“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн анхны шүүх хуралдаан дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн. Шүүх хурал 47 өдрийн турш үргэлжилж, өчигдөр 16:00 цагаас эхлэн гэм буруугийн дүгнэлтээ танилцуулж эхлэв. Эхний байдлаар 80 хүнээс 48-г гэм буруугүй, 32 хүнийг гэм буруутай гэж шүүх шийдвэрлэв. Шүүхийн шийдвэрийг харахад Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлсөн эсэх, мөн албан тушаалтан шууд болон дам байдлаар нөлөөлсөн, эсвэл хахууль авсан үгүйг харгалзаж үзсэн болов уу гэж анзаарагдлаа.
Мөн үйл баримтыг дахин тогтоохгүй, дахин шийдвэрлэхгүй гэж шүүгч мэдэгдлээ. Хөгжлийн банкнаас авсан зээл дээр зээлийн суурь хүүг нэмж банкны хор хохирлыг тооцсон байна. Шүүх хурлаас гарсан дүгнэлтийг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг “Вертекс майнинг партнер” ХХК-ийн авсан зээлтэй холбогдуулан яллагдагчаар татсан юм. Тус компанийн зээлд 37 хавтас хэрэг үүсгэн хэлэлцсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн дүнд "Вертекс" майнинг партнер компанийн зээл олголт зориулалтын дагуу, хэвийн төлөлттэй байгаад зогсохгүй үндсэн төлбөр болох 33 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр 10.4 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гэм буруугүй гэж үзлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Хөгжлийн банкны зээл олголтод тус банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшинд хууль бусаар нөлөөлсөн гэж прокурор яллах дүгнэлт үйлдээд байсан ч шүүхийн шатанд уг дүгнэлтээ баримтаар нотолж чадаагүй тул түүнд үүсгэсэн хэрэг үндэслэлгүйд тооцлоо.
"Бэрэн" группийн захирал, үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр Хөгжлийн банкнаас 22 сая ам.долларын зээл авахдаа захирал Н.Мөнхбатад санаатай нөлөөлсөн. Хэд хэдэн удаа зээл авахдаа 83 тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банкинд учруулсан, өөрийн компанид давуу байдал олгосон хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан юм. Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлийг компанийнхаа татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хувийн хэрэгцээнд зарцуулж, мөнгө угаасан. Зээлийг зориулалт бусаар зарцуулсан хэмээн гэм буруутайд тооцов.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалыг гэм буруугүйд тооцлоо. Түүнийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа ТУЗ-ийн дарга болон гишүүдтэй урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, "НВЦ" компанид давуу байдал бий болгож, 51.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн "Монгол мах" компанид эдийн засгийн давуу байдал бий болгон 31.8 тэрбум төгрөгийн, "Монгол эм импекс" компанид мөн эдийн засгийн давуу байдал бий болгон 7.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. "Бэрэн" гурппт эдийн засгийн давуу байдал бий болгон 28.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байсан юм.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Даажамбыг “НВЦ” ХХК зээл авах шалгуурыг хангаагүй байхад давуу байдал олгосныхоо хариуд “НВЦ” ХХК-ийн захирал Н.Баатарбилэгээс “Month blanc” брэндийн хэтэвч хахуульд авсан. “Бишрэлт” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч А.Ариунболдын хамаарал бүхий “Монгол мах экспо” компанийн хэрэгжүүлж буй төслийг болон “Монгол эм концерн” компанийн зээлийн хүсэлтүүдийг ТУЗ-д хэлэлцүүлж, “Month blanc” брэндийн үзэг авч, хахууль авсан гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцов.
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцов. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны удирдлагуудтай бүлэглэн “Тавантолгой”, “Гашуунсухайт” чиглэлд "Говийн зам" компанийн барьсан автозам, “Энержи ресурс” компанийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зоруилалттай барьсан дэд бүтцийг төрийн өмчит 170 тэрбум 595 сая төгрөгөөр буюу “Энержи ресурс”, “Говийн зам” компаниас бодит өртгөөс илүү үнээр худалдан авч, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байх гэм буруугүйд тооцов.
Б.Найдалаа, Ч.Отгочулуу, Б.Лхагвасүрэн нар Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллахдаа "Бэрэн" группт давуу байдал олгон, арматурын төсөлд 22.7 сая ам.долларын зээл олгосон. Улмаар Хөгжлийн банканд 44 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгасан юм. Тэднийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдоогүй тул гэм буруугүй гэж үзлээ.
Шүүх хуралдааны дүгнэлтийг танилцуулсны дараа яллагдагч нарын өмгөөлөгчид шүүх хуралдаан түр завсарлуулах хүсэлт тавьсан юм. Тиймээс шүүгчид оролцогч нарын хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдаан долдугаар сарын 3-ны 14:00 цаг хүртэл завсарлахаар боллоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл