УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцож,, 2018 оны намрын ургац хураалтын урьдчилсан бланс, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийв.
Тэрбээр, "Засгийн газраас долоон аймгийн 60 сумын газар нутгийг хамарсан газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор тогтоох шийдвэр гаргасан нь тариаланчдыг дэмжсэн томоохон ажил болсон. ХХААХҮЯ-наас улаан буудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоо 60-70 хувь хангах зорилт тавьсан. Энэ жил 497.2 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд ургацын урьдчилсан блансаар 425.8 мянган га талбайд үр тариа, 158 мянган га талбайд төмс, 95 мянган га талбайд хүнсний ногоо, 86.3 мянган га талбайд малын тэжээл тариалсан. Энэ сарын 01-ний байдлаар ургац хураалт үр тариа 21.1, төмс, хүнсний ногоо 81 хувьтай байна" гэлээ.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Ц.Гарамжав нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн зүгээс улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах хэмжээнд хүрвэл ижил төрлийн импортын бараа бүтээгдэхүүний талаар ямар бодлого баримтлах, ургацаа нөөцлөх зоорийн асуудлыг хэрхэн шийдсэн, тариалангийн салбарын техникийн шинэчлэлийн талаар тодруулж байв.
ХХААХҮ-ийн сайд, "Польш улсын засгийн газраас авахаар тохирсон 50 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн 10 сая ам долларыг хүнсний ногооны зоорь барихад зарцуулна. Улаанбаатар хотод хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гурван зоорь барьж, монголчуудаа жилийн дөрвөн улирлын турш гурилаар хангахыг зорьж байна. Монгол улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон тул импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх асуудал хязгаарлагдмал байдаг. Гэвч салбарын яамны зүгээс энэ асуудалд анхаарч ажиллана. Энэ жил ОХУ-ын 10 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр тариалангийн салбарт техник,технологийн шинэчлэл хийсэн. Цаашид техник технологийн шинэчлэлийг үргэлжүүлэхийн зэрэгцээ тэдгээр техникийг засах засварын төвүүдийг байгуулахаар ажиллаж байна" гэсэн хариулт өглөө.
Сайдын мэдээллийн дараа Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-аас Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг тус тус баталсан. Эдгээр хуулийн зарим заалт Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 14 заалттай зөрчилджээ. Тиймээс хууль хоорондын уялдааг хангах зорилгоор уг төслийг боловсруулсан хэмээн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг танилцуулсан юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хамт өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд мал амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд малын эмийн асуудал хариуцсан зөвлөл байгуулахаар тусгасан шалтгааныг тодрууллаа. Ажлын хэсгээс, "Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуульд малын эмийн асуудал хариуцсан зөвлөлийг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд байгуулахаар болсон. Өмнө нь мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал эзэнгүй орхигддог байсан. Харин мал, амьтны эрүүл мэндийн бүх асуудлыг Мал эмнэлгийн ерөнхий газарт болон малын эмийн зөвлөл хариуцах болж байгаа" гэсэн тайлбар өглөө.
Гишүүдийн зүгээс хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулахдаа мал, амьтан, ургамал судлал зэрэг олон талын оролцоог хангаж, нарийвчлан боловруулах шаардлагтайг хэлж байв. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар боллоо.
Сэтгэгдэл