Хэдхэн хоногийн өмнө Францын хэвлэлүүд
Мали улсаас дүрвэж ирсэн 22 настай Мамуду Гассамагийн амьдрал хэрхэн
өөрчлөгдөж буй талаар бичиж байв. Тагтнаас дүүжлэгдэж байсан дөрвөн
настай хүүг аварсан залуу Францын ардын баатар болж, ерөнхийлөгч
Макронтой уулзаад зогсохгүй тус улсын иргэншил авсан билээ. Гассама
түргэвчилсэн шугамаар иргэний бичиг баримтаа бүрдүүлээд гал сөнөөх
албанд 10 сар дагалдангаар ажиллах гэрээ байгуулжээ.
"Дадлагажигчийн
сарын цалин 600 еврогоос эхлэх бөгөөд энэ хугацаанд амжилттай суралцаж,
шалгуурыг давбал мэргэжлийн гал сөнөөгч болох юм” хэмээн хэвлэлүүд
бичиж байв. Парисын "хүн аалз’’-ын тухай энэ "түүхийг” манайхан гэсэн
уншсан.
Харин Монголд усанд живж
буй гурван хүний хоёрынх нь амийг авраад өөрөө амиа алдах шахсаны дараа
гуравдагчийн ар гэрийнхэн аварсан иргэнийг шүүхэд өгсөн тухай сонсож
байв. Өөрийнхөө амиар дэнчин тавьж хүний амь аврахад сайндаа л "Шударга
журам” медалиар шагнадаг биз дээ. Тэрийгээ Шадар сайд нь төрийн ордонд
дуудаж, сүр дуулиантай гардуулахыг яана.
Асуудлын
гол нь аль нь баян, аль нь ядуу орон бэ? гэдэгт биш юм. Харин аль улс
хүнээ хэрхэн үнэлдэг, хайрладаг вэ? гэдэгт байгаа юм. Тэр улсад хүний
амь гэдэг тийм л үнэ цэнэтэй байх нь. Дахиад нэг хүний амьдралыг аврах
хэмжээний. Харин манайд ямар байдаг билээ?
Бас
л саяхан хэвлэлээр гарсан мэдээлэл. Дорнодод нэг мянгат малчин зээ
хүүгийнхээ үсийг үргээхдээ хурдан морины уралдаан зохион байгуулсан
байна. Тавдугаар сарын 18-нд болсон явдал. Харин Засгийн газрын
тогтоолоор хурдан морины уралдаан зохион байгуулахыг зургаадугаар сарын
1-н хүртэл хориглосон байлаа.
Гэтэл
найранд ирсэн солио галзуу нэг нөхөр хоёр настай хүүхдээ хурдан морины
нуруун дээр хүлээд уралдуулсан байдаг. Мэдээж түүнийг нь хэн ч
хориглоогүй. (аягүйдвэл бүгдээрээ согтуу байсан биз) Баян-Өлгийд бас нэг
казак хээр хөдөө мотоцикл нь эвдэрчихээр гурван настай хүүхдээ
"мотоцикл харж бай”' гээд орхиод явсан байгаа юм. Замын унаанд дайгдаад
70 гаруй км давхиад сэлбэг аваад ирэхэд нь хүүхэд нь алга болчихсон
байсан. Юу ч гэхэв дээ, монголчууд минь...
Тэгсэн
манай төрийн агентлагийнхан (Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд,
залуучуудын хөгжлийн газар гэсэн. Яасан ч том нэртэй юм, базардарь гэж)
"Хүүгийн биеийн байдалд үзлэг хийсэн. Биеийн байдал хэвийн байгаа нь
тогтоогдсон. Залуу гэр бүлд хүүхдэд учирч болох байсан эрсдэлийн талаар
зөвлөмж өгсөн бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл болохыг тайлбарласан"
гэв. Сонсох нээ Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгосон гэв үү.
Хэрэв
уралдааны замд морь бүдэрсэн бол яах юм. Хэрэв морьдын давхилт дунд
хүүхдийн тархинд цус харваж амиа алдсан бол яах юм. Хоёрхон настай нялх
амьтныг морины нуруун дээр хүлээд уралдуулна гэдэг чинь шууд алахаар
санаархсанаас огт ялгаагүй хэрэг гэдгийг яагаад олж хардаггүй юм. Нөгөө
хүүхэд хамгааллын хууль энэ тэр нь хаана байна?
Өнгөрөгч
долоо хоногт бас нэг эмгэнэлтэй явдал тохиов. 79-р сургуулийн
хөлбөмбөгийн талбайд 11 настай хүү хөлбөмбөгийн хаалганы хөндлөвч төмөрт
даруулж амиа алджээ. Сургуулийн захирал нь "Миний санахаар эрсдэлт
бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай,
эмээтэйгээ амьдардаг, ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан” гэж
ярьжээ. Үгүй, тэр одоо хүүгийн нас барсанд ямар хамаа байна аа. Хүүхэд
зүгээр л хөлбөмбөг тоглохоор сургууль дээрээ очсон шүү дээ. Тэр ямар
буруутай гэж. Ар гэр нь анхаарал тааруу байсан болохоор магадгүй
сургуульдаа хоргоддог, сургууль дээрээ цаг нөхцөөх дуртай байсан байх.
(тэр нь түүний амиа алдсаныг зөвтгөх шалтгаан биш биз дээ)
Харин
ч тэрнийх нь төлөө илүү анхаарал халамж тавих ёстой байсан юм биш үү?!
Хэрэв хүүхэдтэй ажилладаг багш хүн ухаантай юм бол. Ингэхэд одоо үед
сургуулийн захирлыг хэн, ямар хүн хийдэг болсон юм. Бидний багад багш
хүн, тэр дундаа хамгийн сайн багш п сургуулийн захирал хийдэг, захирал
багш гэхээр аав шиг ээ хүндэлдэг, бас эмээдэг байлаа. Одоо ямар гээч
махан мануухайнуудаар сургууль удирдуулаад, хүүхдүүдээ хариуцуулаад
байгааг мэдэх ч арга алга.
Өчигдөр
Боловсролын сайд Ц.Цогзолмаа "Засгийн газрын цаг”-аар мэдэгдэл хийж
байна лээ. Сургуулийн захиралд захиргааны арга хэмжээ авна гэж. Тэр нь
бас л хэдсэн төгрөгийн торгууль энэ тэр л байх л даа.
Хоёрхон
жилийн өмнө Өмнөд Солонгосын нэг сургуулийн сурагчид төгсөлтийн баярын
аялал хийж яваад татлага онгоц живж, бүгдээрээ амиа алдахад сургуулийн
захирал нь өөрийгөө буудчихаж билээ. Тэр олон эцэг эхийн уй гашууг
тэсвэрлэж чадаагүй хэрэг. Гэтэл манай сургуулийн захирал "Угаасаа
эрсдэлтэй бүлгийн хүүхэд байсан юм оо” гээд зогсож байдаг. Угаасаа
монгол хүний чанар ийм болчихсон юм уу? Эсвэл дандаа адгийн шаарнуудыг
нь түүж албан тушаалд тавьдаг юм уу?
Ядаж
нэг удаа "Миний буруу. Би ажилдаа хариуцлагагүй хандсанаас, сургуульдаа
аюулгүй, найдвартай орчин бий болгож чадаагүйгээс, анхаарал
хандуулаагүйгээс хүний сайхан үрийг алчихлаа” гэж хэлээд ажлаа өгч
болдоггүй юм. Яагаад заавал ядарсан ч гэлээ үр хүүхдээ алдсан эцэг
эхийн, амиа алдсан хүүгийн ар амьдралыг доромжлоод байгаа юм. Ингээд
харахаар Монголд хүний амь шиг үнэ цэнэгүй зүйл алга. Монгол хүн болж
төрөхөөр... юу гэдэг билээ дээ. Өөр хэлэх ч үг алга...
Б.Сэмүүн
Эх сурвалж: "Өглөөний сонин"