Өтгөрсөн УТАА, замхарсан АМЛАЛТУУД


Өтгөрсөн УТАА, замхарсан АМЛАЛТУУД

 

Агаарын бохирдол аюул гамшгийн хэмжээнд хүрч утаа монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна. Энэ халаглал сүүлийн 10 гаруй жил үргэлжилж байгаа ч агаарын бохирдлыг бууруулах дорвитой нэг ч алхам хийсэнгүй. Харин ч агаарын бохирдол бууруулах зориулалттай гэх төсөв, зардал жилээс жилд нэмэгдэж, тэр нь "утаа” болон замхарсаар байна. Тиймээс манай сонин өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй төрийн тэргүүн, эрх мэдэлтнүүд агаарын бохирдлыг бууруулна хэмээн юу гэж амласан хийгээд амлалтдаа дулдуйдан хэрхэн хөлжсөн талаарх мздээллийг цувралаар хүргэхээр бэлтгэлээ.

КОКСОН ТҮЛШ
С.Баярын тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 14 дүгээр тогтоол 2008 оны нэгдүгээр сарын 16-нд батлагдсан. Тус тогтоолд нүүрсийг дулааны аргаар боловсруулан коксон түлш үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлж, 2009 оны наймдугаар сараас Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэгцээнд
болон халаалтын зууханд коксон түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж байсан. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх бүсчлэлийг тогтоож, их, бага тойруугийн нутаг дэвсгэр болон орон сууцны хороололд нүүрс түлэх, хог хаягдлыг ил шатаах явдлыг 2008 оны I улирлаас эхлэн таслан зогсоож байсан. Мөн автотээврийн хэрэгслээс ялгарах хорт утаанд хэмжилт хийх явуулын станц ажиллуулах арга хэмжээ авах тухай тодотгож байсан.

ГЭРИЙН ДУЛААЛГА

УИХ-ын 2009 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн чуулган дээр тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд утааны талаар ийм байр суурь баримталж байжээ. Тэрбээр "Хүн ардынхаа эрүүл аж төрөх, урт удаан наслах, эрүүл орчинг нийслэл хотод буй болгох ажиллагаанд эрс өөрчлөлт гаргах цаг болсныг анхаарч Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна” гэв. Үүнд, Мянганы сорилтын сангийн Компакт гэрээний дагуу хэрэгжүүлж буй Төмөр замын төсөлд зарцуулах тусламжийн хөрөнгийг өөр төсөлд шилжүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай яриа хэлэлцээр хийсэн. Үүний дагуу Мянганы сорилтын Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих сан, Цэвэр түлшний үйлдвэрлэл хэмээх хоёр цогц төслөөс Мянганы сорилтын эрчим хүчний хэмнэлтийг дэмжих сан болон Салхин эрчим хүчний парк байгуулах төслийг онцлон дэмжсэн. Төслийн саналыг хэлэлцэн 47.2 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэж байсан. Гэр, сууцны дулаан хадгалах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн "Гэрийн шинэ төрлийн дулаалга”-ыг нийслэлийн 700 гаруй айл өрхөд өгсөн байна.

ШИНЭ ЗУУХ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны намар "Одоо байгаа 180 мянган айлаас 100 мянган айлын зуухыг солиод дууссан. Үлдсэн 80 мянган айлын зуухыг 2013 ондоо багтааж солино. Хуучин зуухыг шинэ зуухаар солиход утаа багасаж байна. Мөн 210 мянган тонн кокс түлшийг оруулж ирсэнээр
утаа бүр байхгүй болно. Ингэснээр Улаанбаатарыг 2015 он гэхэд утаанаас салгачихна. Сайхан зуух, сайн түлш тараалаа. Одоо нийслэлчүүдээ хямдхан нүүрсээр хангах гэж байна” хэмээн мэдэгдэж байсан. Сайжруулсан зуух төслийн хүрээнд нийт 21735 зуухыг иргэдэд нийлүүлжээ Үүнээс гадна тэрбээр "Улаанбаатарын утаа гурван жилийн дотор буурахгүй бол Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ярь. Би ч бас нэг юм бариад авах юм бол хийчихдэг хүн шүү" хэмээн амлалт өгч байжээ.

ХИЙН ТҮЛШ
Засгийн газрын тэргүүнээр 2014 оны төгсгөлд томилогдсон Ч.Сайханбилэг агаарын бохирдлын эсрэг тэмцэхээ мэдэгдэж, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог хуралдуулж байсан. Хурлын дараагаар хийн түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж, шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг анхааралдаа авч шөнийн тарифыг 50 хувиар бууруулж байв. Түүнчлэн нүүрснээс хий гаргах туршилтын үйлдвэрийн санхүүжилтэд туслалцаа үзүүлж, Агаарын бохирдлыг бууруулах санд төвлөрөх таван тэрбум төгрөгийг 10 мянган өрхийн шахмал түлш авах татаасанд зориулсан. Мөн утаа гаргахгүй, цахилгаан халаагуур ашиглахыг бодлогоор урамшуулж, гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифийг 50 хувиар бууруулж байсан. Энэ хөтөлбөрүүдийн хүрээнд гэр хорооллын айлуудыг боловсруулсан түлшээр хангаж, хийн түлшийг хэрэглээнд нь нэвтрүүлэх ажлыг удирдаж байснаа гэнэтхэн эдийн засаг хямарсан, тийм учраас эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжгүй болсон хэмээн мэдэгдсэн. Ингээд шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх асуудлыг хүчингүй болгож байжээ.

 

ЦАХИЛГААН ХАЛААГУУР
УИХ-ын сонгуулийн дараа 2016 онд томилогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдолтой тэмцэх ажлыг Шинжлэх ухааны академитай хамтран эхлүүлж байв. Академийн гишүүдийг агаарын бохирдолд анхаарлаа хандуулж, бохирдлыг бууруулах хамгийн үндэслэлтэй боломжит шийдлийг ол гэж хэмээн үүрэг өгч байлаа. Одоо хүртэл Монголын эрдэмтэд агаарын бохирдлыг бууруулах шийдлийг тодорхойлоогүй байна. Үүнээс гадна өмнөх Засгийн газруудын авч хэрэгжүүлсэн утаа үйлдвэрлэдэг түлш, уурын зуухнаас татгалзаж, цахилгаан дулаан үйлдвэрлэх чиглэлийг баримтлахаа мэдэгдэж байв. Мөн 2016 оноос эхэлж шөнийн тарифыг тэглэх чиглэлийг Нийслэлийн удирдлагуудад өгч, шилжилт хөдөлгөөнийг хориглосон юм. Түүнчлэн тээврийн хэрэгслийн импортыг үе шаттайгаар хориглох талаар хэлж байжээ. Энэ нь 2002 он ба түүнээс өмнө үйлдвэрлэгдсэн машинуудын насжилт дууссан гэж үзэж бүгдийг нь хураах, цаашлаад шөнийн тариф тэглэсэн учраас айл бүрийг халаагуураар хангах тухай мэдэгдэж байсан юм.

НИЙСЛЭЛИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны нэгдүгээр сарын 11-нд агаарын бохирдлын асуудлаар хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, санал солилцох үеэр "Одоо хүмүүс гэв гэнэт л гарч ирээд утаа яриад уналаа. Аль эрт ярьж байхгүй яасан юм гэж хэлэх байх. Гэхдээ би утааны асуудлыг 2009 онд анх Ерөнхийлөгч болж байхдаа хэлж байсан. Улаанбаатар хот руу зүглэх хэрэггүй, аюултай хот болсон гэж хэлж байлаа. Утааны асуудлаар 2010 оноос хойш Монголын Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл таван удаа хуралдаж, 10 гаруй зөвлөмж гаргаж байсан. Мөн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог бий болгож ажилласан. Ингээд зогсохгүй агаарын бохирдол Монгол Улсын тулгамдсан асуудал болсон гэдгийг НҮБ-д, мөн жил бүр Давосын чуулганд онцолж ярьдаг. Би зургаан жилийн өмнө "Утааг зүрхэндээ хар” гэж хэлж байсан. Долоон жилийн өмнө Улаанбаатар руу битгий зүглэ гэж хэлж байсан. Улаанбаатар хот ирээдүйгүй хот болсон. Хотын газрын цэсийг Төв аймгийн хилийн цэсээр тогтоомоор байна. Төрийн байгууллага, парламентын ордноо хотоос гаргаж барих хэрэгтэй. Түүнийг дагаад олон зүйл Улаанбаатараас гарна шүү” хэмээн хэлж байсан удаатай.

ДАГУУЛ ХОТУУДЫГ ХӨГЖҮҮЛЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар энэ оны аравдугаар сарын 23-нд зохион байгуулагдсан "Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган” болов. Чуулганы үеэр тэрбээр "Утаагаа шийдэж чадахгүй, Улаанбаатартаа эрүүл амьдрах нөхцөл бүрдүүлэхгүй бол бид улс орноо удирдаж чадахгүй. Утаагаа шийдсэний дараа улс орноо хөгжүүлнэ. Утааны тухай олон жил ярьсаар байгаад бизнес болгож хувиргасан. Өнгөрсөн хугацаанд ямар их мөнгө юунд зарцуулсныг энэ чуулганаар ярих байх. Бид дагуул хотуудыг хөгжүүлэх ёстой. Харамсалтай нь дахиад улстөржилт гэдэг зүйл бидний толгой дээр гараад суучихсан. Атгаг бизнес, улстөрийн бүлэглэл энэ ажлыг бүгдийг гацаачихсан байгаа юм” гэв.

Дараагийн сурвалжлагаараа агаарын бохирдлыг бууруулна, арилгана хэмээн амлаж, хувьдаа ашиг олсон бизнесменүүудийг танилцуулахаар бэлтгэж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах ямар арга шийдэл хэрхэн хэрэгжиж буйг мэргэжилтнүүдээс тодруулснаа хүргэх болно.

Үргэлжлэл бий.


С.БЭРЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.