Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 1990 онд өрнөсөн нийгмийн цоо шинэ үйл явцын талаар Монголчууд 30 жил ярьж, олон мянган хүний сэтгэл зүтгэлийг хэвлэлүүд домог болтол бичиж ирсэн.
Гучин өвлийн дараа Ардчиллын нэр хүнд 1990 оны жавар тачигнасан өвлийн өдрүүдтэй харьцуулах юмгүй урууджээ. Шударга ёс, хариуцлага, үндэсний эв нэгдлийг нэгдүгээрт тавин урагшлах учиртай байсан “Зөв ардчилал”-ыг хэн нэгэн этгээд аль хэдийнэ нуун далдалсан болохыг иргэд ойлгож, ардчилалд итгэсэн Монголчуудын урам хугаран, итгэл үнэмшил хэдийнэ алдагджээ.
Ардчилсан хувьсгал Монголд улс төрийн намын цоо шинэ тогтолцоог бий болгосон. Шударга ёс, хариуцлага, үндэсний эв нэгдлийг дээдлэгч улс төрийн үзэл санааны нэгдэл болох Ардчилсан үзэлтэй улс төрийн намууд олноор мэндэлсэн.
Эдгээр улс төрийн намуудын толгойд өнөөдөр лидерийн хэмжээнд нэрлэгддэг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, З.Энхболд, Б.Баабар нарын олон улстөрчид заларч иржээ. Тухайн үед тэд шинэ нийгмийг бүтээхийн тулд хуучин МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос юу шаардаж байсныг дор өгүүлье.
...Ард түмнээ ядууруулан, улс орноо асар их өрөнд унагаагаад, байгалийн баялгаа цөлбөн дээрэмдэж, шилдэг хөвгүүд, охидоо хэлмэгдүүлэн ялт ажиллагаа байнга үйлдсэн өнөөгийн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээрээ нэн даруй огцрохыг, нийт Улс төрийн товчооны гишүүний асуудалтай амь насаараа дэнчин тавьж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна!
Энэ бол 1990 оны гуравдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтэй Ардчилсан холбоо эвслийнхний ээлжит мэдэгдлийн багахан хэсэг.
Мэдэгдэл, шаардлага, жагсаал цуглааны үр дүнд Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, залуу ардчилагчид Засгийн эрх барих түвшинд бөөн бөөнөөрөө орж ирцгээсэн билээ. Нийгэмд өөрчлөлт авчирсан 1991 оны Цагаан морин жилийн хувьсгалаас хойш 30 жилийн дараа харин Монгол орон хэрхэн өөрчлөгдсөн бэ.
1. Монголчууд Ардчилсан сонгууль явуулж, сонголтоо чөлөөтэй хийдэг болов. Хилийн дээс алхан, дуртай орондоо сурч, ажиллан, амьдардаг болсон. Иргэд хөрөнгөтэй болж, малчид малаа хувьдаа авсан зэрэг давуу талууд бий.
Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр тогтолцооны жигшим гажуудал үүсч, Монголд гажуудсан Ардчилал хэдийнэ тогтжээ. Хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлын эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг гол лоозонгоо болгосон Ардчиллын лидерүүд нийгмийн хамгийн чухал үзүүлэлт “Зөв ардчилал”-д заавал байх учиртай өөрийн эрх чөлөөгөөр бусдын эрх чөлөөг дарангуйлахгүй байх зарчмыг мартуулав. Шударга ёсны тухай, хариуцлагын тухай, эв нэгдлийн тухай ойлголтыг Монголчуудын ой санамжаас арчин хөөлөө.
Иргэд улс төрийн намуудыг шүтэн биширч, баруун, зүүн Монгол, төв халх гэх мэт явуургүй үзэлд хуваагдан үндэсний эв нэгдэл сарнин алга болоход тулсан байх юм. Харин ардчилагчид гажуудсан ардчиллаа “нялх” хэмээн өхөөрдөж, өөрсдийгөө суут ухаантанд өргөмжлөн, хагаран бутарч, эв нэгдэлгүй болсон ард иргэдээ мэдлэггүй, боловсролгүй хэмээн дорд үзэх болжээ.
2. Монгол Улсын бүх үйлдвэрүүд хувьчлагджээ. Өнөөдөр үндэсний үйлдвэрийн тоонд багтаж, улс орны эдийн засгийг тэтгэх байсан шүдэнзний, гутлын, ноос ноолуурын, ээрмэлийн, хивсний, арьс ширний, оёмол даавуун эдлэлийн, савангийн, шилний зэрэг үйлдвэрүүд бүгд дампуурч үүд хаалгаа бариад удсан. Үйлдвэрүүдийн барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгүүд хувьчлагдаж энэ барилгуудад Ардчилагчид эзэн суусан байх юм.
3. Өөрийн гэсэн ардчиллын замгүй, гажуудсан ардчилалд дөрлүүлсэн Монгол Төрийн хоймор зөвхөн хувиа бодсон, эрх дархаа алдахгүй гэж хичээсэн улстөрчдийн дураараа авирладаг тайз болон хувирав. Хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө ярьсан, хэт задгай авиртнууд олон арваараа төрж, газрын баялаг цөөхөн хүний халаасанд очлоо.
Хуучин нийгмийн удирдлагыг ард түмнээ ядууруулсан, улс орноо асар их өрөнд унагаасан, байгалийн баялгаа цөлбөн дээрэмдсэн хэмээн загнан, зандарч байсан ардчилагчид байгалийн баялагийг лиценз нэрээр өөрийн юм шиг дураараа авч, бондын мөнгө, зээлийн хөрөнгийг үрэн таран хийж, улс орноо өрөнд унагаан, ард иргэдээ ядууруулсан байх юм. Үр дүнд нь авлига хээл хахууль гаарч, Төрөөс төрсөн авлигчин, оффшорчдыг ардчилагчид тэргүүлэн манлайлах болов.
4. Иргэдийнхээ саналыг бэлэн мөнгө, хоосон амлалтаар худалдаж авдаг улс төр төлөвшив. Ардчилагчдад ард иргэдийн амьдрал өөдлөх өөдлөхгүй, маргаашдаа итгэх итгэл алдагдах эсэх нь хамаагүй болсон.
Учир нь энэ он жилүүдэд ардчиллын загалмайлсан эцгүүд тэрбумтан болж, “Хаан ширээ”-ний төлөө эрээ цээргүй өрсөлдөх болсон. Тэдний ашиг сонирхол Ардчиллын туг байх ёстой намаа хэд дахин нийлүүлэн, салгаж, ашиг сонирхлоороо салан тусгаарлах нь энүүхэнд болов. Лидерүүд нь нэг нэгнээ хүний ёс, нөхөрлөлийн зарчмаас гажсан адгийн муу үгээр хараан зүхэж, алдаан дээр нь дөрөөлж шоронд хорьж, гутаан доромжилдог болсон.
5. Анх амлан гарч ирсэн шударга нийгмийн тогтолцоо, хууль ёсыг сахих зарчим тэдний ой санамжаас хэдийнэ арчигджээ. Гучин жил бол бага хугацаа биш. Нэг хүний ид хийж бүтээх идэр нас. Харин цагтаа ардчиллын туг, Ардчилсан намын фон болж явсан 30 настай залуучууд яг одоо 60 насны босго алхасан өвөө нар болцоожээ.
Тэд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг ард түмнээ ядууруулж, өөрсдөө баяжсан түүхтэй, ахин Засгийн эрх барихаар улайрсан дажинтай, намаа таван тийш тараан тасдахад бэлэн болсон хилэнтэй угтаж байна.
Монголын нийгмийг эмхлэх биш эвдэж, иргэдээ хагалан бутаргаж, эв нэгдлийг алдагдуулж, эдийн засгийг сэргээх биш дордуулж, өөрсдөө хөлжин баяжсан 60 настай, тэрбумтан өвгөдөд одоо “Баяртай” гэж зоригтой хэлцгээе. Та бүхэн тэтгэвэртээ гарч, самарч гүйцсэн нийгмээ амраан, эрүүлжихэд сүүлийн хувь нэмрээ оруулна уу!