Торгуулийг чинь устгаад өгье, Мөнгөө шилжүүлчих гэдэг ажээ



"Замын хөдөлгөөний дүрэм байнга зөрчдөг Дорж 300 мянган төгрөгийн торгууль төлөх учиртай. Гэтэл тэр 150 мянган төгрөг өгөөд дүрэм зөрчдөггүй "томоотой” жолооч болов”

Хурд хэтрүүлсэн, улаан гэрлээр орсон, нэгдүгээр эгнээгээр зорчсон жолоочийг тухай бүрт нь торгож, торгуулийн хуудсыг гэрийнх нь хаягаар хүргэдэг болоод гурван жилийг үдэж буй. Гэвч уг ажил өдгөө зуун задгай байсаар. Авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон жолоочийг замын цагдаа торгосон байхад гэрийнх нь хаягаар дахин торгуулийн хуудас очих жишээтэй. Мөн нийслэлээс гадагш гараагүй жолоочид 1000 км-ийн хол явж байхдаа дүрэм зөрчсөн гэх торгууль ч ирдэг юм билээ.

Нөгөө талдаа хуульд "14 хоногийн дотор торгуулиа төл” гэж заасныг биелүүлдэг чих зөөлөнтэй нөхөд бас л ховор. Банк болон ББСБ-ын лизингээр машин авсан жолооч нар л торгуулийн төлбөрөө хугацаандаа төлдөг гэхэд болно. Харин бусад нь автомашинаа худалдах үедээ л өрөө барагдуулдаг аж. Автотээврийн үндэсний төвийн ажилтан "Иргэн машинаа бусдын эзэмшилд шилжүүлэхдээ өр төлбөрөө барагдуулж, ямар нэгэн зөрчилгүй болгох шаардлагатай. Торгуулиа хурааж байгаад, машинаа зарахдаа бөөнд нь төлдөг хүн олон бий” гэсэн юм. Тэгвэл торгуулиа нэг дор ингэж "бөөнддөг” хүн ч удахгүй байхгүй болох нь.

Учир нь торгуулийн мэдээллийг устгаж, төлөх ёстой мөнгөний тань тал хувийг авдаг хүн олширчээ. Жишээ нь, иргэн Дорж 200 мянган төгрөгийн торгууль төлөх ёстой бол тэдэнд 100-120 мянгыг сэм атгуулаад, огт торгуулж байгаагүй мэт цэвэр түүхтэй болох боломжтой гэсэн үг.

Ингэж мэдээллээ устгуулсан, нээрээ нууцлахыг хүссэн эх сурвалж 9604хххх дугаарт хандахыг зөвлөсөн юм. Уг дугаараар холбогдож ийнхүү ярилцлаа.

-Миний торгууль хураагдсаар их болчихсон юм. Таныг торгуулийн мэдээлэл устгадаг гэж танил минь хэллээ. Надаас юу шаардагдах вэ?

-Машиныхаа улсын дугаарыг мэссэжээр явуулчих.

-Хөлсөнд нь хэдэн төгрөг өгөх вэ?

-Торгуулийн дүнгийн 60 хувийг өгөхөд болно. Торгуулийн чинь мэдээллийг шалгачихаад дансны дугаар явуулъя.

-Найдвартай юу. Автотээврийн үндэсний төвийнхөн мэдэхгүй биз дээ?

-Огт торгуулж байгаагүй гэж гарна. Мөнгөө шилжүүлчихвэл дор нь устгачихна гэв.

Тэрбээр яг ч өөрөө торгуулийн түүх устгадаггүй, зуучилж өгдөг хүн бололтой. Хэлж буйгаас нь үзвэл хоёр сарын өмнө тэрбээр төлөх ёстой нийт торгуулийн 40-50 хувийг л авдаг байж. Өдгөө 60 хувь болгон нэмж, 20-30 минутын дотор л торгуулийн түүхийг устгаж өгдөг болсон аж.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн хэн гэдэг жолооч, ямар зөрчил гаргаж байгааг камераар баталгаажуулж, зохих торгууль ногдуулдаг. Харин нийслэлийн Замын цагдаагийн алба (ЗЦА)-ныхан жолооч нар торгуулиа төлж байгаа, эсэхийг хянах ёстой. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтний хэлж буйгаар өдгөө торгуулиа төлөлгүй, багадаа 100 гаруй мянган төгрөг болтол нь хуримтлуулсан жолооч цөөнгүй аж.

Тэрбээр "Олон удаа торгуулж, түүнийгээ төлөөгүй жолоочид ЗЦА-ныхан хариуцлага тооцох учиртай. Хэн, ямар зөрчил гаргаж, хэдэн төгрөгөөр торгуулсан нь мэдээллийн санд хадгалагдаж байдаг. Бид торгуулиа төлөхгүй байгаа жолоочийн мэдээллийг тус алба руу явуулдаг” гэсэн бол ЗЦА-ны мэргэжилтэн "Бидэнд ирсэн мэдээллийн дагуу замын хөдөлгөөн зохицуулагч нар их хэмжээний торгуультай жолоочийг саатуулж, зохих арга хэмжээ авдаг” гэв.

Гэтэл тус хоёр газрын мэргэжилтнүүд торгуулийн түүхийг устгаж өгч байна. "Дүрэм зөрчиж, торгуулсан мэдээллийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтэн л устгах боломжтой” гэж эх сурвалж мэдээлэв. Тэгэхээр камераар зөрчил илрүүлж, бэлэн бус торгууль ногдуулдаг болсон нь зарим хүнд тун ашигтай байгаа бололтой.

Нисэх, Яармагийн зам дээр машиныхаа хүч чадлыг гайхуулан, 80-100 км/цагийн хурдтай давхиж, ид бахаа хангадаг залуус тэдний "далбаан дор” намирч "Торгуулийн хуудас ирэг л дээ. Устгуулчихна хэмээн” таахалзаж байна.

Өнөөдөр сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
ШИНЭ ОН | 2016/12/21 21:12
БОЛЬЁ ОО