаргана хэмээн байгаа. Тамирчдыг ахлан явах багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллах гэнэ.

Улс орны төлөөлөн дэлхийн олон улсын тамирчидтай хүчээ сорих хүмүүсийн хувцас өнгөтэй өөдтэй байх нь чухал. Тэгвэл өнгөрөгч сарын 30-нд олимпын наадамд оролцох тамирчдын биеийн тамир, бэлтгэлийн хувцсыг гаруулсан. Үнэ өртөгний хувьд тэнгэрт хадсан, өнгө зүс нь олон нийтэд таалагдсангүй. Нийгмийн сүлжээ буюу нүүр ном, твитр хуудсаар бөөн хэрүүл. Царай дарсан, их мөнгө зарлагадсан гээд л маргаж байх. Монголын биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц үүнд хариу илгээсэн байлаа. Иж бүрэн 280 ширхэг хувцсыг 311 саяар хийлгэсэн хэмээн дуулгав. Түүний хэлснээр "Joma” брэндийн пүүз, бэлтгэлийн хувцас, гадуур кросст гүйхдээ өмсдөг зузаан куртик, малгай, бээлий, ороолт, цүнх орж байгаа аж. Нэг хүний иж бүрэн хувцас сая гаруй төгрөгийн өртөгөөр урлагджээ.

За энэ бүхэн тусгайлсан хувцас болохоор ийм хэмжээний өртгөөр боссон юм уу даа. Гэхдээ тав хүрэхгүй тамирчин оролцоно гэчихээд 280 сэт хувцас захиалах нь ямар учир байна. Төсөв хөрөнгө хэцүү байгаа үед бага зардлаар эх орны нэрийг баалуулчихгүй хувцас хийлгэж болоогүй л юм болов уу. Өнгө хийцийн хувьд ёстой хэлэлх ч үг байхгүй гэдгийг сошиалд ярьсаар. Худалдаанд гаргавал тоож харахааргүй загвартай. Дээр нь бараан гэхэд арай. Эсвэл хар бараанаас өөр өнгө сонгох боломжгүй байсан хэрэг үү. Үйлдвэрлэгчид 311 сая төгрөгийн шахаа хийчихэв үү гэсэн бодол ч төрж байгаа. Ер нь ч нэг тийм зийвхий гэдэг дээ. Ямар ч хийморь сүлд, цог золбоо алга. Иш чааваас гэж л харагдах.

Үүнээс ганц зүйл л анхааралд татаж байгаа юм. Дөрвөн тамирчинг даган хэчнээн хүн явах бол. Магадгүй 40-50 эрхэм дагаж, илүү дутуу хавчуурганы гарууд ч зугаалгаар одох биз. Биеийн тамир спортын хорооны даргаас авахуулаад бараг цэвэрлэгч хүртэл хөгжөөн дэмжиж, дасгалжуулахаар мордох нь. Эх сурвалжийн мэдээлснээр ямар нэг тэмцээн уралдаанд байгууллагын санхүү нь хүртэл дагаж явдаг аж. Ямар хэрэгтэй гэж илүү зардал гарган дагуулдаг нь гайхалтай. Магадгүй тамирчдын уралдааныг санхүүгийн аргаар хэмжиж дасгалжуулахаар явдаг байхыг үгүйсгэхгүй.

Дөрвөн тамирчин Пёнчаныг зорих атал 311 сая төгрөгөө хачин загвар муутай хувцас хийлгэж, тэрийгээ 280 тамирчингийн хувцас хийлгэсэн хэмээн зарлах Монголын биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц зөв үйлдэл хэмээн тайлбарлаж байгаа бол харамсалтай л юм. Дөрөвхөн тамирчнаа олны нүдийг бүлтэртэл гоёх хэрэгтэй. Их хэмжээний мөнгөний цаана элдэв хор ч байгааг үгүйсгэх аргагүй. Хувцасны зардал ийм бол очих, ирэх тийз, байрлах, хоол ундны зардал ч талийгаад өгөх биз.

Хоттой хонь руу дайрах өлөн чоно мэтээр төрийн мөнгө рүү улайран орох нь Монголын ихэс дээдэс, хурган дарга нарын зан болж дээ.

Э.Мөнгөнбаяр

http://www.24tsag.mn/content/159512.shtml

Тамирчдын хувцас ба 311 сая төгрөг

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.