-Баялаг бүтээнэ, үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн нөхдөд мөнгөө
баруун, солгойгүй өгчихөөд эргэн төлөлт, гүйцэтгэлийг нь яаж хянаж
тооцож байгаа талаарх мэдээлэл одоо хүртэл байхгүй-
Өнгөрсөн
гурван жилийн хугацаанд Хөгжлийн банк 5.9 их наяд төгрөгтэй тэнцэх
үүсвэрийг олон улсын санхүүгийн зэх зээлээс босгож үүний 4.9 их наяд
төгрөгийг санхүүжилтэд зориулж хөрөнгө оруулалтыг хийж, үүнээс гуравны
нэгийг нь дэд бүтцэд зарцуулагдсан гэдэг албан ёсны тоо баримт байдаг.
Тэгвэл өдгөө дээрх хэдэн их наяд төгрөгийг үндэсний ямар, ямар компани
авч Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулчихав аа гэх асуулт дахин гарч
байна. Учир нь бондын мөнгөний олголт, зарцуулалттай холбогдуулан
албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх
үндэслэлээр Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг өнгөрсөн сарын
15-ны өдрөөс АТГ шалгаж улмаар эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.
Мөн
Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл,
153, 265.2 дугаар зүйл ангид зааснаар буюу албан тушаалтан эрх мэдлээ
урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшин, үрэгдүүлсэн, бусдын эд
хөрөнгийг болгоомжгүйгээр үрэгдүүлсэн хэмээн үзэж уржигдар цагдан
хорьсон.
Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн оны аравдугаар сарын
5-ны өдөр манай сонин Н.Мөнхбаттай холбоотой 20 тэрбум орчим төгрөгийн
асуудал байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл түүнийг ийм хэмжээний
мөнгийг зориулалтын бусаар зарцуулж, арилжааны банкууд уруу шилжүүлсэн
хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлж байсан юм.
Зээл авсан үндэсний компаниуд үр өгөөжөө өгсөн үү
Ямартай
ч тухайн үеийн эрх баригчид дээрх бондын мөнгийг олон улсын санхүүгийн
зах зээлээс босгохдоо "Монгол Улс бонд босгож бүтээн байгуулалтад
хөрөнгө оруулаад, үүссэн хуримтлалаараа ирээдүйн орлого, эдийн засгийн
өсөлтөө баталгаажуулдаг загварт шилжиж чадлаа” хэмээн тунхаглаж байсан.
Тэгвэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд өнөөдөр ямар үр дүн гарав гэсэн
асуулт ч бас урган гарч байна. Тухайлбал, бидний сайн мэдэх "Эксклюлзив”
компанийн захирал Майцэцэг бондын хөрөнгөнөөс 750 сая төгрөг авч зээлээ
төлж чадалгүй асуудал үүсгэж байсан. Угтаа бол Хөгжлийн банкныхан
хийгээд тухайн үеийн эрх баригчид баялаг бүтээнэ, үндэсний үйлдвэрлэлээ
дэмжинэ гэсэн нөхдөд мөнгөө баруун, солгойгүй өгчихөөд эргэн төлөлт,
гүйцэтгэлийг нь яаж хянаж тооцож байгаа талаарх мэдээлэл одоо хүртэл
байхгүй. Тэгэхээр үндэсний гэх тодотголттой компаниудад зээл өгөөд
дотоодын үйлдвэрлэл яаж сэргэв, Монголын эдийн засагт ямар хувь нэмэр
оруулав. Хэчнээн хүнийг ажлын байраар хангав. Энэ мэтчилэн бондын
хөнгөлөлттэй зээл авсан байгууллага, компаниудын эргэн төлөлт ямар
явцтай байгааг одоо зарлах цаг нь болсон.
Юутай ч энэ бүх асуудлаас
болж өдгөө улсын данс улайж, төр засаг гаднаас зээл тусламж эрж яваа нь
бондын мөнгийг буруу захиран зарцуулсантай нь холбоотой. Түүнчлэн
Хөгжлийн банкны удирдлагын багийнхан бондын мөнгөнөөс тэрбум, тэрбумаар
нь Хятадын компаниудад өгөхдөө ямар ч тендер зарлалгүй, хяналтгүйгээр
өгөх ажлыг гардан гүйцэтгэж байсан тухайг бид өмнө нь мэдээлж байсан.
Товчхондоо Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум
ам.доллар, Самурай бондын 290 сая ам.долларыг төлөх хугацаа хаяанд
ирчихлээ. Нэгэнт бондын төлбөрөө төлж чадахгүй учир дахин зээл авч,
төлөхөөс өөр аргагүй болж байна. Нэг ёсондоо өрийг өрөөр санхүүжүүлээд
явахаар болж байна гэсэн үг л дээ. Уг нь зээл авсан компаниуд хийгээд
улстөрчид нь байсаар байхад улс энэ мөнгийг улсын төсвөөсөө төлнө өө
гээд сууж байгаа нь ч хачирхалтай. Тиймээс л одоог хүртэл нэр нь
нууцлагдаад буй үндэсний компаниудаас өрөө авч дээрх мөнгөний талыг нь ч
болов төлүүлэх хэрэгтэй гэх үгийг олон нийт өнгөрсөн хугацаанд олонтаа
хэлж байсан.
Н.Мөнхбатыг нэмж буруутгах болсон шалтгаан
Н.Мөнхбатыг
буруутгах болсон нь тэрбээр Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбарт
хамааралгүй Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл, МИАТ ХХК-д
Боинг-767 онгоц худалдан авахад 84.3 сая ам.доллар олгосон нь "Хөгжлийн
банк”-ны тухай хуулийн 10.1 дэх заалтыг зөрчсөн. МИАТ ХХК нь эдийн
засгийн тооцоо судалгаагүйгээр онгоц худалдан авснаас болж авсан
зээлийнхээ хүү, үндсэн төлбөрийг төлж чадалгүй 2014 онд Засгийн газраар
баталгаа гаргуулан "Хөгжлийн банк”-аас 4.1 сая ам.долларыг нэмж авжээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэр нэрийн дор "Хөгжлийн банк” тооцоо
судалгаа хийхгүйгээр төсөл, хөтөлбөрийг шууд санхүүжүүлснээс болж тооцоо
судалгаагүй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн гэсэн үг. Ямартай ч эрх
баригчид Чингис, Самурай бондын зээлийг ард түмний нэрийг барьж авсан.
Ард түмнээсээ асуулгүй, УИХ-аар ч хэлэлцүүлэлгүй зарцуулсан. Тиймээс
эргэн төлөлтийг нь ард түмэн хариуцах ёсгүй гэсэн асуудлыг МАН-ын зарим
нэг УИХ-ын гишүүд ч хөндөөд эхэллээ. Өрийг төлөх мөнгийг ард түмний
халааснаас шууд гаргахгүй ч тэдэнд очих ёстой төсвийн хөрөнгө оруулалт,
үйлчилгээг хязгаарлаж байж өрөө төлөх санаачилга ирэх жилээс эхлэн
хэрэгжихээр болно гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс бондын мөнгөнөөс
зээл авсан компаниудаар эдгээр мөнгөний талыг нь гаргавал шударга зүйд
нийцэх биз ээ.
Эх сурвалж: