Улсын Дээд Шүүх МАХН-ын бодлогоо хэрэгжүүлэх үүдийг нээлээ


 

Улсын Дээд Шүүх МАХН-ын бодлогоо хэрэгжүүлэх үүдийг нээлээ

УДШ-ээс МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэнтэй холбогдуулан өнөөдөр тус намын дэд дарга Ц.Оюунбаатар, Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж, Н.Уламбаяр, Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням, өмгөөлөгч Л.Мөнхсайхан нар мэдээлэл хийв.

 

Мэдээллийн эхэнд МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, "Дээд шүүхээс МАХН улс төрийн хариуцлагатай хүчин байх, улс орноо тогтвортой хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэх үүдийг нээлээ. Манай нам улс орноо хямралаас гаргах бодлого боловсруулан ажиллаж байна. Ингэхдээ өнөөдрийн эрх баригч хүчин, парламентад суудалтай намуудтай зөвшилцөж, ойлголцож ажиллахыг зорьж байгаа. МАХН-ын мөрийн хөтөлбөр бол эрчимтэй хөгжил, монгол хүн бүр байгалийн баялагтаа эзэн болох, монгол хүн төрийн бодлогын төвд байхад чиглэгдсэн. Мөн монголчуудыг үзэл бодол, намын харъяалал, бусад байдлаар ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг таслан зогсоох цогц том зорилтыг бид дэвшүүлэн тавьсан. Үүнийгээ бүх ард түмнээрээ хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Албан тушаалыг мөнгөөр худалддаг завхарлыг арилгаж, хөгжлийн бодлогоо хамтран хэрэгжүүлэхийг бусад улс төрийн хүчнүүдэд уриалж байна" гэлээ.

Тус намын гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж, "МАХН хуулийг баримталдаг, улс орны нийтлэг эрх ашгийг дээдэлдэг, бодлого, үйл ажиллагаа нь ил тод улс төрийн хүчин. Энэ үзэл санааны дагуу манай ээлжит бус Их чуулган хуралдуулж, өнөөгийн улс орны нийгэм, эдийн засгийн байдал, улс төрийн хурдацтай өөрчлөлтийн үед МАХН хэрхэн яаж ажиллах талаар дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилж баталсан. Манай намын  бодлого, үйл ажиллагаа олон түмэнд ил тод байх болно" гэв.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.