ӨМЧӨӨ ӨӨРТӨӨ ҮЛДЭЭХ монголчуудын нэгдэл


ӨМЧӨӨ ӨӨРТӨӨ ҮЛДЭЭХ монголчуудын нэгдэл"Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг "Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгын нээлттэй дуудлага худалдаанд оролцохоор иргэдээс сарын өмнө мөнгө босгосон юм.

Гэвч тэрбээр дуудлага худалдаанд оролцож чадаагүй. Гэхдээ энэ нь crowdfunding буюу АНУ зэрэг гадаад оронд дэлгэрсэн мөнгө босгох аргыг манайд турших оролдлого байлаа.

Crowdfunding гэдэг нь шинэ төсөл, санаагаа санхүүжүүлэх зорилгоор иргэдээс хөрөнгө татах хэлбэр аж. Хамгийн гол нь барьцаагүйгээр, зөвхөн итгэлцэл дээр тогтдог байна.

Дараагийн сrowdfunding-ийг "Novel fund” компанийн гүйцэтгэх захирал Д.Ангар эхлүүллээ. Түүний багийн зорилго Монголын хөрөнгийн биржийн хувьчлалд оролцох юм. Энэ оны төсөвт тус биржийг таван тэрбум төгрөгөөр хувьчилна гэж тусгасан.

Одоогоор энэ хувьчлалын тов, хугацаа, журам нь тодорхой болоогүй байгаа. Гэхдээ Засгийн газар Монголын хөрөнгийн биржийн хувьчлалаас олох орлогыг төсөвт тусгаж, үүнийг нь УИХ баталсан учраас хувьчлалыг энэ онд эхлүүлнэ гэсэн хүлээлттэйгээр Д.Ангар хөрөнгө босгох ажлаа эхлүүлээд буй юм.

Тэрбээр "Хөрөнгийн биржийн хувьчлалд олон нийтийг оролцуулах нь миний гол зорилго юм. "Novel fund” компанийг 50 мянга хүртэлх хувьцаа эзэмшигчтэй компани болгохыг зорьж байгаа. Ингэснээр паблик буюу олон нийтийн компанийг Монголд жинхэнэ утгаар нь бий болгоно” гэж ярьж байна.

Түүний энэ санаачилгыг иргэд, төрийн түшээд гээд олон хүн дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хоёр долоо хоногийн дотор нэг тэрбум гаруй төгрөг хуримтлуулжээ.

Мөн "Novel fund” үйл ажиллагаагаа зөвхөн мөнгө босгож Монголын хөрөнгийн биржийн хувьчлалд оролцохоор хязгаарлахгүй, цаашид хамтын хөрөнгө оруулалтын сан болгож хөгжүүлэх гэнэ.

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос үүнтэй холбоотой мэдэгдэл гаргав. Үүнд "Олон нийтэд санал тавьж байгаа нэр бүхий иргэд, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл аваагүй, хөрөнгө итгэмжлэн удирдах эрх бүхий этгээд биш тул иргэд санаачилгыг дэмжиж болох хэдий ч мөнгөн хөрөнгө шилжүүлэх шийдвэр гаргахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл, зохицуулалтгүй зах зээлд мөнгө босгож байгаа учраас эрсдэлийг хөрөнгө оруулагч өөрөө хүлээх бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо үүнд хариуцлага хүлээхгүй, Иргэний хуулиар зохицуулагдана гэсэн санаа юм.

АНУ зэрэг оронд crowdfunding-аар санхүүжилт татах дээд хэмжээг нь нэг сая ам.доллар байхаар хуульчлан зааж өгсөн байдаг. Мөн зорилго, хөрөнгийн хэмжээ, хугацаа зэргийг ил тод байлгах шаардлага тавьдаг аж.

Манайд энэ нь харьцангуй шинэ учраас одоогоор ийм боломж байхгүй. Харин хөрөнгө оруулалтын сан байгуулан санхүүжилт татах хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд буй.

2014 оноос хэрэгжиж эхэлсэн уг хуульд хөрөнгө оруулалтын санг хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулна гэж заасан байдаг. Гэхдээ менежментийн компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авах ёстой.

Санхүүжилтийн хэлбэр нь тодорхойгүй, тусгай зөвшөөрөлгүй хэрнээ хөрөнгө итгэмжлэн удирдах гэж байгаа нь энэ хуулийг зөрчсөн үйлдэл гэж Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон үзэж буй аж.

Тус холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар бол захирлаар нь ажиллаж байсан хүн Монголын хөрөнгийн биржийг хувьчилж авах боломжгүй.

Энэ талаар бид холбогдох байгууллагад нь хандсан байгаа. Мөн хөрөнгө татаж буй хэлбэр нь ойлгомжгүй” гэлээ. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Ж.Цэдэнрагчаа "Crowdfunding, хөрөнгө оруулалтын сан хоёр нь огт өөр зүйл. Нэг нь зохицуулалттай, нөгөө нь зохицуулалтгүй. Энэ хоёрыг хольж байна.

Иймээс хөрөнгө босгож байгаа хэлбэрээ, хуулийн этгээдийн статусыг нь тодорхой болгох шаардлагатай. Сан хэлбэрээр хөрөнгө босгож байгаа бол эхлээд тусгай зөвшөөрлөө авах нь зүйтэй” гэлээ.

Харин Д.Ангар үүнд "Бид одоогоор хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй юм. Манай үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа учраас Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэж, гэрчилгээ олгосон.

Одоогоор "Novel fund” нь хөрөнгө оруулалтын менежментийн компани биш. Бид хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулаагүй. Цаашдаа Санхүүгийн зохицуулах хорооноос менежментийн компани байгуулах зөвшөөрөл авна” гэж ярьсан юм.

Лондоны хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржтэй байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээг 2014 онд дахин гурван жилээр сунгасан. Хоёр бирж хамтын ажиллагаагаа үргэлжүүлэхээр болсонтой холбоотойгоор Лондоныхон манай биржийн хувьчлалд оролцож магадгүй гэсэн хардлага бий.

Харин Монголын хөрөнгийн биржийнхэн одоогоор Лондоны талаас ийм санал тавиагүй байна гэж буй юм.

Ийнхүү биржийн хувьчлалд оролцох талаар маргаан өрнөлөө. Тэгвэл Монголын хөрөнгийн биржийг хувьчлах нь зөв үү, хувьд шилжвэл менежментийг нь хэн хийх нь оновчтой вэ? Энэ зах зээлийн мэргэжлийн оролцогчид буюу арилжаа эрхлэгчид Монголын хөрөнгийн биржийг хувьчлах нь зүйтэй гэдэг дээр санал нэгтэй байгаа гэнэ.

Бирж бол хөрөнгийн зах зээлийн оролцогчдыг зангиддаг, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Төр 100 хувь эзэмшиж байгаа учраас улс төрийн томилгоогоор мэргэжлийн бус хүнд менежментийг нь хариуцуулдаг гэсэн шүүмжлэл байнга дагадаг.

Ж.Цэдэнрагчаа "Биржийг хувьчлах нь маш зөв. Бирж нээлттэй болсноор засаглал нь илүү сайжирна. Мөн энэ хувьчлалд олон нийтийг оролцуулна гэсэн Д.Ангарын санаа зөв. Иргэд дангаараа биш, нэгдэж мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангаар дамжин оролцох нь ч зөв. Хамгийн гол нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авсан, олон нийтээс хөрөнгө татаж удирдах эрх бүхий хөрөнгө оруулалтын санд иргэд мөнгөө оруулах ёстой” гэлээ.

Олон улсын туршлагаас харахад хөрөнгийн биржийг хувьчлахдаа мэргэжлийн байгууллагуудад нь тодорхой хувийг санал болгодог жишигтэй аж. Хөрөнгийн бирж шийдвэр гаргахдаа мэргэжлийн оролцогчдынхоо саналыг авдаггүй гэж Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон шүүмжилдэг.

Тиймээс биржийг хувьчилбал брокер, дилерийн компаниудын төлөөллийг ТУЗ-д нь оруулах хэрэгтэй гэсэн саналыг хэлж байв. Мөн биржийг хувьчлах зөв арга нь IPO хийж олон нийтэд хувьцаагаа санал болгох гэдгийг эдийн засагчид онцолж байна.

Эдийн засагч Х.Батсуурь "Монголын хөрөнгийн бирж стратегийн ач холбогдолтой учраас 100 хувь өмчлөх нь зөв санаа биш. Тодорхой хувь нь төрийн мэдэлд байх ёстой гэж бодож байна.

Хөрөнгийн биржийг цөөн баян хүнд өгөхгүйн тулд олуулаа нийлж мөнгө босгож буй санаачилга нь байж болох л зүйл” хэмээн ярив.

Олон улсад өнгөрсөн хугацаанд хувьчлагдсан биржүүдийн дийлэнх нь үйл ажиллагаагаа нь сайжруулж, цар хүрээгээ тэлсэн байдаг юм байна. Харин шинээр байгуулсан бирж дампуурсан нь цөөнгүй.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх ёстой. Гэтэл манайд энэ шалгуур хангагддаггүй. Энэ нь асуудлын эхлэл болдог. Хувьцаат компаниуддаа зарчмыг нь мөрдүүлэхийн тулд бирж нээлттэй байх нь чухал аж.

Дэлхийн жишгээс харвал Азийн биржүүд төрийн болон хувийн хэвшлийн оролцоотой, Америк болон Европын биржүүд ихэвчлэн хувийн хэвшлийнх байдаг. Монголын хөрөнгийн биржийг 1991 онд байгуулсан бөгөөд хөгжиж буй орнууд дундаа урт настайд тооцогддог. Гэвч хөгжлөөрөө сүүл мушгисаар байна.

Тийм ч учраас дэлхийн хамгийн жижиг бирж гэдэг муу нэрнээсээ салж чадаагүй л явна. Манайхтай зэрэг гараанаас гарсан Польш зэрэг орны хөрөнгийн бирж хөгжлөөрөө хавьгүй илүү байна.

2000 онд байгуулагдсан Вьетнамын хөрөнгийн бирж гэхэд 15 жилийн хугацаанд Монголынхоос хэд дахин томорч чаджээ. Иймээс Монголын хөрөнгийн биржийг бүхэлд нь, эсвэл тодорхой хувийг нь хувьчлахыг мэргэжлийн холбоод нь дэмжиж буй аж. Гэхдээ биржийг хэн авах нь чухал биш.

Хамгийн гол нь бирж өөрөө нээлттэй, ил тод хэлбэрээрээ бусад хувьцаат компанид үлгэр болох нь хувьчлалын ач холбогдол юм.

Н.Санжаа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.