Олоон жилийн өмнө (1992 оны намар) Улаан-Үд, Эрхүүгийн чиглэлийн галт тэрэгний купед нэгэн эгчтэй суудал таарсан юм.
Ах
бид хоёроос гадна ахын танил бас нэг ах, тэгээд өнөөх тавь дөхөж яваа,
яриа хөөрөөтэй, хэн хүнтэй эвлэг харьцдаг тэр эгч бид дөрвүүл. Тэр үед
Орос руу тарваганы арьс гаргаж явсан хүмүүс мэднэ дээ. Улаанбаатараас
галт тэрэг хөдлөнгүүт хил хүртэл шөнөжин купе дотроо бөндөгнөж,
түжигнүүлчихнэ. Онгойлгож болох бүхнийг онгойлгож арьсаа нууна. Таазны
адар эрэгдэж, хаалганы хавтас салгаж, шалны хулдаас хүртэл хуулж байсан
санагдах юм. Өнөөх эгч өрөөнд байсан 4 гудсыг бүгдийг нь задалж,
тарваганы арьсаа сайхан зулаад, цүнхнээсээ өнгө өнгийн утас зүү гаргаж,
яг өмнөх оёоны утастай адил утсыг сонгоод шөнөжин оёж билээ. Би ээж,
эгчийн хажууд утас зүү хатгаж байхыг нь харж өссөн учир өнөөх эгчид нэг
гудсыг нь оёж өгсөн юмдаг.
Үүрээр хилд дөхөж ирлээ. Шөнөжин
нойргүй хөдөлмөрлөсөн бид түр амсхийж, цай цүү, хоол унд болоход өнөөх
эгч цүнхнээсээ баахан хоол, хиам, боов, цай гаргаж биднийг дайлав. Их
үнэтэй архи ч гаргасан санагдана. Тэгээд "Одоо бүгдээрээ мушгина аа.
Гаалийнхныг орж ирэхэд цоглог сэргэлэн сууцгаана шүү” гээд тэр үед их
ховор байсан хулдаасан хөзөр гаргаж дэлгэв.
"Гарын уртай мундаг
хүү байна. Лав ээж, эгч нар чинь их уран хүн байсан байх. Эгчдээ их тус
боллоо. Баярлалаа” хэмээн гудсыг нь оёлцож өгсөн намайг маш ихээр их
магтаж, "Залуу хүн байна, сайн ид” хэмээн өгөрций, хиам хавчуулсан талх
надад байн байн сарвайна. Эгчийн гуйснаар миний нарийн шилбийг элдсэн
дөрвөн тарваганы арьсаар ороож, мяндсан утсаар бадайрч чинэртэл боож
орхисон билээ. Тэгэхэд би тухайн үед залуусын өмсөх дуртай Пирамид гэдэг
саран тэмээний зурган логотой өргөн хэлхэгэр жинсэн өмдтэй явав. Бас
гэдэс гүзээгүй миний хэвэлд тав зургааг хийгээд, гадуур нь баадагнасан
байсан юм.
Монголынхоо гааль дээр зогсох үед цонхны цаана ой хүрч
яваа болов уу гэмээр хүүхдээ тэвэрсэн бараг миний үеийн залуухан эх
зогсоод, галт тэрэгний цонхнууд руу горьдлого тээсэн өлөн нүдээр харан
зогсож байлаа. Өмссөн зүүсэн юм үгүй шахам, даарсандаа шөвгөр хөх эрүү
нь чичигнэнэ.
Өнөөх эгч ч түүнийг харангуут цонхоо буулгаад,
дуудаж идэж ууж явсан юмаа уутанд хамаж хийгээд өгөв. Өмнө нь надад
хэсэг талх, хиам боож өгсөн байсан юм. Бас "Даарчихлаа, наад хүүхэд
чинь…” гээд нөмөрч явсан сайхан ноосон шаль (одоо тийм юм үзэгдэхгүй
болж, оросын том ноосон алчуур) -аа аваад өгч байна. 11 сар, тэр жил эрт
хүйтэрсэн байсан сан.
Тийм өгөөмөр, тусч сайхан сэтгэлтэй эгчид
би л хувьдаа маш ихээр талархан баярлаж, тэр эгчид нэгэн шөнийн нойроо
үргээн тусалсандаа сэтгэл ханаж суув. Бас бадайран чинэрч буй хөлийнхөө
шилбэний өвчинг ч тэвчих тэвчээр маань нэмэгдэх шиг болж билээ. Ах үг
хэлэх бүрдээ намайг шоолж, даажигнана.
Эхний гаалийг аятай сайхан
өнгөрөөд Оросын гааль дээр ёстой нэг сэгсрүүлсэн дээ. Гаалийн бүдүүн
орос авгай орж ирээд өнөөх бидний шөнөжингийн хүч хөдөлмөрийг маань ганц
сайхан нурааж, хамаг нуусан арьсыг хуу хамав. Яг л хүн заагаад өгчихсөн
мэт дагуул цэргүүддээ одоо тэрийг, энийг онгойлго гээд л бүдүүн чийгийн
улаан өт шиг хуруугаараа заана.
Ахын цүнхний давхар оёорт байсан
болоод миний хэвлийг халуу шатуулж, шилбийг байж ядуулан буй хэдэн арьс
үлдэв. Эгчийг харвал ёстой хий нь гарсан гүзээ шиг шалбайжээ. 100 орчим
арьс хураалгасан санагдана.
Оросын гааль өнгөрөөд би өнөөх хэдэн
арьсыг нь хөл, хэвлээсээ тайлж өглөө. Эгч "Баярлалаа” гэж сулхан дуугарч
байна. Эгчид тэр хэдээс өөр юм үлдсэнгүй. Миний хувьд түүнийг өрөвдөж
байх гэж жигтэйхэн. Би өөрөө таван эгчтэй хүн. Мэнд авч гарсан хэдэн
арьснаасаа хэдийг илүүчилчихдэггүй юм байх даа хэмээн ах руугаа сэм
сэмхэн хялалзан суулаа. Ах маань харин бүр эсрэгээрээ, тэр эгчийн
эмгэнэл харууслыг ер анзаарсан шинжгүй. Би ахыгаа ийм хүйтэн хүн гэдэгт
итгэж ядан мэлрэн суув. Гэтэл бүр ихээр мэлрүүлсэн явдал болсон билээ.
"Түй
чёрт. Муу өлөгчин. Адгийн муу гуйлгачин” гэсэн дуу гарах нь тэр. Цонхны
дэргэд шанаа тулаад сууж байсан өнөөх эгч цааш нь "Тэгээд хүүхдээ
тэврээд гуйлга гуйгаад үхэж хатсан царайлаад явж байхдаа таарсан амьтан”
гэж байна.
Тэр эгч хэнийг, юунаас болоод тийнхүү адгийн
муухайгаар хараагаад буйн учрыг би огт ойлгосонгүй. Гэтэл хэсэг сууснаа
"Ядарсан муусайн юмнуудад өглөг өгөхөөр буян болдог гэдэг шал худлаа юм
байна шүү дээ. Тэр хилийн зурвас гатлахын өмнө цонхны цаана зогсож
байсан тэр муу өлөн нүдтэй жингэрт шал дэмий юм өглөө. Хүний хамаг буян
хамаад авчих шиг болов” гэх нь тэр. Миний өнөөх сайн сайхнаар төсөөлж,
өрөвдөж, хамаг арьсаа хураалгасанд нь өмнөөс нь эмтэрч суусан маань
салхинд хийсэх мэт хормын зуурханд арилж, нүд бүрэлзэж, дотор
харанхуйлах шиг болж билээ. Хүүхдээ тэвэрсэн тэрхүү гуйлгачин залуухан
эхийн дүр төрх нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөв. Гэнэтхэн ширээний цаана
суугаа тэр эгчээс чоно үзсэн хурга мэт айж жийрхэх сэрэхүй намайг нөмөрч
байгааг мэдэрч, дотор муухайран бушуухан гарч 00 руу зүтгэж билээ.
Улаан-Үдэд буунгуут хамгийн түрүүнд тэр эгчийн намайг магтан магтан, илж
таалан байж боож өгсөн өнөөх хиам талхыг нь хэдий өлсөж байсан ч хогын
сав руу цэврүүхэн бариад шидсэн юмдаг. Ах намайг анзаараад "Иймэрхүү
жүликүүд хаа сайгүй штээ. Юундаа эмзэглээв?” гэхэд нүүр минь ихэд улайж,
ичиж билээ. (жүлик-ямар ч ёсзүйн баримтлах зарчим, үнэт зүйлгүй мунхаг
дорд хүмүүс гэсэн утгаар ах маань энэ үгийг хэрэглэх шиг болсон)
Тэр цагаас хойш өглөг буянд их анхааралтай, нэн сэжигтэй хандах болсон сон.
Энэ хугацаанд миний анзаарснаар ӨГЛӨГ БУЯНЫГ хүмүүс гурван хэлбэрээр үйлдээд байх шиг.
–
Дээрх эгчийнх шиг зөвхөн өөрийн тусын тулд л өглөг буян үйлддэг. Өөрөөр
хэлбэл өөрт эргээд ашиг, хариу тус харж "өглөг буян” хийж байна. Энэ
бол үнэн хэрэгтээ өглөг ч, буян ч биш юм.
– Удаад нь хүн зөвхөн
өөрийнхөө давуу байдлыг харуулах, ихэрхэх гэж өглөг, буян өгөх нь бас
байна. Бүр өглөг өгч зөвхөн өөртөө л таашаал авдаг хүмүүс ч тааралддаг.
–
Ерөөс өгөхийн тулд, буяны тулд өгч буй ӨГЛӨГ БУЯН байна. Чухам жинхэнэ
өглөг буян гэдэг бол энэ. Цаад хүнийхээ тусын тулд л гэсэн нинж сэтгэл
төрөөгүй бол яагаад ч өглөг буян болж чаддаггүй. Хичнээнийг өгсөн ч
ялгалгүй. Чухам өглөгийг Өгөхийн тулд л өргөдөг. Буяныг Буяны тулд л
үйлддэг, Сайн үйлийг зөвхөн Сайн үйлийн тулд нь бүтээдэг. Эс тэгвээс
хэрхэн Өглөг, Буян, Сайн үйл болох билээ.
Энэ мөн чанар бүр дээр таарсан тохиол явдлуудтай амьдралд учирч явав. Тэр бүхнийг хожмоо амжваас сийрүүлэн бичихийг хичээнэ ээ.
Б.Наминчимэд