Засгийн газраас нэн яаралтай
хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн "Тавантолгойн нүүрсний ордын үйл
ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын
тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн
үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай хүнд
үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулсан юм.
Тогтоолын
төсөлд УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд
заалтын "б”,”в”-д заасны дагуу "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30
хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар
арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж Тавантолгойн ордын үнэ
цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад
төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх,
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян,
Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто
замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам
болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам
зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх
асуудлыг тусгажээ.
Түүнчлэн
дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт
ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын
нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх, өмнөд бүсийн
уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг
Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар
шаардлагатай арга хэмжээ авч ажиллах арга хэмжээ тусгагдсан байна.
Энэхүү
тогтоол батлагдсанаар УИХ-аас Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор
нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох
бөгөөд Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн
эзэмшиж буй хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон
улсын зах зээлд борлуулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг улсын
төсөвт ачаалал үүсгэхгүй байдлаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж Засгийн
газар үзэж байгаа ажээ.
Эдийн
засгийн байнгын хороо төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг
хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тус төслийг
хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, мөн байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал,
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат газар доорхи баялагтай холбоотой чухал
асуудал хэмээгээд Даваа гарагт салбарын сайдаас АН-ын бүлгийн хуралдаан
дээр мэдээлэл авсны дараа бүлэг шийдвэрээ гаргах болно гэсэн бол УИХ-ын
гишүүн Л.Энх-Амгалан ард иргэдэд мэдээллийг үнэн зөв өгч, асуудлыг
нухацтай сайн хэлэлцэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэрбээр төслийг урт
удаан хугацаанд ашигтай байхаар, IPO гаргадаг олон улсын зах зээл дээрх
туршлагыг харж ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан.
УИХ-ын
гишүүн Т.Аюурсайхан гаргаж танилцуулсан эдийн засгийн тооцоо
судалгаатай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд авто зам, төмөр зам
гэх мэт хүлээгдэж байгаа томоохон төслүүдийг эхлүүлэх, шууд 30 хувьд нь
IPO гаргах боломжгүй, эхлээд 5-10 хувь гэх мэтчилэн алтернатив хувилбар
гарган туршиж үзэж байж, дараа нь 30 хувь болгох замаар үе шаттайгаар
хэрэгжүүлэх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Гишүүд
асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийн үзэл баримтлалыг
хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон
гишүүдийн 74.4 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт
бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн
хуралдаанаар Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр өргөн
мэдүүлсэн Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт
өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцлээ.