УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд валютын ханшийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийв.
Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ оны 1 дүгээр сараас хойш 5.5 хувиар суларсан бөгөөд гадаадын хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан хэмээн Монголбанк үзэж байна. Үүнд дотоод хүчин зүйл эдийн засгийн сэргэлтийг дагасан импортын өсөлт, 2012 онд босгосон бондуудын эргэн төлөлт зэргийг оруулан тооцсон байна. Тухайлбал, энэ онд хөрөнгө оруулалт 298 сая ам.доллар буюу 46 хувиар, хэрэглээний импорт 234 сая ам.доллар буюу 29 хувиар, шатахууны импорт 174 сая ам.доллар буюу 33 хувиар өсчээ. Мөн "Чингис” бондын үлдэгдэл 125 сая ам.доллар, "Димсам” бондын 160 сая ам.долларын төлбөрийг төлсөн байна.Энэ бүхэн нь ам.долларын гарах урсгалыг ихээхэн нэмэгдүүлснийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэллээ.
Тэрбээр,"Гадаад хүчин зүйлд томоохон улс орнуудын худалдааны маргаан ихээхэн нөлөөлж байна. Худалдааны маргааны улмаас өндөр хөгжилтэй орнууд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж байгаа. Энэ нь манайхтай адил хөгжиж буй орнуудаас гарах валютын урсгалыг нэмэгдүүлж байгаа юм. Гадаад худалдааны маргаан хэдэн сар, жил үргэлжлэхийг таашгүй. Тиймээс бид гадаад нөхцөл байдлыг ажиглахаас өөр аргагүй. Судалгаанаас үзвэл 142 орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш суларсан. Тухайлбал, Австрали улсын үндэсний мөнгөн тэмдэгт оны эхнээс 9 хувиар суларсан. Мөн БНХАУ-ын юань, ОХУ-ын рублийн ханш ч суларчээ. Энэ оны эхнээс улс орнууд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж эхэллээ. ОХУ 8 дугаар сард бодлогын хүүгээ 0.25 хувиар, Малайз, Аргентин, Турк улс бодлогын хүүгээ 16-32 хувиар нэмсэн. Тиймээс Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах бодлого баримталж, гадаад худалдааны өрсөлдөх чадвараа хамгаалах нь туйлын чухал. Тиймээс Засгийн газар, УИХ болон Монголбанк хамтран төсвийн төлөвлөлтийг сайжруулж, алдаглыг бууруулах, экспортлогч төрийн өмчит компаниудад тавих хяналтыг сайжруулах, экспортыг нэмэх хөтөлбөр, үйл ажиллааг дэмжих санхүүжилтийн системийг бий болгох шаардлагатай байгаа юм. Түүнчлэн уул уурхайн бус экспортыг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах, Гадаад худалдааны бодлого хариуцсан агентлаг бий болгох хэрэгтэй. Монголбанк Засгийн газартай хамтран Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах болон алтны нөөцийг нэмэх чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно” гэлээ.
Мөн тэрбээр Хөгжлийн банк энэ сарын 16-17-нд шилжих шөнө жилийн 7.25 хүүтэй, 5 жилийн хугацаатай, 500 сая ам.долларын эх үүсвэрийг гадаад зах зээлээс босгосныг мэдээллийнхээ төгсгөлд онцлов. Энэ нь Монгол Улсын валютын нөөцөд ирэх дарамтыг бууруулах, төгрөгийн ханшийг тогтворжуулахад томоохон нөлөө үзүүлнэ. Тухайлбал, Монгол Улс 2019 оны эхээр 380 сая ам.долларын өр төлнө. Энэхүү төлбөрийг барагдуулахад энэ 500 сая ам.доллар голлох эх үүсвэрийг бүрдүүлнэ гэдгийг цохон тэмдэглэв.Мэдээллийн дараа байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Тухайлбал, Д.Тэрбишдагва гишүүн стратегийн орд эзэмшиж буй гадны томоохон компаниудын дансыг Монголбанкинд байшуулах нь зөв үү хэмээн тодрууллаа. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, "Монгол Улсын эдийн засагт гадаад валют орж ирэх нь л чухал. Валют Төв банкаар, арижлааны банкаар дамжих эсэхэд чанарын ялгаа байхгүй” хэмээн хариуллаа.
Мөн Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд энэ онд гаднаас хэдэн ам.долларын зээл орж ирэхийг асуув. "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд энэ онд Монгол Улсад 750 сая ам.доллар орж ирэх ёстой. Энэхүү хөрөнгө оны эцсээр орж ирэх хандлагатай байгааг Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа хариулав. Мөн ойрын хугацаанд ОУВС болон бусад Олон улсын байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, судалгаа хийхээр төлөвлөж буйг дурьдлаа.
Сэтгэгдэл