Өнгөрсөнд утаагүй зуух, өнөөдөр яндангийн шүүлтүүр


 

Өнгөрсөнд утаагүй зуух, өнөөдөр яндангийн шүүлтүүр

 

Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат 2019 оны улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулах хэчнээн төгрөгийн төсөв суусан талаар өнгөрөгч баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ирэх жилээс буюу 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй гэдэг шийдвэр гарсан. "Тавантолгой түлш” гэх компани байгуулж, хоёрдугаар станцын дэргэдэх сайжруулсан түлшний шугамыг түшиглэн байгууллаа. Цаашдаа ч олон шугам нээгдэнэ. Энэ хэрээр сайжруулсан түлшээр иргэдээ 100 хувь хангах боломж бүрдэнэ. Түлшээ гаргаж эхэлсэн ч туршилтын шатанд яваа учраас энэ жил 100 хувь хангаж чадахгүй. Өмнөх жилүүдэд дандаа төсвийг бага тавьдаг байсан. Олон хүндрэлтэй асуудлыг шийдэх гэж хичээдэг ч төсөв бага учраас чадахгүй байлаа. Энэ жил харин 55.4 тэрбум төгрөгийг утааг бууруулахад ашиглана. 146 тэрбумаар өнгөрсөн оноос нэмэгдлээ” хэмээн ярьжээ.

Угтаа уламжлалт аргаас өөрөөр утааг бууруулахаар яам нь Агаарын чанарын албатай хамтран ажиллаж эхэлсэн гэсэн үг. Энэ жил гэхэд л Сонгинохайрхан дүүргийн найман хорооны 26840 айл өрхөд сайжруулсан түлшийг туршилтаар ашиглаад явж байгаа гэнэ. Энэ байдлаар цааш нь үргэлжилж, 100 мянган айлд туршилт хийж чадвал техникийн үзүүлэлтээр 80 гаруй хувиар утааг бууруулна гэж салбар яам дүгнэлээ. Н.Цэрэнбат сайд уламжлалт хандлагаа өөрчилнө, дулааны алдагдлыг бууруулах чиглэлд ажиллана, зарим нэг технологийн туршилтыг нийслэлд мөн орон нутагт хийнэ гэв. 2019-2020 онд бүрэн шаталтад техник технологийг гэр хорооллын яндангуудад суурилуулж, мөн 3000 нам даралтын зууханд яндангийн шүүлтүүр суурилуулна гэж тооцсон дүн мэдээ ч байна. Ингэснээр хүнд хортой утааны агууламжийг бууруулж, шинэ техник, технологийг нэвтрүүлж чадна гэж тооцжээ. "Яндангийн шүүлтүүр” буюу утааны хорт чанарыг багасгах асуудлаар дотоодын болон гадны компаниудтай хамтран ажиллаж байгаа гэх.

Харин манай дотоодын эрдэмтэд хүчин чадал болон өртгийг нь өндөр хэлдэг учраас гадны компаниудтай энэ талаар хамтарч ажиллахаас өөр аргагүй байгаа хэмээн учирлав. Гэвч бодит байдал, сайдын яриа хоёр зөрөөд байх шиг. Уншигч танд эргэн сануулахад, 2014 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын "Шилдэг шинийг санаачлагч” гэх шагналын эзэн болж байсан Зохион бүтээгч З.Золжаргал буюу түүний байгуулсан "Arya” компани гэр хорооллын янданд суурилуулдаг "эко шүүлтүүр” гаргаснаа танилцуулж байлаа. 2017 онд ч энэ тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрч, 200 мянган өрхийн яндан суурилуулж чадвал нийслэлийн гэр хорооллын утаа 80 хувиар буурна гэх тооцоолол гаргаснаа хүртэл танилцуулж байв. Нийслэлийн 200 мянган айл өрхийг энэ бүтээгдэхүүнээр хангахад нийтдээ 60 тэрбум буюу 2019 оны улсын төсөвт утааг бууруулахаар тусгасан 55.4 тэрбум төгрөгөөр л хийх боломжтой гэдгийг ч З.Золжаргал танилцуулж байсныг эргэн сануулъя. Гэтэл Н.Цэрэнбат сайд дотоодын эрдэмтэд 100-200 ширхэг, хамгийн ихдээ 2000 мянган ширхэгээр үйлдвэрлэх чадалтай, мөн өртөг өндөр байгаа гэсэн ойлгомжгүй зүйл яриадхав. Нөгөө талаас сайдын яриад буй "шүүлтүүртэй яндан” цоо шинэ гарч ирсэн зүйл огтхон ч биш юм.

2012 онд НИТХ-ын дарга Д.Баттулга мөн л Гандан орчмын 1090 өрхөд яг энэ туршилтыг явуулж байсныг мартаагүй байна. Яндангаар гарч буй утааг 88 хувь цэвэршүүлдэг, нэг бүр нь 100 мянган төгрөгийн өртөгтэй, монгол инженерүүд бүтээж, БНСУ-д үйлдвэрлэсэн яндангийн шүүлтүүр бас л бүтэлгүй туршилт болоод өнгөрч билээ. Нийслэлд явж буй нийтийн тээврийн автобуснуудад ч 45 сая төгрөгөөр шүүлтүүр суурилуулаад мөн л үр дүн гараагүй. Утаа улам л ихэссэн. Энэ мэтээр шүүлтүүр гэсэн хэдхэн хүний том бизнес сүүлийн 10 жил Монголд амь бөхтэй орших боллоо. Утаагаар бизнес хийх гэсэн явуургүй зүйл болоод л өнгөрч байсныг сайд танд дахин сануулъя. 2017 онд панель буюу нарны гэрлийг цахилгаан болгох туршилт хийх талаар ярьж байсан удаа бий шүү. Залуу хүний хийх гэсэн хүсэл эрмэлзлийг унтраах гэсэнгүй. Гэвч, Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд дандаа туршилт дунд явж ирснийг сануулахад гэмгүй биз ээ. Энэ удаа дахиад бүтэлгүйтвэл, эсвэл хэдхэн том компанийн бизнес болоод өнгөрвөл хэрхэх вэ, сайд аа. Соошлоор яриад байгаа шиг "MCS” компани дахиад энэ бүхэнд хутгалдсан юм биш биз. Тэдний тарьсан балаг дуусаагүй байна. "Утаагүй зуух” гэсэн үлгэрийнх нь үр дүнд нийслэл хот ямархуу гамшигт өртсөнийг дахин, дахин сануулмаар байгаа юм. Тэд утаагаар хангалттай олон жил бизнес хийлээ. Одоо болсон баймаар. Тараасан зуухандаа одоо яндангийн шүүлтүүр тавих хэрэг үү.

Олны ярьж буйгаас үзэхэд, энэ компани 200 мянган ам.доллароор яндангийн шүүлтүүр гэх цоо шинэ бизнес оруулж ирсэн гэх сураг дуулдав. Утаа гарч буйг нь харсан ч энэ бол хоргүй утаа хэмээн шоудаж суугаа нь үнэн бол үүнийг хэрхэвч хараад суух асуудал биш. Түүнчлэн, УИХ-аас Ё.Баатарбилэг гишүүнээр ахлуулсан Агаарын бохирдлыг бууруулах талаар ажлын хэсэг бүтэн жил ажилласан. Тэд бүтэн жилийн хугацаанд хийсэн ажлаа өнгөрөгч есдүгээр сард танилцуулахдаа утааг бууруулахын тулд яндан, зуух хоёртой зууралдах ёсгүй юм байна. Харин орон сууцжуулах талаар төр дорвитой ажиллах ёстой гэж мэдэгдсэнийг энд онцлохыг хүслээ. Утааг бууруулах хамгийн зөв шийдэл бол хямд үнэтэй, боломжийн нөхцөлтэй орон сууцаар иргэдээ хангах явдал. Борлогдохгүй байгаа 45 мянган орон сууцаа төр хямд үнээр худалдан аваад, түрээсээр эсвэл боломжийн нөхцлөөр иргэдэд зарахад болохгүй зүйл огтхон ч алга. Яндангийн шүүлтүүрийн туршилтад итгэдэг төр нь бие даасан агентлаг байгуулчихвал утаа буурна гэсэн "тэнэг” зүйл яриад сууж байх юм. Мөнгөтэй хэдхэн компаниудад утааны бизнесийг атгуулж, 55 тэрбумаар яндангийн шүүлтүүр суурилуулах талаар яриад явж байгааг ойлгох ухаан хүрсэнгүй. Энэ байдлаар ирэх жил ч бид өнөөх л нийслэлийн утаа ихэссэн ч, хорт чанар багассан гэх үлгэрээ ярьсаар суух биз ээ. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.