Хэрэглэгчийн эрх ашгийг хэнээр хамгаалуулах вэ?


 

Хэрэглэгчийн эрх ашгийг хэнээр хамгаалуулах вэ?Хүн бүр их, бага ямар нэг хэмжээгээр хэрэглэгч. Шатахуун худалдан авах, такси үйлчилгээ, их дээд сургуулийн төлбөр тооцоо, үүрэн холбоо зэрэг өдөр тутмын амьдралд чухал үүрэг оролцоотой олон үйлчилгээг бид өдөр бүр авдаг. Авсан үйлчилгээ маань хааяа эсвэл ихэнхидээ төлсөн төлбөртөө тохирохгүй бүр хохироодог явдал таны амьдралд бишгүй нэг болсон биз ээ. Жишээ авья, Univision компани өндөр хурдны интернетийн үйлчилгээ үзүүлнэ гэж таньтай гэрээ хийсэн мөртлөө оройн цагаар "Ачаалал их байна” гэсэн асар утгагүй аргумент хэлж, чанаргүй үйлчилгээ үзүүлдэг, эсвэл суусан такси тань өөр өөр тарифаар үйлчилж, илүү төлбөр авах гэж үзэж тардаг. Эд бүгд хэрэглэгчийн эрх ашгийн эсрэг үйлдлүүд гэдгийг бид бүгд мэднэ. Гэтэл, яагаад хүн бүрт тохиолддог энэ мэт явдуул дасал болтлоо дахин дахин давтагдаад байгааг "цэгцлэх цаг болоогүй юу” гэж та лав өөрөөсөө нэлээд олон удаа бүр "дахин дахин” асуусан нь дамжиггүй.

 
Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар гэсэн сүржин нэртэй байгууллага бий. Үндсэн зорилго нь хэрэглэгчийг төлөөлж хуулийн ёсны эдлэх эрхтэй үйлчилгээ, төлбөр, стандартыг хангуулах ёстой төрийн байгууллага. Хэрэглэгчийн нүдээр харахад энэ байгууллагыг ямар хүнээр удирдуулахаас ажил нь хамаардаг шиг санагдлаа.  Одоогийн удирдлага нь саяхан "Хүүхэд-Хэрэглэгч аян”-ыг зохиосон бололтой юм. Зөв байж болох юм бол харин шатахууны үнэ яагаад дахин дахин өсч байгаа, шатахуун импортлогч компаниуд шатахууныг шингэлж зардаг эсэх, такси үйлчилгээ яагаад нэг стандарт болохгүй байгаа, менежментийн хувьчлалаар авсан цирк,  ард кино театр зэрэг байгууллагууд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, интернетийн чанаргүй үйлчилгээ гэх зэрэг нийгмийн асуудалд тодорхой хариу хэлж, байр сууриа илэрхийлсэн мэдээ, мэдээлэлийг энэ газрын вэб хуудсаас хайгаад олсонгүй. 
Үргэлжлүүлэн хайлт хийж үзлээ. "О.Магнай шатахуун импортлогч компаниудыг 17 тэрбум төгрөгөөр торгохыг шаардав”,  "О.Магнай лавлах утаснууд тарифаа зарладаг болно”, "О.Магнай Циркийн хувьчлалыг эргэн харах ёстой”, "О.Магнай долоо хоногийн орлого ихтэй киног зарладаг болно”, "О.Магнай захууд руу ороход төлбөр авдагийг зогсоов”, "О.Магнай У.Хүрэлсүхтэй хамтран ажиллахаас татгалзаж, ажлаа өглөө” гэсэн илэрц гарч ирэх юм. 
Томилогдох хүний "намын харъяалал”,  томилох хүний "таашаал” мэддэг манай нийгэмд  хэн, хаана ямар алба хаших нь надад хамаагүй ч цалингийн доод хэмжээ нэмэгдснээс болоод өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд ирэхийн цагт яах аргагүй хамаатай болж ирлээ. Зүй нь Цалингийн доод хэмжээ нэмэгдэхэд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх ёсгүй. Харин ШӨХТГ зохиомол үнийн өсөлтийг зогсоох үүрэгтэй. Гэтэл энэ ажлыг хийх хүн алга. 
Хэрэглэгч бидний эрх ашгийг төлөөлж, зоригтой үзэлцэх хүнээр удирдуулбал ядаж л энэ олон гомдож, хохирсон хэрэглэгч нар хандах хүнтэй боломоор санагдлаа. 
 
 
Хохирсон хэрэглэгч Н.Ганбаа
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/94367


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.