Ковидын хуулиар шатахууны 30-40 хоногийн нөөцийг байнгын бэлэн байдалд байлгах түүнчлэн үнийг тогтворжуулах зорилгоор хоёр жилийн хугацаанд импортлогч компаниудад репо санхүүжилт болгон 300 орчим тэрбум төгрөгийг 28 орчим компанид олгосон. Гэвч хууль, мөнгөөр зохицуулагдахгүй зах зээл гэж бий. Зах зээлийн жамаараа яваагүйгээс болж өнөөдөр импортлогч компаниуд 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байгааг өнгөрсөн онд мэдээллээд байсан. Хэдийгээр 2020 оны эхний улирлуудад газрын тосны үнэ өсч тэр хэрээр дотоодын жижиглэнгийн шатахууны үнэ өсөх байсан ч хаалт хийж тогтвортой барьсаар оны сүүл рүү бууралт үзүүлсэн ч дорвитой буугаагүй юм. Тухайн үед нэгж брэнтийн үнэ 75 ам.долларт хүрч байсан юм. Харин 2022 он гарч дэлхийн улс орнуудад эдийн засаг сэргэх нөхцөл бүрдсэнтэй холбоотойгоор барилга, үйлдвэрлэл, уул уурхайн сэргэлтээ дагаад эрчим хүч, нефть бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээр газрын тосны үнэ өсөж нэгж брэнтийн үнэ 90 ам.доллар даваад байгаа нь чөлөөт үнийн зах зээлээр зохицуулагдах шатахууны үнэ литр тутамд 45 орчим төгрөгөөр нэмэгдэхээр болоод байгаа юм.
\
Гэвч цар тахлын хуульд хүлэгдсэн импортлогчдын алдагдал хүрээнээсээ хальж тэсрэхэд бэлэн болсон аж. Үнэ тогтворжуулах репо санхүүжилтээр олгосон 300 тэрбум төгрөгт захирагдахгүй нөхцөл үүссэнийг Монголын нефть, хийн үндэсний ассоциаци, Монголын газрын тосны бүтээгдэхүүний импортлогчдын холбооноос мэдэгдээд байгаа. Манай улс 2021 онд 1.1 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна. 95 хувийг ОХУ-аас, үлдсэнийг Хятад улсаас авчээ. Нэг улсаас хараат байдлаа бууруулах бодлого барьж урд хөршөөс шатахуун авах бодлого барьж буй ч энэ ажил дөнгөж судалгааны шатандаа яваа аж. Газрын тосны үнэ өнгөрсөн онд 40 хувиар өссөн. Нэг ёсондоо литр тутамдаа АЙ-92 авто бензин 400, дизель түлш 580 төгрөгөөр нэмэгдсэн. Монгол Улс экспортлогч орон шиг үнийг хатуу барьснаас үнэ өсгөх шалтгаан болсныг шинжээчид хэлсээр байна.
Ковидийн хууль цуцлаагүйгээс шатахууны үнэ чөлөөлт хойшилсоор, нэмэгдсээр
Цар тахлын дараагийн үе рүү бид хүссэн хүсээгүй шилжиж байна. Гэвч Ковидийн эсрэг хуулиа цуцалсангүй. Ингэснээр ирэх далдугаар сар хүртэл шатахууны үнийг чөлөөлөхгүй гэдэг нь тодорхой. Уг нь үнийг зургаан сарын дундаж өртгөөр жижиглэнгийн үнийг тогтоохоор болсон. Гэвч цаг хугацаа биднийг хүлээхгүй. Өнөөдөр дэлхийн зах зээлд газрын тос болон баррель тосны үнийн өсөлт сүүлийн долоон жилийн түшингээс давж 100 ам.доллар руу пуужиндахаар байгааг шинжээчид онцолсоор байна. Нефть болон шатахууны импортын хараат манай улсын хувьд энэ үнийн өсөлт сарын дараа таны халаасыг тэмтрэх хэмжээнд нөлөөлөл үзүүлдэг гэдэг. Түүнчлэн инфляцыг өдөөдөг хамгийн гол бүтээгдэхүүн шатахууны үнийн өсөлт.
Өнөөдөр инфляц 13.4 хувьтай байна. Энэ чинээгээр таны авдаг цалин, орлогоос 13.4 хувь нь танагдаж буй юм. Хэрэв бүрэнтийн үнэ 100 ам.доллароос давбал шатахууны жижиглэнгийн үнэ 2.684 төгрөг болж одоо байгаагаас 50-60 төгрөгөөр нэмэгдэх юм. Түүнчлэн 120 ам.долларт хүрвэл 3144 төгрөг болох тооцоолол буй. Ковидийн хууль шатахууны үнийг чөлөөлөхөд саад болж байгааг салбарын хэлж байна. Ирэх далдугаар сараас үнийг чөлөөлнө гэж хойшилсоор буй ч бензиний үнэ нэмэгдсээр. “Энэ удаагийн үнийн өсөлт олон хүчин зүйлээс шалтгаалж буй ч хамгийн гол нөлөө нь зарим улс орнуудын улс төрийн хурцадмал байдалтай холбоотой учир түр зуурынх юм” гэж ОПЕК-ийн гишүүн орны судлаачид дүгнэж байна хэмээн улс төрийн тоймч Х. Уламбаяр онцолсон байв.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин