Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулдаг уламжлалтай.
Нийслэлийн хэмжээнд 2023 оны I ээлжийн цэрэг татлагыг 2023 оны 05 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Хан-Уул дүүргийн I ээлжийн цэрэг татлага дүүргийн Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр явагдаж эхэллээ.
Хан–Уул дүүргийн I ээлжийн цэрэг татлагын арга хэмжээг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга С.Энхбаяр "Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар цэргийн эрдэмд суралцаж, бие бялдрын өв тэгш хөгжилтэй, хатуужил тэвчээртэй иргэн болгон хүмүүжүүлдэг алба. Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргийнхээ дагуу цэргийн жинхэнэ албанд татагдахаар ирсэн залуучууд Та бүхэнд эх орноо батлан хамгаалах ариун үүрэгтээ үнэнч байж, цэргийн жинхэнэ албаа нэр төртэй үлгэр жишээчээр хааж, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаад талархаж байна. 2023 оны I ээлжийн цэрэг татлага нээснийг мэдэгдье” хэмээлээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн цэрэг татлагын байрыг олон улсын шаардлага, орчин нөхцөлийг хангасан бүх талбайг камержуулсан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглосон, цэргийн албанд татагчдын нарийн шинжилгээнүүдийг цэрэг татлагын байранд авч, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж байна.
ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙРАНД ИРЭХДЭЭ:
-Иргэний үнэмлэх
-Цэргийн үүрэгтний үнэмлэх
-Мэргэжлийн үнэмлэх
-3*4 хэмжээтэй хоёр хувь цээж зураг авч ирнэ үү.
Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд Цэргийн албаны тухай Монгол улсын хуулийн 36-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15-ын 17 дугаар зүйлийн 1, 2-р хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Цэргийн насны нийт залуус цэрэг татлагад идэвхтэй хамрагдана уу.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧОО