УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.05.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна.
Нэр дэвшигч Б.Буяндэлгэр 1960 онд төрсөн. 1984 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг төгссөн, хуульч мэргэжилтэй. 1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, 1991-1993 онд Дорнод аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, 1993-2008 онд "Нугын гол” ХХК-ийн захирал, 2008-2012 онд УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референт, 2015 оноос "Дорнын тал экологи” ХХК-ийн захирлаар ажиллаж буй юм байна. 1992-1996, 2004-2008, 2012-2016 онуудад Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр нийт гурван удаа сонгогдон ажиллажээ.
Нэр дэвшигч Г.Туулхүү 1961 онд төрсөн. 1982 онд Дархан-Уул аймгийн Политехникум, 1990 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй.
1982-1983 онд Инженер хайгуулын товчоонд техникч геологич, 1990-1998 онд Дархан хотын Давж заалдах шатны шүүхэд Ардын шүүгч, шүүгч, 1998-2001 онд Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалт, хэрэг бүртгэлийн хэлтсийн дарга, 2001-2002 онд Шийдвэр гүйцэтгэх газарт дэд дарга, 2007-2009 онд Шийдвэр гүйцэтгэх газарт Мэргэжлийн хяналт, тоо бүртгэл хариуцсан дэд дарга, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, 2009-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, 2015-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, 2016-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэлийн асуудал эрхэлсэн дэд дарга, 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж буй юм байна.
Нэр дэвшигч Ц.Нанзаддорж 1962 онд төрсөн. 1987 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1991 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институт, 2004-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1996-2000 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2000-2004 онд "Гурван гол” ХХК-д дэд захирал, 2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, 2010-2012 онд "Гурван гол холдинг” ХХК-д дэд захирал, 2012-2013, 2015-2016 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2016 оноос "BOD” ХХН хуулийн формд хууль зүйн зөвлөхөөр ажиллаж буй юм байна.
Хууль зүйн байнгын хороо 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг дэмжин, бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Даваасүрэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэлээд хугацаа өнгөрөөд байхад яагаад нэр дэвшигчдийн нэрийг оруулж ирээгүй юм бэ хэмээн асуусан.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Нэр дэвшүүлсэн гурван хүний хоёрынх нь хугацаа жил орчмын өмнө, нэг хүнийх сая тавдугаар сард дууссан. Өнгөрсөн жилийн тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан байсан. Түүнтэй холбоотойгоор өмнөх ерөнхийлөгч хүн нэр дэвшүүлээгүй сонгуультай золгосон. Сонгуулийн дараа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн асан Д.Бурмаагийн нэрийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд дэвшүүлсэн ч Байнгын хорооны хуралдааны үеэр дэмжигдэхгүй нь тодорхой болсон учир нэр дэвшигчийн талаархи саналаа татсан байгаа. Ингээд гурав дахь хүний бүрэн эрхийн хугацаа дууссантай зэрэгцээд нэг мөр гурван хүний нэрсийг танилцуулж байна. Бүрэн эрхийн хугацаа дуусангуут нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заалт байхгүй юм байна гэсэн хариулт өгсөн.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Үндсэн хуулийн цэцийн гишүүд Үндсэн хуулийн манаач нар гээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар 1990 онд Үндсэн хуулийг батлалцаж явсан хүний хувьд юу гэж бодож байна вэ хэмээн нэр дэвшигч Б.Буяндэлгэрээс тодруулсан бөгөөд нэр дэвшигч Б.Буяндэлгэр, санал нийлэхгүй ганц нэг зүйл бий хэдий ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг үндсэнд нь дэмжиж байгаа гэлээ.
Гишүүд нэр дэвшигчдэд шударга, зарчимтай, улстөржилгүй ажиллаж, Үндсэн хуулийн манаачийн үүргээ сайн биелүүлээрэй хэмээн захьсан. Ийнхүү хэлэлцсэний эцэст санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нэр дэвшигч Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжиж, бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөллөө.
Ш.Солонгыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо
Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх асуудыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшсэнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ нэр дэвшигч Ш.Солонго Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан байна.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлыг давхар гүйцэтгэхийг хуулиар хориглосон байдаг тул тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ийнхүү гаргасан болохыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хуралдаанд танилцууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд Ш.Солонгыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг санал нэгтэй дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Ш.Солонгыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэн юм.
Үргэлжлүүлээд Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу УИХ-аас санал болгосон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасан байдаг.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-ын дарга тавдугаар сарын 21-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ш.Солонгын нэрийг дэвшүүлэх тухай албан тоот хүргүүлж, хэлэлцүүлсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийг дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын даргын 107 тоот захирамж гарган Ш.Солонгыг албан ёсоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлжээ.
Нэр дэвшигч Ш.Солонго нь 1962 онд төрсөн. Тэрбээр 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ. Хуульч мэргэжилтэй, гавъяат хуульч цолтой. 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын газарт дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж. Төрийн албанд 34 жил ажилласан Ш.Солонгыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шалгуурыг бүрэн хангасан гэдгийг УИХ-ын дарга танилцуулгынхаа үеэр онцолсон.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд төрийн албанд 34 жил ажиллахдаа зарчимч чанар гэж юу болох, төрийн албанд хэрхэн шударгаар ажиллахыг Ш.Солонго өөрийн биеэр харуулсан хэмээгээд Үндсэн хуулиа хатуу барьж ажиллах уур амьсгалыг цэцийн танхимд бүрдүүлж ажиллаж чадах хүн гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.
Эцэст нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжиж, бүрэн эрхийнх нь хугацаа нь дууссан Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөллөө.
Орон нутгийн хамгаалалтын тухай, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа
Мөн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм.
Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 2.2 дахь хэсэгт "Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа болно.” хэмээн тодорхойлж, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт "Орон нутгийн хамгаалалт нь Монгол Улсын өөрийгөө хамгаалах стратеги бөгөөд төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, бүх нийтийн оролцоонд тулгуурлана", мөн хуулийн 7.4 дэх хэсэгт "Орон нутгийн хамгаалалтын харилцааг хуулиар зохицуулна” гэж тус тус заасан. Энэ үндсэн дээр Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ.
Мөн Улсын Их Хурлын 2006 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичигт орон нутгийн хамгаалалтын талаар тодорхой заалтууд тусгагдсан бол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах, зэвсэгт хүчний нэгдмэл тогтолцоог төлөвшүүлж, зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгож хөгжүүлэхээр заажээ. Түүнчлэн Батлан хамгаалах тухай хуулийн 7.2 дахь хэсэгт "Монгол Улс орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлнэ" гэж заасан нь хуулийн төслийг боловсруулах хууль зүйн үндэслэл юм.
Харин практик хэрэгцээ, шаардлагын хувьд Улсын Их Хурлаас 2006 онд "Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичгийг баталсан ч уг бодлогын баримт бичигт туссан зорилтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул орон нутгийн хамгаалалттай холбогдох харилцааг шинээр хуульчлан тогтоох шаардлагатай болсон байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ, Сингапур, Швейцарь, Израйль зэрэг газар зүйн байрлал, бүс нутгийн цэрэг-улс төрийн нөхцөл, газар нутгийн хэмжээ, эдийн засгийн хүчин чадал зэргээрээ харилцан адилгүй орнуудын хууль тогтоомжийг судлан үзэж, өөрийн орны онцлогт тохирсон, бүх нийтийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бий болгоход анхаарсан. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2017 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд бүх аймаг, нийслэлд, энэ оны 1 дүгээр сард аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нарын цугларалтаар тус тус зохион байгуулж, 200 гаруй санал гарсаныг судлан үзэж хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн "Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал ба орон нутгийн хамгаалалт” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг энэ оны 3 дугаар сард зохион байгуулсан гэдгийг сайд илтгэлдээ дурдлаа.
Уг хуулийн төсөл нь нийт зургаан бүлэгтэй юм. Хуулийн төсөл батлагдсанаар иргэний эх орноо хамгаалах Үндсэн хуулийн заалт хэрэгжих, орон нутгийн хамгаалалтын талаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүргийн уялдаа хангагдаж, улсын орноо батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 18-ны өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь, Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа, Ж.Энхбаяр нар ажлын хэсэг батлан хамгаалах, засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн асуудлаар мэргэшсэн хүмүүсийг татан оролцуулах, хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Монгол Улсын Ерөнхийлгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн саналыг авч тусгах, төрийн захиргааны, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг, хариуцан гүйцэтгэх үйл ажиллагаа, хариуцлагыг нарийвчлан тодорхойлох, орон нйтгийн хамгаалалтад бэлтгэх, хэрэгжүүлэхэд салбаруудын харилцан ажиллагаа, уялдааны асуудлыг тодорхой тусгах зэрэг саналуудыг гаргасан хэмээн УИХ-ын гишүүн А.Ундраа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.
Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан хэлэлцүүлэг эхлэх үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал авч хуулийн төсөлд тусган оруулж ирэх нь зүйтэй гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзсэн хэмээгээд үүнтэй холбогдуулан тус бүлгээс тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэн учир хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөнм эдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг эхлэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мөн хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэнээр мөн хойшлууллаа.
Дайчилгааны тухай хуулийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах, дайчилгаа явуулах үндэслэл, журам, энэ талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүргийг тогтоож, дайчилгаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилтын хүрээнд анх 1998 онд баталжээ. Түүнээс хойших хугацаанд уг хуульд таван удаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 3-т "Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно” гэж заасан нь дайчилгаатай холбоотой суурь зохицуулалт юм. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт "Монгол Улс нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог эдийн засгийн төлөв байдал, зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн бүрдүүлнэ”, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Дайчилгааны тухай хуулийгМонгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, Монгол Улсын батлан хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэхээр заасны дагуу уг хуулийн төслийг боловсруулсан хэмээн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулахдаа хэлсэн.
Хуулийн төсөлд улсын болон цэргийн дайчилгааны зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс нэр томьёог тодорхойлж оруулж өгсөнөөс гадна дайчилгааны үндсэн арга хэмжээг дайчилгааны бэлтгэлийг хангах болон дайчилгаа явуулах үеүдээр тодорхойлж, түүнийг эрх бүхий байгууллагуудын эрх, үүрэгт тодорхой зааж өгсөн. Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Дайчилгааны тухай хуулийн бүтэц, хуулийн хамрах хүрээг хэвээр хадгалж, улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үеийн энэ хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудпыг бүрэн тусгаж, хуулийн нэр томьёог тодотгох, улсын дайчилгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг тодорхойлох, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт заасан зорилтуудыг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан гэдгээ төсөл санаачлагч танилцуулсан.
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээ илүү боловсронгуй болж, дайчилгааны талаарх субъектүүдийн чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлж, дайчилгаанд оролцогчдын эрх зүйн байдлын баталгааг хангахаас гадна хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, бусад хууль тогтоомжтой нийцнэ гэж төсөл санаачлагч үззж байгаа аж.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 18-ны өдөр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ үеэр УИХ-9ын гишүүн Ж.Энхбаяр хуулийн төслийн үг хэллэг, найруулга, хуулийн давхардал зэргийг засах, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөлтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж, хуулийн төслүүдийг багцаар нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 330 сумдад биеийн тамирын арга зүйчийг цэргийн бэлтгэл офицертэй хамтатгаж, давхар үүрэгтэйгээр томилох боломжийг судлах, баталсан хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах зэрэг саналуудыг тус тус гаргасан гэж УИХ-ын гишүүн А.Ундраа тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа онцолсон юм.
Хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан учир ийнхүү хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа
Дараа нь "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эдийн засгийн байнгын хороо 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг тогтоолд бүрэн тусгалаа хэмээн УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.
Тогтоолын төслийн хавсралтад зээлийн хүүг бууруулах санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн өмчийн талаархи бодлого боловсруулан хэрэгжүүлэх, удирдлага менежментийг сайжруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх замаар өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, худалдан авах үйл ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжийг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоох үнэлгээнд орон нутаг оролцдог байх, Их эзэн Чингис хааны өмнөх болон дараахь үеийн түүх археологийн үзэсгэлэн гаргах бэлтгэл ажиллагааг хангах, багш, эмч нарын цалин хөлсний менежментийг боловсронгуй болгох замаар цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт олон улсын жишигт нийцсэн барилга, байгууламж, лабораторийн орчин нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгох, Серьеэгийн эмнэлгийн барилга шинээр барих, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төсвийн оюутнуудад 70 мянган төгрөг олгох зэрэг зарчмын саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулан чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу "Тавантолгойн орд ашиглалтыг өргөжүүлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын явц, хувиар” гэсэн шалгуур үзүүлэлтийг төслийн хавсралтад нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, ирэх онд хэд хэдэн төрийн өмчит компанийг хувьчлахаар туссан юм байна. Хувьчлалаас орж ирэх мөнгө ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд туссан уу хэмээн лавласан.
Хувьчлалын асуудлыг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд УИХ-аас шийдвэр гарсны дараа хувьчлалаас орж ирэх мөнгөн дүнг 2019 оны төсвийг хэлэлцэх үед тодорхой тусгана хэмээн Ажлын хэсгээс хариуллаа.
Ингээд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн Тавантолгойн орд ашиглалтыг өргөжүүлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Эцэст нь гишүүдийн 82 хувийн саналаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.
Цахим бодлогын түр хороо 26 гишүүнтэй байгуулагдлаа
Мөн хуралдаанаар "Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусган, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Байнгын хорооны хуралдааны үеэр төсөлд иргэний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах талаар нэмж оруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Мөн Улсын Их Хурлын бүтцэд шинээр байгуулагдах Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд уг тогтоолын төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нараас гадна тус Түр хороонд орж ажиллах хүсэлт гаргасан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Б.Ундармаа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, О.Содбилэг, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, А.Ундраа, Ц.Мөнх-Оргил, Б.Жавхлан, Б.Баттөмөр, Л.Элдэв-Очир гэсэн нийт 26 гишүүнийг оруулах санал мөн дэмжигдсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд тогтоолыг эцэслэн баталж, Цахим бодлогын түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.