Утааны улирал хаяанд иржугаагаарамьсгалах эрин үед нэгэнт эхэлжээ. Наранд унтаж, саранд бөөсөө хайна гэгчээр улирал нь ирмэгц тийм ч өртөгийн утаагүй зуух, түлш гаргана хэмээн ярьж явсаар өдий арван жилийн босгийг давлаа. 2007 оноос хойш агаарын бохирдолтой тэмцэх өртөг ихтэй ухаалаг шийдлүүдийг санаачилсан боловч өдөөг хүртэл үр дүнгээ өгсөнгүй. Одоо бүр арга ядсан бололтой гэр хорооллын айл өрхийн яндан бүрт утааны шүүлтүүр суурилуулах талаар салбарын сайд нь ярьж байна. Уг шүүлтүүр нь 200 ам.долларын үнэ өртөгтэй юм гэнэ. Энэ их өртгөөр босож буй шийдэл нь хэр оновчтой вэ гэдгийг ч тогтоогоогүй атал нэг айлын янданд 200 ам.доллар зориулна гэж үү. Үүнийг иргэд ухаалаг шийдэл бус хэн нэгний бизнесийн хувийн тоглолт ч гэж хардаж болох юм.
Жил болгон л утааг бууруулах нэрийдлээр их хэмжээний хөрөнгө төсвөөс татдаг. Тэдгээрийн хэд орчим нь утааны эсрэг үйл ажиллагаанд зориулагддаг гэдгийг ч мэдэхгүй, мөн ухаалаг шийдлүүдийг санаачилдаг хэдий ч утаа буурсан үзүүлэлт байхгүй харин ч жил ирэх тусам нэмэгддэг гэдгийг бүгд харж байна. Уг нь өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгөөр гэх хорооллын айлуудыг орон сууцжуулахад хангалттай хүрэх хэмжээний хөрөнгө байсан хэмээн УИХ-ынзарим гишүүд цухас дурдсан. Тэдний хэлсэнчлэн яагаад гэр хорооллын айлуудыг бүгдийг нь биш юмаа гэхэд хэсэгчилсэн байдлаар орон сууцжуулж болохгүй гэж. Утаанаас салая л гэж бодож байвал түрээсийн ч хамаагүй орон сууц барих хэрэгтэй. Өнгөрсөн жил утаанд хийсгэсэн мөнгөөр 4000 айлын орон сууц барих боломжтой байсан гэдэг. Гэвч тэр хөрөнгө нь утааны эсрэг зориулагдаж буй хэмээх нэр дор завшуулаад л дууссан.
Гэвч одоогоор салбарын сайд нь айлуудын янданд шүүлтүүр суурилуулан гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Түүний энэ санал хэр оновчтой вэ? Одоогийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 202 мянган өрх гал түлж амьдарч байгаа. Тэдгээрийн хэд орчим хувь нь яндангийн шүүлтүүртэй болох вэ? Агаарын бохирдлыг бууруулахад төслийн зуухаас эхлүүлээд олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан ч тэдгээрийн үр нөлөө хаана байна вэ?
Салбарын сайд анх ажлаа авахдаа агаарын бохирдлын бууруулахад богино хугацааны ажлыг хариуцаж ажиллахаа мэдэгдэж байсан. Тэрээр хэлэхдээ "Утааг бууруулах хамгийн оновчтой арга янданд индукцийн аргаар пилтер буюу шүүлтүүр тавих. Хамгийн богино хугацаанд утааг бууруулах энэ л арга зам байна. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил нь урт удаан хугацааны төлөвлөлт шаардлагатай. Ирэх онд төсөвлөсөн 154 тэрбум төгрөгөөс гэр хорооллын 100 мянган айлын яндан, гурван мянган нам даралтын уурын зууханд шүүлтүүр суурилуулна. Иргэд байшингийнхаа дулаан алдагдлыг багасгах нь түүхий нүүрс түлэх хэмжээг бууруулж буй хэрэг. Тиймээс иргэдийг аль болох зөв ойлгоосой гэж хүсч байна” хэмээсэн.
Ингээд боломжгүй зүйлийг боломжтой мэт ярих амархан ч сайдын уг санал хэрхэн зөв шийдвэр бол гэдэгт эргэлзэж суух иргэд олон бий. Гэр хорооллын айлууд гал түлж байгаа цагт хэзээ ч агаарын бохирдол буурахгүй. Агаарын бохирдол нь өөрөө урт удаан хугацааны турш хүн бүрийн толгойн өвчин болчихсон асуудал. Энэ асуудалд хөнгөн хуумгай хандан богино хугацаагаар шийдэж байхаар урт цаг хугацаагаар хийгдэх ч хамаагүй дорвитой зүйлийг санаачлан хэрэгжүүлэх нь нэг, хоёр жилийн дараа ч утаанаас нэг мөсөн ангижрах нь хамгийн зөв шийдэл болов уу? Яндангийн шүүлтүүрт улсын хөрөнгийг идүүлж байхаар урт насжилттай бодит хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хүсье салбарын сайд аа..
Эх Сурвалж: Оллоо.мн
Бэлтгэсэн: Т.НОМУН
Сэтгэгдэл