Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн томоохон эх үүсвэрүүдийн нэг нь дүрэм зөрчилт. Нэгдүгээр эгнээнд зогсдог, буцаж эргэдэг, улаан гэрлээр явдаг гэхчлэн энэ бүх дүрэм зөрчиж байгаа үйлдлүүд нь түгжрэлийн шалтгаан болоод байгаа. Нийслэлийн бүх зам уулзвар дээр камер болон замын цагдаа нар хяналт тавьж чадахгүй учраас E-Police аппликейшнийг аравдугаар сарын 01-ий өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлсэн. Тэгвэл тус аппликейшнийг 6000 гаруй хүн татаж авч 4800 орчим зөрчлийг ирүүлсэн байна.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр " Ирүүлсэн зөрчил бүр дээр торгууль ногдуулна гэсэн үг биш. Энийг замын цагдаагийн алба, замын хөдөлгөөний удирдлагын төв дахин нягталж шалгасны үндсэн дээр тухайн зөрчил нь гарцаагүй баталгаажсан тохиолдолд ногдох холбогдох торгуулийг гэрийн хаягаар нь хүргүүлж байгаа” гэсэн юм.
ДӨРВӨН ТӨРЛИЙН ЗӨРЧИЛД ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ БАЙНА
Үргэлжилсэн цагаан шугам давсан, буцаж эргэсэн, түр болон удаан зогсох хориотой газар зогссон, урсгал сөрсөн, явган хүний зам хөвөөгөөр явсан зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгууль ногдуулж байгаа бөгөөд иргэд өөрийн гар утсаар мэдээллийг баталгаажуулж, сервер рүү илгээснээр дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох нөхцөл бүрдэх юм байна.
E-Police аппликейшнийг иргэд ашиглахдаа гар утасныхаа камераар зөрчлийн мэдээллийг фото хэлбэрээр байршуулан төв серверт мэдээлнэ. Тухайлбал, тухайн газар дээрх зөрчлийг илгээх юм. Зөрчил гаргаад удсан, эсвэл арга хэмжээ тооцогдсон зөрчлийн тухай зургийг дахин илгээх, фотошопоор хуурамчаар илгээх гэх мэт аргуудаас сэргийлэхийн тулд зөвхөн тухайн газар дээрх зургийг илгээх байдлаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, E-Police аппликейшний камераар тухайн зөрчлийг газар дээрээс шууд мэдээлэх боломжтой юм.
Сэтгэгдэл