СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС НЭРЭЭР 7000 ГАРУЙ ИРГЭНИЙГ ХОХИРООСОН ОРОС ЭРИЙГ ШАЛГАЖ БАЙНА


СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС НЭРЭЭР 7000 ГАРУЙ ИРГЭНИЙГ ХОХИРООСОН ОРОС ЭРИЙГ ШАЛГАЖ БАЙНА

 

Манай улсад сүлжээний бизнес цэцэглэсэн байгаа энэ үед элдэв сүлжээнд элсэж, эд мөнгөөрөө хохирох явдал гарсаар байна.


Казахстаны Житайм сүлжээнд олон мянган иргэн элсч, эцэстээ хохирогч болоод үлдсэн гашуун үйл явдал бий. Одоо ч энэ хэрэг шүүхээр шийдэгдээгүй, толгойлогч нь Монголоос зугтааж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдсан байдалтай байгаа юм.

Тэгвэл дахиад нэг сүлжээний томоохон хэрэг мандав.

"Монголчууд бид хашрахгүй юм.  Урд шөнө сүлжээний бизнес нэрийдлээр монголчуудыг залилсан орос иргэнийг Туушин зочид буудлаас баривчилжээ. Гэвч тухайн залилагч оросын биеийн байдал муудсан тул Сайд нарын хоёрдугаар эмнэлэг рүү аваад явсан. Удалгүй оросын Элчин сайд ирээд аваад явчихлаа. Хохирлын хэмжээний хувьд 90-100 тэрбумын хохиролтой” гэсэн мэдээлэл байгаа юм.

Бидэнд олдсон мэдээлэлээр нэг хүнийг 10 мянган төгрөгөөр элсүүлдэг АБА гэсэн нэртэй сүлжээ юм байна. Одоогоор хохирогчид нь цагдаагийн газарт мэдүүлэг өгч эхэлжээ.

Тэгвэл энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс дээрх орос иргэнийг авчирсан байцаалт явуулж, шалгаж эхэлжээ.

Харин хохирогчдын хэлж буйгаар орон нутгаас олон хүмүүс элссэн байсан гэнэ.

Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн хохирогч "Би 10 мянган ам.доллараар элсээд хохирчихлоо. Дараа нь урамшуулалд нь 3000 ам.доллараар нэмэлт элсэлт хийсэн. Гэр бүл, ах дүүсээрээ нийлээд 200-300 сая төгрөгөөр элссэн хүмүүс ч байгаа юм.

Миний хувьд 10 мянган доллараа юунд итгэж өгсөн бэ гэвэл, гадаадын олон хөрөнгө оруулагчтай компани байдаг. Олон улсын хөрөнгөн дээр үндэслээд арилжаа наймаа хийж ашгаа хүртэх юм байна гэж бодоод итгэж найдаад өгсөн гэв. Би доороо хүн элсүүлээгүй. Миний охин нэг хүн элсүүлсэн байсан. Энэ компани Монголд орж ирээд жил гаруй болж байна” гэлээ.

Мөн бас нэг хохирогч эмэгтэй "Өнгөрсөн дөрөвдүгээр сард нөхөртэйгээ хамт элсэхдээ машинаа зараад орж байсан. Байр өгдөг гэхээр нь байртай болчих гэж орсон. Таны мөнгө цуглаад ирэхээр байр бэлэглэнэ гэж Сандагсүрэн  гэх залуу хэлсэн. Тэгээд удалгүй сар хүлээгээрэй, төлбөрийн систем буруу болчихлоо гэсэн. Тэгээд бид хоёр банкинд карт захиалсан. Гэвч нэг сар, хоёр сар хүлээгээрэй гэж явсаар өдий хүрсэн. Бид нарын нэр дээр долоо хоног бүрт дансанд доллар орж ирээд байдаг. Үүнд их итгэл төрсөн. Гэвч бид гаргаж авч чаддаггүй. Манай нэг элсэгч Улаанбаатар банкин дээр очиж мөнгөө шалгуулахад аль 12 дугаар сард шилжүүлсэн мөнгийг цаад компани нь хүлээж аваагүй байгаа юм. Энэ бол сүлжээний компани биш хөрөнгө оруулалтын компани гэсэн ойлголтыг бидэнд төрүүлсэн" гэв. 

Харин цагдаагийн байгууллагаас хохирсон хүмүүсээ олж ир, тэгж байж энэ орос эрд эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хорьж шалгах ёстой гэжээ.  

О.Сайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.