Арван онооны урвуу хамаарал


Би жолооч. Гэхдээ сүүлийн жилүүдэд жолооч нарыг чиглэсэн удаа дараагийн хориглосон шийдвэрүүдээс болоод машин барихаас үнэндээ л халширч байна. Хагас сая орчим автомашинтай манай улсын ихэнх тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотод төвлөрсөн байдаг.

Өнгөрсөн онд гэхэд л нийслэлийн хэмжээнд 331 мянган тээврийн хэрэгсэл үзлэг тооллогод хамрагджээ. Гэвч долоо хоногийн нэг өдөр автомашины дугаарын сүүлийн орноос хамааран хөдөлгөөнд оролцох эрхээ хасуулж, баяр наадам, олныг хамарсан арга хэмжээ ойртох үеийн амралтын өдрүүдэд чөдөрлүүлэх болсноор бүр ч таагүй санагдах болсон.

Тэгвэл заавал даатгуулах ёстой даатгалынхаа үнийг огцом нэмэгдүүлж, зөрчлийн оноо бий болгон жолоодох эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авахаар шийдэв.

Дөрвөн жилийн өмнөөс автомашин жолооддог хүн болгон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагддаг болсон. Зам тээврийн ослын хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой энэ даатгал өдий хүртэл боловсронгуй болж амжаагүй л байна.

Иргэд нөхөн төлбөрөө авахын тулд гурван долоо хоног хүртэл хугацаагаар хүлээхээс гадна алдсан хүн арван тамтай гэдэгчлэн мөргүүлсэн жолооч л хохирох нь элбэг.

Зам тээврийн осол гаргасан буруутай жолооч бүрдүүлсэн бичиг баримтаа үлдээчихээд явдаг бол хохирсон жолооч нь нөхөн төлбөрийн мөнгө шилжиж орж иртэл эвдэрхий машинтай явах, эсвэл унаагаа зогсоолд тавьж илүү зардал гаргахаас өөр сонголтгүй. Үгүй бол өөрөө буруугүй ч, хэтэвчнээсээ мөнгө гаргах болно.

ДААТГАЛЫН ИТГЭЛЦҮҮР ШИНЭЧЛЭГДЭЖ, ТӨЛӨХ МӨНГӨ НЭМЭГДЖЭЭ

Боловсронгуй болж амжаагүй хэрнээ, албан журмын даатгалын үнэ нэмэгдсэн нь иргэдийг бүр ч бухимдуулав. Өмнө нь В ангиллын тээврийн хэрэгслийг 33000 төгрөгөөр даатгуулж байсан бол 2015 оны наймдугаар сарын 1-нээс хойш Жолоочийн хариуцлагын даатгалын төлбөрийн хэмжээг тооцох итгэлцүүр шинэчлэгдсэнээр энэ дүн өөрчлөгдсөн.

Тухайлбал, би 2015 оны наймдугаар сарын 19-нд 1500 сс багтаамжтай суудлын машин лизингээр худалдаж аваад даатгуулахдаа 59400 төгрөг төлсөн. Суурь төлбөр нь 33000 төгрөг мөртлөө яагаад 59400 төгрөг төлснөө тодруулахад "Байгууллагын нэр дээр байгаа тээврийн хэрэгсэл илүү төлбөр төлдөг” гэж даатгалын компанийн ажилтан хэлсэн.

Гэрээнд дурдсанаар бол тээврийн хэрэгсэл ашиглах газар нутгийн байршил, өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, нөхөн төлбөрийн хэмжээ, даатгуулагчийн нас, авто тээврийн хэрэгсэл жолоодох туршлага, гэрээний хугацаа, даатгалын гэрээний хураамжийн хэмжээг журамд зааснаас доогуур тогтоосон, эсвэл даатгалын нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхүйц худал мэдүүлэг санаатай өгсөн эсэх, тээврийн хэрэгсэл ашиглах жолоочийн тоо, тээврийн хэрэгслийн даац, зориулалт, хөдөлгүүрийн хүчин чадал, чиргүүлтэй эсэхээс хамааран нэмэлт төлбөр төлдөг гэжээ.

Нөхөн төлбөр хоёроос олон удаа авсан бол дараагийн удаа илүү өндөр үнээр даатгуулах юм билээ. Тэгэхдээ тээврийн хэрэгслийн даатгалд давхар даатгуулж, тухайн даатгалаас төлбөр авсан хэдий ч эрсдэлтэй даатгуулагчийн тоонд багтсан байх нь гайхалтай.

Энэ мэтээр Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь өгөхөө бус авахаа урьтал болгодог, өндөр үнээр даатгасан ч аль болох буцаан олголт багатайгаар сан бүрдүүлэх зорилготой.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 482 мянган тээврийн хэрэгсэл оношилгоонд орсон бөгөөд тэдгээрийг 2-3 хүн ээлжилж барьдаг гэж үзвэл жолооч нарын тоог баримжаалж болно.

Тээврийн хэрэгслийн тоогоор даатгалын санд мөнгө хуримтлагддаг гэж үзвэл албан журмын даатгал нь даатгалын үйлчилгээ эрхлэгчдийн гол санхүүжилт болдог нь харагдаж буй.

ЖОЛООЧИЙН ЗӨРЧЛИЙН ОНОО ХЭНИЙ ЛООБИЙ ВЭ

УИХ-аас 2015 оны долдугаар сарын 8-нд "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийг шинэчлэн батласан бөгөөд уг хуулийн 8.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн Хууль зүйн сайдын 2015 оны наймдугаар сарын 28-ны А/187 дугаар тушаалаар "Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг баталсан юм.

Журмыг өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр заасан боловч оноо тооцох техник технологи, программ хангамжийн хувьд тооцох боломжгүй байсаар 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа.

Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасган, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах зорилготой гэх зөрчлийн оноо даатгалын итгэлцүүртэй нийлэхээрээ осол гаргасан бол цагдаа битгий дууд, даатгалын дуудлага бүү өг гэдэг мессеж өгч байгаа юм.

Журамд зааснаар зөрчлийн онооны дээд хэмжээ 10 байхаар заасан бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог хасахаар заажээ.

Өмнө нь жолооч нарт талон олгож гурван удаа цоолуулсан тохиолдолд эрхийг нь хасдаг байсан бол зөрчлийн 10 оноотой болсноор зөрчлийн хэмжээгээр оноог нь хасахын зэрэгцээ торгуулийн арга хэмжээ авах болж байгаа.

Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочоос хоёр оноо хасаж, эхний тохиолдолд 48 мянга, харин ядарсан хүнд жолоогоо шилжүүлсэн хүнийг 19200 төгрөгөөр торгох гэнэ.

Мөн зам тээврийн осолд холбогдсон жолоочоос хоёр оноо хасаж, торгохыг ч энэ журамд заасан байгаа.

Бөглөрсөн зам дээр шүргэлцэх, мөргөлдөх тохиолдол нийслэлд олон байдаг бөгөөд өдөрт 500 гаруй дуудлага хүлээн авсан тохиолдол ч олонтаа.

Гэтэл тэр бүрт даатгалын нөхөн төлбөр авбал дараа дараагийн жилдээ нэмэлт төлбөр төлөх, мөн цагдаа дуудвал зөрчлийн оноогоо хасуулж, торгуулах учраас жолооч нар хоорондоо тохиролцоод өнгөрсөн нь шулуухан болж хувирч байгаа юм. Магадгүй ийм л болохоор зөрчлийн 10 оноог даатгалын компаниудын лообий гэж хардахад хүргэв.

ДААТГАЛ САЙН ДУРЫНХ БАЙХ ЁСТОЙ

17 төрлийн аюултай буюу Зам тээврийн осол гаргахад хүргэдэг тохиолдлоос зөрчлийн оноо хасна хэмээн холбогдох албаныхан ярьж байгаа ч зам тээврийн осолд холбогдсон болгоноос оноо хасаж байгаа нь даатгалын байгууллагуудад таатай үзэгдэл болж байгаа юм.

Дугаараа хязгаарлуулж, даатгалыг хүртэл үг дуугүй албан журмаар хийлгэдэг манай жолооч нар одоо зөрчлийн оноогоо хасуулахгүйн тулд халаасаа л тэмтрэх боллоо.

Толио шүргүүлж, хаалгаа зуруулсан ч нөгөө жолоочтойгоо тохиролцоод л салсан нь дээр. Цагдаа дуудаад ч хэрэггүй. Ингээд харахаар хөгжүүлэх гэсэн журам нь хуулийн хэрэгжилт, бодит амьдрал дээрх дүр зургийг даруй 20 жилээр ухрааж буй хэрэг боллоо.

Өөртөө байгаа оноогоо мэдэх ч боломжгүй, шинэчлэн баталсан хуулийн дагуу бол өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хойших зөрчил болгон маань оноо хасуулах журамд хамаарахаар болж байгаа болохоор жолооч болгон сэрэмжтэй байх цаг болжээ.

Осол гаргахыг зөв гэж өөгшүүлээгүй ч Жолоочийн хариуцлагын даатгалыг сайн дураар хийлгэж, даатгалгүй тохиолдолд мөнгөн төлбөр өгдөг эрхийг минь бий болгож өгөхийг хүсье. Ямар ч хэрэггүй даатгал хийлгэж, жил бүр хураамж төлж байснаас зам дээрээ "учраа олсон нь” хэн хэндээ л дээр. Даатгал бол шийтгэл биш.

Өнгөрсөн зууны захиргаадалтын эрин үед л аливааг хүчээр далайлгаж, олноор хамруулдаг байсан гэдэг. Сайн дурын байх ёстой даатгалыг албажуулж, боловсонгуй болгоогүй дүрэм, журмаа тулгаж байгааг эсэргүүцэж байна.

Аливаа хуулийн ард хэн хэгний эрх ашиг байх нь гарцаагүй. Гэхдээ ард түмний талд байх ёстой хууль дүрэм нь аливаа байгууллагын лообийгоор хуйларч байгаа бол яав ч шударга ёсонд нийцэхгүй.

10 онооны урвуу хамаарал анхнаасаа л ийнхүү тодорч байна. Үйлчлүүлэгчээсээ зөвшөөрөл авалгүй үнээ нэмж, үйлчилгээгээ хязгаарладаг байгууллага цөөрч, хууль нь хүндээ бодитоор үйлчилж, даатгалаа сайн дураар хийлгэх эрхтэй болсон хойноо л ардчилсан улсад амьдарч байна гэж итгэе дээ.

Ж.СОЛОНГО


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.