“1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авна” гэсэн зарын цаана юу НУУГДАЖ байна


“1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авна” гэсэн зарын цаана юу НУУГДАЖ байна


"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ”-Н ХУВЬЦААГАА ЛУЙВАРДУУЛАХААС БОЛГООМЖИЛ

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн  хувьцааг хувааж иргэн бүрт 1072 хувьцааг тарааж өгснөөс хойш зургаан жил болж байна. Энэ хугацаанд хувьцаа нь хэзээ амь орж ноогдол ашигаа өгөх бол гэсэн хүлээлт иргэдийг дунд байдаг. Долдугар сарын сүүлээр "Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг "Манай компани байгуулагдаад найман жилийн хугацааг үдлээ. Энэ хугацаанд нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан. Тэр ч бүү хэл ажилчдынхаа цалинг ч өгч чадахгүйдээ тулж байсан үе бий. Өнөөдөр энэ бүх хүндрэлийн ард гарч, бидний өмнө санхүүгийн маш том боломж, ирээдүйтэй боллоо. Монгол Улсын гурван сая иргэнийг төлөөлсөн манай компани 2018 оны эхний зургаан сарын байдлаар 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж 1072 хувьцааг амь оруулах эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Иргэд та бүхэн хувьцааныхаа дансыг нээлгэнэ үү” гэсэн мэдээлэл цацагдснаас хойш "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн  хувьцаа тойрсон асуудал, маргаан иргэдийн дунд үүсээд нэг сар боллоо.

Тус компанийн 1072 хувьцааг Засгийн газраас маш ашигтай, хэрэгтэй мэтээр иргэдэд ухуулдаг ч монголчууд өдий хүртэл хувьцааныхаа үр шимийг үзээгүй. Тийм ч учраас өөр ноогдсон хувьцаагаа арилжаалах, бэлэн мөнгө болгох сонирхол иргэдийн дунд ихээхэн байдаг. Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд "1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авна, зарна” гэх мэдээлэл фэйсбүүкийн зарын групп, пэйж хуудаснуудад ихээхэн харагдах боллоо. "Нэгж хувьцааг 5000 төгрөг, 1072 хувьцааг 3-5 сая хооронд бэлэн мөнгөөр худалдаж авна” гэсэн зарын дор иргэд хувийн мэдээллээ үлдээсэн байх нь элбэг. Эдгээр зарууд ихэнхдээ хуурамч хаягтай, хамгийн гол нь эргээд холбогдох ямар нэгэн дугаар байхгүй зөвхөн чатаар л холбогдохыг санал болгож буй.

 

-"УТАСНЫХАА ДУГААРЫГ ҮЛДЭЭЧИХ 1072 ХУВЬЦАА АМЬ 
ОРОХООР ЭРГЭЖ ХОЛБОГДОНО”-

 

Бид хэд хэдэн хүнтэй чатаар холбогдож ямар учиртайг нь тодруулахад "1072 хувьцаа амь орохоор нь зарын дор дугаараа бичсэн иргэд рүү эргэн холбогдож хувьцааг нь зах зээлнийн ханшаар худалдаж авах. Иргэдийг хувьцааг өнөөдөр авна гэж хэн ч бичээгүй л байгаа биз дээ” гэх тайлбарыг хэлж байв. Дараа нь 9957..., 8909... гэсэн дугаараа бичиж зар оруулсан иргэнтэй утсаар холбогдоход "2019 онд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа амь орох нь тодорхой болсон. Энэ ондоо орохгүй юмаа гэхэд сонгуулийн жил, эх баригч нам амлалтаа биелүүлэхийн тулд 1072 хувьцааг амь оруулж иргэдэд ноогдол ашиг заавал тараана. Тиймээс л хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийн мэдээллийг цуглуулж дараа нь холбогдоно” гэсэн ижилхэн хариултыг хэлж байгаа юм.

Мөн "Онлайнаар хувьцааны данс нээж байна, энд бүртгүүлж дансаа нээлгэнэ үү” гэх зар мэдээлэл, цахим холбоосууд нь иргэдийг залилан мэхэлж болзошгүй, гэмт хэргийн шинж чанартай гэдгийг дахин, дахин хэлмээр байна. Цагдаагийн байгууллагад өнөөдрийн байдлаар хувьцаатай холбоотой хохирогчид бүртгэгдээгүй байгаа хэдий ч 1072 хувьцааны ноогдол ашиг тараах үед олон асуудал үүсч магадгүй юм. Иргэн та Хөрөнгийн биржид бүртгэлгүй үнэт цаас арилжаалах эрхгүй брокерийн байгууллагад данс нээлгэвэл ноогдол ашигаа хүртэж чадахгүйгээс гадна 1072 ширхэг хувьцаагаа хэн нэгэн зальт этгээдэд луйвардуулна гэдгийг санах хэрэгтэй.

2016 онд "Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авна гэх зар иргэдийн дунд тархаж хувьцаагаа худалдахыг битүүхэндээ хүссэн иргэд урт цагаан орчимд өдөр шөнөгүй дугаарлаж, худал цуу үгийг ам дамжин ярьж, бие биенээсээ асууж сурагласаар арав гаруй хонож байлаа. Яг ийм л нөхцөл байдал цахим орчинд үүсээд байна. Цагдаагийн байгууллагаас "Фэйсбүүкт худал мэдээллийг санаатайгаар тарааж, зохион байгуулж буй хүмүүсийг олж илрүүлж, холбогдох хуулийн дагуу хариуцлага ноогдуулна” гэдгийг мэдэгдээд байгаа. Гэхдээ хууль хяналтын байгууллага хувь иргэний мэдээллийг фэйсбүүкийн чатаар цуглуулж, 1072 хувьцаа амь орохоор эргэж холбогдоно гэх хүмүүсийн цаана ямар хүмүүс байгааг тодруулах нь зүйтэй болов уу.

Өнгөрсөн  хугацаанд 1072  хувьцаа үе үе амь орж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон оюутан залуучууд сургалтын төлбөр болон бэлэн мөнгөөр төрдөө хувьцаагаа өгсөн.  Гэхдээ албан ёсоор хоёрдогч зах зээлд арилжаалагдах нээлттэй хувьцаа болгох асуудал хэзээ эцэслэн шийдэгдэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Иргэд 1072 хувьцааны талаарх бодит мэдээллийг "Эрдэнэс-Тавантолгой” ХК дээр очиж авч болохоос гадна эсвэл 1800-1072 гэсэн тусгай дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой.

М.АМАРЖАРГАЛ



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.