ГЭРТЭЭ БОЛОН АЛБАНЫ ӨРӨӨНДӨӨ 1.3 САЯ АМ.ДОЛЛАР НУУЖ БАЙСАН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ХЭН БЭ


Сүүлийн үед цагдаагийн дарга нар болон ШШҮХ-ийн шинжээчид авлигын хэрэгт холбогдож, аавын хаалга татах дээрээ тулаад байна.

Хамгийн сүүлд гэхэд АТГ-аас цагдаагийн гурван алба хаагчийг авлигын хэргээр саатуулсан ч хоёрыг нь суллаж, нэгийг нь цагдан хорьсон хэвээр байна. Мөн ШШҮХ-ийн гурван шинжээчийг хорьсон байгаа юм.

АТГ-аас мэдээлэл хийхдээ “Нэг сэжигтний гэрээс их хэмжээний буюу 1.3 сая ам.доллар (монгол мөнгөөр гурав орчим тэрбум төгрөг) олдсон хэрэг гарсан нь олны анхаарлын төвд байна.

Ийм их мөнгийг гэртээ болон албандаа хадгалж байсан цагдаагийн удирдах албан тушаалтан хэн байв. Энэ мөнгөний эх үүсвэр нь хаанаас гаралтай бэ гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм.

Эхний таамаг мэдээллээр, сэжигтэн этгээд төрийн албан хаагч, түүний гэрээс нь олдсон дээрх их хэмжээний ам.долларыг битүүмжлэн, эд мөрийн баримт болгон хураан авсан талаар АТГ-аас мэдээлсэн.

АТГ-аас сэжигтэн этгээд тус доллараа юунд зарцуулах гэж байсан, хэнд авлига өгөх гэсэн зэргээс эхлээд гарал үүслийг нь судалж тогтоохоор нарийвчлан шалгаж байгаа байх. Ямартай ч тус хэргийг АТГ-аас илрүүлж, шалгахын тулд удаан хугацааны турш цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн, томоохон гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулсны үндсэн дээр уг их хэмжээний мөнгийг олж авсан гэсэн мэдээлэл бий.
 
Өнөөдөр 1.3 сая ам.долларын хэргийн сэжигтэн хэн бэ гэсэн асуулт ургаж, олон нийтийн дунд “төрийн албан хаагч” гэснээс өөр мэдээлэл алга байна. Түүнийг Төв аймагт 48 цаг хориод суллажээ.

Тэгвэл тус хэргийн сэжигтэн нь насаараа цагдаагийн байгууллагад ажиллажээ. Сүүлд Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын тушаал хашиж байгаад, 2016 онд Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-т удирдах албан тушаалд томилогдож байсан Б гэгч юм байна.
 
Мөн түүний төрсөн эмэгтэй дүү Ч.Энхтуяа гэж прокурор бий. Дүүгийнх нь нөхөр мөн л прокурор Батболд бөгөөд нийслэл болон дүүргийн прокурорын газар албан тушаал хашдаг юм байна. Сэжигтэн Б нь АТГ-ын нэг хэлтсийн даргын найз. Нийслэлийн цагдаагийн газар байхаасаа хамт ажиллаж байсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.
 

ГЭРТЭЭ БОЛОН АЛБАНЫ ӨРӨӨНДӨӨ 1.3 САЯ АМ.ДОЛЛАР НУУЖ БАЙСАН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ХЭН БЭ

 

Сэжигтэн Б-д гүйцэтгэх ажиллагаа явуулах үед ажлын байрнаас нь 500 мянган ам.доллар бэлнээр, гэрээс нь 700 гаруй мянган ам.доллар бэлнээр нийт 1.3 сая доллар гарсан гэдэг.
 
Тэрбээр энэ их хэмжээний ам.долларыг ямар зорилгоор хадгалж байсан тухай эхний мэдүүлэгтээ “Ашигт малтмалын лиценз зарж олсон мөнгө” хэмээн мэдүүлээд байгаа аж. Тэр их мөнгөө тусгай хамгаалалттай газар хадгалж байсан гэх мэдээлэл байгаа ч АТГ-аас мэдээлснээр гэр болон албаны өрөөнөөс нь хурааж авсан гэх.
 
Ийнхүү цагдаагийн байгууллагад насаараа ажилласан, гэр бүлийнхэн ах дүү нь хуулийн байгууллагад ажилладаг найз нь АТГ-т дарга гэхээр энэ хүний хэрэг хаашаа замхрах вэ. Ийм их хэмжээний мөнгийг авлига албан тушаалын байдлаараа далайлгаж авч болох уу.
 
Тухайн ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн болгохын тулд хятадууд 3-4 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсон гэх мэдээлэл ч байгаа бөгөөд үүнийх нь нэг хэсэг болох 1.3 сая ам.долларыг АТГ-ынхан хураан авсан нь энэ хэмээх хардлага бий юм.

Лицензийн хэрэгт холбогдуулан олон хүнийг шалгаж байгаа бөгөөд тэдний нэг нь ЦЕГ-т удирдах албан тушаал хаших Ч.Б болж таарав. Хэрэг цаашид хэрхэн шалгагдахыг цаг хугацаа харуулах бизээ.

О.Сайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.