УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр "Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлээ. Хэдийгээр нийгмийн галыг намжаах гэж оролдож байгаа ч улам дүрэлзэн асч байна. Би гишүүний хувиар дараах мэдээллийг хийж байна. ЖДҮ-ийг тойрсон дуулиан намжихгүй байна. Учир нь намын зүгээс, Засгийн газрын зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй байна. ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг огцруулсанаар асуудлыг намжих байх гэсэн хүлээлт удирдлагуудад байгаа юм уу гэсэн хардлага байна. Энэ бол зөвхөн Б.Батзоригийг огцруулсанаар намжих ёсгүй. Яагаад ЖДҮ-г тойрсон асуудалд нам өөрийнхөө дуу хоолойг гаргахгүй байна вэ. Яагаад намын дарга Ерөнхий сайдын хувьд энэ асуудлыг хөндөж, олон түмэнд тодорхой мэдэгдэл хийхгүй байна вэ гэдэг нь өөрөө их анхаарал татсан асуудал гэж би үзэж байна. Тиймээс би УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж байна. ЖДҮ-г тойрсон асуудлаар нийгэмд үүсээд байгаа асуудлыг зогсооход тодорхой арга хэмжээг авах ёстой.
Намын даргатайгаа зөрчилдөж байна, Засгийн газраа унагах гэж байна, намын даргын суудлыг авах гэж байна гэж хүмүүс харж байна. Би намын даргатайгаа зөрчилдөөгүй. Намын даргатай зөрчилдөөгүй, намын даргыг шүүмжлээгүй. Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилж байна. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандаж би чуулганы хуралдаанд үгээ хэлсэн. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг зөвлөл гэж Монгол Улсын тусгаар тогтнолын манаа болсон, Үндсэн хуулиар бүрэн эрх нь олгогдсон гурван хүн бий. Энэ гурван хүний ярьж хэлж байгаа үг, үйлдлийг би ил тод ярьж, хэлж шүүмжилсэн. Ил тод шүүмжлэлийг зөрчил гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл шүүмжлэл ил тод нээлттэй байх тусмаа алдаа оноогоо засах боломж олгодог. Байгаа алдаа дутагдлыг зөв шүүмжилж, зөв хэлж, алдаа оноог нь олон талаас нь зөв тунгааж байж энэ алдаа оноогоо засах ёстой. Гагцхүү хэлсэн шүүмжлэлийг зөрчил дутагдал, алдаа гэж хүлээж авна уу, алдаа оноогоо засах гэж боломж гэж хүлээж авах нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийнх нь улстөрийн ухааны цар хүрээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хурал болон чуулган дээр хэд хэдэн удаа болчимгүй үйлдэл гаргасан. Удаа дараа ярьж хэлсээр байхад тэр алдаагаа гаргасаар байсан учраас би чуулган дээр олон түмэнд ил тод хэлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би ард түмнээс дэмжлэг хүснэ. УИХ-ыг тараана. Дараа нь Засгийн газраа огцруулна. Дараа нь өөрөө огцорно" гэсэн шат дарааллаар явахгүй. УИХ-ыг тараадаг эрх өнөөдөр УИХ-аас байгуулсан Засгийн газарт байхгүй. Энэ Үндсэн хуулиар хориотой. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргах эрхтэй ч эцсийн шийдвэрийг УИХ өөрөө гаргана. Тиймээс энэ хэлж ярьж байгаа бүхнээ улстөрийн өндөр том албан тушаалтан хүн байнга бодож санаж явах хэрэгтэй.
Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа ЖДҮ-тэй холбоотой нийгмийг бухимдлыг дарахын тулд улстөрийн хийрхэл, Үндсэн хуулийн зөрчил, нийгмийн эмх замбараагүй байдал руу түлхэх оролдлого хийж эхэлж байна уу гэж би хардаж байна. Тиймээс шаардлага хүргүүлж байна. Хэвлэлээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар 29 гишүүн гарын үсэг зурсан гэх худлаа мэдээлэл тарааж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг шударга ёсыг тогтоо, зарчимтай ажилла, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл, ард түмнийхээ амьдралыг дээшлүүл гэж байгуулсан. Тиймээс Засгийн газраас үүнийгээ л шаардана.
Өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт өгч байгаа шаардлагын гол санаа нь ЖДҮ-ээс зээл авсан гишүүдэд хариуцлага тооц, Ёсзүйн хороогоор оруулж хариуцлага тооцохыг шаардаж байна. ЖДҮ-ээс зээл авсан хүмүүс, ББСБ, ХЗХ-гоор энийг дамжуулсан гэдэг нь тогтоогдох, сэжиг таамаг байгаа бол УИХ-аас ажлын хэсэг байгуулж, бүр сэжигтэй бол хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг шаардаж байна. УИХ-аас томилогддог албан тушаалтнуудыг УИХ-аас хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна. ЖДҮ-ийн сан бол тусгай сангуудыг шалгах ажлыг хэсгийг Төсвийн байнгын хорооноос гаргаж ажиллуул. Ингэхийн тулд нэн яаралтай УИХ-д өргөн барихыг УИХ-ын даргаас шаардаж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-тэй холбогдсон сайдуудаа огцруулах асуудлыг УИХ-д нэн яаралтай өргөн барь. Орных нь хүмүүсийг томилох ажлаа хий гэж шаардаж байна. Засгийн газрын бүтцэд байдаг тодорхой эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтнуудыг ЖДҮ-тэй ямар нэгэн байдлаар холбогдсон байвал эдгээр хүмүүстэйгээ хариуцлага тооцохыг шаардаж байна. МАН-ын УЗ-ийн гишүүд энэ асуудалтай холбогдсон бол УЗ-өөс чөлөөлахийг шаардаж байна. Энэ сарын 20-ны дотор намын бага хурлаа хуралдуулж, энэ бусармаг үйлдлээ хэлэлцэж, сахилга хариуцлагын асуудлаа хэлэлцэхийг шаардаж байна.
АТГ, тагнуул, цагдаа, шүүх, прокурор нийгмийн өмнө тулгамдаад буй энэ асуудалд яаралтай хариу шийдлээ өг. Хурдан шийд. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг болчихоод байна" гэх үгийг УИХ-ын эндрээс хэлж байна. Энэ юу гэсэн үг вэ. Ерөнхийлөгчид эрх мэдэл нь байна. Хууль хяналтын байгууллагыг томилдог. Тэдэнд сахилга хариуцлага тооцдог эрх мэдэл нь байна. Тагнуул, цагдаа, АТГ-ын даргыг томилох эрх мэдэл нь Ерөнхий сайдад байна. Өөр ямар эрх мэдэл нэхээд байгааг гайхаж байна. Зөвхөн эрх мэдлээ хэрэгжүүлэхийг шаардаж байна. Хэрвээ эрх мэдэл нь ахиад дутаад байвал дутаад байгаа эрх мэдлээ УИХ-аар гаргуулж ав. Би энэ асуудлыг гайхаж байна. Эрх мэдэл нь байсаар байхад "Би шүдгүй арслан шиг байна. Хий л архираад байна" гээд байгаагаа олон түмэнд тайлбарла. Яагаад өөрийнхөө гарт байгаа хууль хяналтын байгууллага, Засгийн газраа зохион байгуулаад шударга бус явдалтай тэмцэж чадахгүй байгаа юм бэ. Үүнийгээ олон түмэнд хэлж, танилцуулах ёстой. Шударга байж байж, шударга ёс ярих ёстой гэдгийг би бүх улстөрийн албан тушаалтнуудад хэлмээр байна.
Мөнгө мөртэй шүү. Элдэв долоон мөнгөтэй холбоотой болон тендер зэрэгт төрийн болон улстөрийн албан тушаалтнууд хол байх ёстой.