» » Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу


Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

 

-Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь “Энержи ресурс” дэх ашиг сонирхлыг нь зөв олж харсан жишиг боллоо -


Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс энэ сарын11-ний өдөр Ерөнхий сайд асанН.Алтанхуягийн Засгийн газрын үед, Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкнаас “Бэрэн”, “Говийн зам” компаниудад зээл олгосон хэргийг цагаатгасан үндэслэл хуульд нийцээгүй учраас хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон. Энд нэг тодотгол хийе. Улсын Дээд шүүх хэргийг буцаана гэдэг нь Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарын эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг анхан, дунд шатны шүүхээр хэлэлцэж, “хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэхдээ” алдаа гаргасан байна, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан байна, үүнийгээ дахиад тодруул гэсэн агуулгатай юм.

Үүнийг ч Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр шүүгч нэгэнтээ тайлбарлахдаа “Дээд шүүх гэдэг бол анхан шатны шүүх, давахын шүүхийн шийдвэрийг шүүн хэлэлцэж шийдвэрлэдэг” гэсэн байдаг. Ерөөсөө Дээд шүүх бол хуулийг яаж хэрэглэв, юуг олж хараагүй, эсвэл буруу зүйлчилсэн асуудлыг л олж харах ёстой болохоос эрүүгийн гомдол гаргасан, яллагдагчаар татсан, эсвэл хохирол амссан Хөгжлийн банкны талын ч юм уу гэм бурууг хэлэлцэх ёстой шүүх биш гэсэн үг. Тэгэхээр Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан, дунд шатны шүүхийн шийдвэрүүд “но”-той байх нь.

Ямар хэргүүдийг хэрэгсэхгүй болгосныг эргэн харцгаая. Томоос нь эхэлбэл “Бэрэн групп”-д олгосон зээлийн асуудал. Засгийн газрын тогтоолоор гурван зээл олгосон. Уучлаарай, банк хэдийгээр Хөгжлийн банкинд хувь эзэмшдэгээрээ дамжуулан эрх хэрэгжүүлдэг боловч “Зээл олгохыг тогтоолоор шийднэ” гэдэг эрх мэдэл хэтрүүлсэн хэрэг биш гэж үү? “Говийн зам”-ынх мөн адил. Тэр тусмаа “Энержи ресурс”-ын ашиг сонирхолд үйлчилсэн байж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байгаа юм. Энэ бүхнийг зөвхөн “үйл, баримт” гэдгийн “баримт” буюу нотлох баримтаар тогтоох бус “үйл”-д анхаарч Дээд шүүх шийдвэрээ гаргаж буй нь сайн хэрэг. “Үйл”, үйлдэлдээ хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлж үү? Эсвэл “эс үйлдэл” хийж үү гэдгийг шүүх маш зөв анхаарсан байна.

Дээрх хэргүүдийн хувьд, тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам өөрөө Хөгжлийн банкин дахь, Засгийн газрын хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлсэн гэдэг утгаараа Н.Батбаяр ч их, бага хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой. Ингэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн уг асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдаан дээр өөрийн дуу хоолойгоор “үүрэг чиглэл өгсөн” бичлэг аудио хэлбэрээрээ, мөн гарын үсэгтэй тогтоолууд нь Хөгжлийн банкны архивт болон шүүх дээр байгаа нь ноцтой баримт нотолгоо мөн. Ерөөсөө Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг олгох ажиллагаанд тухайн банкны эрх мэдэлд оролцож Засгийн газрын тогтоол үйлдэх нь эрх мэдэл хэтрүүлсэн. Тиймээс ч Засгийн газрын зүгээс “Эрэл”-д олгосон зээлээс эхлээд “судалж үзэхийг зөвлөж байна” гэх мэтийн агуулгатай бичиг шиддэг болчихсон юм билээ.

Өнгөрсөн оны долдугаар сарын7-нд анхан шатны шүүхээс “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрийг37сая төгрөгөөр торгох шийдвэр гарч, шүүхийн гадна бараг “баяр ёслол” хийх шахаж буй зураг олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Үүний дараа буюу энэ оны наймдугаар сард нийслэлийн эрүүгийн шүүхийн давж заалдах шатны шүүх935сая төгрөгөөр торгосон. Дээд шүүхээс энэ сарын11-нд тухайн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнд ялын бодлогын талаас хохирлоо барагдуулаагүй байхад нь торгуулийн ял ногдуулсан, ял нь гэмт хэрэгтээ хөнгөдсөн гэх шүүмжлэл, эсэргүүцлүүд нөлөөлсөн биз ээ. Ингээд Дээд шүүх гэж үзээд хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

“Энержи ресурс”-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулсан “Говийн зам” ХХК-д олгосон зээлийн тухайд тус компанийн нүүрсээ худалдахаар барьсан замыг Хөгжлийн банкны мөнгөөр төрд худалдаж авсан нь мөн л албаны эрх мэдлээ хэтрүүлсэн “үйл” байсаар байтал зөвхөн нотлох баримтыг анхаарсан байж болзошгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Энэ нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй гэсэн прокурорын эсэргүүцлийг анхаарч дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэгдсэн байдаг. “Энержи ресурс” нүүрсээ зөөх гээд барьсан замыг нь Хөгжлийн банкнаас170тэрбум төгрөг зээлж худалдаж аваад“Эрдэнэс Монгол” компанид “шахна” гэдэг, үүнийгээ Засгийн газрын тогтоолоор шийднэ гэдэг нь тухайн компанид маш том давуу байдал олгосон, банкны эрх мэдэлд халдсан, худалдаж авах үйл явцад оролцсон, өөртөө олгогдоогүй эрхийг эдэлсэн хэрэг мөн биз? Дээрх замыг худалдаж авахдаа төсвийн хөрөнгөөс УИХ-ын шийдвэрээр санхүүжүүлсэн бол хууль зөрчихгүй байх боломжтой.

Тэгэхээр мөнөөх л “Энержи ресурс”-ын эрх ашигт үйлчилсэн байгаа биз? Үүнийг нь Н.Алтанхуяг улсын эрх ашиг талаас тайлбарлах гэж оролддог, “хэлмэгдүүллээ” гэж хашхирдаг. Гэвч прокурор хэргийг хянаад “Та эрхээ хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгожээ” гэдэг.

У.Оргилмаа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.