Д.Сарангэрэл сайд аа, бусдын хийснийг авах биш, өөрсдийн хийснийг тордъё


 

Д.Сарангэрэл сайд аа, бусдын хийснийг авах биш, өөрсдийн хийснийг тордъёХавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж, эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон энэ үед хавдрын эмчилгээгээр дагнасан эмнэлэг барих нь яах аргагүй чухал.

Байрандаа багтахааргүй болсон ХСҮТ-д өргөтгөлийн барилга барихаар болж, найман жилийн турш дуншсаны эцэст арайхийн ашиглалтад орох гэж байна. Гэвч үйл ажиллагаа явуулж эхлээ ч үгүй байхдаа байгаль дэлхийгээр чанараа шалгуулж, өргөтгөлийн барилгын хонгил усанд автсан билээ. Үүгээр ч зогсохгүй хана туурга нь цуурч, борооны ус нэвчсэн, стандартын шаардлага хангаагүй гээд элдэв хэл ам дагуулах болжээ.

Ийм нөхцөлд хүн эмчлэх, мэс засал хийгдэх боломжгүй гэж үзсэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн М.Билэгтийн бариулсан хавдрын хувийн эмнэлгийг боломжтой бол төрд авах саналыг Засгийн газар оруулах бодолтой байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр  "Есдүгээр сард ашиглалтад оруулах боломжтой 12 давхар дэлхийн стандартад нийцсэн хавдрын эмнэлэг байна. Эрүүл мэндийн салбарыг хариуцаж байгаа хүний хувьд, хавдрын нөхцөл байдал ийм байхад дуугүй өнгөрч болохгүй. Тиймээс энэ эмнэлгийг холбогдох байгууллагууд үнэлэлт дүгнэлтээ өгч боломжтой бол төрд авах саналыг Засгийн газарт оруулна.

УИХ-ын гишүүд нэгнийхээ бизнесийг дэмжиж байна, эсвэл М.Билэгт гишүүн төрд эмнэлгээ шахаж байна гэсэн зүйл байхгүй. Өргөтгөлийн барилгын хонгилд ус орсноос эхлээд иргэдийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзаж үзсэн ч тэр энэ эмнэлгийг төрд авах нь зүйтэй гэж бодож байна” хэмээжээ.

Одоогоор тэрбээр энэ асуудлаар М.Билэгт гишүүнтэй ярилцаагүй байгаа бөгөөд ХСҮТ-ийн эмч нар ч өргөтгөлийн барилгаас илүүтэй тэрхүү 12 давхар байранд орох хүсэлтэй байгаа гэжээ.

М.Билэгт гишүүний хувьд цаг үеэ олж, ард иргэдээ зовж шаналж буй, эмнэлгийн хүрэлцээгүй үед хавдрын эмнэлэг байгуулсанд нь үнэхээр талархууштай. Өөрийнхөө хөрөнгөөр ийм том бүтээн байгуулалт босгож, эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах хувийн хэвшлийн тоог нэгээр нэмэх гэж байгаа нь тун ч сайн хэрэг.

Гэхдээ олон он дамнан баригдаж, өдий болтол хүлээгдсэн өргөтгөлийн барилгыг чанаргүй болжээ гээд тоолгүй орхиод, дахиад улсаас өч төчнөөн төгрөгөөр шинэ байр худалдаж авах юм уу, Д.Сарангэрэл сайд аа.

Үүнийхээ оронд шаардлага хангахгүй өргөтгөлийн барилга барьсан гүйцэтгэгч компанидаа хариуцлага тооцож, болохгүйг нь засч сэлбүүлбэл төсвийн мөнгөнд хэмнэлттэй шүү дээ. М.Билэгт гишүүний хувьд нэгэнт хувийн хөрөнгөөрөө барьж байгуулсан эмнэлгээ ашиглалтад оруулаг. Тэр хэрээр ХСҮТ-ийн ачаалал багасч, иргэдэд тав тухтай үйлчлэх боломж л нэмэгдэнэ гэж иргэд ярьж байна.

https://paparatsi.mn/m66

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.