Б.Халиунаа залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ


 

Б.Халиунаа залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

"Трнава-2018” чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, "Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, 2017, 2018 оны УАШТ-ий хүрэл медальт, Орхон аймгийн "Ирээдүйн одод” сургууль, "Жем бридж” компанийн тамирчин, спортын мастер Баяраагийн Халиунаа мөнгөн медаль хүртэв. Тэрбээр монголын бөхчүүдээс залуучуудын ДАШТ-д ес дэх мөнгөн медалийн эзэн болж байна. Хамгийн сүүлд гавьяат тамирчин Батболдын Номин 2013 онд Софид үзүүрлэж байсан бөгөөд Б.Халиунаа ийнхүү таван жилийн дараа амжилтыг нь давтлаа.
Б.Халиунаа Трнавагийн дэвжээнд 1/8 шигшээд 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Пак Юн Йон, шөвгийн наймд Туркийн Нурифе Думаныг тус бүр цэвэр, хагас шигшээд энэ жилийн залуучуудын Азийн АШТ-ий дэд аварга БНХАУ-ын Хоу Жиажинийг 5:3-аар ялаад байсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д торолгүй түрүүлсэн Японы Саки Игарашид туршлага дутан оноогоор цэвэр (0:10) ялагдав. Түүнд дахин нэг удаа залуучуудын ДАШТ-д зодоглох боломж байгаа. Тиймээс ирэх жил дутуугаа гүйцээж аварга болохыг ерөөе.

 

НЭРИЙН ХУУДАС
БАЯРААГИЙН ХАЛИУНАА
1999 оны тавдугаар сарын 5-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн. 2009 оноос хойш ОУХМ Б.Идэрсайханы удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж байгаа. 2017 онд Орхон аймгийн "Ирээдүйн одод” дунд сургуулийг төгссөн.

 

 

АМЖИЛТ:
2012 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
2013 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
2014 он: "Монгол туургатан” ОУ-ын хүүхдийн спортын наадмын хүрэл
2015 он: Өсвөр үеийн УАШТ-ий хүрэл
- "Асашёорюү Кап” ОУТ-ий алт
- Наталья Воробьевагийн нэрэмжит өсвөр үеийн ОУТ-ий алт
2016 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
- "Асашёорюү Кап” ОУТ-ий алт
2017 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
- Залуучуудын УАШТ-ий хүрэл
- Д.Оюунболд агсны нэрэмжит "U-23” тэмцээний хүрэл
2018 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
- Залуучуудын УАШТ-ий алт
- "Монголиа Опен” ОУТ-ий мөнгө
- Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.