Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нэмэлт нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл УИХ-ын түвшинд хэлэлцэгдэж байгаа. Мөн орчин үед хэлмэгдүүлэлт манай нийгэмд хэрхэн бодитойгоор оршиж байгаа талаар Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.
-УИХ дээр саяхан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн үр хүүхдүүдэд нэмэлт нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өргөн барьлаа. Өдгөө энэ хууль хэлэлцэгдээд явж байгаа. Та энэ талаар өөрийн байрь суурийг хэлнэ үү?
-Ер нь энэ асуудлыг хууль гэдэг талаасаа эхлээд ярихаасаа өмнө бид түүхээ үнэн бодитоор нь ярих нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад өрнөсөн энэхүү хэлмэгдүүлэлт гэгдэх цуст яргалал, аллагыг шинжлэх ухаан талаас нь авч үзэх зайлшгүй шаардлагатай. Хэлмэгдүүлэлтийн тэр аймшигт жилүүдэд Монгол Улсын хүн ам, газар нутаг, түүх, соёл иргэншил гээд бүгд сүйрсэн хэлмэгдсэн. Бас ”хэлмэгдүүлэлт” гэдэг үгийг бас сайн ухаж ойлгомоор байна. Уулаасаа энэ үг маань өөрөө ямар нэгэн гал түймэр, ус үер, ган гачиг, гашуун зовлон, ямар нэгэн байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн байдлыг нэрлэдэг үг.
Монгол оронд өрнөсөн 30, 40-өөд оны хэлмэгдүүлэлт бол цэвэр цуст яргалал, залхаан цээрлүүлэлт байсан, түүний дараах хэлмэгдүүлэлтүүд хүнийг оюун санааны болон биеийн хүчний ажил аамьдралыг сүйтгэж, хязгаар нутагт цөлөх, биеийн хүчний ажил хийлгэж тарчлаан зовоох, эд материалын хохирол учруулсан гэмт үйлдэл байсан юм. Гэхдээ үүнийг эхлээд эрдэмтэн судлаачид нэг мөр болгож тодорхойлох ёстой.
Харамсалтай нь үүнийг өнөөг хүртэл албан ёсоор тогтоож чадаагүй л байгаа нь харамсалтай. Тэгээд өнөөг хүртэл энэхүү гэмт үйлдэл, үйл явдлыг хэлмэгдлийн үе буюу хэлмэгдэл гэж нэрлээд зөөлөн, аядуу ойлголтийг монголын ард түмэнд өгч, хуурсаар байна. Гэтэл энэ өөрөө ийм үг биш тэрнээсээ илүү цуст яргалал, гэмт үйлдэл, үйл явдал гэсэн үгэнд илүү дөхөж очно. Түрүүн дурдсан 30, 40-өөд оны үеийн хэлмэгдүүлэлийг яг тэгж нэрлэх хэрэгтэй байгаа юм. Сүүлдээ хэлмэгдүүлэлт гэдэг энэ хорлонтой ажиллагаа маань хүний эрхийг маш аймшигтайгаар зөрчиж, гэм зэмгүй хүмүүсийг асар олон тоогоор хэлмэгдүүлсэн аймшигтай үйл ажиллагаа болж, энэ процесс олон жил шатлан өргөжсөн.
Эдгээр бүх үйл явц анх 1922 оноос эхлээд 90-д оныг хүртэл үргэлжилсэн гэж хэлж болно. Үүнийг бүхэлд нь өмнөх нийгмийн гай зовлон гэж үзэх ёстой юм. Зарим хүмүүс өмнөх нийгмийг их л сайн, сайхан нийгэм байсан юм шиг ярьдаг. Ер нь хүмүүс өөрт нь тохиодлдоогүй болохоор зүрхэндээ ойрхон авч үзэж чаддагүй юм даа. Гэтэл өмнөх коммунист нийгэмд хүний эрх гэдэг асуудал огтоос байгаагүй. Тэр үед энгийн иргэдийг бүгдийг нь хавтгайруулан тагнаж, жирийн хүнд ямар ч тайван амьдрах боломж олгодоггүй тийм харгис бурангуй нийгэм байсан. Тийм учраас л тэр үед ямар ч гэм зэмгүй жирийн ард иргэдийг үй олноороо хэлмэгдэж байлаа.
90-д оны эхээр Монголд ардчилсан хувьсгал ялж, ард түмэнд хүний эрх, эрх чөлөө олгогдоод ирэхэд тэр хүмүүс эрхээ хамгаалан тэмцэж эхэлсэн юм. Хэлмэгдэж, зовсон хүмүүсийн гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ, садан төрлүүд нь ардчиллын хувьсгалын тэргүүн фронтод явсан байдаг. Тэр үүднээсээ тэдгээр хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхэд, гэр бүл, садан төрлүүд хэлмэгдсэн гэдгээ албан ёсоор баталгаажуулж, шүүхээр тогтоолгох 16 мянган хүн цагаатгуулах үйл явцад оролцсон ба оролцсон айл, өрх бүрийг 5 ам бүтэй гэж авч үзвэл, 80000 хүн хуулинд хамрагдсан барагцаалсан тоо гарч байна. үйл явц өрнөсөн. Энэхүү үйл явцын үр дүнд анх 90-д оны үеийн анхны төрийн бус байгууллагуудын нэг ”Монголын улс төрийн хэлмэгдэгсэдийн холбоо” байгуулагдсан.
Энэ ТББ байгуулагдсаны хамгийн гол зорилго нь эдгээр хэлмэгдсэн хүмүүсийн нэр төрийг сэргээх, тэдэнд нөхөх олговор олгуулах, хууль зүйн зөвлөгөө өгөх, төрийн үйлчилгээг тэдэнд ойртуулж өгөх явдал байлаа. Уг холбоо өнөөг хүртэл энэ зорилгынхоо дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Тийм ч учраас бид эдгээр хэлмэгдсэн бүх хүмүүсийг цагаатгах ёстой гэсэн асуудлыг анхнаасаа төр засагт тавьсаар ирсэн.
Гэхдээ 1990-1998 оныг хүртэл энэхүү цагаатгалийн хуулийг гаргахгүй байлгах нам, улс төрийн хүчин УИХ-ын хуралдааны тухай үеийн хурлын тэмлэглэлийг харж болно. Монголд байсан. Энэ улстөрийн нам бол хуучнаар МАХН буюу өнөөгийн МАН юм. Энэ нам 90-ээд оныг хүртэл энэ хуулийг гаргахгүй байх элдэв арга саамыг байнга хайж ирсэн гэхэд хилсдэхгүй.
Тэгээд 1996 онд УИХ-ын сонгуульд Ардчилсан Холбоо эвсэл ялж энэхүү хуулийг гаргахад маш чухал нөлөө үзүүлсэн. Үүнд маш олон ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүд оролцсон бөгөөд мөн ардчилалын алтан хараацай талийгаач С.Зориг агсан тухайн үед УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан нь энэ хуулийг гарахад тодорхой бодитой нөлөөлсөн. Тэр хүн энэ ажлыг эрчимжүүлэх болон энэ хуулийг батлуулахад маш их хүчин зүтгэл гаргасан.
Үүний үр дүнд 1998.01.02-нд цагаатгалын хууль батлагдаж гарсан түүхтэй. Энэ хууль батлагдаж гарснаараа хэлмэгдэгсэдийн үр хүүхэд гэр бүлийнхэнд нөхөн олговор олгох боломжтой болсон. Энэхүү хуулиар улс төрийн хилс хэргээр цаазлагдсан бол нэг сая төгрөг, өдгөө амьд сэрүүн байгаа бол 500 мянган төгрөгийн нөхөн олговор олгоно гэж заасан байдаг.
Энэ хуулиар ингэж хуульчилж өгч, анх удаа Монгол Улсын тэдгээр хэлмэгдсэн хүмүүсийн хойч үед нөхөн олговор олгох боломж нь бүрдсэн юм. Тэгэхээр энэ бол нэг талдаа төр засгаас ард түмэндээ үйлчилгээ үзүүлсэн гэсэн үг.
Гэхдээ мэдээж 1 сая төгрөг бол хэн нэгний оюун санааны болон эд материалын хохирлыг хэзээ ч барагдуулж чадахгүй гэдэг нь ойлгомжтой юм. Мөн тэр үед тэдгээр хэлмэгдсэн хүмүүсийн эд хөрөнгийг нь хүчээр хурааж авсан болохоор төр засаг эргүүлээд өгөх ёстой нь мэдээж юм. Харин өнөөг хүртэл төр засаг тэрнийг нь ерөөсөө шийдвэрлэж өгөхгүй хойд эцгийн нүүр гаргаж байна. Үүний төлөө бид өнөөг хүртэл тэмцээд явж байна. Тэр утгаараа анх гарсан тэр хууль хэлмэгдэлд өртсөн нийт иргэдийн хохирлыг барагдуулж чадахгүй нь ойлгомжтой.
Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд нөгөө хуучин коммунистууд хэлмэгдсэн хүмүүсээс огтхон ч уучлал гуйгаагүй. МАН 2011 оны 3 дугаар сарын 2-нд намынхаа баяраар уучлал гуйхдаа зөвхөн өөрийн намын гишүүдээсээ л уучлал гуйсан. Харин ард түмнээс уучлал ерөөсөө гуйгаагүй. Ийм зааг ялгаа өнөөг хүртэл байгаад байгаа юм. Уг хууль маань өөрөө маш их хэл ам дагуулж, бүхэл бүтэн 8 жилийн нүүр үзэж байж батлагдсан.
Үүнээс хойш ямар нөхцөл байдал үүссэн гэхээр энэ хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүд үеийн үед байнгын оюун санааны болон эд материалын хохирол амсч ирсэн байдаг. Үүнийг юу гэж тайлбарлах вэ гэвэл энэ хүмүүсийг өнөөдөр Монгол Улсын ”үндэсний цөөнх” болжээ гэж үзэхээс өөр аргагүй юм. Манай холбоо албан ёсоор яг ингэж нэрлэж, дүгнэж байгаа. Яагаад тэгж нэрлэж байгаа юм бэ гэхээр тэр хүмүүс маань одоо энэ 3 сая хүмүүсийн дунд”шоовдорлогдсон хүмүүс” болчихоод байна.
Анх тэр хүмүүс маань эсэргүүний хүүхэд гэсэн нэр хоч зүүж зарим нь тухайн цаг үед нэр усаа сольсноос болж нөгөө сая төгрөгөө ч авч чадахгүй, тамлагдаж байсан тохиолдол гарч байсан. Авах гээд очихоор нэр нь хүртэл таардаггүй. Өөрөөр хэлбэл нэрээ сольж байнаа гэдэг чинь хохирол амсч байна, боловсрол эзэмшиж чадахгүй байна, мөн орон байр болон эд материалын хувьд туйлын ядуу зүдүү байна, мэргэжил эзэмшиж чадахгүй учраас олигтой ажил хийж чадахгүй байна, амьдрал нь ерөөсөө сайжирахгүй байна гэсэн үг юм. Яг үнэнийг хэлэхэд тэр хүмүүс өнөөдөр тийм л ядуу зүдүү амьдарсаар л байна. Цаашид хичнээн ч он жилүүдийг дамжихыг хэлж мэдэхгүй байна.
Тэгэхээр тийм улсуудыг яах юм энэ монголын төр. Төрийн дээд албан тушаалд гарсан эдгээр хүмүүс өнөөдөр энэ асуудлыг огт ойшоож үзэхгүй болчихдог. Үүнийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн хүн бол би. Тэд өөрсдөө, эдгээр хэлмэгдсэн хүмүүсийн гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ, төрөл садангийн хүмүүсийн талаар ярихдаа ”энэ хэдэн хүмүүс дандаа улсаас юм гуйсан, гуйлагчин нөхдүүд байдаг” гэж хараад байдаг болсон нь өнөөдрийн түүх.
Харин холбооны удирдлагууд бид, тэр хүмүүсийг харахад үнэхээр өрөвдөж, нүд хальтрам байдаг. Өдөр тутам үргэлж зовлон ярьж байгаа тэр хүмүүсийн нулимсыг нь харж байна. Гэтэл энэ төр засаг чинь өөрөө ингээд гуйлгаад байж байх ёсгүй л байхгүй юу. Шууд туслах, дэмжих ёстой. Тосч уулзах ёстой. Одоо энэ гарч буй цагаатгалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар цаазлуулсан бол 80 сая төгрөг, шүүхээр шийтгэгдсэн бол 40 сая төгрөгийг төрсөн болон үрчлэгдсэн үр хүүхдүүдэд өгөх болсоныг манай холбоо сайшаалтай хүлээн авч байгаа. Олон жилийн зүтгэлийн үр дүн.
Мөн хэлмэгдүүлэлтийн талаар авч байгаа боломж, шийдэл юм. Төр өөрөө санаачлаад өөрсдөө гуйлгалгүйгээр хийж, тэр хүмүүст олон боломжуудыг нь олгох ёстой гэдэг нь үүгээр харагдаж байна. Монгол төр, төрийн үйлчилгээг хэлмэгдэгч, хэлмэгдэгсдийн гэр бүл, тэдгээрийн үр хүүхдүүд, ач, зээ нарт хүргэх наад захын жишээг дурьдвал, ач зээ нарыг нь сургууль соёлд явуулах боломжийг гаргаж өгөх ч гэдэг ч юм уу, төлбөрөө төлж чадахгүй бол төлбөрийг нь төрөөс даах, эмнэлэгт үзүүлж чадахгүй бол эмнэлэгт нь үзүүлж өгөх зэрэг боломж нөхцөлийг нь гаргаж өгөх хэрэгтэй.
Мөн гэр орон нь нүүрсээ авч чадахгүй, цахилгаанаа төлж чадахгүй байгаа бол тэрнийх нь 50 хувийг нь хөнгөлж өгөх зэргээр туслаж өгөх хэрэгтэй байна. Монгол Улс өнөөдөр хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулж байгаа юм бол эдгээр ”Үндэсний цөөнх” болсон хүмүүсийн үр хүүхэд, ач зээ нарт ийм боломжийг нь олгох ёстой. Өмнөх гарсан хуулиудийг бол бид нэг шат ахисан үйл явц гэж үзэж байгаа. Иймэрхүү байдлаар энэ асуудал цааш, цаашдаа нэг, нэг шатаар ахиж урагшилж явах ёстой юм. Мэдээж хэлмэгдсэн хүмүүсийн бүх ач зээ нарт улсаас байр олгоно гэж байхгүй нь тодорхой. Тийм учраас бид үүнийг тодорхой үр дүн гэж харж байгаа.
Цаашдаа энэ асуудлыг бүрмөсөн шийдвэрлэхийн тулд яах ёстойг төр засаг сайн бодож байж шийдвэрлэх хэрэгтэй. Төр өөрөө тэр хүмүүсийг биднээс юм гуйж байна гэж харах биш үнэн сэтгэлээсээ эцэг нь юм шиг харж хандах ёстой. Ер нь бол тэр хүмүүс төр засгаас нэг их юм гуйгаагүй гэж хэлэхэд буруутахгүй байх. Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлэхэд өнөөдөр Ази тивд хүний эрхийн хороо гэж огт байдаггүй юм билээ.
Тэгвэл Монгол Улс өөрөө санаачлаад хүний эрхийн хороог Ази тивд байгуулаад тэрнийг нь удирдаад түүхэнд гарсан ийм аймшигтай гэмт үйлдлийг дэлхийн олон түмэнд таниулж ойлгуулах ажлыг зохион байгуулж болно. Мөн олон улсын ижил төстэй байгууллагуудтай энэ чиглэлээр хамтарч ажиллах боломжтой. Харамсалтай нь төр засаг энэ ажлыг ерөөсөө хийхгүй байна.
Бид энэ асуудлын талаар үе үеийн ЗГ, УИХ-д асуудлыг тавьж, хэлж ярьж санал дэвшүүж ирсэн ч огтхон ч санаачлага гарган, хийж, хэрэгжүүлээгүй өдийг хүрсэн. Тэгэхээр үүнээс юу харагдаж байна вэ гэхээр төр засгийн өндөрлөгт гарсан хүмүүс маш их түшмэл зантай, хувиа хичээсэн, тэр зовж зүдэрч байгаа хүмүүсийг огтхон ч ойлгохыг хүсдэггүй, зөвхөн өөрийгөө боддог хүмүүс байгаад байгаа нь тодорхой харагдаж байна.
Тийм учраас энэ асуудалд маш хариуцлагатай хандах ёстой. Эдгээр ”үндэсний цөөнх” болсон хүмүүст төрийн халамж үйлчилгээг хүргэсэн тийм л төр засаг бидэнд хэрэгтэй байна. Энэ бол гуйлт биш. Энэ бол шаардлага. Энэ бол зайлшгүй хийх ёстой ажил юм. Өөрөөр хэлбэл хуучин цагт ”төрийн төлөө оготно нь боож үхнэ гэж ярьдаг байсан бол одоо төр нь оготныхоо төлөө боож үхдэг” цаг нь ирсэн гэж хэлмээр байна.
-Та өмнө нь Монголын төр хэлмэгдүүлэлтийн талаарх бодлогоо өөрчлөх цаг нь ирсэн гэж хэлж байсан. Энэ талаараа тодруулна уу?
-Монголын төр ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулаад 23 жил болоход хэлмэгдүүлэлийг дахин гаргахгүй байх талаар багагүй ажлуудыг хийсэн. Гэхдээ үр дүн агатай байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр бидэнд хүний эрхийн тухай хууль байна уу гэвэл огт байхгүй байна. Нэг үгээр хэлбэл Монгол хүнээ дахин хэлмэгдүүлэхгүй байх, ”монгол хүнээ үнэлэх” бодлогыг яаралтай хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Хамгийн гол нь хүн рүүгээ хандсан бодлого явуулаачээ гэж хэлмээр байна. Өмнө нь аливаа улс орныг эдийн засгийн талаас нь хэмжиж авч үздэг байсан бол өнөө үед тухайн улс орныг хүнээр нь, хүнийхөгжлөөр нь хэмждэг болсон гэдгийг ойлгомоор байна. Жишээ нь, төр засаг бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дарамлах бодлого явуулах ёсгүй. Хүмүүсийн амьдрах нөхцөлийг хааж боох ёсгүй. Тэр утгаараа иймэрхүү орчин цагийн хэлмэгдүүлэлтийн бодлогоо өөрчлөөчээ гэсэн санаагаар тэр үгийг би хэлсэн.
-Та Монгол Улс ардчилсан улс мөн л юм бол Ю.Цэдэнбалыг цагаатгаж болохгүй гэж хэлсэн. Энэ талаараа тодруулж хэлнэ үү?
Ер нь аливаа түүхийг авч үзэхдээ хар, цагаанаар нь авч үзэж, дүгнэх шаардлагатай юм. Сайн юмыг сайнаар нь, муу юмыг муугаар нь авч үзэх хэрэгтэй. Аливаа улс оронд бүтээсэн юмыг ганцхан хүнтэй холбож ярих нь учир дутагдалтай байдаг. Ингэж хэзээ ч ярьж болохгүй. Тэр бүтээн байгуулалтад маш олон хүмүүс гар бие оролцсон гэдгийг огтхон ч мартаж болохгүй.
Тэр утгаараа Монгол Улсын өмнөх бүхий л бүтээн байгуулалтыг Ю.Цэдэнбал гэдэг хүн ганцаараа хийсэн гэж ярьж болохгүй. Цагаатгал гэдэг чинь тухайн хүний төрийн болон улстөрийн үйл ажиллагаа, мөн бусад зүйлийг нь үнэн зөвөөр үнэлэж, дүгнэж байж цагаатгах ёстой, тийм процесс байдаг. Гэтэл Ю.Цэдэнбал гэдэг тэр хүн төрийн тэргүүнээр ажиллаж байх үедээ маш олон хүнийг хэлмэгдүүлсэн гэдгийг орчин цагийн монголын түүх гэрчилдэг.
Харамсалтай нь бид өнөөдөр дахиад л нэг хүнийг тахин шүтэх зүйл рүү гээ гулсаад орчихлоо. Үүнийг бид сайн бодож тунгаах ёстой. Яахав тэр улстөрийн нам нь гэдэг ч юм уу, нутаг усных нь хүмүүс тэр хүнийг яаж ч алдаршуулж болно. Харин энэ хүний хувьд улс төр, засаг төр алдаршуулна гэдэг бол байж боломгүй явдал. Өөрөөр хэлбэл Ю.Цэдэнбалын хэлмэгдүүлэлтэд өртсөн тэр хүмүүсийн нулимс нь хатаагүй байхад тэр хүмүүсийг тэгж доромжилж болохгүй. Тийм учраас энэ хүнийг цагаатгана гэдгийг ерөөсөө ойлгохгүй байгаа.
Аливаа хүнийг шүүхээр цагаатгадаг болохоос биш нутаг усных нь юм уу, эсвэл намынхны үгээр төр засаг цагтаатгана гэж хэзээ ч байдаггүй асуудал. Гэтэл тэр хүн өөрөө тасралтгүй 44 жилийн турш Монголын төрийг удирдахдаа гай ч тарьж, гавъяа ч байгуулсан хүн гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Тэр хүний засаглалын үед ч гэсэн ялгаагүй хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй байсан. Ардчилсан нийгэмд бол ийм хүнийг магтах ёсгүй.
Коммунист нийгэмд бол магтаж болох байх. Тэгэхээр Ю.Цэдэнбалыг цагаатгах гээд байгаа нь Монголын түүхийг дахин зохиож орвонгоор нь эргүүлэх гээд байгаагын нэг илрэл гэж үзэхээс аргагүй. Социалист нийгмийн үед монголын түүх болон бидний өв соёлыг орвонгоор нь эргүүлсэн. Учир нь коммунист нийгмийн үзэл сурталд нь зориулж манай түүхийг зохиосон юм.
Ж.Батдорж
BOLOD.mn