Сүүлийн үед олон улсын харилцааны онолчид, цэргийн стратегич, удирдагчид дайн, тайван цагийн ялгаа улам бүр алга болж буйг онцлон ярьж байна. Үүнд дөрвөн гол үндэслэл бий. Дайныг зөвхөн цэргийн хүчээр биш улс орны бүх төрлийн хүч хэрэгслийг ашиглан холимог аргаар явуулах болж, дайны сонгодог утга байхгүй болсон, эдийн засгийн хувьд ашиггүй дайнд оролцох хүсэл сонирхол аливаа улсад байхгүй болсон. Дайн явуулах хүрээ өргөжиж уламжлалт дайны талбараас өөр орчинд дайсагналцах болсон, дайн улам бүр тактик, оперативын арга хэрэгслээр стратегийн ялалтад хүрэхэд чиглэсэн стратегийн сэтгэлгээний өрсөлдөөн болсоор байна.
Дайныг улс орны бүхий л төрлийн хүч хэрэгслийг ашиглан холимог байдлаар явуулдаг болов. Сонгодог утгаар дайны зорилго бол улс орон, хүн ам, газар нутгаа бусдын түрэмгийллээс зэвсэгт хүчээр хамгаалах явдал. Дайн бол өөрийн хүслийг нөгөө талдаа хүчирхийллийн аргаар тулган хүлээлгэх ажиллагаа гэж 1800-аад оны эхээр амьдарч байсан Пруссын генерал, дайны онолч Карл Вон Клаусвич "Дайны тухай” номондоо бичсэн байдаг. "Хүн төрөлхтний түүх бол дайны түүх” ч гэж ярьдаг. Дайны шинж чанар л өөрчлөгдөхөөс мөн чанар нь хувирдаггүй. Овог аймгуудын хоорондын зөрчлөөс өнөөгийн дэлхийн I, II дайн хүртэл дайны шинж чанар л өөрчлөгдсөн болохоос мөн чанар нь бол үгүй. Өрсөлдөөнөөс сөргөлдөөн, сөргөлдөөнөөс зэвсэгт тэмцэл, зэвсэгт тэмцлээс дайн гэсэн хэмжээстдайны хүрээ өргөжсөн байна.
Барууны номлолоор дайнд DIME (diplomatic, information, military, economic) гэх улс орны дипломат, мэдээлэл, цэрэг, эдийн засгийн хүч нөөцийг уялдуулан ашиглах болсон. Хамгийн сүүлчийн ердийн дайн 77 жилийн өмнө дэлхийн II дайн дуусахад өнгөрсөн гэх. Дайн нь хүч тэнцвэргүй дайн, цахим дайн, төлөөллийн дайн, дайнаас наагуурх ажиллагаа гэх мэт хэлбэрээр үргэлжлэх болсон. Өнөөдөр "Холимог дайн” (Hybrid Warfare), "Саарал бүс дэх зөрчил” (Gray zone conflict) дайны үндсэн хэлбэр болсон нь харагдаж байна.
ОХУ-ын хувьд улс төрийн, эдийн засгийн, мэдээллийн, хүмүүнлэгийн, бусад цэргийн бус арга хэмжээг ард түмнийх нь дунд эсэргүүцэл, талцал үүсгэхтэй уялдуулан хэрэгжүүлэх "Холимог” буюу "Хайбрид” дайныг онцолж байна. ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, армийн генерал В.Герасимов, "Дайны дүрэм өөрчлөгдөж, дайн, энхийн ялгаа тодорхойгүй болсон.
Улс төр, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх цэргийн бус аргын үүрэг, ач холбогдол өсч, олон тохиолдолд ердийн дайнаас илүү үр дүнтэйг харуулаад байна” гэж хэлсэн байна. Цэрэг, энгийн нь мэдэгдэхгүй зэвсэглэсэн хүч гэнэтийн байдлаар аливаа улсад нэвтрэх, тодорхой газар нутаг, онц чухал объектыг эзлэн авах болов. "Холимог” дайны үед дайсны армийг бут цохих биш ард түмэн, олон нийт рүү нь чиглэсэн ажиллагаа идэвхижих болсон байна. Цахим орчин, мэдээллийн орон зайг ашиглан ардтүмний тархийгугаах, хооронд нь талцуулах, хагалан бутаргах, нийгмийн ёс суртахууныг нь шалд нь унагаах, төрийн нэр хүндийг ард түмэн дотор үгүй болгох, үйл ажиллагааг нь хүчгүй болгох ажиллагааг хэрэгжүүлэх болсон байна. Энэ үед ямар ч хүчирхэг улс "тос дотроосоо өтдөг” гэдэг шиг өөрөө хямраад өрсөлдөгч талын мэдэлд орох үзэгдлийг бид сүүлийн жилүүдэд бодитоор харцгаав. Ялангуяа misinformation болон disinformation campaign гэх ажиллагааг хүчтэй нөлөөлөлтэй явуулах болсон. Худал мэдээллийг асар их хэмжээгээр, өндөр давтамжтайгаар сошиал болон цахим орчинд цацах, тодорхой зорилгоор зориудаар тухайн улсын амин чухал, эмзэг асуудлыг хөндөж хуурамч мэдээллээр дайралт хийж байна. Сонгуулийн болон нийгмийн тодорхой хурц маргаантай асуудлын үед эдгээрийг илэрхий харж болно. Энэ бол тайван цагт явагдаж буй дайн.
Эдийн засаг нь хямраад улс орон нь ядуураад үлдэх юм бол дайнд ялах, ялсны ашиг, ач холбогдол байхгүй болно. Эдийн засаг уу, аюулгүй байдал уу гэдэг шийдвэрийг улс орнууд гаргах ёстой болж байна. Хөгжил цэцэглэл, аюулгүй байдал гэдэг нь өндөг, тахианы асуулт шиг байнга тавигдах асуудал болжээ. Хоёр улс өндөр зардлаар дайтаж хохирч үлдэхэд гуравдагч улс нь эсрэгээрээ тэндээс хонжоо олж гарч ирсэн жишээ олон бий. Дэлхийн I, II дайнд АНУ-ын дайнд хожуухон оролцож хохирол багатай гарч ирж Их Британийн их гүрний статусыг авсан байдаг. Өнөөдрийн Украйнд болж буй жишээн дээр харахад Герман улс аливаа хурц шийдэл гаргахгүй, Украйнд цэрэг, зэвсэг нийлүүлэхгүй, өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхгүй байгаа нь ОХУ-аас Балтийн тэнгисийн доогуур татсан 1230 км урт хий дамжуулах Норд Стрийм хоёр хоолойг ашиглалтад авах гэж байгаа, цаашид ашиглахаар төлөвлөж буйтай нь холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Норд Стрийм нэг хий дамжуулах хоолой 1222 урт бөгөөд 2012 онд ашиглалтад орсон юм. Дайн явагдах орон зай хувирч өөрчлөгдөн тодорхойгүй болов. Сансрын болон цахим орчинд халдлага, зөрчил хурц маргаантай асуудал болж байна. Анх хуурай газар дээр дайн явагддаг байсан бол улмаар усан дээр явагдах болж тэнгисийн цэрэг бий болсон байна. 1910 гэхэд нисэх хэрэгсэл бий болсноор агаарт дайн явагдах болж агаарын хүчин үүссэн бол орчин үед дайн явагдах орчин сансар, цахим орчноор хүрээгээ тэлж сансрын болон цахим аюулгүй байдлын хүчнүүд дэлхийн улс орнуудад байгуулагдан үйл ажиллагаа явуулах болов. Дайны талбар гэдэг үгийг хэрэглэхэд бодолтой хандах шаардлагатай болж байна. Агаар, газар, тэнгисийн хүчин тус тусын орон зайд хүч хэрэгслээрээ кинетик буюу устгах хүч агуулсан цохилт өгдөг. Тэгвэл цахим орон зайд кинтетик бус буюу устгаж үхүүлэхгүй ч асар хохиролтой цохилтыг өгөх боломж бий болсон байна. Тухайлбал, 2011 онд Хойд Солонгосын цахим хүчний үйлдсэн гэх АНУ дахь "Сони” компанийн сүлжээнд нэвтэрсэн халдлага 23 хоног нийт хэрэглэгчийн сүлжээг тасалж, 77- сая хэрэглэгчийн мэдээлэлд нэвтэрч, 170 гаруй сая ам долларын шууд хохирол болон дагалдан гарах асар олон шүүхийн зарга, маргааныг үүсгэсэн байна. Зөвхөн өнгөрсөн жилд энэ цахим хүчин 400 сая долларын крипто валют сүлжээнээс хулгайлсан гэж Чэйнанализиз платформоос мэдэгдсэн.
Дайн зөвхөн тактик техник, бие бялдар, зэвсгийн мэдлэг чадвар төдий биш стратегийн, сэтгэлгээний бэлэн байдал шаардах болсон. Улс орнууд хамгийн олон хүнтэй, хүчирхэг зэвсэглэлтэй гэж өрсөлдөхөөс гадна ямар ч нөхцөлд өрсөлдөгч талаас илүү оновчтой, хурдтай шийдвэр гаргаж, хэрэгжүүлж чаддаг зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй болоход анхаарах болсон.
Стратегийн үндсэн зорилго, зорилтоо ойлгож, удирдагчийн шийдвэргүй үед ч хүлээлтгүйгээр тасралтгүй шийдвэр гаргах, үр дүнтэй үйл ажиллагааг бие даан явуулах бүрэлдэхүүн хамгийн чухалд тооцогдож байна. Учир нь ийм бэлтгэгдсэн хүмүүс л өнөөгийн хувьсамтгай, тодорхойгүй, ээдрээтэй, эргэлзээтэй (VUCA-volatility, uncertainty, complexity and ambiguity) нөхцөлд улс орныхоо эрх ашгийг хамгаалах боломжтой юм.
Техник технологид хэт дулдуйдах нь эрсдэл дагуулж, зэвсэгт хүчний чадварт сөрөг нөлөөтэй гэж үзэх болжээ. Нисгэгчгүй нисэх хэрэгсэл нэвтрүүлэхийг Агаарын хүчин нь, робот цэрэг хөгжүүлэхийг арми нь өөрөө эсэргүүцэж байна. Хүний хүчин зүйл онол номлол, стратеги, бодлогоо сайжруулахад анхаарч байна. Орчин үеийн дайнд бэлтгэгдсэн, өрсөлдөгчөөсөө давж сэтгэх бие бүрэлдэхүүнийг бий болгохыг зорьж байна. Зөв хүнийг зөв ажилд нь тавьж ажиллуулах тапент менежмент системийг цэргийн салбарт түлхүү ашиглах болсон байна. Ийм хүмүүс шинэ үеийн дайнд бэлэн байх аж. Шинэ үеийн дайныг Сүлжээ төвт (Network centered) цогц дайн гэж томьёолж байгаа бол ойрын ирээдүйн дайныг Chaoplex warfare гэж ярьж байна. Chaoplex гэдэг нь Сhaos (хямрал, эмх замбараагүй байдал) complex (ээдрээтэй) гэсэн хоёр үгний нийлмэл бөгөөд ирээдүйн дайны шинжийг тодорхойлж буй юм.
"Дайн хүсэх зүйл биш, тулаад ирэхэд зугтах зүйл бүр биш” гэж үг бий. Тэгэхээр хүсэхгүй байлаа гээд мэдэхгүй, ойлгохгүй, бэлэн бус байж болно гэсэн үг биш билээ. Дайнаас болж энх тайван байдал алдагддаг ч дайн хийж байж энхийг тогтоодог гэх. Цэрэг хүн дайн хийх биш энхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах гэж байдаг гэх. Өнөөдөр улс орны ашиг сонирхолд бүх төрлийн хэлбэрээр халдах халдлага тасралтгүй үргэлжилж, зэвсэгт тэмцэлгүй холимог дайн явагдаж байна. Эх орноо хамгаалах, сонор, сэрэмжтэй байх нь цэрэг хүний үүрэг. Харин дайн ба энхийн зааг ялгаа улам бүр бүдгэрсээр байгаад тун мэдрэмжтэй хандах хэрэгтэй юм.
Хурандаа Б.Алтанхүү
Эх сурвалж: "Эх орны манаа" сонин