Суль, цульхирын гурилтай цайг гар аргаар үйлдвэрлэж байна


 

Суль, цульхирын гурилтай цайг гар аргаар үйлдвэрлэж байна

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ахмад настан С.Загд суль, цульхирын гурилтай "Говийн хүч” цайг гар аргаар үйлдвэрлэж байна. 

Цайны найрлагад шар тос, бөхтөр арвайн гурил, сүү, ногоон цай, давс орсон бөгөөд эдгээрийг үйлдвэрлэгч нь хөдөөгийн тариаланчдын гар дээрээс худалдан авч савлаад хэрэглэгчдэд хүргэж байгаа ажээ. 

Тухайлбал, суль, цульхирын гурилыг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумаас, бөхтөр арвайн гурилыг Чандмань сумын тариаланчаас авч эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд борлуулах хүртэлх үе шатыг техник ашиглалтгүй гар аргаар хийдэг онцлогтой. 

С.Загд гуай  "Цайгаа үйлдвэрлэж эхлээд хоёр орчим сар болж байна. Манай цай гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, ядаргаа тайлах гээд олон талын ач холбогдолтой учир зах зээлд эрэлттэй орон нутгийн брэнд бүтээгдэхүүний нэг болоод байгаа. Одоогоор захиалагчдын хүсэлтээр үйлдвэрлэж байна. Цаашид тоног төхөөрөмжтэй болчихвол орон нутгийнхаа дэлгүүрүүдээр борлуулах боломжтой” гэлээ.

Савлаад нэг удаа найруулж уух нь 300 төгрөг бол 20 ширхэгтэй нэг уут нь 6000 төгрөгөөр Говь-Алтай аймгийн "Алтайн брэнд", "Монгол тамхи со" дэлгүүрүүдээр борлуулж байгаа юм. 

Суль, цульхирыг Монголчууд эрт үеэс эм тан хийх, цай, гурил, хийж хүнсэндээ ашиглах зэргээр хэрэглэж байсан бөгөөд говийн бүс нутгийн хүмүүс хоол ундандаа олон янзаар хэрэглэж ирсэн зэрлэг амууны төрөл бол цульхир юм. Түүнчлэн уураг, тослог ихтэй олон төрлийн амин хүчлүүд агуулагдсанаас гадна цус төлжүүлж, ядаргаа тайлан, элэгний үйл ажиллагааг сайжруулж, бөөрний халууныг анагаах шидтэй аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.