Монгол хүний хавдрын эсэнд судалгаа хийж эхэллээ



 

Монгол хүний хавдрын эсэнд судалгаа хийж эхэллээ

 

Өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд МУИС, ХСҮТ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар Монгол хүний хавдрын оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх нь” судалгаа хийж эхэлснээр судалгааны том бааз үүсэх, монголд ургаж буй эмийн ургамлаас хавдар эмчлэх эм гарган авах, хоёр талын хүний нөөцийг чадавхжуулах зэрэг ач холбогдолтой аж.

Гэрээнд МУИС-ийг төлөөлж тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар, ХСҮТ-ийн талаас Ж.Чинбүрэн захирал болон хоёр талын төлөөлөл гарын үсэг зурав.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар "Манай их сургууль 10-аад жилийн өмнөөс Монголынхоо ургамалд судалгаа хийж ирсэн. Бусад орны ургамалтай харьцуулахад манай орны ургамал илүү тэсвэртэй байдаг. Эдгээр судалгааг монгол хүний хавдрын эсийн судалгаатай хамтатгаж, монголчуудад зориулсан эм бэлдмэлийг Монголд ургасан эмийн ургамлаас гарган авч, цаашид дэлхийн анагаах ухаанд хувь нэмэр оруулах үүднээс хамтран ажиллах гэрээг байгуулж байна” гэв.

ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн хэлэхдээ "МУИС-д 1940 оноос чадварлаг эрдэмтдийн ач тусаар судалгаа шинжилгээний бааз бий болсон. Харин ХСҮТ хөгжлийн явцдаа хорт хавдрыг эмчлэх асар их туршлага хуримтлуулсан. Дээрх туршлага, судалгааг нэгтгэн судалгааны бааз үүсгэн хорт хавдрын эсрэг тэмцэх судалгаа эхлүүлж буй нь ач холбогдолтой.

Монгол Улс элэг, ходоодны хорт хавдрын тохиолдлоор дэлхийд тэргүүлдэг. Мөн Монгол эрдэмтдийн  элэгний хавдрын эсэнд хийсэн судалгааг хавдар үүсэх процесстой уялдуулснаар дэлхийд элэгний хорт хавдрын өвчлөлийг зогсоох, учир шалтгааныг тайлахад чухал үүрэг гүйцэтгэнэ” гэлээ.

Хамтран ажиллах хүрээнд судалгаа эхэлсэн бөгөөд энэ талаар МУИС-ийн профессор Ж.Батхүү хэлэхдээ "ХСҮТ-д одоогийн байдлаар эмэнд тэсвэртэй өвчин үүсгэгчтэй өвчтөн эмчлүүлж байгаа. Тухайн хүний дархлааны систем муудсан тул хагалгаанд оруулж болохгүй байна. Учир нь хагалгааны дараа антибиотик өгөхөөр үйлчлэхгүй. Тэрхүү өвчтөний хавдрын эсэнд хамтраад эхний судалгаа хийж байна.

Судалгаагаар Монгол орны нарийн навчит хөвөн ороолт, баавар цэцэг гэх мэт уламжлалт эмийн ургамал үр дүнтэйг тогтоосон. Цаашид энэхүү судалгаагаа үргэлжлүүлж, зөвхөн монгол хүнээс ялгаж хавдрын эсэнд судалгаа хийнэ” гэв.

Монгол Улсад нас баралтын шалтгааны хоёрдугаарт хавдар ордог. Нийт иргэдийн 21 хувь нь ямар нэгэн хорт хавдраас үүдэн ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.