Ирэх оныг Монгол-Америкийн залуучуудын жил болгон зарлах талаар санал солилцов


 

Ирэх оныг Монгол-Америкийн залуучуудын жил болгон зарлах талаар санал солилцов

 

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн Д.Даваасүрэн 2018 оны 10 дугаар сарын 9-нд АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч П.Мерфиг ГХЯ-нд хүлээн авч уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Юуны өмнө талууд хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэж, саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн айлчлалын дүнд сэтгэл нэн ханамжтай байгаагаа харилцан илэрхийлэв.

Хоёр тал айлчлалын дүнгээр гарсан Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, АНУ-ын Хамтарсан мэдэгдэл, Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгох Хоёр дахь Компакт гэрээг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.

Уулзалтын үеэр хоёр тал Ерөнхий сайдын айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ,  2018 оны сүүл, 2019 оны эхээр зохион байгуулахаар төлөвлөсөн улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах болон эрчим хүчний зөвлөлдөх уулзалтуудын бэлтгэлийн талаар ярилцав.

Монгол Улс өнгөрсөн 7 дугаар сард Вашингтон хотноо болсон Шашны эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын Бага хуралд оролцож, түүний мөрөөр бодитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа П.Мерфи илэрхийлэв. Тэрбээр манай тал Шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг томилж,  улмаар  2019 онд  Азийн Буддистуудын Энхтайвны төлөө бага хурлыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байгаад баяр хүргэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хоёр талын харилцаанд иргэд хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэж байгааг хоёр тал тэмдэглэж,  2019 оныг Монгол-Америкийн залуучуудын жил болгон зарлах, энэ хүрээнд хоёр орны залуучуудын Фэйсбүүк Форумыг хамтран зохион байгуулах асуудлаар ярилцав. ТНБД Д.Даваасүрэн Америкийн Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын харилцааг гүнгийрүүлэн хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж, цаашид нягт хамтран ажиллах сонирхолтойгоо нотлон, тус байгууллагын удирдлагыг Монголд урьж байгааг мэдээлэв.

Ноён П.Мерфи Монголд байх хугацаандаа мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзана. Тэрбээр мөн МҮОНРТ-д ярилцлага өгч, АНУ-д их, дээд сургууль төгсөгчдийн төлөөлөлтэй уулзана.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.