Улаанбаатар төмөр замтай холбоотой бас нэгэн харамсалтай осол өчигдөр гарчээ. Тодруулбал, Замын даргын нэрэмжит шалгалтад бэлтгэж явсан УБТЗ-ын холбооны монтёр эрэгтэй 2018 оны наймдугаар сарын 27-ны өглөөний 11.00 цагт олон улсын галт тэргэнд дайруулж нас барсан байна.
Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус Олон Улсын галт тэргийг жолоодож явсан машинист нь жил гаруйн өмнө тус албанд томилогдсон нэгэн гэнэ. Тодруулбал, тэрбээр олон улсын галт тэрэг жолоодох шаардлагыг бүрэн хангаагүй гэсэн үг. Одоогийн байдлаар тус хэргийг шалгах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд удахгүй дүгнэлт нь гарах аж.
Ойрын өдрүүдэд ЗТХЯ болон УБТЗ-тай холбоотой осол гэмтэл, хэрэг төвөг шил шилээ даран гарсаар байна. Харамсалтай нь эдгээр асуудалд удирдлагууд нь "нүдэн балай, чихэн дүлий" суусаар өнөөдрийн энэ ноцтой, харамсалтай хэргүүдийн гарах нөхцөл байдлыг бүрдүүлсээр байна гэхэд хилсдэхгүй. Энэ сарын дундуур Улаанбаатараас Сайншандыг чиглэж явсан галт тэрэг хүчтэй борооны улмаас дөрвөн вагон нь замаасаа гарч, галт тэргэнд зорчиж явсан 328 зорчигч хүнд хөнгөн гэмтэж, төмөр замынхан техник тоног төхөөрөмжийн маш их гарз, хохирол амссан билээ. Азаар хүний алтан амь эрсдээгүй ч ослоос болж хоёр хүн хагалгаанд орж, бусад зорчигч бүгд эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагдсан юм. Энэ бол маш олон хүн насан туршдаа бие махбодиороо хохирч үлдсэн харамсалтай хэрэг. Мөн уг осол гэмтлийг шуурхай янзлахын тулд УБТЗ эхний хоёр өдөрт л 200 гаруй сая төгрөгийг зарцуулсан байдаг. Бүх засвар дуусахад яг хичнээн төгрөг зарцуулсан бэ гэдэг нь одоогоор тодорхой байна.
Гэвч УБТЗ-ын удирдлагууд болсон ослыг байгалийн гамшиг руу чихэж өөрсдөө "уснаас хуурай гарсан" удаатай. Харин энэ удаад хариуцлагын ташуураас УБТЗ-ын удирдлагууд нэг их зугтааж чадахгүй л болов уу. Яагаад гэвэл тэдний удирдан чиглүүлж, осол гэмтэл гаргахгүй байх тал дээр ажилтан, албан хаагчиддаа сайтар анхааруулж ажиллах ёстой байсан ч ажлын хариуцлаггүйгээс болж өнөөдөр эрдэнэт хүн амь эрсдээд байна.
Тэр ч байтугай албан бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өчигдөр хүний амь нас эрсэдсэн энэ өртөөнд үүрийн 04.00 цагийн үед замын зүтгүүрийн рэле шатсаны улмаас гол замын хөдөлгөөн хаагдаж, уг зүтгүүрийн А сектор дахин ашиглах боломжгүй болтолоо шатсан гэлцэж байна. Мөн дээрх өртөөнд замын 4-р ангийн замчин ажил үүргээ гүйцэтгэж явахдаа галт тэргэнд шүргүүлж бэртсэн гэнэ. Энэ ослыг УБТЗ-ын удирдлагуудын зүгээс чандлан нууцалж, улмаар хохирогчиийн буруу гэж үзээд үйлдвэрийн осол биш гэсэн дүгнэлт үйлдсэн гэх мэдээлэл ч байна. Хэрэв эдгээр мэдээлэл үнэн бол УБТЗ-ыг Д.Жигжиднямаа болон бусад дарга нар нь хангалттай самарлаа, уналтад авчирлаа. Одоо болно байх аа...
Эсвэл дахиад л байгалийн давагдашгүй хүчин зүйл байсан хэмээгээд жирийн нэг ажилтан залуугийн харамсалтай ослоос өөрийгөө хамгаалан гарч одох гэж байна уу. Өнгөрсөн хугацаанд Д.Жигжиднямаагийн удирдсан энэ салбарт хангалттай олон асуудал, осол гэмтэл гарсан. Одоо бүр эцэст нь хүний алтан амь эрсдэж байна. Байгалийн хүчин зүйлээс болсон гэж бултдаг шигээ талийгаачаас нь өөрөөс нь болсон гэж бурууг чихэхгүй байх гэж найдаж байна.
Нэгэнт албан хаагчдаа удирдан зохион байгуулж, мэргэжил арга зөвлөгөө өгч чадаагүй бол одоо хариуцлагаа хүлээсэн шиг хүлээх хэрэгтэй.
Ер нь УБТЗ-ын даргаар Д.Жигжиднямаа гэх эрхэм томилогдсоноос хойш авилга, хээл хахууль, тендэр будилаан, хуучирсан вагон худалдаж авсан гэх хэргүүд, мөн шил дараалсан олон осол гамшиг гарлаа. Энэ бүхэнд хариуцлага хүлээх цаг нь иржээ.
Б.Анир
http://www.zaluu.com/read/2827adcbc
Сэтгэгдэл