Усан цахилгаан станц Монголд хэрэгтэй юү, хэрэгтэй.
Гэхдээ усны нөөц бололцоогоор мэргэжлийн судалгааны түвшинд боломжтой гэсэн
үнэлгээ авч, байгаль орчинд үзүүлэх
сөрөг нөлөө бараг үгүй тохиолдолд хэд л бол хэдэн усан цахилгаан станц барьж
болно. Дээрх шалгуурт тэнцээгүй тохиолдолд эрчим хүч, эдийн засгийн үр өгөөж
гээд хэчнээн олон ашиг байгаад нэмэргүй. Хэн нэгний санаачилсан төслийг заавал хэрэгжүүлэхийн тулд, хэдхэн жилийн дотор байгалиа сүйрүүлж, ан амьтан, ургамал,
загас жараахайгаа устгах, орон нутгийн иргэдийг хохироох усан цахилгаан станц
барих ёсгүй. Аливаа бүтээн байгуулалт, ялангуяа уул усаараа "оролдож” буй бүх
зүйл цаашдын сайн сайхны төлөө байх ёстой. Өдгөө баруун аймгуудад усан
цахилгаан станц барихаар төсөл хөтөлбөрүүд хөдөлж эхэлж байна.
Усан цахилгаан станц бол орон сууцны барилга биш гэдгийг
санах хэрэгтэй. Голын усыг боож томоохон усан сан үүсгэдэг, байгальд шууд "гар
хүрдэг” гэдэг утгаараа судалгаа сайтай, хэн нэгний явцуу эрх ашгийг
шингээгээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын бодит үнэлгээтэй байхыг шаарддаг.
Шинээр усан цахилгаан станц барихаар бол алдааг нь давтаж болохгүй, юун дээр
алдсаныг нь заавал анхаарч, хянаж, засаж хэрэгжүүлэх ёстой хамгийн сүүлийн төсөл
бол Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд.
Баригдсан даруйдаа
байгаль, экологид хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн нь Тайширын усан цахилгаан
станц. Завхан голын усыг боосноос энэ гол тасарч Увс аймгийн Завхан сумын
малчид уух ус, малаа тэжээх бэлчээргүй
болж олон зуугаараа нутгаа орхин нүүсэн цаг саяхан. Шинжлэх ухааны
үндэслэлтэй тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр усан цахилгаан станц барьсны
гор одоо ч арилаагүй хэвээр. Завхан голын ус татарснаас болж үзэсгэлэнт Хяргас
нуурын усны төвшин жил ирэх тусам багасч эргийн бүс дотогшилсоор байгааг
судлаачид онцлох болсон. Гэтэл Завхан голын усыг боож "Гэгээн” нэртэй нуур
үүсгээд ч Тайширын усан цахилгаан станц өнөөдөр бүрэн хүчин чадлаараа
ажиллахгүй байна. Яагаад гэвэл станцад 100 хувь ашиглах хэмжээний усыг гол
хуримтлуулж чадахгүй байгаа юм.
|
Үүнээс гадна Дөргөний усан цахилгаан станц гэж
монголчуудаар тохуурхсан гэхэд хилсдэхээргүй станц бий. Дөргөн нуурын загасыг
хамгаалах нэрээр загас дамжин өнгөрүүлэх байгууламж нэртэй төөрдөг байшин
байгуулснаас нь болж монгол хадран загасны үржлийн нүүдлийг тасалж, бараг
устахад хүргээд буй. Бас Чонохарайхын голд "Техникийн тос хөвж, өмхий үнэртэх
боллоо” гэж нутгийн малчид ярьсаар ирсэн. Улс орны хөгжил, иргэдийн амьдралд
эрчим хүч хэрэгтэй нь маргахын аргагүй үнэн. Тэглээ гээд байгалиа золионд
гаргаж болохгүйн жишээ энэ яах аргагүй мөн.
Яг үнэндээ Дөргөн,
Тайширын хувьд бид усгүй нутагт усан
цахилгаан станц барьж олон хүний чихийг дэлдийлгэсэн гашуун, сургамжтай түүх
бичсэн билээ. Нэгэнт хийсэн алдаагаа давтахгүйн тулд эрдэмтэд, мэргэжилтнүүдийн
зүтгэлээр "Ус” үндэсний хөтөлбөрт "Монгол орны гол, мөрний эрчим хүчний нөөц,
сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төлөвлөлтийг Тайшир, Дөргөний усан цахилгаан
станцын сургамж, ашиглалтын үеийн хүндрэлүүдтэй уялдуулан дахин сайжруулах арга
хэмжээг авах” гэсэн заалт оруулж чадсан. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр станцын
алдаа, оноонд тулгуурлаж шинээр усан цахилгаан барих эсэхийг шийдэх ёстой гэсэн
үг. Даанч үүнийг мөрдөхгүй байна. Нөгөө талаар Тайшир, Дөргөний усан цахилгаан станцаас
болж байгаль, экологид хэр хэмжээний хохирол учирсныг тодорхойлсон судалгаа
өдийг хүртэл алга. Хяргас нуурын усны төвшин үнэхээр буурсан уу, Завхан голын
урсац станц барихаас өмнөхтэй адил хэмжээтэй байж чадаж байна уу, хадран
загасны тоо буурсан уу гэдгийг судалж тогтоосноор маргаантай олон асуултад
хариулт өгөх учиртай. Тэгээгүйгээс нутгийн иргэд, станцын удирдлагын дунд чи
буруутай, би буруугүй гэсэн үл ойлголцол гарсаар байх нь аргагүй. Хуульд
зааснаар ийм судалгааг мэргэжилтнүүдээс бүрдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын
үнэлгээний комисс хийх ёстой бөгөөд БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулдаг ажээ.
Харамсалтай нь, ийм комисс байгуулж ажиллуулсан тохиолдол өдийг хүртэл алга.
Усны нөөц багатай баруун аймгуудад цаашид усан цахилгаан станц нэмж барих нь
зөв үү гэдэг дээр дахин сайн ярилцаж оновчтой шийдэлд хүрэх хэрэгтэй. Өмнөх
алдаа одоо ч нүдэн дээр ил хэвээр байна.
Усан цахилгаан станц бариад ашиг олсон, үр ашиг нь гарсан
тохиолдол Монголд бараг байхгүй. Орхоны станцыг 1950-иад оны үед барьсан ч одоо
ашигладаггүй. Ховдын Манханых ажилладаггүй. Яагаад гэвэл, голын урсац нь
буурсан, төвийн эрчим хүчинд холбогдчихсон учраас ашиглах шаардлагагүй
болчихсон. Увсын Өндөрхангайн станц эрчим хүч огт гаргадаггүй, барилга нь
хаягдчихсан. Хөвсгөлийн Эрдэнэбулганых байна. Бас л төвийн эрчим хүчинд
холбогдчихсон. Ховдын Үенч гэхэд усан цахилгаан станцтай мөртлөө Хятадаас эрчим
хүчээ авчихаж байгаа юм.
Эдгээр станцыг барих гэж тухайн үедээ улсаас багагүй
хөрөнгө зарцуулсан байдаг. Гэтэл одоо хог болоод хэвтэж байна. Хэдхэн жилийн
өмнө барьсан Дөргөн, Тайширын усан цахилгаан станц ажиллаж байгаа ч маш их
маргаан, хэл ам дагуулсаар л байгаа. Эдгээр станцын хам нөлөө Хяргас, Дөргөн
нууранд тусдаг. Тодорхой хэлбэл, Алтайгаас ирж байгаа ус Ховд, Буянт голоор,
Хангайгаас ирж байгаа ус Хүнгүй, Завхан голоор дамжин Хяргас, Дөргөн нуурт
цутгадаг. Гэтэл Хангайгаас ирж байгаа Завхан голын усыг Тайширт, Алтайгаас ирж
байгаа Ховд, Буянт голын усыг Дөргөний станцын далангаар хаачихсан. Их
нууруудын нэг хэсэг болох Хяргас нуурын хотгор нь хуурайшилт ихтэй, гадагш
урсгалгүй бүс нутаг. Ийм эмзэг нутгийг тэтгэгч хоёр том голыг хааж станц
барьсан нь хэдхэн жилийн дараа харамсаад ч баршгүй байдалд хүргэж болзошгүй гэж
эрдэмтэд ярьж байгааг бодох л хэрэгтэй.
Иймд одоо Монголд аливаа усан цахилгаан станцыг
барихын өмнө Тайшир, Дөргөний усан цахилгаан станцаас болж тухайн эко бүс
нутагт ямар өөрчлөлт гарсныг тогтоох шаардлагатай юм. Үүнээс гадна станц
барихаар төлөвлөсөн томоохон голуудад байгаль орчны стратегийн үнэлгээ зайлшгүй
хийх ёстойг судлаачид хэлж байна. Тэгсний дараа судалгааны бүх үр дүнгээ
нэгтгээд тодорхой дүр зураг гарна. Үүнд тулгуурлаж байж л хаана усан цахилгаан
станц барихаа шийдэх нь шинжлэх ухааны үүднээсээ ч, байгаль экологи талаасаа ч
оновчтой шийдэл болох юм.
Б.ЭНХМАРТ